“Бидний ажлын эрч хүч, амьдралын минь утга учир ширээний теннистэй салшгүй холбоотой” хэмээн өгүүлэх дасгалжуулагчийг Ж.Болд, Ш.Оюун гэдэг. Багаасаа одон бөмбөгтэй нөхөрлөсөн тэднийг Монголын теннисний үе үеийн тамирчид андахгүй. Өөрийнхөө сонирхсон спортод авьяас, ур чадвараараа амжилт гаргаж явсан үе тэдэнд бий. Гадаад, дотоодын томоохон тэмцээнд шүүгчээр ажилладаг тэд олон жилийн хүсэл, мөрөөдлөө биелүүлж, “Friends” клуб байгуулжээ. Будаг нь ханхалсан шинэ клубээс тамирчин болох гараагаа эхлүүлсэн бяцхан шавь нар нь дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, нийслэлийнхэд оролцох эрх авч багш нараа баярлуулсан аж. Монголын теннисний спортын хөгжилд хувь нэмрээ оруулан, клубээсээ шилдэг тамирчид төрүүлж, тив, дэлхийн тэмцээн, олимпын наадамд сойх зорилго өвөртлөн ажиллаж буй нэгэн гэр бүлийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Баянгол дүүрэгт болсон ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнээс шавь нар тань медаль зүүж, шинэ клубээ мялаасан гэв үү. Багш хүн тамирчдынхаа амжилтаас хөдөлмөрийнхөө үр дүнг хардаг шүү дээ.
Ж.Болд: -Бид ширээний теннистэй нөхөрлөөд 40 гаруй жил болжээ. Хэзээ нэгэн цагт клуб байгуулж, хүүхдүүдийг хичээллүүлэх сэн гэдэг мөрөөдлөө биелүүлж, олон улсын шүүгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа найзтайгаа хамтран “Friends” нэртэй клуб байгуулсан юм. Бидний хөдөлмөрийн анхны үр дүн шавь нарын минь амжилтаас харагдлаа. Дүүргийн АШТ-д шалгарсан тамирчдаа нийслэлийнхэд оролцуулахаар бэлтгэл хийлгэж эхэлсэн. Хэрвээ амжилттай оролцвол өсвөр насныхны УАШТ-д өрсөлдөх юм.
Ш.Оюун: -Шавь нар медаль хүртлээ гээд нөхрөө утсаар ярихад хэн нь бол гэж догдолсон. Тэмцээн дууссаны дараа Г.Мишээл “Багш аа, танд сайхан мэдээ дуулгая. Б.Индра бид хоёр мөнгөн медаль хүртлээ” гэж хэлэнгүүт өөрийн эрхгүй сэтгэл огшиж, өөрөө тэмцээнд түрүүлсэн мэт баярласан. Манай гэрт теннисний тухай яриа өрнөөгүй өдөр ховор шүү.
-Зарим шавиа тамирчнаас гадна шүүгчээр бэлтгэж байгаа гэсэн үү?
Ш.Оюун: -Тийм ээ, манай шавь нар ирээдүйд шүүгч болохоор бэлтгэгдэж байгаа. Бид шүүгч тул тэдэнд анхны мэдэгдэхүүн өгөхийг зорьдог. Спортын талбарт тамирчид шударга өрсөлдөх нь хамгийн эрхэмлэх зүйлийн нэг. Тамирчин ч бай, шүүгч ч болсон тэмцээнд хариуцлагатай хандах ёстойг хүүхдэд багаас нь ойлгуулах гэсэн хэрэг. Шавь нар минь тэмцээний дараа клубтээ ирээд “Багш аа, шүүгч тэмцээнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг юм бэ. Бидний амьдралыг бараг шийддэг юм байна шүү дээ” гэж ярьсан. Би шавь нараа ур чадвартай, текник сайтай тоглодог тамирчин болоосой гэж боддог. Шүүгчийг буруу шүүхэд хүүхдүүд уйлдаг. Тэмцээн өрсөлдөөнтэй болдог, гэхдээ шүүгч тоглолтыг буруу шүүх эрхгүй гэдгийг үүгээрээ илэрхийлж байгаа юм. Тамирчдаа зөв арга барилаар бэлтгэж, спортоор дамжуулан эерэг хандлагатай хүн болгож төлөвшүүлэх нь дасгалжуулагч багшийн үүрэг. Хүүхдүүд зургаан наснаас төлөвшиж эхэлдэг. Теннис тоглуулахын зэрэгцээ хоббиг нь хөгжүүлэх зорилгоор зураг зуруулж, шүлэг бичүүлэн, дуулуулах гээд авьяасыг нь нээж байгаа.
Ж.Болд: - Бидний үед тив, дэлхийн чанартай тэмцээнд бараг оролцуулдаггүй байв. Сайндаа л Эрхүүгийн олон хотын тэмцээнд өрсөлдөнө. Тэгвэл одоо 10, 12 настай хүүхдүүд авьяасаараа шалгарч, Япон, БНСУ-ын тэмцээнд оролцдог боллоо. Тэд бидний барьж үзээгүй мэргэжлийн тамирчдын цохиураар тоглож байна шүү дээ. Бид залуудаа долоон төгрөгийн үнэтэй Вьетнамын цохиур барьдаг байлаа. Гадаадын тамирчид манай теннисчдийн цохиурыг хараад “Танай тамирчид ийм цохиуроор тоглодог гэж үү” гэхэд ичиж байсан удаатай. Клубийнхээ шавь нарын тоглож байгааг харахаар хүүхэд насандаа эргээд очсон мэт санагддаг.
-Ж.Болд шүүгч залуудаа шигшээ багт шуугиулж, Ш.Оюун багш Сэлэнгэ аймгаас шалгаран, улсын тэмцээнд түрүүлж, нутгийнхандаа магтуулж явсан дурсамжаасаа хуваалцаач.
Ш.Оюун: -Бага байхад аймгийн захиргааны ажилтнууд манай гэрийн гадаа теннисний ногоон ширээ засаад тоглодог байв. Тэд хүүхдүүдэд “Энэ ширээн дээр теннис тоглосон та нараас улсын аварга тамирчин төрөхийг хэн байг гэх вэ. Сайн тоглож, амжилт гаргаарай” гэж урам хайрлаад хүлээлгэн өгч билээ. Би тэр ширээн дээр теннис анх тоглож сурсан. Улаанбаатар хотод болсон сурагчдын V спартакиадад өрсөлдөж, хотын хүүхдүүдийг хожин алт, мөнгөн медаль хүртэж байв. Орон нутгаас шалгарсан хүүхдүүдээс би ганцаараа медальтай ирэхэд аймаг даяараа шуугилаа. Ахмад үеийнхэн нутагтаа ширээний теннис хөгжүүлснээр Сэлэнгэ аймгийнхан одоо хотынхонтой эн тэнцүү өрсөлддөг болжээ. Манай нутгаас Б.Отгонжаргал эгч УАШТ-д найман удаа түрүүлсэн. Би ээж болсныхоо дараа теннисээс нэг хэсэг завсарлаад дахин хичээллэсэн. Бидний үед залуус ажиллахын хажуугаар хобби болгож спортоор хичээллэдэг байлаа. Тэр үеэс өөрт буй туршлага, боломж, нөөцдөө тулгуурлан клуб байгуулж, хүүхдүүдэд заая гэж бодох болсон. Намайг теннисээр тууштай хичээллэхэд нэг зүйл нөлөөлсөн. Тэмцээнд шүүгчээр ажиллахдаа хүүхдүүд авьяас, ур чадвараа сайн хөгжүүлэхгүй тоглож, алдаа гаргадгийг их хардаг байв. Тиймээс хүүхдүүдийг зөв техниктэй тоглуулж сургахаар зорьсон.
БАГШИЙНХАА ХАТУУ ҮГЭНД ГОМДОЖ, ХӨӨГДСӨН Ч БУЦААД ИРДЭГ БАЙЛАА
-Д.Санжмятав багш ширээний теннисний шигшээ багийн дасгалжуулагч байхдаа таныг багтаа авч байсан гэдэг.
Ш.Оюун: -Намайг Улаанбаатарт болсон тэмцээнд оролцож байхыг багш харчихаад “Аймгаас ирж өрсөлдөж байгаа гэхэд сайн тоглож байна. Авьяас, ур чадварыг нь хөгжүүлчихвэл гайгүй тамирчин болох шинжтэй” гэж бодсон гэдэг. Тэр үед багш Польшоос тамирчид ирнэ гээд намайг МУИС-ийн I байрны спортын зааланд бэлтгэл хийлгэв. Тэр үед миний нөхөр шигшээ багт тоглодог тамирчин байлаа. Мэргэжлийн тамирчдыг анх хараад “Тэдэн шиг амжилт хэзээ гаргах бол” гэж бодно. Тэдэнтэй хамт бэлтгэл хийж, шигшээ багт хөл тавьснаас хойш миний ур чадвар, техник сайжирсан.
Ж.Болд: -Д.Санжмятав багш 1986 онд II шигшээ багийг байгуулсан юм. Монголд тухайн үед чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа гээд олимпын төрлийн спортод анхаарал хандуулдаг байв. Бөмбөгтэй спортоос волейбол, ширээний теннис түрүүлж хөгжсөн гэхэд болно. Багш минь Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн төрсөн дүү. Бидэнд “Манай ах уран үгийн, харин би хорон үгийн мастер” гэж хэлдэг сэн. Багш биднийг хорон үгээр харин ч нэг хурцална. Хатуу үгэнд гомдож, секц дугуйлангаасаа хөөгдсөн ч буцаад л ирдэг. Багш биднийг учиргүй магтаад байхгүй ч зөв шүүмжлэлээрээ хүмүүжүүлсэн. 1987 онд би цэргийн алба хаахаар “Алдар”, “Хүч” нийгэмлэгт хуваарилагдав. “Хүч” нийгэмлэгт хоёр жил алба хаахдаа Д.Оюунчимэг багшийн удирдлагад хичээллэж, цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээнд оролцдог байлаа. Шигшээ багийнхан 1990 он хүртэл ширээний теннис идэвхтэй тоглож байгаад зах зээлд шилжихэд тус тусын зам мөрөө хөөж билээ. Тэр үед зарим нь гадагшаа явж, Монголд байгаа нь “гахай” үүрч, ганзагын наймаа эрхэлсэн. Бид 2001 онд эх орондоо ирснийхээ дараа нэг өдөр цуглаж, ширээний теннисээ сэргээн хөгжүүлэх тухай ярилцаж, Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат агсантай уулзаж, холбоо байгуулан, тэргүүнээр нь сонгосон. Тэрбээр залуудаа бидэнтэй хамт ширээний теннис тоглож, спортын мастер цол хүртсэн юм. Хамт тоглосон тамирчид нь багаараа УАШТ-д түрүүлж байсан удаатай. Улаанбаатар хотын 40 мянгатын бөмбөгөр дэлгүүрийн урд талд байрлах цагаан байрны хонгилд цуглан тоглосоор мэргэжлийн тамирчин болж, спортын цол, зэрэг хүртсэн байдаг юм. Бид шигшээ баг бүрдүүлж, өөрсдөө санхүүжүүлээд монгол хүн теннис тоглож чаддагийг тив, дэлхий, олон улсын тэмцээнд харуулахаар шийдсэн. Энэ мэтчилэн өөрсдийн хувь нэмрийг оруулж, эх орондоо ширээний теннис хөгжүүлэхээр хичээж явна.
-1993 онд БНСУ-ын иргэн Кен Ен Сун Д.Санжмятав багштай хамтран “Мон-Сол” клубийг байгуулж байсан юм билээ.
Ж.Болд: -1990 оны хүндхэн үед БНСУ-аас Монголд сурахаар ирсэн түүнийг теннисчид Гантуяа гэж дууддаг байлаа. Биднийг хичээллэх заалгүй байхад тэрбээр хөрөнгө, мөнгөөр тусалж, багштай хамтран “Мон-Сол” нэртэй клуб байгуулсан юм. Кен Ен Сун пара спортын тамирчин байв. Багш түүний тус дэмээр байгуулсан клубтээ шигшээ багийн тамирчдаа бэлтгэл хийлгэж, ширээний теннисийг урагшуулсан. Спортын салбарын үйл ажиллагаа бараг зогссон үед би ажиллаж, амьдрахаар Герман руу явсан. 2001 онд нутагтаа ирж, нөхөдтэйгөө уулзан, ширээний теннисээ хөгжүүлэхээр зорьсон юм. Гадаадаас теннисний ширээ, бөмбөг, цохиур гээд цөөнгүй хэрэгсэлтэй ирж байв. Багш биднийг хараад их баярласан. Бид ч ирсэн даруйдаа УАШТ-ийг сэргээн, жил бүр зохион байгуулдаг боллоо. Монголд ширээний теннис өмнөхөөсөө илүү хөгжихийг багш минь амьд сэрүүндээ өөрийн нүдээр харсан. Багшийнхаа нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Монголын мэргэжлийн тамирчдын олонх нь багшийн шавь. Бид багшдаа ДАШТ үзүүлнэ гэж ярилцаад авч явж билээ. Шавийн хувьд багшдаа учиргүй том зүйлээр тусалж чадаагүй ч хүслийг нь биелүүлсэн.
Ш.Оюун: -Теннис миний хобби. Би сонирхолдоо хөтлөгдөж, өөрийгөө хөгжүүлсэн. Шавь нар минь түрүүчээсээ амжилт гаргаж, хүсэл мөрөөдлийг минь биелүүлж байна. Энэ л хамгийн сайхан. Спортод тууштай үлдэхэд тэсвэр хатуужлаас гадна зорилго, тэмүүлэл их нөлөөлдөг. Спортын салбар хүнд байдал орсон жилүүдэд сэтгэлийн гал минь унтарсан мэт санагддаг байж билээ. Гэхдээ бидний хүсэл, мөрөөдлийг ямар ч саад бэрхшээл зогсоож чадаагүй. Залуудаа теннис тоглох гэж учиргүй хорхойсдог байсан бол одоо шавь нарынхаа тоглохыг харж баясдаг боллоо. Намайг ахмадын УАШТ-ээс алтан медалиа зүүгээд ирэхэд шавь нар минь бөөн баяр угтсан.
-Багшийг тань шавь нартаа өндөр шаардлага тавьдаг, зан чанарынх нь онцлогт тааруулж, хурцалдаг байсныг ахмад тамирчид ярьдаг юм билээ.
Ш.Оюун: -Багш тамирчдынхаа онцлогт нь тохируулж шүүмжилж, урам өгч хурцалдаг хүн байсан. Бидэнд тамирчин хүн дайчин, эрч хүчтэй, цоглог байх ёстойг өөрийнхөө үйл хөдлөлөөр үлгэрлэж харуулдаг байв. “Тэмцээн бол өрсөлдөөн, тиймээс ялахын төлөө тэмц” гэж хэлдэг байсныг нь одоо ч санаж явдаг. Ямар ч хэцүү зүйлтэй тулгарсан амархан бууж өгдөггүй тэвчээрийг бие, сэтгэл зүйд минь суулгажээ. Биднийг нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн бол өөр зүг рүү хандуулахгүй байхад маш сайн сургасан. Багшийн хүмүүжүүлсэн ухаан, хандлага амьдралд алхам тутамд хэрэг болдог.
НЭГ ХҮН ШИГ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ ЯВААДАА БАЯРЛАДАГ
-Та хоёр хүүхэд байхаасаа нэгнээ мэддэг байж. Ширээний теннис спортын төлөө нэг зорилго, тэмүүлэлтэй зүтгэх гэр бүлийг бүтээжээ гэж ойлгож болох уу?
Ш.Оюун: -Нөхөр минь шигшээ багийн тамирчин байхдаа бид мэтийг тоож харахгүй. Тэмцээнд бөмбөг, цохиураа бариад гарч ирэх нь хүртэл сүрдмээр. Өндөр биетэй, ангийнхаа манлайлагчийг нөхөд нь байнга дагаж явдаг сан. Өрсөлдөгчөө хожно гэсэн итгэлтэй байдал нь бахархал төрүүлдэг байлаа. Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрахыг хүүхэд байхад нь шалны плита бариулж байгаад теннис тоглохыг анх зааж өгсөн. С.Галбадрах тэр цагаас өнөөг хүртэл тенниснээс холдоогүй. Тэрбээр энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа. Теннисний спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойгоор хэвлүүлсэн “Ширээний теннис Монголд” хэмээх номд тэрбээр энэ тухайгаа дурсаж бичсэн байв. Бид теннисээр хүүхэд байхаасаа хичээллэсэн болохоор нэгнээ ойлгож, сайн дэмждэг. Ажлаа төлөвлөж ярилцахад маргалдах, санал зөрөх зүйл гарахгүй. Нэг хүн шиг зорилготой ажиллаж, амьдарч явна.
Ж.Болд: -Ширээний теннисний УАШТ-д шилдэг тамирчид өрсөлддөг. Тэр үед хотынх нь байтугай аймгаас шалгардаг тамирчин цөөн. Ц.Оюун Сэлэнгээс шалгарч, улсын аваргад оролцсон нь надад тун сонирхолтой санагдаж билээ. Улаанбаатар хотын шилдгүүдийг хүртэл хожиж, медаль авна гэдэг бараг л байх боломжгүй тохиолдол байв. Түүнийг аварга болоход нь аймгийн тамирчдаас ийм бүсгүй сайн тоглодог юм байна гээд анх харж билээ. Тэр тэмцээний дараахан хотод ирж, багшийн удирдлагад шигшээ багийнхантай бэлтгэл хийгээд овоо дориун тоглодог болсон. Бидний ид амжилт гаргах насанд Монголын нийгэм зах зээлд шилжиж, шигшээ баг тарж байлаа.
-Монголд Ази тивийн АШТ-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад та хоёр шүүгчээр ажилласан. Тэмцээний зохион байгуулалт, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн хувцасны жигдрэл олон орны шүүгчдэд таатай сэтгэгдэл төрүүлсэн байсан шүү.
Ш.Оюун: -Нөхөр минь 2010 онд Монголоос олон улсын шүүгчийн эрх авсан юм. Монгол Улс Ази тивийн өсвөр нас, залуучуудын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг 2019 онд зохион байгуулахад олон орны шилдэг шүүгч ирсэн. Манай тамирчин, дасгалжуулагч, шүүгчид хувцаслалтаараа ялгарч байлаа. Бид тэмцээнийг дэнслэх шүүгчдийн хувцсыг хүн бүрт тааруулан захиалж хийлгэсэн юм. Монголд анх удаа болж буй гэдэгт ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс базаасан. Гадаадын шүүгчид надаас “Та нарын хувцаслалт жигд, цэгцтэй, сайхан харагдаж байна. Хувцсаа худалдаж авсан уу” гэж асууж байлаа. Тэд манайхны хувцаслалтыг хараад өөрөөсөө бараг ичих шиг болсон. Магадгүй, зарим нэг нь Монголыг хөгжлөөр хоцрогдмол орчин, нөхцөлдөө тааруулж тэмцээнийг зохион байгуулна гэж бодсон байх. Азийн болон ДАШТ-ийг шүүдэг шүүгчдийн цол, зэрэг өөр байдаг. Хэрхэн шударга, зөв шүүж байгаагаас шалтгаалж шүүгчид тэмцээнээс хасагдах тохиолдол бий. Сайн шүүсэн шүүгч финалын тэмцээнийг шүүдэг. Би Хятад, БНСУ, Японы тамирчдын тоглолтыг шүүсэн. Тэмцээнд Хятадын тамирчин өрсөлдөгчдөө хожиж, аварга болж байлаа. Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулахад давуу тал их бий. Дасгалжуулагч, шүүгчдийн хувьд гадаадын шилдэг тамирчдын тоглолтыг шүүхдээ ур чадвар, техник, тактик, хурд, хөдөлгөөнөөс шавь нараа хойшид хөгжүүлж болох олон зүйлийг олж хардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Олон улсын залуучуудын ногоон наадам ирэх жилийн есдүгээр сард болно. Үүнд бид эртнээс бэлдэж байгаа.
Ж.Болд: -Олон улсын ширээний теннисний холбоо дасгалжуулагч, шүүгчдийн сургалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Тэр сургалтад бид хамрагдсан. Шүүгч, дасгалжуулагчид спортын ертөнцөд болж буй үйл явдлаас хоцрохгүй, хөл нийлүүлэхийн тулд өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Тэмцээнд тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн ёс зүй гэдэг чухал зүйл бий. Тухайн тамирчин ямар ёс суртахуун, хүмүүжил төлөвшил, хэр зохион байгуулалттай вэ гэдгээ тоглолтоороо харуулдаг. Тиймээс залуусыг шүүгчийн сургалтад суулгаж, бэлтгэх хэрэгтэй. Монголын тамирчид шүүгч болохдоо дурамжхан байдаг. Үүний учир нь цалин хөлс бага байдагтай холбоотой. Тэмцээнийг эхэлсэн цагаас нь дуустал шүүхэд 20.000 төгрөгийн урамшуулал өгч байх жишээтэй. Гэтэл шүүгч тэмцээнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Ширээний теннисний шүүгч нарийн зүйлүүдийг олж харах чадвартай байх шаардлагатай. Теннисчид маш хурдтай тоглодог тул бөмбөгийг алдалгүй харж, тэмцээнийг дүрмийн дагуу шударга шүүх зарчим баримталдаг. Тухайлбал, аварга болох байсан тамирчны тоглолтын бөмбөгийг шүүгч олж харахгүй буруу шүүснээс болж хожигдвол амжилт нь буурч, хохирч үлдэх магадлалтай.
Ш.Оюун: -Монголд ширээний теннис хөгжиж байна. Тиймээс системтэй бодлого хэрэгжүүлж, томоохон тэмцээнүүдийг чанартай зохион байгуулах нь зүйтэй. Тэмцээнээс тэмцээнд тамирчид туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулдаг. Бөмбөгтэй спортын төрлүүдээс ширээний теннисээр олон хүүхэд сонирхон хичээллэж байна. Тэгэхээр энэ спортыг Өмнөд хөршийнхөн шиг бодлогоор дэмжин, хөгжүүлбэл тамирчид ДАШТ, олимпод амжилт гаргах боломжтой. Хятад улс хүүхдүүдийг багаас нь спортод сонирхолтой болгодог. Тухайлбал, айл болгоны гадаа теннисний ширээ байдаг. Хүүхдүүд нь чөлөөт цагаараа тоглоно. Энэ нь эх орондоо спортыг хөгжүүлэхээс гадна эрүүл, идэвхтэй амьдралын суурь дасгал, хөдөлгөөн гэдгийг хүүхдэд спортоор дамжуулж ойлгуулдаг. Тэгэхээр бие даан үйл ажиллагаа явуулж буй манай клубүүд ч гэсэн Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын ширээний теннисний холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдээрээ хамтраад, зүтгэвэл үр дүн нь гарна.