Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч У.Ганчимэгтэй ярилцлаа.
...Банк, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт санхүүгийн байгууллагын хяналт шалгалт сайжирсан. Тиймээс мөнгө угаах гэмт хэргийн үйлдэл санхүүгийн бус салбар луу чиглэх хандлага бусад улсын жишээнээс ажиглагдаж байна...
-Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд санхүүгийн бус салбарт хяналт тавих шаардлагатай болсон. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн худалдааны салбар дахь хяналтдаа бодлогын ямар зохицуулалт хийсэн бэ?
-УИХ-аас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд 2019 оны аравдугаар сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан юм. УИХ хэсэг хугацааны дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 17-нд Санхүүгийн зохицуулах хорооны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. ФАТФ-ын стандартад мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид зэрэг санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид багтдаг. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрх зүйн зохицуулалтын цар хүрээнд үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг орууллаа. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч байгууллагуудын хувьд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн цар хүрээнд өмнө нь байсан юм.
Гэхдээ СЗХ-ны хяналт, зохицуулалтад хамаардаггүй байсан. Өөрөөр хэлбэл, мэдээлэх үүрэгтэй этгээдийг банк, үнэт цаас, хадгаламж, зээлийн хоршоо, даатгал, банк бус санхүүгийн байгууллагаар хязгаарлахгүй санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг хянах шаардлагатай болсон гэсэн үг. Нөгөөтээгүүр, СЗХ-ны хяналт шалгалт, зохицуулалтын хүрээнд хоёр шинэ салбар нэмэгдлээ. СЗХ хоёр салбарын оролцогчдыг бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, зохицуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгаад зайн болон газар дээрх шалгалт хийн, хяналт тавих чиг үүргийг нэмэлтээр хүлээсэн. Уг нь ФАТФ-ын зөвлөмжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдээс гадна хуульч, нотариатч, нягтлан бодогч гэх мэт санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг хянах шаардлагатай байдаг. Үүнээс СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг зохицуулах үүргийг хүлээж байна. Мөн Хяналт шалгалт, зохицуулалтын газрын доор Мөнгө угаахтай тэмцэх алба байгуулсан. Өмнө нь манай үйл ажиллагааны нэг чиглэл байсан бол энэ оны хоёрдугаар сараас алба болоод ажиллаж байна. СЗХ чиг үүргийнхээ дагуу хариуцаж буй зургаан салбартаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, эрсдэлийн үнэлгээг нь хариуцах албатай болсон гэсэн үг. Үүний зэрэгцээ хоёр том салбарыг хянаж, зохицуулдаг болсон учраас тусгай зөвшөөрөл олгох бодлогыг хариуцах чиг үүрэг бүхий Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрыг байгуулаад байна.
-Санхүүгийн зохицуулах хороо шинээр хариуцах болсон хоёр салбартаа хяналт, зохицуулалтын ямар ажил хийх вэ?
-Бид олон ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байгаа. Шинээр хариуцах болсон хоёр салбар харьцангуй том. Банк, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт санхүүгийн байгууллагын хяналт шалгалт сайжирсан. Тиймээс мөнгө угаах гэмт хэргийн үйлдэл санхүүгийн бус салбар луу чиглэх хандлага бусад улсын жишээнээс ажиглагдаж байна. Санхүүгийн гэлтгүй санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг хянаж эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр нь олон оролцогчтой учраас бүртгэлжүүлэх нь чухал. СЗХ-ноос хийсэн хамгийн эхний алхам нь тэднийг илрүүлэх. Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, үнэт металл, үнэ чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг тодорхойлсон. Одоогоор СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын 146 байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгч 402 этгээдэд тусгай зөвшөөрөл олголоо. Тусгай зөвшөөрөл олгох үйл явц үргэлжилж байна. СЗХ-ноос удаа дараа өгсөн анхааруулга, үүрэг даалгаврыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг улсын бүртгэлээс хасах арга хэмжээ авч буйг хоёр салбарын оролцогчдод анхааруулъя. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэдээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх сургалтад хамруулж байна. Сургалтыг мэргэжлийн холбоодод тулгуурлан хийж байгаа. Цаашдаа алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох, гарал үүслийг нь тодорхойлох арга хэмжээ авна. Монголбанк, Эрдэнэсийн сан, Сорьцын хяналтын газар, хууль сахиулах байгууллага гэх мэт олон газрын зохицуулалттай байдаг. Тэдгээрийн зохицуулалтын уялдаа холбоог хангахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-Манай улсын үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд мөнгө угаах магадлал хэр өндөр вэ?
-Одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч байхгүй. Хяналт сул байх нь эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн онд өөрийн зохицуулдаг зургаан салбартаа мэргэжлийн судалгааны байгууллагаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Одоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Сангийн сайдын тушаалын дагуу, Дэлхийн банкны аргачлалаар бүх салбарт хийж байна. Урьдчилсан дүнгээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид эрсдэлд өртөх магадлал дунджаас дээгүүр гэж гарсан. Бид мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийг ФАТФ-ын стандартад заасны дагуу дөрвөн чиглэлээр тодорхойлсон. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүний үйлчилгээний онцлог, тэдгээрийг хүргэх суваг, газар зүйн байршил, харилцагчид гэсэн хүчин зүйлсийг үнэллээ. Тус бүрээр нь үнэлэхээр яг хаана нь эрсдэл үүсэх магадлалтай нь харагддаг. Ингэхээр хяналтаа хааш нь чиглүүлэх, зайн болон газар дээрх шалгалтын цар хүрээ, давтамж ямар байхыг тодорхойлоход дөхөмтэй. Мөн сургалтаа хэрхэн зохион байгуулах, хэнд илүү анхаарах нь ойлгомжтой болно. ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврыг СЗХ амжилттай биелүүлсэн. ФАТФ-ын бичиг б аримтад суурилсан газар дээрх хяналт шалгалтын багт СЗХ удирдлага болон албан хаагчдаас гадна зургаан салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн төлөөллийг оролцуулан өнгөрсөн сарын 1-2-нд тайлангаа хамгааллаа. Ингээд үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэн гэсэн үнэлгээ авсан. СЗХ үндэсний эрсдэлийн эцсийн үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлаад 2023 хүртэл хэрэгжүүлнэ. ФАТФ-аас манай улсыг 2023 онд дахин шалгах хуваарьтай. Хэдийгээр “саарал жагсаалт”-аас гарсан ч дараагийн шалгалтад бэлтгэх шаардлага бидэнд бий. ФАТФ-ын шалгалт дуусдаггүй, үргэлжлээд явдаг. Хэрэв үйл ажиллагаа нь хангалтгүй гэж үзвэл дахин хяналтад нь орох магадлалтай.
-Мөнгө угаахтай тэмцэх холбогдох журмуудыг баталсан. Тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдэд журмаар ямар үүрэг ногдуулж байгаа вэ?
-СЗХ-ны зохицуулалтад ороод, мэдээлэх үүрэгтэй этгээд болсноор сар, улирал тутмын тайлангаа ирүүлэх үүрэг хүлээнэ. Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид бусдаасаа онцлогтой. Учир нь ФАТФ-ын стандартад “20 сая төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютын бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээд болно” гэж заасан. Тэгэхээр 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн этгээд л мэдээлэх үүрэгтэй буюу мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотой шаардлагуудыг биелүүлнэ гэсэн үг. Мэдээлэх үүрэгтэй этгээд болсноор СЗХ-ноос сар бүр авдаг эрсдэлийн үнэлгээний асуулгыг цахимаар бөглөж илгээх үүрэг хүлээнэ. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх бүх ажлыг хариуцах комплаенсын ажилтан томилох шаардлагатай. Дотоод хяналтын хөтөлбөр буюу тухайн байгууллага, этгээдийн мөрдөж ажиллах бодлогын баримт бичгийг боловсруулж, СЗХ-нд бүртгүүлэх, харилцагчаа таньж мэдэх үүрэг хүлээж байгаа. Харилцагчийн мэдээллийн системийг ил болгоно, шаардлагатай тохиолдолд хөрөнгийг нь царцаах хүртэл арга хэмжээ авна. Мөнгө угаахаас гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотойгоор харилцагчийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жагсаалтад орсон, эсэхийг тулгаж шалгана. Жагсаалтад багтсан хүнд үйлчилгээ үзүүлж байгаа нь тогтоогдвол хөрөнгийг нь царцаах, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн албанд яаралтай мэдэгдэх үүрэгтэй. Мөн 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн бол 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд батлагдсан загварын дагуу мэдээлнэ. Сэжигтэй тохиолдол илэрвэл мөнгөн дүнг харгалзахгүйгээр сэжигтэй гүйлгээнийхээ тайланг бөглөөд Санхүүгийн мэдээллийн албанд явуулах шаардлагатай. Энэ тохиолдолд Санхүүгийн мэдээллийн алба дүн шинжилгээ хийгээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль сахиулах байгууллага руу нь дамжуулдаг. Харилцагчийг таниад зогсохгүй эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүрэг мөн хүлээдэг. Ингэснээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид холбогдох хууль, журмыг мөрдөж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.