Үндэсний геологийн албаны дарга О.Чулуунтай ярилцлаа. ОХУ-д Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын мэргэжил эзэмшсэн тэрбээр 2000 онд Москвагийн Геологи хайгуулын академид дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1982 онд Дорнод аймгийн геологийн экспедицээс ажлын гараагаа эхлүүлснээс хойш салбартаа 40 орчим жил ажиллаж буй юм.
-Танай алба байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ямар төсөл, хөтөлбөрт анхаарлаа хандуулж эхэлсэн бэ?
-Манайд харьяалагдах, улсын хэмжээнд хэрэгжүүлж буй бүх төсөлтэй танилцан, хээрийн судалгааны ажлуудын материалуудаа хүлээн авч байна. Ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө гарган, холбогдох яамдад хүргүүлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор зарим төсөл, хөтөлбөрийн утга санаа, агуулгыг өөрчлөх тухай санал гаргалаа. Тодруулбал, өндөр технологид хэрэглэгдэх ашигт малтмалыг судлах талаар далайцтай ажил хийхээр төрөөс төлөвлөсөнтэй холбоотойгоор бид байр сууриа илэрхийлсэн. Өндөр технологид ашиглах түүхий эдэд никель, кобальтаас эхлээд газрын ховор элемент зэрэг олон төрлийн, янз бүрийн эрдэс бодис багтдаг. Судалгаа бага хийсэн учраас өдгөө түлхүү судалж, дүгнэлт гаргахаар зорьж байна.
-Хайгуулын салбарын хөгжил нь уул уурхайнхаас багадаа 10 жилээр түрүүлсэн байх учиртай гэдэг. Манайд байдал ямар байна вэ?
-Эрдэс баялгийн суурь судалгааг үйлдвэрлэл эхлүүлэхээс хэдэн арван жилийн өмнө түрүүлж хийдэг. Манай улсын хувьд геологийн судалгааг газрын гадаргууд ил байгааг нь судлах аргачлалаар буюу хоёр хэмжээст байдлаар хийжээ. Бусад улс гурав, дөрөв болон түүнээс дээш хэмжээст түвшинд, мөн сансраас тандан судлах аргатай хослуулан ажилладаг. Газрын гадаргыг судлах төдийгүй гүнд нь юу агуулагдаж байгааг мэдэх хэрэгтэй. Мөн геохими, геофизикийн нарийвчилсан судалгаа хийж, нэгдсэн мэдээлэл боловсруулах учиртай.
-Манай улсын газрын гадарга, газрын хэвлийн талаарх мэдээлэл, ашигт малтмалуудын нөөцийн тухай таамаг хэдэн жилээр хоцорч байна вэ?
-Монгол Улс 2005 оноос хойш мэдээллээ дорвитой шинэчлээгүй. Хувийн хэвшлийнхэн тусгай зөвшөөрөлтэй талбайдаа геологийн судалгаа явуулж буй ч улсын чанартай томоохон эрэл хийсэн нь үгүй. Өдгөө нийт нутаг дэвсгэрийн 2.9 хувьд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр судалгаа, шинжилгээ хийж байгаа гэсэн тооцоо бий.
-Зарим иргэн “Геологийн судалгаа хийх хэрэггүй. Газар орноо ухаж төнхөх шаардлагагүй. Хөрс, газрыг байгалийн унаган төрх, байдлаар нь үр хойчдоо үлдээх нь зүйтэй” гэдэг. Энэ талаар юу гэх вэ?
-Геологийн судалгаа хийх нь газар шороо ухах, сүйтгэхээс өөр буюу мэдээлэл бэлтгэх ажил гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах шаардлагатай. Харин ч аймаг, сумдын хэмжээнд газрын гадарга, хэвлийн талаарх мэдээлэлтэй болох нь хөгжлийн бодлогоо төлөвлөхөд тустай. Геологи бол зөвхөн чулуу, шороо бус, ус, ургамал, бэлчээрийн талаар судалдаг өргөн хүрээний шинжлэх ухаан юм. Тодруулбал, аль бүс нутагт ямар хурдас, хуримтлалыг дагалдан юу ургах боломжтой болон усны эх үүсвэр, тархцын судалгааг геологичид л мэдэх боломжтой. Эрт цагийн амьтдын чулуужсан яс, үлдэц олж, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд геологийн судалгааны үр дүн нэмэр болно. Өдгөө дэлхий нийтээр геопарк хөгжүүлье, геологийн ховор тогтоц, байгалийн онцлог дүр төрх, үзмэрт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгоё хэмээн ярьж байна шүү дээ.
-Боловсон хүчний хүрэлцээ, ур чадварын түвшин ямар байгаа бол?
-Геологийн суурь судалгааны ажил хумигдан, хөрөнгө мөнгө хангалттай биш байгаатай холбоотойгоор мэргэжилтнүүд ажилгүй болох нь нэмэгдэн, ажилгүйдэл үүссэн гэж болно. Геологич хүнд танхимын сургалтад сууж, ном эрдэм үзэхээс гадна хээрийн дадлага маш их хэрэгтэй. Гэтэл хээрийн ажилд явах, судалгаанд оролцох объект байхгүйгээс дадлага туршлага хуримтлуулах, ур чадвараа сайжруулах боломж багассан. Үндэсний геологийн албаны нэг зорилго бол байнгын ажлын байр бий болгох, залуусаа дадлагажуулах, шинэ техник, технологид сургах юм. Улмаар тэднийг дэмжин, өндөр хөгжилтэй улсад мэргэшүүлэх төлөвлөгөөтэй.
-Геологийн суурь судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийх ёстой юу. Аль эсвэл хувийн хэвшлийнхэнд даатгах уу. Олон жилийн өмнө төсвийн хөрөнгөөр илрүүлсэн орд газруудыг улс мэдэлдээ авах талаар ярих болжээ.
-Газрын хэвлийн судалгаа хийж, суурь мэдээлэл боловсруулна гэдэг бол бид өөрсдийн оршин амьдарч буй бүс нутгийн талаарх мэдлэгтэй болно гэсэн үг. Үүнийг хэн нэгэн хүн, гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн хийнэ гэж найдах учиргүй. Төсвөөс санхүүжүүлж хийх ёстой ажил.
-Монгол Улс геологийн нарийвчилсан судалгааг бага талбайд хийсэн. Тэгэхээр ашигт малтмалын арвин нөөцтэй гэж ярих нь өрөөсгөл байх нь ээ?
-Нүүрсний ордын нөөцийн талаарх мэдээллээ боломжийн түвшинд нэгтгэсэн. Мөн ОХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ураны судалгааг олон жил хийж, мэдээллээ нэгтгэн, боловсруулж чадсан гэж болно. Геологийн судалгааг тасралтгүй хийх ёстой учраас мэдээлэл нь шинэчлэгдэн, таамаг төлөв нь өөрчлөгдөж байдаг.
-Суурь судалгааг хэдий хэр хугацаанд хийж дуусах боломжтой вэ?
-Бид нутаг дэвсгэрээ бүрэн хамруулсан 1:1 000 000 масштабтай зургийг 1996 онд гаргасан. 1:200 000 масштабтай зургийн ажил дөнгөж одоо л дуусах гэж байна. 1:50 000 масштабтай геофизикийн судалгаа 12 орчим хувьтай байгаа нь маш бага дүн. Геологийн суурь судалгааг нэгмөсөн нэгтгээд дуусгана гэж үгүй. Тасралтгүй хийх ажил учраас шинэчлэгдэн, илүү нарийвчлалтай, өндөр түвшний зураг, мэдээллээр баяжигдаж байдаг гэж болно.
-Гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд манай улсыг сонирхох шалтгаан юу вэ?
-Олон улсын судлаачид, геологчид манайхаас ашиг завшаан хайгаад, бизнес хийх л гэж ирдэг хэмээн ойлгох нь өрөөсгөл. Юуны түрүүнд, Монгол Улс геологийн өвөрмөц тогтоцтой, судлагдаагүй бүс нутаг ихтэй, онгон дагшин байгальтай нь судлаачдыг татдаг. Төв Азийн геологийн тогтцын нэг хэсэгт багтдаг нь мэргэжилтнүүд судалгааныхаа таамаг төсөөллийг батжуулах, бодит ажил болгоход түлхэц болдог онцлогтой. Мөн өдгөө ашиглаж буй, нөөц ихтэй хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ордыг дагалдан өөр нөөц илрүүлэх боломжтой гэсэн онол бий. Мэдээж геологичид, олон улсын уул уурхайн компаниуд шинэ орд, илүү боломж, сонирхолтой тогтоц, улмаар бизнесийн үр ашиг хайх нь зүйн хэрэг.
-Та бүхэнд ажлаа явуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Хөрөнгө мөнгөний асуудал хамгийн том бэрхшээл. Эхний ээлжид суурь судалгааныхаа ажлыг өргөжүүлж, нийт газар нутгийнхаа талаарх мэдээллийг нэгтгэхэд хөрөнгө хайрлахгүй зүтгэх учиртай болов уу. Энэ талаар холбогдох байгууллага, эрх бүхий хүмүүс бодож тунгааж буй биз. Хүний нөөц, чадварлаг боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Үүнээс гадна тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай. Өдгөө улс орнууд тоног төхөөрөмжөө 3-4 жилд бүрэн шинэчилж байна. Манайд хэрэглэж байгаа нь аль хэдийн хоцрогдсон. Өндөр технологи ашиглан, орчин үеийн төхөөрөмжөөр судлан, харьцуулан баталгаажуулсан мэдээллийг л хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрнө. Шаардлагатай бүх мөнгийг төр гаргах боломжгүй байх. Тиймээс төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Мөн ажлын давхардлыг багасгавал зохино. Тодруулбал, эрдэм шинжилгээний байгууллага аль нэг чиглэлд томоохон судалгаа хийсэн байвал бид хийх шаардлагагүй. БОАЖЯ усны судалгааг дагнаж хийх бол бид бас оролцох албагүй.
-Геологийн судалгааны төв болон лабораторийг танай байгууллагатай нэгтгэх талаар ярьж байна. Ингэснээр ямар үр дүн гарах бол?
-Социализмын үед геологийн салбарт яамнаас гадна есөн том экспедиц ажиллан, геологи, хайгуул, лабораторийн ажлыг хамтатган хийдэг байсан. Бид нэгдэж, УУХҮЯ-ны бодлогод зангидагдан ажиллах нь зөв. Нэг удирдлагатай болсноор салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэн, бие даан хөгжих боломж бүрдэнэ.
-Газрын тосны нөөц багатай атлаа үйлдвэр байгуулж буй нь учир дутагдалтай гэж зарим хүн ярих нь бий. Энэ талаар тодруулаач?
-Одоогоор газрын тосыг ганц, хоёр бүс нутагт олборлож байна. Уг түүхий эд байх боломжтой геологийн тогтоц манайд цөөнгүй бий бөгөөд судалгааны цар хүрээг өргөжүүлэх шаардлагатай.
-Үндэсний геологийн алба байгуулснаар ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байна вэ?
-Улсын хэмжээнд газрын хэвлийн тогтоц, бүтцийг судалж, эрдэс баялгийн үнэлгээ хийн, уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах зорилготой. Мөн хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгаа, газар хөдлөл, хөрсний суулт, гулсалттай нутаг дэвсгэрт нэгдсэн тайлал хийж, дүн шинжилгээ гаргах нь бидний ажил. Эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, нууцын зэрэглэлд багтахаас бусад мэдээллээр иргэдэд үйлчилнэ. Туршлагатай болон шинэ залуу мэргэжилтнүүдийг байнгын ажлын байраар ханган, бүтээмжийг нь сайжруулж, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээх, дагалдах хот суурин байгуулах боломж бүрдүүлэхэд голлон оролцохоор төлөвлөсөн. Геологичид ашигт малтмалын мэдээллийг гарган, нөөц тогтоохоос гадна олон төрлийн судалгаа хийдэг, үр дүнг нь салбар бүрт ашигладаг онцлогтой. Иймээс бие даасан агентлаг байгуулснаар гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэнэ. Үүнээс гадна дотоодод болон дэлхий нийтийн эдийн засагт хэрэгтэй, олдоц нь ховордох, эрэлт нь нэмэгдэх төлөвтэй стратегийн ашигт малтмалын орд, сав газрын судалгааг дэлхийн олон оронд Үндэсний геологийн алба нь хийж, мэдээллээ нэгтгэж явдаг. Эл жишгийг бид дагахын зэрэгцээ геологийн шинжлэх ухааныг улсдаа улам хөгжүүлэх, бусад салбараа хөтлөх зорилттой ажиллана.