ОХУ-ын Саха улсын “Art Doydu” кино студийн шинэ уран бүтээлийн гол дүрд Монголын жүжигчин М.Төгөлдөр, Б.Ариунхишиг нар тоглож буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Хаар Кынат” буюу “Олонхо нутгийн домог” хэмээх тус киноны зургийн ажил дуусаж, урьдчилсан танилцуулгыг үзэгчдэд хүргэжээ. Энэхүү киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Ариунхишигийг “Нямын зочин” буландаа урилаа.
-Яагаад жүжигчний мэргэжлийг эзэмшихээр дурласан бэ?
-Би нийслэлийн 14 дүгээр сургуулийг төгссөн. Дөрөвдүгээр ангиасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд аав, ээжийнхээ зөвлөснөөр суралцсан. Охиноосоо ямар нэг “зүйл” харсан шиг байгаа юм. Дунд сургуулиа төгсөөд “Сити” их сургуульд элссэн. Нэг жил сураад ОХУ-д суралцах боломж гарч, явсан.
-ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуулийн багш Виктор Васильевич Мирошниченко өөрөө ирж шалгасан гэл үү?
-Багш минь ОХУ-ын Гавьяат жүжигчин. Ёстой л бурхан шиг хүн. Маш мундаг атлаа эгэл даруухан зантай. Дунд сургууль төгсөж буй хүүхдүүдээс гадна СУИС, КУДС гэхчлэн урлагийн сургуулийн оюутнууд ч шалгуулсан. Уг шалгалтад тэнцэж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дөрвөн жил сурах боломж олдсон юм.
-Таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юү. ОХУ-ын Урлагийн сургуульд сурах болоход ээж, аав тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Шалгалтад тэнцээд өөртөө ч итгээгүй. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хэлэхийг хүссэн. Ээж минь надаас ч илүү баярласан. Дараа нь аавдаа хэлж, аав минь намайг тэвэрч үнсээд л, хамаатнуудад гайхуулж яриад л. Тэгэхэд охиноороо бахархсан байх. Өвөө минь хөгжимчин хүн. Өөр урлагийн хүн байхгүй ээ. Гэр бүлийнхэн минь бүх л талаар дэмждэг. Маш их итгэдэг. Өөрөө итгэлгүй болж, шаналах үед ээж минь “Миний охин чадна” гээд л зоригжуулдаг.
-Жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх өөр. ОХУ-д очсон хойно ямар байдал таныг угтсан бэ?
-Төсөөлснөөс өөр. Сургалтын систем, арга барилын хувьд ч өөр байсан. Гэхдээ би яг хүссэн газраа ирсэн мэт санагдсан. Мундаг багш нар, чадварлаг оюутнуудаас гадна уур амьсгал нь үнэхээр гоё. Яг л миний хүсдэг театрын орчин бүрдчихсэн. Анхандаа хэлний бэрхшээл гарч байлаа. Нутаг буцмаар санагдах үе ч байсан. Гэхдээ хичээсний дүнд урам зоригтой болж, улам “шатаж” эхэлсэн. Тэр их хүчийг хамт сурсан ангийнхан, багшаасаа л авдаг байлаа.
-Мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?
-Оюутан байхдаа. Надад оноосон дүрд сайн ажиллаж, найруулагч “Яг болж байна. Сайн байна” гэхийг сонсох сайхан. Жүжигчин хүн тийм үг сонсоод л мэргэжлийнхээ амтанд орж, улам дурладаг байх.
-Монголдоо ирээд “U stage” театрт хэсэг хугацаанд ажилласан байх аа?
-Сургуулиа төгсөж ирээд жүжигчин, продюсер Г.Ундармаа эгчтэй уулзсан. Түүнийг хувийн театр байгуулахаар зорьж явах үед бид төгсөж ирээд яг л тохироо нь бүрдсэн гэхэд болно. Тэнд хоёр жил ажиллахдаа Михаил Шолоховын “Дөлгөөн Дон”, Олжас Жанайдаровын “Дэрний сэтгэл” жүжигт тоглосон.
-ОХУ-д төгсөөд ирсэн хүнд эндхийн ажиллах арга барилын ялгаа ажиглагдаж байгаа биз дээ?
-Ялгаа бий. Ялангуяа ажиллах арга барилын хувьд. ОХУ-д киноны зургийн ажил эхлэхийн өмнө ширээний уншлагаас гадна сургуулилалт, камертай бэлтгэл ч хийдэг. Маш их сургуулилдаг. Уран бүтээлчдэд бэлдэх хугацаа өгдөг. Энэ нь ч давуу талтай. Харин энд олонх киног яаруу хийдэг шиг санагддаг. Гэхдээ мэдээж нямбай, сайн төлөвлөж ажилладаг найруулагч нар ч бий.
-“Дөлгөөн Дон” жүжиг таныг Монголын үзэгчдэд анхлан харуулсан байх. Энэ жүжигт хэрхэн тоглосон бэ?
-М.Төгөлдөр бид хоёрт олдсон том боломж. Тийм боломжийг алдахыг хүсээгүй. Сургуулилалт ч их хийсэн, хичээсэн. Бид хоёрыг ч их сорьсон.
-“Дөлгөөн Дон” жүжгээ өмнө нь ОХУ-ын үзэгчдэд хүргэсэн гэл үү?
-Тэгсэн. Жүжигчин болох замыг минь заасан Виктор Васильевич Мирошниченко багш минь найруулсан шүү дээ. Оюутан байхдаа эл жүжгээ ОХУ-ын үзэгчдэд хүргэсэн. 2019 оны өвөл Монголынхоо үзэгчдэд хүргэж, хавар нь дахин тоглосон юм.
-Телевизийн “Дурласан” контент, U фильмийн “Single ladies 4:Төгсгөл ба эхлэл” кинонд тоглосон байна билээ. Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирж байна уу?
-Мэр сэр ирдэг. Гэхдээ байнга биш ээ.
-Дүрийн сонгон шалгаруулалтад оролцдог уу?
-Оролцдог. Ямар шинэ уран бүтээл хийх гэж байгааг өөрөө хайж мэднэ, найруулагч нар “Ирж шалгуулаарай” гэнэ. Аль болох оролцож, өөрийгөө сорихыг хүсдэг.
-Дүрийн шалгаруулалтаас хасагдаж байсан уу. Хариу хүлээх үедээ, эсвэл дүрд тэнцээгүйгээ мэдээд сэтгэлээр унадаг уу. Ямар санагддаг вэ?
-Мэдээж сайхан биш. Миний шалгуулсан дүрд намайг биш, өөр хүн сонгосныг мэдэх сайхан биш шүү дээ. Тэгж хасагдаж ч байсан. “Би улам хичээх хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг. Найруулагч, продюсерууд “Шалгаруулалтын хариу гарахаар хэлнэ” гээд л таг болчихно. Тэр үед хагас нойртой хононо шүү дээ.
-Якутын “Art Doydu” студийн “Хаар Кынат” кинонд тоглолоо. Түүхэн кинонд тоглох ямар байв. Та монгол ахуйтай хэр ойр өссөн бэ?
-Зун бүр хөдөө өвөө, эмээгийндээ очиж амардаг байлаа. Багадаа морь унаад сурчихсан. Түүхэн кинонд тоглоход энэ нь давуу тал болсон шүү. Якутад, их хүйтэнд, хээр зураг авхуулсан болохоор хүндрэл гарсан. Гэхдээ уран бүтээлч хүний даваад л гарах даваа. Ер нь энэ төрлийн кинонд ажиллахад мэдлэг, туршлага, тэвчээр их хэрэг болдог юм билээ. Саяхан бас энэ төрлийн киноны санал ирсэн. Тоглох, эсэхээ хараахан шийдээгүй байгаа. Би драм төрлийн кинонд дуртай. Аливааг өнгөц харуулсан бус, үзэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц кинонд тоглох сон гэж хүсдэг.
-Кинонд нь тоглохыг хүсдэг найруулагч бий юү. Одоо ямар дүрээр үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна вэ?
-Байлгүй яах вэ. Найруулагч С.Бямба, Ж.Сэнгэдорж, А.Миеэгомбо, Б.Тамир, Д.Бямбасүрэн, Л.Бат-Амгалан гээд л ажиллаж үзэхийг хүсдэг найруулагч олон бий. Гэхдээ дэлгэцийнхээс илүү тайзны уран бүтээлээр үзэгчидтэй “уулзах”-ыг л маш их хүсэж байна даа. Өнгөрсөн долоо хоногт “Альфа” театрын найруулагч М.Батболдын “Фауст” жүжгийг үзээд тоглосон залуу уран бүтээлчдэд нь цагаахан атаархсан. Бас бахархсан. Би “Дөлгөөн Дон”-ыхоо Аксиньягийн дүрдээ их хайртай. Цаашлаад У.Шекспирийн “Макбет” зэрэг сонгодог бүтээлд тогломоор байна. Би ОХУ-д байхдаа англи зохиолч Мартин Макдонахын “Королева красоты” жүжгийг таван удаа үзсэн юм. Хэзээ нэгэн цагт энэ жүжгийн Морин Фоланы дүрд тоглохыг мөрөөддөг.
-Мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөр чиглэлээр?
-Одоохондоо сурах талаар төлөвлөөгүй. Юуны түрүүнд тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд ажиллаж сурснаа бататгаж, туршлагажмаар байна.
-Уран бүтээлч хүнд авьяас, хөдөлмөрөөс гадна аз тохиож амжилтад хүрдэг мэт санагддаг. Оюутан байхдаа найруулагчдын нүдэнд өртөж уран бүтээлийн гараагаа эхэлдэг нэгэн байхад сургуулиа төгсөөд хаана, хэрхэн ажиллахаа мэдэхгүй яваа нь ч бий. Та хэр азтай вэ?
Азтай. Бүр маш азтай хүн. Сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарч Крым хотод арга хэмжээнд оролцож байлаа. Тэр үед Москвагийн продюсер Антон Пронин надад ажлын санал тавьж байв. Харамсалтай нь, тэнд удаан хугацаагаар амьдрах боломжгүй учраас хойшлуулсан. Олон улсын хэд хэдэн наадамд оролцох эрх авч, өрсөлдсөн. Сүүлд гэхэд л олон улсын хэмжээний уран бүтээлд тоглох завшаан олдлоо. 2018 онд ОХУ-ын “Таврида” олон улсын наадамд оролцож, Константин Хабенский нарын алдарт жүжигчнээр мастер хичээл заалгаж байлаа.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаач?
-Сайн уран бүтээлч болохын тулд өөрийгөө маш сайн бэлтгэх, боловсруулах хэрэгтэй. Одоогоор үүнд л илүү анхаарч байна. Унших, судлах зүйл ч бишгүй байна. Мөн “Дөлгөөн Дон” жүжгээ монгол хэлээр үзэгчдэд хүргэхээр ажиллана.
Бэлтгэсэн: Э.Халиун