“Витамин С”, “Тритураци”, “Стрептоцид”, “Борын хүчил” зэрэг олон нэр, төрлийн бүтээгдэхүүн тавиур дүүрэн өрөөстэй. Тэдгээрийг “төрүүлэх” арга, ухааныг олсон эрхэм хүн бол Монголын эм зүйн анхны технологичдын нэг Ц.Дашзэвэг. Тэрбээр өдгөө нас 70 гарсан ч “Этүгэн” их сургуульд багшилж байна. Ирэх онд манай улс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулахаар болсон. Мөн энэ сарын 1-нээс бүх эмийн сангаар хөнгөлөлттэй үнээр эм олгож эхэлсэн зэргээр олон нийт эмийн асуудалд анхаарал хандуулж буй энэ цагт түүнтэй ярилцлаа.
...Аскорбины хүчлийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулчихсан байсан гээд бод доо. 250 төгрөгийн үнэтэй. Түүнээс харахад л мэргэжлийн хүн тухайн жагсаалтыг гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй. Амоксициллины үнийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлсөн гэх юм. Энэ эмийг одоо хэрэглээнээс хасах хэрэгтэй шүү дээ...
-Таныг Монголын эм зүйн анхны технологич гэж ойлгосон. Зөв үү?
-Яг анхны технологич бол биш. “Монос” эмийн үйлдвэрийн анхны технологич гэж болно. Анх Анагаах ухааны дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд, дээд сургуульд суралцсан. Тэр үед Анагаах ухааны дээд сургуулийн эмийн анги таван жил хүүхэд элсүүлэхгүй, завсарлачихсан байж таарсан. Тиймээс сургуулиа хүлээх зуураа Налайхын эмийн санд ажиллалаа. Ингээд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, 1979 онд төгссөн. Сургуулиа төгсөөд шууд Улсын эмийн үйлдвэрт ажилд орлоо. Ажлынхаа гарааг үйлдвэрийн дуслын эмийн цехэд технологичоор эхлүүлсэн түүхтэй. Тэнд 26 жил ажилласан. Эм зүйн салбарт ажиллаад нийт 52 жил болжээ.
-Улсдаа ганц учир бүх төрлийн эм үйлдвэрлэдэг байв уу?
-Тийм ээ. Шахмал, дуслын шингэнүүд гээд бүх эмийг үйлдвэрлэнэ. Самбай, хөвөнгөө өөрсдөө боодог байв. Шахмал эмийг тусгай цаасанд зургаа, арван ширхгээр нь бооно. Тухайн үед орчин үеийнх шиг тоног төхөөрөмж байхгүй. Шахмал эм бэлтгэдэг машин байсан. Бид эмийг гараараа боож, тоолж, савлана. Тэр ч бүү хэл, ампулын шилийг өөрсдөө үйлдвэрлэж, хайрцаг сав хийдэг байв. Ажилдаа мэргэшсэн тэднээрээ бахархаж явдаг. Одоо манай улс эмийн 40 гаруй үйлдвэртэй болжээ.
-1980-аад онд эмийн хэрэглээ ямар байсан бэ?
-Эмийг зохистой, зөв хэрэглэдэг байв. Судалгаанд үндэслэн шаардлагатай эм үйлдвэрлэнэ. Тухайлбал, өвлийн цагт тарваган шийрээс эхлээд ханиад, томууны, зун гэдэсний өвчин дэгдэж магадгүй гээд левомицетин үйлдвэрлэдэг. Эмийн үйлдвэр 24 цагийн турш ажилладаг байлаа.
-Сард төчнөөн эм үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй биз?
-Тэгэлгүй яах вэ. Норм, төлөвлөгөөгөө үргэлж давуулан биелүүлдэг байсан. Нэг цехэд гэхэд 50-60 хүн эгнэж суугаад л ажиллана. Гар нь хөдлөхийн зэрэгцээ ам нь хөдөлж л байна. Ажил нь бүр гарт нь орчихсон мундаг хүмүүс байв. Энэ ажлыг өнөөдөр дуусгаарай гээд үүрэг, даалгавар өгөхөд яаж ийгээд л амжуулчихдаг. Тухайн үед гүн цочролын эсрэг уусмал, глюкоз, натрийн хлорид үйлдвэрлэдэг байв. Дотроо микробиологийн тасагтай. Тэндээ туршилтын 20-иод туулайтай. Эхлээд туулайгаа халуурсан, эсэхийг сайн үзээд, эрүүл бол гүрээний судсанд нь тарьж, дуслын шингэнээ туршдаг юм. Туулайд ямар нэг сөрөг шинж тэмдэг илрэхгүй бол эм шаардлага хангасан гэж үзнэ. Тэр үеийн эмзүйчид өндөр мэдлэг, боловсролтой байлаа. “Этүгэн” анагаах ухааны их сургуулийг коллеж байхаас нь эм зүйн багшаар ганцаараа ажиллаж байв. “Монос” эм зүйн сургуулийг нээхэд нь багшилсан. Оюутнуудыг ажиглаад байхад олонх нь идэвх санаачилга сул, чармайхгүй байгаа санагдах юм.
-Улсын эмийн үйлдвэрт танаас гадна технологич хэр олон байв. Эм зүйн технологич гэж чухам юу хийдэг юм бэ?
-Цех бүр нэг технологичтой. Гэхдээ тэд мастер гэсэн албан тушаалтай ажилладаг байв. Эмийн үйлдвэрт би олон жил ажилласан. Хүмүүс намайг “Эмийн үйлдвэрийн Дашзэвэг” гэдгээр минь илүү мэддэг. Надаас гадна Дашзэвэг гэдэг нэртэй хоёр эмийн санч байлаа. Технологич хүн үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнийг бүрэн хариуцдаг. Аюулгүйн чанар, бодисын орц, хэмжээ, зөв найруулж буй, эсэх гээд бүгдийг хариуцаж ажилладаг. Тухайлбал, долоогонын ханд хийлээ гэхэд долоогоно нь шаардлага хангасан, үгүйг эхлээд шалгана, спирт, усны хэмжээ, ямар аргаар хандалж байгааг технологич л шалгаж, зааварлана шүү дээ. Мөн эмийн санд шалгагч, эрхлэгчээр цөөнгүй жил ажилласан. “Монос” эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлж байхад анхны технологичоор ажиллаж, ургамлын түүхий эдээр цөөнгүй бүтээгдэхүүн хийсэн шүү. Тэнд байхдаа читамон эмийг цэр ховхлох зэхмэл гэж нэрлэн нунтаг хэлбэрээр боож байлаа. Ургамлын түүхий эдээ өөрсдөө түүнэ. Төв аймгийн Эрдэнэсант сумаас нэг тонн мэхээр өвс түүж байв. Баянчандмань сумын нутгаас сороол, тарваган шийр өвс түүж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. “Марал” нэртэй гоо сайхны тос бүтээж, анхилуун үнэртэй болгохын тулд шифр гэх орос үнэртэй усыг дотор нь хийж, туршиж байв. Тосоо өөрсдөө борлуулах гээд дэлгүүрийн үүдэнд бариад зогсоно шүү дээ. Одоо үед сайн технологич нар “төрж” байна. Орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар маш сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ.
-Тухайн үед түүхий эдээ хаанаас авдаг байв?
-Ихэвчлэн ОХУ-аас оруулж ирнэ. Жишээ нь, аспирины түүхий эдийг 25, 50 кг-ын хэмжээтэй оруулж ирнэ. Ингэхдээ олон дахин шинжлүүлж, шинжилгээний бичигтэй, “ариун” гэсэн шошготой сайн бүтээгдэхүүн авдаг байсан. Эмийн санчаар ажиллаж байхад иргэд адилхан Монголд үйлдвэрлэсэн эмийг тэр нь сайн, энэ нь муу гэж харьцуулж ярих, сонгох тохиолдол их байлаа. Нэг стандарт, технологиор үйлдвэрлэж буй учраас ялгаагүй адилхан. Хэрэв стандарт, технологи зөрчвөл хариуцлага хүлээнэ шүү дээ.
-Иргэд эмчид үзүүлэхээс илүү эмийн санчаас асуугаад эм авч уух тохиолдол их. Гэтэл эмийн санч тухайн эмийн найрлага, хэрэглэх зааврын талаар зөвлөгөө өгөхдөө тааруу санагддаг.
-Би эмийн санд социализмын үед ажиллаж байсан. Тэр үед эмийн хэрэглээ замбараагүй байв. Одоо л эмийг зохистой хэрэглэх талаар ярьж, ажил хэрэг болгохоор зорьж байна. Антибиотикийг эмийн санч нар жоргүй олгохгүй байгаа нь сайн хэрэг. Бид хэдийн антибиотикт дасал болчихсон. Зах зээл эхлэх үед эмийн бизнес ашигтай гээд хүн бүр шуурдаг байлаа. Баталгаагүй эмийг хил давуулан ихээр оруулж ирдэг. Тиймээс эм зүйн технологичид зах, дэлгүүрүүдийг шалгадаг байв. Зарим хүн тарилгын шингэнийг өвлийн цагт өвөртөө хийчихсэн зардаг байлаа шүү дээ.
-Бүх эмийн сангаар хөнгөлөлттэй үнээр эм олгож эхэллээ. Энэ нь нэг талаас эмийн хэрэглээг дэмжсэн мэт санагдах юм. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Өмнө нь тоотой хэдэн эмийн сан эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг байсан. Төсөв хүрэлцэхгүй, өдөртөө л санхүүжилт нь дуусдаг, төсөвтөө баригддаг байв. Одоо бүх эмийн сангаар хөнгөлөлттэй үнээр эм олгох боллоо. Хэдийгээр эмийн нэр, төрлийг цөөлсөн ч төсөв нь хүрэлцэх болов уу гэж бодож байна. ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдах албан тушаалд мэргэжлийн, чадварлаг хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Эм үйлдвэрийн “тогоо”-нд буцалсан, туршлагатай хүмүүсийг ажиллуулбал амьдралд ойр шийдвэр гаргана шүү дээ. Эм бол хоол биш.
-Таныг ажиллаж байхад шаардлагагүй эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байв уу?
-Аскорбины хүчлийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулчихсан байсан гээд бод доо. 250 төгрөгийн үнэтэй. Түүнээс харахад л мэргэжлийн хүн тухайн жагсаалтыг гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй. Амоксициллины үнийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлсөн гэх юм. Энэ эмийг одоо хэрэглээнээс хасах хэрэгтэй шүү дээ.
-ДЭМБ-ын судалгаагаар Монголд борлуулж буй эмийн тодорхой хувь нь чанаргүй буюу хуурамч байна гэж мэдээлсэн. Эм зүйн салбарт олон жил ажилласан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Чанар муу гэдэгтэй санал нийлэхгүй. Импортын эмийг маш нарийн шинжлүүлж, бичиг баримтыг нь бүрдүүлж, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх гэж өчнөөн ажил болдог. Харин дотоодод үйлдвэрлэж буй эмүүдийн түүхий эд хэр чанартайг хэлж мэдэхгүй. БНХАУ-аас түүхий эдийн ихэнхийг оруулж ирдэг гэж сонссон. Гэхдээ манай эмзүйчид судалгаагүй, шаардлага хангахгүй эм үйлдвэрлэхгүй гэдгийг эмзүйчээр олон жил ажилласан хүний хувьд бардам хэлж чадна.
-Та ер нь эм хэр хэрэглэдэг вэ?
-Өдий насны хүн гэхэд эм бараг уудаггүй. Даралт өөрчлөгдөхөөр дибазол ууна. Энэ эмийг одоо хүртэл үйлдвэрлэдэг юм уу гэж хүмүүс гайхаж асуудаг юм. Надад зохидог, таардаг учраас хэрэглэсээр байгаа. Ач, зээгээ ханиад хүрэхэд ч зөөлөн чанарын эм уулгадаг. Манайхан чихэртэй, хийжүүлсэн ундаа хүүхдэдээ өгөхийн оронд аньс, чацарганын шүүс сайн уулгаарай.
-Хүүхдүүдээс тань мэргэжил нэгтэй хүн бий юү?
-Би гурван охинтой. Том охин минь эмзүйч мэргэжилтэй.