Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ургац хураалтын ажлын явц, ургацын хэмжээ, газар тариалангийн салбарт цаашид хэрэгжүүлэх зарим ажлын талаар ярилцлаа.
-Ургац хурааж дуусаж байна уу. Хэдий хэмжээний улаан буудай хураах төлөв байна вэ. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад хүрэлцэх үү?
-Ургац хураалтын ажил дуусах шатандаа орж, талбай дахь тариагаа бүрэн хураасан. Өдгөө аж ахуйн нэгжүүдийн үтрэм дэх тариаг ангилан ялгах, цэвэрлэх, хатаах ажил хийж байна. Увс, Дорнод зэрэг 4-5 аймаг ургацын мэдээллээ хараахан ирүүлээгүй. Одоогоор улсын хэмжээнд 360 000 орчим тонн улаан буудай хураасан. Гурилын үйлдвэрүүдэд 210 000 тонныг нь нийлүүлсэн. Манай улсын хүн амын нэг жилийн гурилын хэрэгцээнд 300 000-310 000 тонн улаан буудай бэлтгэх шаардлага бий. Үүнээс 225 000-230 000 тонн гурил үйлдвэрлэн, хэрэгцээгээ хангадаг. Одоогоор ургацын хэмжээний талаарх нэгдсэн дүн гараагүй, хоёр долоо хоногийн дараа тодорхой болно.
-Хаврын тариалалтаас өдий хүртэлх байгаль, цаг уурын нөхцөл ямар байв. Таримал ургах явцад уур амьсгал болон бусад хүчин зүйл хэрхэн нөлөөлөв?
-Хавар эрт бороо орсон учраас үр суулгах болон тариалалтын эхний үед газар харьцангуй чийгтэй байсан. Сүүлийн таван жилд байгаагүй таатай нөхцөлд тариаланчид ажлаа эхлүүлсэн гэж болно. Наймдугаар сарын 20-ны үед гаргасан ургацын урьдчилсан балансаар буюу тарианы болц бүрэн гүйцсэн үеийн тооцоогоор бид нийт ургацынхаа 70-80 хувийг авах боломжтой байв. Үлдсэн 20-30 хувь нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улаан буудай болох, эсэх нь эргэлзээтэй байлаа. Гэтэл тариа хураахын өмнө буюу есдүгээр сарын дунд үед тариалангийн бүс нутгуудаар 10-аад хоног үргэлжилсэн бороо, цас орсон. Үүний улмаас тариан түрүү хэнзэлж, хураах ажлыг хойшлуулсан бөгөөд нийт ургацын 30-40 хувийг хураах боломжгүй боллоо. Энэ нь Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь зэрэг зургаан аймагт зуншлага тааруу байсантай холбоотой. Учир нь тус бүс нутагт малчид хадлан хадах байтугай мал идэх өвс ургасангүй. Тиймээс болц нь гүйцэхийг хүлээж байсан улаан буудайг боож, ногоон тэжээл болгон заржээ. Ногоон тэжээлийн эрэлт маш их байгаа юм билээ. Нэг га талбайгаас хамгийн багадаа 200 боодол тэжээл хураан авч, 7000 төгрөгөөр борлуулахад аж ахуйн нэгжүүд 1.4 сая төгрөгийн орлого олж байна. Тэгвэл нэг га талбайгаас хураасан улаан буудайг 800 000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд улаан буудай боловсорч дуусахыг хүлээхгүйгээр орлого ашгаа бодон, ногоон тэжээл болгож зарсан. Үүнээс шалтгаалан төлөвлөснөөсөө бага ургац авах нь.
-Компаниуд ашиг харан тухайн үед илүү орлого өгөх бүтээгдэхүүн тарих, улаан буудайг тэжээл болгох гэх мэтээр ажиллавал стратегийн хүнсний хангамжийн асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ?
-Мал аж ахуй, газар тариалан бол хөдөө аж ахуйн үндсэн хоёр салбар. Нэг зоосны хоёр тал гэсэн үг. Дэлхий нийтэд цөлжилт эрчимтэй явагдан, манай улсад ч бэлчээрийн даац хэтэрч, өвсний гарц багасаж буйтай холбоотойгоор малын тэжээлийн эрэлт жил бүр өсөж байна. Энэ зун зарим нутагт ган болж, зуншлага тааруу байсан нь ч тэжээл худалдан авагчийн тоо сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр нэмэгдэхэд нөлөөлжээ. Нөгөөтээгүүр, зарим нутагт улаан буудайн ургац илт татрах болсон нь хөрсний үржил шим буурсантай холбоотой. Иймээс бид ирэх хавраас улаан буудай ургуулж, ургацаа бүрэн авч чадах, эсвэл тэжээл бэлтгэх зорилготой аж ахуйн нэгжийн хооронд ялгаа зааг тогтоохоор ярьж, хэлэлцэж эхэллээ. Улаан буудай ургуулах, гурилын үйлдвэрт түүхий эд нийлүүлэх компаниудыг үргэлжлүүлэн дэмжье. Хаврын хаварт олон аж ахуйн нэгж улаан буудай тарьдаг бөгөөд хураах ургацыг ч бид барагцаалан тооцдог. Гэтэл зарим компани улаан буудай сайн ургасангүй, ийм, тийм нөхцөл байдлаас шалтгаалан ногоон тэжээл бэлтгэж, борлууллаа гэдэг. Улмаар энэ нь үндсэн хүнс болох гурилын түүхий эдийн бэлтгэлд сөргөөр нөлөөлж, үр тарианы хангамжийг тасалдуулахад хүргэж болзошгүй нь.
-Тэгвэл хаана, аль аймаг, сумд тэжээл, эсвэл улаан буудай тарих бол. Газар орныг нь зааж өгнө гэсэн үг үү?
-Яг таг шийдвэр гаргаагүй ч мэргэжилтнүүд, холбогдох албаныхан тэжээл болон улаан буудайг ялгаж тариулах, буудай тариалахад үзүүлдэг дэмжлэгийг хавтгайруулж олгохгүй байх талаар бодлого боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үгүй бол цөөнгүй компани юутай ч улаан буудай тарья, аз нь таарвал намар ургац авъя гэсэн байдлаар ханддаг. Урьдчилан тооцож байгаагаар Төв аймгийн Эрдэнэсант, Цээл, Угтаал, Булганы Дашинчилэнд тэжээлийн таримал тарих боломжтой. Харин Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь тариалангийн бүс нутагт улаан буудай тариалж, га-гаас авах ургацын хэмжээгээ өсгөн, түүхий эдийн хангамжийг тасалдуулахгүй байхад анхаарна.
-Газар тариалан эрхлэх, төрөл бүрийн таримлын ургацыг сайжруулах, улмаар стратегийн хүнсний нөөцийг тасалдуулахгүй байхад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Дээр дурдсан байгаль, цаг уурын нөхцөлөөс гадна өөр томоохон хүчин зүйл бол малын тоо толгой хэт өссөн явдал. Энэ намар улсын хэмжээнд 70 гаруй сая толгой мал намаржин, өвөлжих тооцоо бий. Тариалангийн бүс нутагтай ойрхон аймаг, сумуудын мал тариан талбай руу орж, малчид, тариаланч хооронд “дажин” дэгдсээр байна. Өвсний гарц багасан, бэлчээр доройтсоны улмаас мал идэх юмгүйдэн, тариан талбай руу орохоос өөр аргагүй болжээ. Үүнийг зохицуулах шаардлага тулгарч байгаа. Мөн нэг га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг сайжруулахад улам анхаарах хэрэгтэй.
-Тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхэлнэ, бэлчээрийн мал байлгахгүй гэсэн шийдвэр бий шүү дээ. Хэрэгжилт нь ямар байгаа бол?
-2018 онд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг Засгийн газраас тогтоож, Сэлэнгэ аймгийн 17 сумын 30 орчим багийг газар тариалангийн бүс хэмээн зарласан. Зүй нь энэ нутагт бэлчээрийн мал байх ёсгүй гэсэн үг. Гэтэл дээрх шийдвэрийг орон нутгийн удирдлага болон малчид ч хэрэгжүүлэхгүй байна. Үүнд олон л шалтгаан байдаг бололтой.
Тариалангийн талбай руу мал дийлдэхгүй орж, идээшилж байна гэсэн гомдол Сэлэнгэ, Төв, Орхон зэрэг тариа тарьдаг аймгууд, бүс нутгийн тариаланчдаас ирэх нь тасардаггүй. Таримлын бараг 20 хувийг мал идчихдэг гэдэг нь малын тоо маш их өссөний л уршиг. Төр болон хувийн хэвшлийнхэн хашаа барин, яаж ч сэргийлээд үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс бид ирэх хавар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хэдэн мянган малчин, мал бүхий этгээд байгааг тооцох загвар боловсрууллаа. Эхний ээлжид хэдэн сая толгой мал адгуулж буйг нь гаргах юм. Улмаар малчид, мал бүхий айл өрхүүдэд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхгүй бол өөр нутаг оронд шилжин суурьшихыг санал болгоно. Мал тариа, ногоо идэхээс гадна хөлөөр нь их хэмжээний газар талхлагддаг учраас албадан гаргахаас өөр арга алга.
-Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.7 хувьд л газар тариалан эрхэлж байгаа. Эл дүнг болон ургацын хэмжээг нэмэх боломж бий юү?
-Нутаг дэвсгэрийнхээ хамгийн үржил шимтэй, тариалан эрхлэхэд байгаль цаг уур, хөрсний бүтцийн хувьд тохиромжтойд тооцогддог бүс, талбайд тариа, ногоо тарьдаг. Дээрх дүнг ойрын хэдэн жилдээ огцом өсгөх боломжгүй байх. Үүнээс гадна бидний нэрлэж заншсанаар социализмын үед тэжээлийн сангийн аж ахуйнууд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тариан талбайд тэжээл, үр тариаг сэлгэн тариалах нь хөрсний үржил шимийг сайжруулах нэг арга. Тэжээлийн аж ахуйг дагалдан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж бүрддэг. Хөрсний чанарыг сайжруулах хамгийн эхний алхмыг сэлгэн тариалалт гэх байна. Үүнээс гадна өдгөө манай улсад нэг га талбайгаас 15-18 центнер ургац авч байгаа. Хөрсөө бордож, арчилж чадвал үүнийг 3-4 центнерээр нэмэх боломжтой. Ингэж чадвал бид гадаадаас улаан буудай авах шаардлагагүй болж, улмаар экспортлох боломж бүрдэнэ.
-Энэ жил улаан буудай импортлох шаардлага үүсэх үү?
-Энэ намар хураах ургацын хэмжээг нарийвчилж гаргаагүй ч төмс, улаан буудайн хэрэглээгээ бүрэн хангах болов уу. Хүнсний болон нарийн ногооны хэрэглээний 60-70 хувийг дотоодоос нийлүүлнэ. Гэхдээ цар тахлын дэгдэлт ямар байхаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөн, хүнсний нөөцийг нэмэх шаардлага гарч магадгүй. Тиймээс ОХУ болон Казахстанаас улаан буудай импортлохыг үгүйсгэхгүй.
-Төмс, хүнсний ногоогоо хурааж дуусав уу. Хэдий хэр ургац авсан бэ?
-Бараг дууссан, талбайгаа цэвэрлэх, ангилах ажил л хийж байгаа. Энэ хавар төмсний талбайг өнгөрсөн жилийнхээс 3000 га-гаар өсгөсөн учраас ургацын хэмжээ ч нэмэгдэн 240 000 тоннд хүрсэн. Хүнсний ногоогоо хурааж ерөнхийдөө дууссан, гэхдээ нэгдсэн дүнг гаргаагүй.
-Улаан буудайн үнэ өссөн учраас үйлдвэрүүд гурилынхаа үнийг кг тутамд нь 100 орчим төгрөгөөр нэмсэн. Ийнхүү үнийг нь өсгөх ямар шалтгаан үүсэв?
-Нэг тонн улаан буудайг 630 мянган төгрөгөөр Хөдөө аж ахуйг дэмжих сан “өр төлбөртөө” авч байгаа нь өнгөрсөн жилийнхтэй адил дүн. Харин гурилын үйлдвэрүүд чанараас нь хамааруулж янз бүрийн ханшаар худалдан авч байгаа юм билээ. Өмнөх жилийнхээс төдийлөн өсөөгүй гэсэн.
-Зоорь, элеваторын хүрэлцээ хэр байгаа вэ. Өвөл, хавар хэрэглэх тариа будаа, хүнсний ногооны нөөцөө хадгалах боломж бүрдүүлсэн үү?
-Зоорь, элеватор хүрэлцэхгүй, хураасан бүтээгдэхүүнээ агуулах сав олдохгүй байна гэсэн гомдол, санал ирээгүй. Аж ахуйн нэгжүүд, тариаланчид хоорондоо зах зээлийн зарчмаар үнээ тогтоон, зоориудад хадгалуулж байгаа. Улаанбаатарт Сонсголонгийн гүүр орчимд ложистикийн төв байгуулахаар төлөвлөсөн. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад байна. 28 орчим сая ам.долларын өртөгтэй уг байгууламжид зоорь, стандартын шаардлагад нийцсэн агуулахуудаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүнийг борлуулах зах, худалдааны төв барина. Орон нутгаас ирж, очих автомашинуудын барааг ачиж, буулгах хэсэг зэргийг багтаасан төвлөрсөн цэг болох юм. БНХАУ-ын Засгийн газраас зээл, тусламж авах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд санхүүжилтийг нь шийдвэл ирэх онд барилгын ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн.