М.БАТБОЛД: АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ХОЛООС ХАЙХ ХЭРЭГГҮЙ
“Альфа” пост драмын театрын уран бүтээлчид энэ сарын 6-8-нд В.И.Гётегийн “Фауст” жүжгийг хүргэнэ. Дэлхийн сонгодгуудын ноён оргилын нэг эл бүтээлийг найруулагч М.Батболд “дэглэн”, гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү нар тоглох юм. Тэдэнтэй эл жүжгийн талаар ярилцлаа.
-Та “Фауст”-ыг 2018, 2019 онд үзэгчдэд хүргэсэн. “Альфа” театрынхаа нээлтийг дахин энэ жүжгээр хийх болсон шалтгаан юу вэ?
-“Фауст”-ыг анх найруулахад “Хүмүүс хүлээж авах болов уу” гэсэн айдастай байлаа. Гэтэл олонх үзэгч сайнаар хүлээж авсан. “Театрын шинэ урсгал байна. Цааш нь хөгжүүлээрэй. Хэрэгцээ бий шүү” зэрэг үг сонсоод олзуурхсан. Найруулагч бүр өөрийн гэсэн театр байгуулахыг мөрөөддөг байх. Би ч мөрөөдсөн. Гэхдээ мэдээж ганц миний шийдвэр биш. Олон хүний дэмжлэг бий. Театрынхаа нээлтийг Британийн зохиолч Майк Бартлетын “Хайр, хайр, хайр” жүжгээр хийхээр шийдээд сургуулилалтаа эхэлсэн байсан боловч шийдвэрээсээ буцаж “Фауст” дээр тогтсон юм. “Фауст” бол дэлхийн уран зохиолын ноён оргил, хоёр дахь “Библи” гэгддэг.
-Энэ удаагийн “Фауст” өмнөх хоёроосоо ямар ялгаатай вэ?
-Гурав дахь удаагаа үзэгчдэд хүргэх учраас мэдээж шийдлийн хувьд бага зэрэг өөрчилсөн. Гэхдээ гол нуруу нь хэвээрээ. Тоглох уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг ч өөрчилсөн.
-“Фауст”-ыг сонгодогт нэрлэдгийн учир юу юм бол?
-Би наймдугаар ангидаа уран зохиолын даалгавраа хийхийн тулд “Фауст”-ыг анх уншсан юм. Тэр үед юу ч ойлгоогүй. Дунд сургуулиа төгсөөд Анагаахын сургуулийг сэтгэлзүйчээр дүүргэж, сэтгэцийн эмчээр хэсэг ажиллалаа. Дараа нь ОХУ-ын Москва руу ГИТИс-д суралцахаар явсан. Хамгийн сонин нь, би “Фауст”-ыг тэнд найруулагчаар суралцаж байхдаа орос хэлээр уншаад ойлгосон. Сэтгэлзүйчийн мэргэжил эзэмшиж, найруулагчаар сурсан нь нөлөөлсөн байх. “Фауст” бол аз жаргалыг хэрхэн олох вэ гэсэн урт эрлийн тухай өгүүлэл. Хүн бүр аз жаргалыг хайдаг. Хүн төрөлхтөн аз жаргалаа янз бүрийн аргаар хайж яваа. Аз жаргалд хүрэхийн тулд “Харвард” төгсөх шаардлагагүй, тэрбумтан болох гэж хамгаа мартан зүтгэх ч хэрэггүй, зөрж өнгөрсөн хүнийг шалтгаангүйгээр хайрлах сэтгэлтэй л бай гэсэн санаа “Фауст”-ын амин сүнс. Жүжигт Мефистофель гэгч чөтгөр үхэн үхтлээ аз жаргалыг хайгаад олоогүй Фаустын сүнсийг дагуулан аялж, аз жаргал хажууханд нь байсныг харуулдаг.
-Жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн гэсэн. Гэхдээ Фауст хэвээрээ. Таныхаар С.Болд-Эрдэнээс өөр хүн Фаустад хувирч чадахгүй гэсэн үг үү?
-Фауст гүн ухааны дүр. Ийм дүрийг бүтээх жүжигчин Монголд С.Болд-Эрдэнэ ахаас өөр байхгүй. Хэрэв Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан амьд сэрүүн, ид насандаа гялалзаж явсан бол энэ дүрийг гайхамшигтай бүтээж чадах байсан.
-Тэгвэл яагаад Т.Бархүүг чөтгөр (жүжгийн нэр нь Мефистофель) “болгов”?
-Мефистофелийн дүрийг тухайн цагийнхаа хамгийн шилдэг, гайхалтай уран сэтгэмжтэй жүжигчид бүтээсээр ирсэн түүхтэй. Маш егөөтэй, хөдөлгөөнтэй, их ур шаардсан дүр. Аглуу (Гавьяат жүжигчин Л.Баттулга) ах уран сэтгэмжийн хувьд гайхалтайгаар энэ дүрийг бүтээсэн. Найруулагч жүжгээ тухайн цаг үетэйгээ холбож, шинэчлэх ёстой. Тэгж байж үзэгчид уйдахгүй, улам шимтэн үзсээр байдаг. Тиймээс энэ удаа тэс өөр, их сонин, өвөрмөц, шинэлэг дүр төрхтэй Мефистофелийг үзэгчидтэй “уулзуулах”-аар Т.Бархүүг сонгосон.
-Ингэхэд та “Фауст”-ыг гадаадын аль театрт, ямар найруулагчийн тавилтаар үзэж байв?
-Английн нэг найруулагч ОХУ-ын Москвад “Фауст”-ыг тавьсан. Тэр маш онцгой санагдсан. Ялангуяа хөгжим нь. Яг л Фаустын зүрхний цохилтоос “төрсөн” хөгжим мэт мэдрэмж төрүүлсэн. ОХУ-ын Санкт-Петербургийн театрт Мефистофелийг сэтгэцийн эмчийн дүрээр, Фаустыг өвчтөний дүрээр төлөөлүүлсэн жүжгийг үзэж байлаа.
С.БОЛД-ЭРДЭНЭ: АЗ ЖАРГАЛ ХАЙРААС “УРГАДАГ”
-Та гурав дахь удаагаа Фаустад хувирах нь. Дэлхийн алдартай жүжгийн гол дүрд тоглох нь бахархалтай ч түүнтэй эн тэнцүү ачаа үүрэх байх?
-Дэлхий дахинд М.Сервантесын “Кихот ноён”, У.Шекспирийн “Гамлет”, В.И.Гётегийн “Фауст” жүжгийг сонгодог урлагийн ноён гурван оргил гэж үздэг. Надад “Гамлет”, “Фауст” жүжгийн гол дүрд тоглох завшаан тохиосон. Уран бүтээлч хүний хувьд их хувь заяа. Хүссэн хүн бүрийн тоглодог дүр биш шүү дээ. Мэдээж бахархалтай. Гэхдээ том дүрийн санал авч, ажиллах нь маш хариуцлагатай. Найруулагч тухайн уран бүтээлийнхээ гол дүрийг өгнө гэдэг итгэл хүлээлгэж буй хэрэг. Энэ удаа дүрээ өмнөхөөсөө яаж сайжруулах вэ гэж тархиа илүү ажиллуулж байна.
-Өнөөдрийг хүртэл та тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээлд ажилласан. Дүр бүхэн өөр мэдрэмж төрүүлдэг байх. Фауст танд юу мэдрүүлж байна вэ?
-“Фауст” хүний амьдралын утга учрын тухай хөнддөг дэлхийн сонгодог бүтээл. Хүн чөтгөртэй гэрээ хийж, чөтгөр түүгээр хэрхэн тоглож буйг өгүүлнэ. Үүний цаана ертөнцийн болоод хүний мөн чанар, аз жаргал гэж юу болох, шашны асуудал гэх мэт хүн төрөлхтний өнөөг хүртэл төгс хариулт хайсаар ирсэн маш олон асуулт бий. Тиймээс л олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт янз янзын өнцөг, арга барил, төрөл, урсгалаар энэ жүжгийг найруулсаар буй байх. Иймэрхүү дүрд ажиллахад түгшүүр гэх үү, зовуурь гэх үү, нэг тийм сонин мэдрэмж төрүүлдэг.
-“Фауст”-д “Аз жаргал хаана байдаг вэ. Аз жаргал ямар өнгөтэй вэ” гэхчлэн олон асуулт хөвөрдөг. Нээрэн л хүмүүс аз жаргалыг хайж явсаар эцэслэдэг юм шиг. Таныхаар аз жаргал гэж юу юм бол?
-О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” гэж сайхан шүлэгт
“...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор...” гэж мөрт бий. Ердөө л энэ. Ном зохиолуудад зовлон бол мөнхийн зүйл. Үүнийг яаж гэтлэх вэ гэдэг л чухал тухай бичсэн байдаг. Хэн нэгнийг хариу нэхэхгүйгээр хайрлаж, бусдад хайр түгээвэл хүмүүс эргээд хайрлана. Аз жаргал эндээс л “ургадаг” байх.
-Жүжгийн сургуулилалт ид үргэлжилж байна. Үзэгчдэд хүргэхэд хэдхэн хоног үлдлээ. Шинэ бүрэлдэхүүн гар хэр нийлж байгаа вэ?
-М.Батболд аливаа уран бүтээлийг шинэлэг, зоригтой шийдлээр хийж чаддаг залуу найруулагч. Өөрөөр сэтгэж, сонирхолтой зохиолуудыг олж харж, шинэ содон хэлбэрээр тавьж байна. Энэ удаа “Фауст”- ын Мефистофелийн дүрд Т.Бархүү, Маргаритагийн дүрд залуу жүжигчин Ц.Цэлмүүн тоглож байгаа. Тиймээс үзэгчдэд маш сонирхолтой байх. Жүжиг бол багийн ажил, хамтын бүтээл. Зөвхөн найруулагч, жүжигчнээс гадна тайзны ар дахь олон хүний сэтгэл, хөдөлмөрөөр бүтдэг.
Т.БАРХҮҮ: ХҮНИЙ МӨН ЧАНАРЫН ГОЛ УТГА НЬ ХАЙР
-“Фауст” таны тоглож буй тав дахь жүжиг үү?
-Өмнө нь “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”-аас гадна Төрийн шагналт Д.Сосорбарамын найруулсан, Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16- ны шөнө”, “Сайтар эргэцүүл” жүжигт ажилласан. Гэсэн ч “Фауст”-д тоглуулах санал аваад эмээж байлаа. Монголд пост драмын жүжиг маш цөөн. “Альфа” театрын Монголын театрын урлагт оруулж буй шинэчлэл их таалагдсан. Би гадаадын жүжгүүдийг хараад биширдэг, цагаахан атаархдаг. Ийм шинэлэг бүтээл хийх юм сан гэсэн хүсэл, төлөвлөгөөтэй ч байлаа. Тиймдээ ч М.Батболд найруулагчийн шийдлүүд миний бодож явдаг зүйлтэй таарч, тэр хэрээр урамтай ажиллаж байна.
-Та чөтгөрийн дүрийг хэрхэн тодорхойлох вэ?
-Жүжгийн зохиолоос чөтгөрийн монолог дахь “Мөнгө, эд хөрөнгө, шунал, зовлон тарчлаан энэ бүхэн хүн төрөлхтний нэрийн хуудас” гэдэг хэсэг их зүйл бодуулсан. Нээрэн л оюун ухаант хүн гэдэг хамгийн балиар адгуус юм байна гэдгийг Мефистофель хэлдэг. Түүнчлэн хоёр цаг тоглох “Фауст” жүжгийн гол хэсгүүдийн нэг нь чөтгөрийн монолог.
-Өөр жүжигчний өмнө нь тоглосон дүрийг үзэгчдэд дахин өөрөөр харуулна гэдэг амаргүй. Та ямар чөтгөр “болох” бол. В.И.Гётегийн бүтэн жарны турш боловсруулсан дүр шүү дээ?
-Замын түгжрэлд машиндаа, шөнө нойргүйдэхдээ ч дүрээ л судалж, бодож байлаа. Жүжигчин хүн тухайн дүрдээ уусан шингэж, өөрөөрөө дамжуулж үзүүлэх ёстой. Сүнс, чөтгөрийн дүр гэхээр ад зэтгэр шиг хөдөлж, муухай инээхийг хүсэхгүй. Хүний дотор байдаг тэр сүнсийг л гаргаж ирэхийг хүсэж байна. Хүний дотор сүнс, чөтгөр, бурхан ч байдаг гэдгийг л харуулахыг хичээж байгаа юм. Хүмүүс Т.Бархүү хэрхэн тоглож вэ гээд сонжих, өмнө тоглосон уран бүтээлчтэй харьцуулах л байх. Өөрийн чадах чинээгээр ухаанаа уралдуулж уг дүрийг бүтээж буйгаар минь л үнэлээсэй. Жүжгийн үеэр миний ямар нар нь бууж, од нь гийж бут авах юм бүү мэд. Эсвэл ямар ад зэтгэр нь шүглэж, жинхэнэ Мефистофелийн сүнс нь намайг алдуулах ч юм бил үү, бүү мэд.
-Нэг багшийн хоёр шавь хэрхэн хамтрахыг харах сонирхолтой байна. С.Болд-Эрдэнэ та хоёр хоёулаа Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар агсны шавь байх аа?
-Миний өдий зэрэгтэй яваа нь С.Сугар багшийн минь ач. С.Болд-Эрдэнэ ах С.Сугар багшийн хүү, бас шавь. Харин С.Болд-Эрдэнэ ахтай анх удаа тайзны бүтээлд хамт ажиллаж байна. Зарим жүжигчинтэй хамтрахад, уран бүтээлд ажиллахад төвөгтэй. С.Болд-Эрдэнэ ахтай ажиллахад үнэхээр урамтай. Үг яриа, алхаа гишгээ гээд сурах зүйл их. Жүжгийн сургуулилалтын явцад өөрийн эрхгүй түүнийг хараад суучихдаг. Заримдаа “Яагаад ингэж хараад байгаа юм бол” гэж гайхах вий гэж санаа зовно.
-“Фауст” жүжгээс хүмүүс юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ?
-Энэ жүжгийг үзээд аз жаргал гэж юуг хэлдгийг ойлгоно гэж найдаж байна. Гүн ухааны, ойлгоход төвөгтэй гэж бодох хэрэггүй. “Фауст”-ыг үзээд толинд харсан мэт л болно. Хүний мөн чанар, аз жаргалын утга учир нь хайр гэдгийг ойлгож, тунгаана. Тиймээс л дэлхийн сонгодгуудын тоонд багтдаг байх.
Бэлтгэсэн: А.Тайшир