Монголын хөнгөн атлетикийн спортоос бөөрөнцөг, зээрэнцгээр хичээллэдэг тамирчдаас дээд амжилтыг эзэмшигч нь ОУХМ Д.Махашири. Тэрбээр гадаадад болсон тэмцээнээс ганзага хоосон ирж байсангүй. Түүний “Бусан-1997” Зүүн Азийн наадамд зээрэнцэг шидсэн 60.14 метрийн амжилт өнөөг хүртэл эвдэгдээгүй. Тэрбээр тэндээс хүрэл медаль зүүсэн нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Ярилцах зуураа спортын талбараас хүртсэн таны хамгийн том бэлэг юу вэ гэхэд “Тэсвэр, тэвчээр, хатуужил” хэмээн даруухан хариулсан. Зүүн Азийн болоод Азийн АШТ-ээс тус бүр мөнгө, хүрэл медаль хүртсэн түүнийг “Таван цагариг”- ийн зочноор урилаа.
-Та их өвөрмөц нэртэй юм, ямар утга илэрхийлсэн бол. Аав тань зохиолч болохоор хүүдээ зүгээр ч нэг нэр хайрлаагүй байх.
-Махашири орчуулбал “Их дууд” гэсэн утгатай. Аав минь Энэтхэг рүү ажлаар явж ирснийхээ дараа баавгай шиг хүчтэй болоорой хэмээн бэлгэдэж, надад энэ нэрийг хайрласан гэдэг. Миний нэр хүмүүст содон санагддаг шиг байгаа юм. Монголд ийм нэртэй тамирчин надаас өөр байхгүй. Манайхан Индра, Ганди, Махарааш, Ананд, Махаяна гээд энэтхэг нэртэй.
-Хөнгөн атлетикаас бөөрөнцөг, зээрэнцгийн шидэлт хамгийн хүнд төрөл нь. Хэр баргийн хүн хичээллэхээс ч халгадаг энэ спортод хөл тавьсны учир юу байв?
-Хөнгөн атлетикийн спорт 24 төрөлтэй. Үүнээс шидэлтэд дөрвөн төрөл бий. Би ОУХМ А.Оюунчимэг багшийн удирдлагад 1989 оноос эхэлж бөөрөнцөг, зээрэнцгээр хичээллэсэн. Багш намайг хэдэн удаа бэлтгэл хийлгэж үзээд “Чи тамирчин болохоор юм байна” гэж урам хайрласан. Бэлтгэлээ шаргуу хийсний үр дүнд үеийнхнээсээ хурдан ахиж, хоёр жилийн дараа спортын мастер цол хүртлээ. Миний хувьд “Замчин” клубээс тамирчин болох гараагаа анх эхэлсэн. Намайг тамирчин байх үед энэ байгуулагийнхан дэмжиж, тэмцээнд оролцуулдаг байлаа. Би энэ байгууллагад одоо ч ажилладаг.
-Д.Хадбаатар аваргын амжилтыг эвдсэн гээд та нэг хэсэг мандаж явсан. Таныг энэ амжилтыг спорт сонирхогчид андахгүй юм билээ.
-Д.Хадбаатар аваргын бөөрөнцөг шидэлтийн 30 жил эвдэгдээгүй дээд амжилт 13, 90 метр байхад би 17, 80 болгож 1992 онд шинэчилсэн. Монголын зээрэнцгийн дээд амжилт 50 метр байсныг мөн 52, 53 болгож ахиулсан. Миний шидсэн амжилтыг Монголд одоогоор эвдсэн тамирчин гараагүй тул нэр дээр минь хадгалагдаж үлдсэн. Би хааяа өөрийгөө хүнд нүгэл хийгээгүй үлджээ гэж боддог юм. Миний амжилтыг эвдэх гэж хичээж байгаа тамирчин нэлээд хичээл, зүтгэл гаргаж байж шинэчлэх болов уу. Тэр хэрээрээ намайг нэлээд зүхэх байх даа. (инээв) Д.Хадбаатар аваргын амжилтыг эвдэхэд сонин, телевизийн сэтгүүлчид ярилцлага авахаар ирэхэд багш “Энэ хүүхэд шүү дээ” гээд намайг танилцуулахад бөх шиг хүдэр хадар биетэй, сүрхий бяртай нөхөр байх гэж төсөөлсөн тэд их гайхсан юм даг. Намайг энэ спортоор хичээллэхэд манай гэрийнхэн их дэмжсэн. Би нэг зүйлд зорьсон бол түүнийхээ үр дүнг харах гэж зүтгэдэг зантай. Хүмүүс тэр үед амьдралаа дээшлүүлэх гэж ганзагын наймаанд явдаг байхад би амжилтаа ахиулах гэж тэмцээнд оролцдог байлаа. Амжилтын төлөө мөнгөтэй, мөнгөгүй, хоолтой, хоолгүй бор зүрхээрээ зүтгэсэн дээ.
-1993 онд БНХАУ-ын Шанхайд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, шагналынхаа салхийг хагалж байв уу?
-Энэ тэмцээнд өрсөлдөхөөсөө өмнө УАШТ-д хэдэн удаа түрүүлчихсэн байлаа. Шанхайд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын тамирчин алт, БНСУ-ынх мөнгө, би хүрэл медаль хүртсэн. Хятад улс тэр үед спортынхоо төрлүүдэд анхаарч, бэлтгэл хийх орчин, нөхцөлөөр бүрэн хангаж байгаа нь тамирчдынх нь гаргаж буй амжилтаас харагдсан. Тамирчид нь хагас цэргийн зохион байгуулалтад бэлтгэл хийдэг байсныг тэмцээний дараа мэдсэн. Миний хувьд талх, масло идээд тэдний хэмжээнд хүрнэ гэдэг мөрөөдөл, бүр зүүд шиг санагддаг байлаа. Монголын хөнгөн атлетикийн спортод чадвартай тамирчин төрүүлэхээс гадна туршлагатай, сайн дасгалжуулагч бэлтгэнэ гэдэг амаргүй. Дараа нь 1997 онд БНСУ-ын Бусан, 2001 онд Японы Осакад болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, тус бүр хүрэл медаль зүүсэн.
-Та 1998 онд Японы Фүкүокад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн байх аа?
-Тэгсэн. Монголын хөнгөн атлетикийн холбоо Дэлхийн хөнгөн атлетикийн холбоотой ярилцсанаар тэмцээнд оролцох зардлыг маань шийдэж байв. Намайг 801 дүгээр ангид харьяалагддаг тамирчин байхад Н.Нямсүрэн хурандаа дэмжиж “Чи сарынхаа цалинг бүтнээр нь аваад тэмцээндээ оролц” гээд явуулсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хаана ч болсон Хятадын тамирчдын өмнө гарч чаддаггүй байлаа. Өмнөд хөршийнхөн тамирчдаа маш нарийн зохион байгуулттай бэлтгэн, тангараг өргүүлж тэмцээд оролцуулдаг. Тамирчдынхаа дунд сонгон шалгаруулалт явуулж, гурван жилийн дараа өөр тамирчныг оролцуулахад Монголоос би л ганцаараа өрсөлдөхөөр очдог байлаа. Гадаадын орнууд бөөрөнцөг, зээрэнцгийн шидэлтийн төрөлд шинэ залуу тамирчдаар хүч сэлбэж байхад манайхан намайг зүтгүүлдэг байсан үе. Энэ нь Монголд бөөрөнцөг, зээрэнцгээр хичээллэдэг тамирчин цөөн байсны илэрхийлэл. Тамирчин хүн амжилтаа олон жил нэг түвшинд барих хэцүү. Миний хувьд маш их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөсний хүчинд Азийн тэмцээнүүдээс эх орондоо медальтай ирдэг байсан. Тэмцээнд оролцохоор очихдоо тухайн улсын цаг агаар, уур амьсгалд нь дасан зохицох л амаргүй байж билээ. Тэмцээнд оролцсон тамирчдаас миний нэр хоёрт бичигдсэн байхыг хараад “Ямар ч байсан медаль хүртэх нь тодорхой болжээ. Харин медальд баттай хүрэх хэрэгтэй” гэж бодсон. Өрсөлдөгчөөсөө хол давуулж шидэхийн тулд мэдрэмж, ур чадвараас гадна тооцоолон бодох ухаан их зарцуулдаг. Миний амжилт тав дахь шидэлтээс л гардаг байсан даа.
-Мөнгөн медаль энгэртээ гялалзуулаад ирсэн тамирчнаа тэр үед МҮОХ, Биеийн тамир, спортын газрын дарга нар хүлээж авч, урамшуулсан байлгүй.
-Би бөөрөнцгөөр 17, зээрэнцгээр 57 метрт шидэж, аль аль төрөлд нь мөнгөн медаль хүртсэн. Намайг медальтай ирэхэд найман сая төгрөгөөр шагнана гэж ярилцаж байгаад талыг нь өгсөн. Хятадын тамирчид тэргүүн байраа алддаггүй. ДАШТ, олимпоос зээрэнцэг, бөөрөнцгөөр олон тамирчин медаль хүртсэн. Намайг тамирчин байх үед Монголын нийгэм зах зээлд шилжчихсэн, спорт хөгжих, эсэх нь тодорхойгүй. Тийм хүнд үед би гадаадын тэмцээнүүдэд эх орноо төлөөлж оролцдог цөөн тамирчны нэг байсан.
ОРОС БАГШ НАР “МАНАЙ ТАМИРЧИН БОЛООД АМЖИЛТ ГАРГА” ГЭДЭГ БАЙЛАА
-1996 онд АНУ-ын Атлантад болсон олимпод та ч бас оролцсон санагдана. Тэр олимп өөрийн тань хувьд анхных байсан биз?
-Атлантад болсон олимпод цагаан хуудсаар оролцсон юм. Миний хувьд тэмцээнээс тэмцээнд оролцсоор туршлага чамгүй хуримтлуулсан. Тамирчдыг Азийн тэмцээнд зургаа, олимпод гурван удаа шидүүлдэг. Финалд гурван удаа шидэж, хамгийн хол зайд шидсэн нь түрүүлдэг юм. Би 59.16 метрт шидэж, өмнөх амжилтаа эвдсэн. ДАШТ, олимпын наадамд Европын тамирчид хүчтэй өрсөлддөг. Тэр олимпод Оросын бөөрөнцөг, зээрэгцгийн алдартай тамирчин надаас илүү гарч шидээгүй. Тэрбээр 57 метрт шидсэн санагдана. Тэмцээний дараа оросууд намайг харчихаад “Манай тамирчныг ялсан нөгөө нөхөр чинь энэ шүү дээ” гээд ярьж байв. Тэмцээн бол тэмцээн. Ямар ч алдартай тамирчин байсан спортын талбарт шударга өрсөлдөх сайхан.
-Монголд спорт хөгжих, эсэх нь эргэлзээтэй байсан үед Оросын тамирчдыг бараадаж, амжилтаа ахиулах зорилгоор Эрхүүг зорив уу?
-1993 онд намайг Шанхайд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхыг Эрхүүд тамирчин бэлтгэдэг орос дасгалжуулагч харсан юм билээ. Тэр тэмцээний дараахан бэлтгэл хийлгүй нэг хэсэг завсарласан. Нэг өдөр найз нөхдөө дагаад Эрхүүд очлоо. Тэгсэн стадионоор нь орж үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд нэг орос найзтайгаа яваад очлоо. Тамирчдыг нь хартал Шанхайд болсон бөөрөнцөг, зээрэнцгийн тэмцээнд оролцсон дэлхийн аварга бэлтгэл хийж харагдав. Дасгалжуулагчаас нь найзаараа бэлтгэл хийж болох, эсэх талаар асуулгатал “Чамайг болно гэж зөвшөөрч байна” гэлээ. Би ч бөөн баяр, маргааш нь цүнхэндээ хувцсаа хийгээд ирлээ. Тэгсэн нөгөө дасгалжуулагч “Чи нэг шидээд үз дээ, харъя” гэж байна. Би бөөрөнцөг 16, 80 метрт шидэж, Монголд гаргасан амжилтынхаа түвшинг барьсан. Тэгсэн “Болж байна, маргааш чамаар зээрэнцэг шийдүүлье” гэв. Би 51 метрт шидэхэд тэрбээр “Чи арай өөр, ондоо хүн байна. Одоо бэлтгэл хийж болно” гэлээ. Оросууд миний нэрийг хэлж чадахгүй Миша гэж дууддаг байв. Тэр үед ганзагын наймаанаас илүү том зүйл мөрөөдөж, амжилтаа ахиулах зорилгоор Эрхүүг зорьсон. Би ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Игорь Иванович Бражник, Юрий Николаевич Рыбин нарын удирдлагад бэлтгэл хийдэг байсан. Тэд “Бид чамаас мөнгө авахгүй, харин амжилт нэхнэ” гэдэг байлаа. Тэдний хэлсэн үг надад их зүйл ухааруулсан. Зүтгэж, хичээсээр хэвтээ шахалт, суултын төрөлд тэднээс 30 кг-аар дутуу гүйцэтгэдэг боллоо. Тэнд тиймхэн үзүүлэлт ч гэлээ Монголд бол өндөр. Эрхүүд бэлтгэл хийдэг нэг том бааз байсан нь надад давуу тал болсон. Бөөрөнцөг, зээрэнцгийн тамирчид бэлтгэл тасралтгүй хийж байж, амжилтад хүрдгийг тэнд байхдаа ойлгосон. Японы дүүгүүр шидэлтийн нэг тамирчин Узбекистанд бэлтгэл хийдэг байхдаа өдөр бүр 100 доллар төлдөг тухайгаа надад өгүүлж билээ. Тэрбээр зорилгынхоо төлөө тууштай зүтгэсээр дэлхийн аварга болсон. Намайг Японд болсон Хорошимагийн наадамд оролцоход тэрбээр Оросын дасгалжуулагчтай уулзаж, төрөлх хэлээр ярьж байлаа. Түүний аав нь орос, ээж нь япон хүн болохыг хожим мэдсэн. Дүү нь одоо дүүгүүрийн төрөлд шилдэг тамирчин болсон. Би Юрий Николаевич Рыбин багшийнхаа 80, 85 насны ойн баярт очиж баяр хүргэсэн. Багшийгаа амьд сэрүүн байгаа дээр телевизийн нэвтрүүлэгт зочноор урьж, зээрэнцгийн төрөлд ямар гайхалтай тамирчдыг эх орондоо бэлтгэж, ДАШТ, олимпод өрсөлдүүлдэг байсан тухайг нь спорт сонирхогчидтой хуваалцах бодол бий. Түүний шавь нараас Европ, дэлхийн аварга болсон тамирчин цөөнгүй. Орос багш нараасаа “Чи сайн болж байна. Хичээвэл амжилт гаргах шинжтэй” гээд магтаалын үг сонсож явлаа.
Дасгалжуулагч А.Оюунчимэг багшийн хамт
-Таныг өөрийгөө дөвийлгөж, магтдаггүй даруу зантай. Монголын спортын төлөө нойр, хоолоо умартан амрах завгүй зүтгэчихээд өнөөг хүртэл шагнал гавьяагүй яваа тамирчин гэж хүмүүс ярьж байхыг нэг бус удаа сонссон. Орос багш нар тань “Манай улсын тамирчин болоод амжилт гарга” гэж санал тавьдаг байсан гэдэг. Та яагаад зөвшөөрөөгүй юм бэ?
-Багш нар минь ингэж хэлдэг байсан ч би зөвшөөрөөгүй. Хүнд төрсөн нутаг, аав ээж, ард түмэн, эх орон гээд юугаар ч сольшгүй үнэт зүйл бий. Би үүнийг л бодсон хэрэг. Зүгээр л өөрийгөө, амжилтаа бодсон бол тэр улсын иргэншилтэй болж, тамирчидтай нь адилхан хангамжид нь багтаад улсынх нь нэрийн өмнөөс гадаадын тэмцээнүүдэд оролцож болох л байсан. Эх оронч үзэл надад нөлөөлсөн юм. Шантарч буцмаар үе бишгүй гардаг байсан ч орос багш нарын минь урам, дэм намайг урагшлуулсан.
-Оросуудтай ойлголцоход хааяа хөгжилтэй зүйл тохиолддог байв уу?
-Нэг хөгжилтэй түүх байдаг юм. Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэл хийхээр ирэхэд нь Юрий Николаевич Рыбин багш “Та нар хүлээ, манай тамирчин яг одоо шидэх гэж байна” гэж хэлээд бүтэн цаг хүлээлгэсэн байдаг юм. Тамирчид нь сүүлдээ аргаа бараад багштай хэрэлдэж “Танайд жад шиддэг олигтой тамирчин байх биш дээ, биднийг яах гэж ингэж хүлээлгэдэг билээ” гэжээ. Тэгтэл багш надад “Алив, чи шид дээ” гэв. Би ч 60 метрт шидлээ, тэд юу ч хэлж чадаагүй. Тэр үед тийм хэрүүл болсныг саяхан багшаас л сонслоо. 2003-2005 оны хооронд Эрхүүд бэлтгэл хийж Монгол руу ирэн очин байлаа. Тэнд байхад хөгжилтэй зүйл багагүй тохиолдоно. Заримдаа визний хугацаа дуусчихаад цагдаад хөөгдөх тохиолдол гарна. Араас давхиад ирэхээр нь тамирчнаар энд бэлтгэл хийж байгаа тухайгаа хэлж ойлголцдог байв. Өглөө нь зах дээр зогсож наймаа хийнэ, үдээс хойш бэлтгэлийн баазад ирнэ. Амжилт гаргахын тулд Оросын тамирчдыг явсан хойно үлдэж, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байсан. Тамирчин байхдаа амжилтын төлөө энэ мэтчилэн амаргүй зам туулсан. Монголд гэр бүл минь байсан болохоор 10 гаруй жил Эрхүүд ирэн, очин бэлтгэл хийсэн. Монголын спортын салбарын хүндхэн жилүүдэд өөрийгөө Азийн орнуудад болсон тэмцээнээс ганзага хоосон ирдэггүй тамирчдын нэг байсан гэж боддог.
ААВЫНХАА ЗОХИОЛУУДЫГ УНШИЖ ӨССӨН Ч АВЬЯАС НЬ НАДАД ӨВЛӨГДӨӨГҮЙ
-Зодог тайлснаас хойш та нам гүмхэн амьдарсан. Товчхон хэлбэл сураг тасарсан гэхэд болно.
-Би 2004 онд УАШТ-д түрүүлчихээд тамирчны карьераа өндөрлүүлж, зодог тайлахаар шийдсэн. Миний хувьд анх хичээллэж байсан үеэсээ амжилт буурсан ч УАШТ-ий түрүүг авдаг байсан. 2005 онд БНСУ руу ажиллаж, амьдрахаар явсан. Тэнд 1988 онд Сөүлд болсон олимпын цэнгэлдэхийн талбайн ойролцоо ажилладаг байсан юм. Нэг өдөр хармаар санагдаад, тойрч алхаж билээ. Солонгост 10 гаруй жил амьдарч байгаад эх орондоо 2013 онд ирсэн. Монголд ирээд залуусыг, мөн пара спортын тамирчдыг зээрэнцэг, бөөрөнцгөөр бэлтгэл хийлгэж, ур чадвар, авьяасыг нь ахиулан тодорхой хэмжээгээр амжилт гаргуулсан. Эрэгтэйчүүдээс Н.Энхгэрэл бөөрөнцөг, эмэгтэйчүүдээс П.Маамуу зээрэнцэг спортын мастер цол хүртсэн. Г.Энхгэрэл одоо 15, 89 метрт шиддэг. Тэд миний удирдлагад таван жил хичээллэж байна. Шавь нар маань хөнгөн атлетикийн УАШТ-д оролцож, аварга болсон шүү.
-Хүүхдүүдээс тань спортын тамирчин төрөв үү?
-Манайх хоёр охинтой. Том нь волейбол сонирхон тоглож байгаад Япон руу суралцахаар явсан. Би бага охиноо спортын хүн болох болов уу гэж боддог юм. Ажиглаад байхад эвсэлтэй харагддаг.
-Аавыг тань Монголын алдартай зохиолч С.Дашдэндэв гуай гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Хүүхэд байхдаа аавынхаа зохиолуудыг хэдийнэ уншчихсан биз дээ?
-Аавынхаа туурвисан зохиолуудыг уншиж өссөн ч надад бичих авьяас нь өвлөгдөөгүй. Манай эгчид бичсэн бүх зохиол нь хадгалаастай байдаг юм.