Саван, шампунь, аяга, таваг угаагч бодис гээд өрхийн хэрэглээнийхээ бүхий л бүтээгдэхүүнийг өөрөө хийдэг энэ бүсгүйг Т.Наранзул гэдэг. Тэрбээр байгальд ээлтэй амьдрах хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд сандал, сагс, дэр гээд ахуйн хэрэглээний тавилгаа ч урладаг байна. Эко амьдрах дадлыг олон хүнд цахим хуудсаараа дамжуулан сурталчилдаг түүнтэй ярилцлаа.
-Танай гэр бүл гялгар уут, хуванцар сав хэрэглэдэггүй гэсэн. Байгальд ээлтэй аж төрөх хэв маягаасаа манай уншигчидтай хуваалцана уу.
-Эмээ минь өрхийн хэрэглээнийхээ бүх эд зүйлийг өөрөө хийдэг, байгалиа хайрладаг нэгэн байв. Хувцаснаас эхлээд гурил, будаа, хүнсний ногооны уутаа ч оёно. Тэр хүнээс үлгэр дуурайл авч, байгальд ээлтэй амьдрах зуршилтай боллоо. XXI зуунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, гялгар уут, хуванцар эд зүйлс хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Эдгээр нь байгальд удаан задрахаас гадна эрүүл мэндэд хортой. Байгальд огт хог хаяхгүй байх зорилт таван жилийн өмнө тавьж, өдөр бүр суралцаж явна. Өдгөө манай гэр бүл хуванцар сав, гялгар уут, нэг удаагийн хэрэгсэл гэх мэт эх дэлхийдээ хортой эд зүйл ашиглахаа больсон. Гурил, будаа, хүнсний ногоогоо даавуун торонд хийнэ, махаа цаасан уутанд боож хөлдөөнө, саван, шампуниа байгалийн гаралтай түүхий эд ашиглан бэлтгэнэ гээд хаягдал бий болгохгүйг хичээдэг.
-Ихэнх бараа, бүтээгдэхүүнийг гялгар уутанд савласан байдаг. Хэрэв зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүн тань ийм савлагаатай байвал яах вэ?
-Манай гэр бүлийнхэн хүнсэндээ тийм ч олон нэр, төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Хүний биед зайлшгүй шаардлагатай бор гурил, буурцаг, мах зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн авдаг. Хэрэв зайлшгүй шаардлага тулгарвал цаасан хайрцагтай, эсвэл шилэн савтай бүтээгдэхүүн худалдан авдаг. Гялгар уут ашигладаггүй гэхээр хүмүүс хогоо хэрхэн хаядаг талаар их асуудаг. Хогийн уут үйлдвэрлэдэг компаниуд хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцүүлэн эко тор үйлдвэрлэдэг болжээ. Тэдгээр нь байгальд хурдан задардаг, хүнсний хаягдалтай тохиолдолд бордоо болдог зэрэг давуу талтай.
-Хүн бүр эко, минималист хэв маягаар амьдрахыг хичээдэг ч тэр бүр үр дүнд хүрдэггүй. Та хүмүүст зөвлөгөө өгөөч.
-Нэг өрхөд гурван ширхэг даавуун тор байхад гялгар уутны хэрэглээг 96 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. Эко амьдралын хэв маягтай болохын тулд хамгийн түрүүнд гялгар уутыг хэрэглээнээсээ халах шаардлагатай. Дараа нь хуванцар сав ашиглахаа больж, шил, модон эдлэл хэрэглээд үзээрэй. Эдгээр нь өнгө үзэмж сайтайгаас гадна хүний биед сөрөг нөлөөгүй.
Хаягдал бага үүсгэдэг байлаа гээд байгальд ээлтэй амьдардаг гэсэн үг биш. Бэлэн бүтээгдэхүүн болон хоолны элдэв амтлагч ашиглах хэрэггүй. Эдгээрийн баглаа боодол, үйлдвэрийн шат дамжлага нь байгальд их, бага хэмжээгээр хөнөөл учруулдаг. Өвөг дээдэс минь мөөг, буурцаг, цагаан гаа зэрэг ургамлыг хатааж хоолны амтлагч болгон ашигладаг байсан. Бид ч химийн найрлага агуулсан амтлагч хэрэглэхээс татгалзаж уламжлалт бүтээгдэхүүнээ хэрэглэх шаардлагатай. Энгийн дадал зуршлаа энэ мэтчилэн өөрчилж чадвал аажмаар эко амьдрал улам л сонирхол татаж эхэлнэ. Би дээрх зүйлсээс гадна гар ариутгагч, гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө хийдэг.
-Гоо сайхандаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнээ өөрөө хийдэг гэсэн үг үү?
-Гарын тос, ариутгагч зэргээр бүгдийг өөрөө хийдэг. Мөн хөөсрүүлэгч, агааржуулагч, угаалгын нунтаг зэрэг цэвэрлэгээний бодисоо ч гэрийн нөхцөлд “бүтээдэг”. Эдгээрийг хийхэд тийм ч их мөнгө зарахгүй. Байгалийн гаралтай ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг худалддаг дэлгүүр сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс гарал, үүсэл нь тодорхойгүй, химийн элдэв бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд өөрөө урлаж, гэр бүлийнхнээ аливаа эрсдэлээс хамгаалах боломжтой.
-Цаасан уут мөн л байгальд хог болдог. Ер нь огт хог үүсгэхгүйн тулд хэрхэн амьдрах ёстой гэж та боддог вэ?
-Байгалиа хогоор хорлохгүйн тулд ганцаараа их л тэмцдэг дээ. Тэгж амьдрахын тулд олон ч газраас мэдээлэл цуглуулдаг. Дэлхийд жил бүр тайрч, огтолж буй модны 42 хувийг цаас үйлдвэрлэхэд ашигладаг. Нэг тонн цаасан хаягдлыг хэмнэхэд 17 мод аврах боломжтой юм билээ. Үүнээс цаасан уут байгальд хэр их хөнөөл учруулдаг нь харагдана. Гэхдээ цаасан сав, баглаа, боодол дотроо олон янз. Хэрэв дахин боловсруулсан, байгальд задарч, шингэдэг цаасан уутыг хэрэглээндээ нэвтрүүлбэл сөрөг үр дагавар гарахгүй.
Байгальд ээлтэй амьдрахын тулд хийж буй үйлдэл бүрээ хянах шаардлагатай. Дэлгүүр ороод ууталсан жимс, жимсгэнэ авалгүй даавуун уутаа гэрээсээ аваад гарах хэрэгтэй.
-Ахуйн болон хүнсэнд хэрэглэдэг олон нэр, төрлийн бүтээгдэхүүнээ танасан гэсэн. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авав. Мөн ойр дотнынхон нь байгальд ээлтэй амьдрах хэв маягт суралцаж байна уу?
-Органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхэд гэр бүлийнхэн минь таатай хүлээж авсан. Өдгөө хүү минь хэрэглээнийхээ бүхий л бүтээгдэхүүнээ гэртээ хийдэг болсон. Хаягдал үүсгэхгүй амьдрахын тулд нэлээд бараа, бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай. Хүмүүсийн олонх нь ийм сонголт хийж, байгальд ээлтэй амьдарч чаддаггүй. Ойр дотнын хүмүүс минь ч таатай хүлээж аваагүй. Харин минималист хэв маяг дэлгэрснээр хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй амьдрахад суралцаж байна.
-Таныг лаа хийдэг гэж сонссон. Гар урлалыг хэзээнээс сонирхох болов?
-Хүмүүсийн олонх нь байгальд ээлтэй амьдрах юм сан гэж боддоггүй. Тэд ганган, чамин эд зүйлсийг ихээхэн сонирхдог. Тиймээс байгалийн гаралтай, үзэмжтэй, чамин, тансаг бүтээгдэхүүнээр дамжуулан тэднийг эко амьдрах хэв маягт уруу татах боломжтой гэдгийг ойлгосон. Саван, лаа зэрэг нь зөвхөн хэрэглээ байхаа больсон. Энэ нь урлагийн бүтээл. Дуу, хөгжим, кино урлагаар дамжуулан хүн төрөлхтнийг соён гэгээрүүлдэг шиг байгалийн гаралтай, чамин бүтээгдэхүүн ашиглан эко амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой. Энэ нь гоо зүйн таашаал өгч, яваандаа хог үүсгэхгүй, мөнгөөрөө хаягдал худалдан авахгүй байх дүрэмд сургадаг юм.