Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 18-н хүртэл зогсоох Засгийн газрын шийдвэр гаргасан. Үүний дагуу уржигдар 00.00 цагаас эхлэн Алтанбулаг авто замын боомтыг түр хугацаагаар хаасан. Гэхдээ Алтанбулаг боомтод 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 00.00 цагаас өмнө орж ирсэн импортын ачаа бүхий 90 машин бий гэнэ. Үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 50 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү цагдаагийн хамгаалалт хяналт дор нийслэл рүү гаргажээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулсан. Улмаар ГЕГ 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачиж, гаалийн бүрдүүлэлт хийхээр төлөвлөж байна.