Монголчууд түүх, өв соёл, урлагийн бахархах олон зүйлтэй. Үүний нэг нь уран нугаралт. Биеийн уян хатан чанарыг нугаралтын маш нарийн үзүүлбэр, дасгалуудаар харуулдаг тул хүссэн бүхэн гүйцэтгэх боломжгүй. Тиймээс нугаралтыг эр зориг, тэсвэр тэвчээр, мэдрэмж шаардсан урлаг хэмээдэг. Дотоод ертөнцийн гоо сайхныг биеэр өгүүлэх циркийн урлагийн төлөөлөл болж, авьяас, ур чадвараа гайхуулан, дэлхийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлч бол “Нарны цирк”-ийн жүжигчин, уран нугараач, Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир. Тэрбээр уран нугаралтын чансаагаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг.Түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа онцоллоо.
-Монголын бодибилдинг, фитнесийн холбооноос зохион байгуулсан “Ирээдүйн мистер” тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Хүмүүс таныг уран бүтээлч гэдгээр тань танина. Харин спортоор хичээллэдгийг төдийлөн мэдэхгүй байх.
-Циркчин хүн тамирчидтай адил өдөр бүр бэлтгэл хийдэг. “Fitness agency” клубийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Анужин надад бодибилдингээр хичээллэж, тэмцээнд оролцооч гэж санал тавьсан. Өөрийгөө спортод сорьж үзэх бодол байсан тул найз нөхдийнхөө саналаас татгалзаагүй. Надтай олон залуу өрсөлдсөн болохоор түрүүлнэ гэж хэзээ ч бодоогүй. Хөтлөгч тайзан дээр нэрийг минь зарлахад мэдсэн. Аваргаар шалгарч, алтан медаль хүртэх амар байгаагүй ээ.
-Бодибилдингээр хичээллэхийн давуу тал өөрт тань хэрхэн мэдрэгдэв?
-Энэ спортод давуу, сул тал бий. Миний биеийн сул булчингуудыг бодибилдинг бүрэн ажиллуулж, илүү хүчтэй болгосон шиг санагдсан. Үүгээр олон жил хичээллэвэл надад сөрөг нөлөөтэй. Булчин ажиллах тусам хатуурч, уян хатан шинжээ алдан, биеийн жин хүндэрнэ. Уран нугаралтад жин маш их нөлөөлдөг.
Жингээ нэг түвшинд удаан барих шаардлагатай тул нэг хэсэг хичээллэж байгаад уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Би одоо 33 настай. Биеийн жингээ сайтар барьж хичээллэвэл 40 нас хүртлээ нугарна гэж боддог.
-Та богино хугацаанд амжилт гаргасан. Бэлтгэл байнга хийдэг байсан нь нэг талаар суурь болж өгсөн болов уу?
-Нугаралтын суурь байсан болохоор бодибилдингээр хичээллэх хэцүү санагдаагүй. Тэмцээн эхлэхээс өмнө 10 хоног төмөр өргөж, хоолны дэглэм барьсан. Уран нугаралтад дэглэм барьдаг ч бодибилдингийнхээс өөр. Өөрийгөө ялж, амжилтад хүрэхийн тулд тэвчээр гаргаж, хатуу зарчим баримтлах шаардлагатай. Сүүлдээ тахианы цээж махнаас өөр идэх зүйлгүй болдог юм билээ. Бэлтгэлийн сүүлийн өдөр уух усаа хасахдаа тамирчин хүн сайхан биетэй болохын тулд сэтгэлийн хаттай байж, уйгагүй хөдөлмөрлөх ёстойг ойлгосон.
-“Fitness agency” клубийн дасгалжуулагч А.Гантулга багшийн удирдлагад бэлтгэл базаасан гэл үү?
-Тийм ээ. Тэрбээр мэргэжлийн тамирчин, олон улсын про карт эзэмшигч. Намайг бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулсан. Би 65 кг жинтэй. Энэ жингээ олон жил барин, нугарч байгаа. Бодибилдингийн тэмцээнд 63.500 гр-тай оролцсон. Монголын бодибилдинг, фитнесийн холбооныхон надад УАШТ-д оролцож, өөрийгөө сорьж үзэх санал тавьсан. Тэд намайг аваргаар шалгарахад “Хүмүүс бодибилдинг, фитнесийн тэмцээнд үзүүлбэр үзүүлэхийг төдийлөн ойлгодоггүй. Та уран бүтээлч тул уян хатан чанар, хүч, тэнцвэр, тэсрэлтийг үзэгчдэд харуулж, үзүүлбэр гэж ийм байдаг юм гэдгийг ойлгуулж, шинэ түвшинд гаргалаа” гэж урам хайрласан. Би үзүүлбэр үзүүлэхдээ өндөр оноо авсан. Урлагийн хүн болохоор тайзан дээр өөртөө итгэлтэй, нээлттэй байж сэтгэл хөдлөлөө ч гаргасан.
-Урлаг, спортынхон хатуужил тэвчээрт суралцдагаараа адилхан. Танд тамирчин байх ямар бодол төрүүлсэн бэ?
-Надад тамирчин байх таалагдсан. Уран нугараач, тамирчид залуу насандаа амжилт гаргадаг. Өөрт баймгүй тэвчээр гаргахдаа нэг зүйлийг сайтар ойлгосон. Өмнөө тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, тэссэн нь л энэ спортод үлддэг юм билээ. Хүнд төмөр өргөж, олон хоног бэлтгэл хийхдээ их ядарч, сульдсан. Сүүлдээ сэтгэл зүй хүртэл өөрчлөгдөж, уур уцаар төрөн, бухимдах маягтай болсноо анзаарсан. Тэмцээний дараа цахим хуудсандаа “Тамирчны алдар хямдхан олдоогүй” гэж бичсэн. Уран бүтээлчийн нүдээр харвал бодибилдинг хүний биеийг урлагийн бүтээл болгодог юм байна. Спортын зовлон, жаргалыг тамирчин болох хугацаандаа бага болов ч мэдэрсэн. Энэ ташрамд, надад өөрийгөө сорих боломж олгосон хүмүүст, дэргэд минь байж дэмжиж тусалсан гэр бүлдээ баярласнаа илэрхийлье.