АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.
-АН их хурлаа энэ сарын 16-нд товлоод байна. Дараалсан ялагдлын шалтгааныг хэлэлцэж, дүрэм журам, удирдлагаа ч өөрчлөх байх, тийм үү?
-Ер нь сонгуулийн тогтолцоонд асуудал бий. “Халаасны нам” бий болгоод, санал хуваахаас өөр аргагүй нөхцөл рүү түлхэж байгаа учраас манайд хоёр намын сонгодог тогтолцоо төлөвшихгүй байна. УИХ-ын сонгуулийн дүнг харвал МАН хэдийгээр үнэмлэхүй олон суудал авсан ч ард түмнээс өгсөн нийт саналыг хувьчилбал Ардын намд 40 орчим хувь нь ногдож байгаа. Мөн маш олон тойрогт санал хуваалаа. Тиймээс ч орон нутгийн сонгуульд АН зарим намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мажоритар тогтолцооны үр дүнд ердөө хоёр гол нам гарч ирдэг. Гэтэл улс төрийн олон нам, бие даагч нэр дэвшсэн учраас “МАН ба бусад” гэсэн байдлаар санал хуваагдсан байж болзошгүй.
Манай намд ч асуудал байсан. Өнгөрсөн дөрвөн жилд дотоод асуудалдаа хэт анхаарч, намын шинэчлэлийн талаар ярьсаар байгаад сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгээгүй гэх мэт алдаа бий. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Засгийн газар, Ерөнхий сайдын эрх, үүргийг нэмэгдүүлсэн нь сонгуулийн үйл явцад нөлөөлөх том хүчин зүйл болсон. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн үр дүн хүлээлтэд хүрээгүй ч найман аймагт олонх болж чадлаа. Мөн суудлын тоо ойрхон аймаг, дүүрэг ч байна. Хэдийгээр АН бүрэн ялаагүй ч ардчилалд итгэх ард түмний итгэл хэвээрээ, нэг намын дарангуйлал бус, хяналт, тэнцвэр шаардаж байгааг анзаарлаа. Цаашид сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хүлээлтийн дагуу ажиллах ёстой.
-С.Эрдэнэ даргын үеийн АН-ын шинэчлэлээс хамгийн авууштай нь юу вэ?
-2016 оны сонгуулийн дараах шинэчлэлийг хэн нэгэн хүнээр овоглох зүйл биш л дээ. Сонгуульд ялагдсаны дараа ерөнхийдөө хуучин зохион байгуулалт, арга барилаар ажиллаж болохгүй юм байна, үзэл баримтлал нь тодорхой байгаасай гэж иргэд, гишүүд, дэмжигчид маань хүссэн. Тиймээс ч намаа шинэчлэх ажлын хэсгүүд байгуулж, үндсэн дүрмээ өөрчилсөн. Бүх гишүүнийхээ саналаар намын удирдлагыг сонгох санаачилга нь уг өөрчлөлтийн амин сүнс байсан гэж хэлж болно. Энэ зарчмаар С.Эрдэнэ дарга сонгогдон ажилласан. Мөн үзэл баримтлалаа шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, шинэчлэл үр дүнтэй байсан гэж үздэг. Ямар ч байсан эхлэлийг тавьсан.
-Дүрэмд ямар өөрчлөлт оруулахаар байгаа вэ?
-2017 онд баталсан үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд бүх сонгуульт албан тушаалтныг нийт гишүүнээс сонгохоор зохицуулсан. Энэ нь намыг хагалах сөрөг үр дагавартай гэж үзэж хэсэгчлэн өөрчлөх үү гэдэгтэй холбоотой гол хэлэлцүүлэг өрнөж байна.
ШИНЭЧЛЭЛ НЬ БАЙНГЫН ҮЙЛ ЯВЦ УЧРААС ЦАГ АЛДАЖ БОЛОХГҮЙ
-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль ердөө нэг жилийн зайтай болдог нь манайд бий болсон олон асуудлын анхдагч шалтгаан гэж үзэх судлаачид байдаг. Танай намынханд дараалсан ялагдлаа дүгнэж, дүрэм, журам, үйл ажиллагаагаа шинэчлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэсэн том даваа байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа нь намын шинэчлэлийн агуулгыг алдагдуулах вий гэсэн болгоомжлол бас бий.
-Зөвхөн АН ч биш, УИХ-д суудалтай бүх намын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь улс төрийн чухал сэдэв болчихоод байна. Тиймээс ч энэ нь намын дотоод үйл ажиллагаанд нөлөөлнө. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэчлэлийг жинхэнэ утгаар нь эхлүүлье гэх хүмүүс ч байх шиг. Аливаа ажлыг урт хугацаанд харах нь зүйтэй. Улс төрийн үйл явцын мөчлөг, энэ жил, ирэх оны сонгуулийн үүднээс хандаад, суурь асуудлаа авч үзэхгүй яваад байвал төлөвшихгүй. АН-ыг дахиад 10-20 жил Монголын улс төрийн амьдралд хүчтэй оролцох хэмжээнд хүртэл нь бэхжүүлэх зохицуулалтыг түлхүү эрэлхийлэх нь л чухал. Нөгөө талаас манай намд үе солигдох үйл явц хүчтэй өрнөж эхэллээ. Шинэ үе бодитоор гарч ирж байна. Жишээ нь, сая АН олонх болсон аймгуудын намын хорооны дарга нарыг харвал бүгд 1990 онд хүүхэд байсан буюу тухайн үеийн улс төрийн үйл явдалд оролцоогүй байгаа юм. Үе солигдож байгаа нь сонгуулийн үр дүнгээр баталгаажчихлаа. УИХ-д сонгогдсон гишүүдийн олонхыг ч ийм хүмүүс эзэлж байгаа.
Тэгээд ч нэг дүрэм баталлаа гээд нам шинэчлэгдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид чамлахааргүй ажилласан. Одоо ч ажиллаж байна. Шинэчлэл нь байнгын үйл явц учраас цаг алдаж болохгүй. Аливаа зүйл хурдан хувьсаж, өөрчлөгддөг цаг үед амьдарч байна шүү дээ. Харин ямар мөчид, юу гэж шийдэх нь тусдаа, тактикийн асуудал.
-Сонгуультай холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгчийн нөлөө АН-д хүрээгээ тэлж байна уу?
-Үе үеийн Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг ч улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ нь дахиад л манай тогтолцоотой холбоотой. Тэр утгаараа нөлөө байна уу гэвэл тийм. Тэр нөлөө нь сонгууль ойртох тусам нэмэгдэж, идэвхжих байх. Энэ бол богино зайны ажил л даа. Ирэх 30 жилээ яаж харах вэ гэсэн даалгавар манай үеийнхэнд ирчихээд байгааг дахин хэлье.
-Ингэхэд орон нутгийн сонгуульд МАХН, ШИНЭН-тай хамтарсан нь хэр зөв байсан бэ?
-Тэдэнтэй хамтарсан нь аргаа барсан л ажил байсан. Ардчиллын төлөөх, МАН-ын эсрэг саналыг багцалж, УИХ-д нэг нам хэт давамгай болчихсон байхад цөөнхийн дуу хоолойг илүү өргөн хүрээнд гаргах боломж эрэлхийлсэн алхам. Үнэндээ миний хувьд нам маань МАХН, ШИНЭН-тай хамтрахаар шийдвэрлэсэн нь таатай санагдаагүй. Би 2000 онд АН-д элссэн. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, одоогийн эрх баригчид ямар үйл ажиллагаа явуулж байсныг би сайн мэднэ. Гэвч бид ямар ч байсан ойлголцоод, нэг намын хэт давамгай байдлын эсрэг нэгдэх шаардлагатай гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд МАН-тай өрсөлдөхийн тулд ардчиллын төлөөх хүчнүүд эвсэж, эсвэл тэднийг дуурайн нүсэр бүтэц, бүрэлдэхүүн бий болгосоор сүүлдээ АН, Ардын намын хооронд ялгаа, зааг байхгүй болсон гэж ч ярьдаг шүү дээ.
-АН бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар байвал оновчтой гэж?
-1990 онд МАХН-ыг Зүүн Европын орнуудынх шиг татан буулгасан бол өдгөө манай намуудын төлөвшил, улс төрийн нөхцөл арай өөр байгаа гэж хэлэх судлаачид бий. Тухайн үед шинэ намууд том бүтэцтэй, материаллаг бааз сайтай хүчинтэй өрсөлдөх даалгавар авсан. Гэхдээ тэр даалгавраа нэр төртэй гүйцэтгэсэн. АН өнгөрсөн хугацаанд засгийн эрх барих хэмжээний саналыг хэд хэдэн удаа олонхоос авч чадсан. Гэтэл одоо 30 жилийн өмнөх нөхцөл эрс өөрчлөгдлөө. Дэлхий даяар намуудын нөхцөл ч эрс өөр түвшинд хүрч, итгэл хүлээлгэх нь багасаж байна. Мөн илүү уян хатан, заавал гишүүнчлэл шаарддаггүй, төсөр зохион байгуулалттайгаар ажиллах болсон. Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэх байх. Ингэхдээ үндэсний хэмжээнд зөвшилцөх ёстой. Энэ бол ганц, хоёр намын бус, Монголын улс төрийн цаашдын замнал ямар байхтай холбоотой асуудал. Нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл гээд бүх талыг оролцуулан, тогтолцоотой холбоотойгоор үүсэж байгаа асуудлаа засахгүй бол манай ардчилал хүнд байдалд орох магадлалтай.
-Та өнгөрсөн хавар, сонгуулийн өмнө АН-ын дэд даргаар томилогдсон. Эл албыг УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа хашиж байсан. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн ажиллаж байсан суудалд эмэгтэй хүн тавих гэсэн бодлого байсан юм уу?
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон АН-ын дүрмийг шинэчлэхдээ сонгуульт албан тушаал тус бүрт тодорхой квот оруулах зарчим барьсан. Хэдийгээр тусгайлан заагаагүй ч дэд дарга нарын гуравны нэг нь эмэгтэй байвал зохино гэж манай намд үздэг. Тиймээс миний нэрийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дэвшүүлсэн.
-АН-ын дэд даргаар томилогдсоны дараа янз бүрийн л яриа гарсан. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр Архангайд нэр дэвшихээсээ татгалзаад, оронд нь охиноо дэд дарга болголоо гээд л ярьсныг та сонссон биз дээ?
-Аавын нэр, албан тушаал намайг байнга дагах нь аргагүй. Би иргэний үнэмлэхээ аваад л АН-д элсэж байлаа. Түүнээс хойш намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Ялангуяа 2016 оны нэгдүгээр сард АЭХ-ны удирдлагад сонгогдоод улс төрийн үйл ажиллагаагаа эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулан түлхүү явуулж байна. Энэ талаас нь хэлбэл, аавынхаа нөлөөгөөр албан тушаалтай болсон гэж дүгнэх нь учир дутагдалтай. Ер нь улстөрчийн хүүхэд байх нэг талаар давуу, зарим талаар том сул тал болдог. Олон бэрхшээлийг туучаад л явж байна даа.
РАЦИОНАЛЬ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ТОГЛОГЧ ШИНЭЭР НАМ БАЙГУУЛАХГҮЙ Л БОЛОВ УУ
-Бууж өгөхгүй биз дээ. Цаашид улс төрийн сонгуульд хүч үзэхээс авхуулаад улам идэвхтэй ажиллах уу?
-Хүн нэг зүйлд зориод, цаг хугацаа зарцуулж, үүрэг, хариуцлага үүрээд эхлэхээр ухрах эрхгүй болдог юм байна. Намын үйл ажиллагаанд оролцох нь сайн дурын ажил. Надад цалин өгөхгүй.
-Хувь хүний итгэл үнэмшилд гэр бүлийн орчин хамгийн чухал нөлөөтэй гэдэг.
-1990-ээд онд ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн, хувьсгал хийсэн хүмүүс тухайн үед гадуур уулзах боломжгүй, бүх яриа, хэлэлцүүлэг нь тэдний гэрт өрнөдөг байсныг би маш сайн санадаг. 20 жилийн өмнө АН-ын гишүүн болсон ч хүүхэд байхад л улс төрийн итгэл үнэмшил, үзэл бодол төлөвшсөн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан томоохон шийдвэрүүдийн ард аав байсан нь миний хувьд давуу тал.
-Та намын ажлаас гадна өөр юу хийж байна вэ?
-Компаниа удирдаж байна. Манай компани хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөлд ажиллахад амаргүй байна. Борлуулалт хумигдаж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдэд төрийн бодлого төдийлөн оновчтой тусахгүй байна.
-Эдийн засагч хүний хувьд үүсээд буй нөхцөл, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрхэн үнэлэх вэ?
-Эдийн засгийн таатай мөчлөгт Ардын нам ялалт байгуулдаг учраас тэднийг нэг талаар азтай гэдэг. Гэвч МАН-ын бодлого, шийдвэр иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлсэн үү гэвэл үгүй. Мөн цар тахлын үр дагавар бүх байгууллагад хүнд нөхцөл үүсгэлээ. Энэ хугацаанд гаргасан хэд хэдэн удаагийн шийдвэрээс нь аж ахуйн нэгжүүдэд тустай, өсөлт, ажлын байр бий болгосон нь тун бага. Тиймээс ч 2020 оны төсвийг тодотгохдоо дөрвөн их наяд гаруй төгрөгийн алдагдалтай баталсан. Ирэх оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлах гэж байна. Сүүлийн хэдэн жилд 10 гаруй их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэчихлээ”. Ядуурал буурахгүй, баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байна. Дороо л хий эргээд байна л даа. Дахиад 30 жил ингэж явах юм уу. Аль нэг нам гэлгүй цөмөөрөө том асуудлаа шийдье. Нэг дуулианаас нөгөө шуугианы хооронд жижиг асуудал ярьсаар байтал бид хамаг боломжоо алдаж дуусах нь.
-Та ярилцлагын эхэнд “халаасны нам” гэж дурдсан. Тэр талаар төгсгөлд нь тодруулъя.
-Манайх шиг сонгуулийн тогтолцоотой орчинд рациональ шийдвэр гаргаж байгаа улс төрийн тоглогч шинээр нам байгуулахгүй л болов уу. Тэдний ялах магадлал нь ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй. Манайд 30 гаруй нам үйл ажиллагаа явуулж байна. Аль нэг намыг “халаасны” гэж хэлсэнгүй. Гэхдээ ийм рациональ шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүмүүсийг “халаасны” гэж хэлэхээс өөр үг олдсонгүй.