Нисэх загварын спортын “Зуунбилэг” клубийн нэрэмжит жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын шилжин явах цомын тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болоход “Шинэ зуун билэг” бүрэн дунд сургуулийн 6б бүлгийн сурагч Д.Тэмүүжин эхлэн сонирхогчдын ангилалд үеийнхэнтэйгээ авьяас, ур чадвараараа өрсөлдөж аварга болсон юм. Тус тэмцээнд түүний ах Д.Буяндорж өсвөр үе, дасгалжуулагч багш Д.Мөнхмандах нь насанд хүрэгчдийнхэд түрүүлсэн. Дээрх спортоор хичээллээд богино хугацаанд амжилт гарсан Д.Тэмүүжинг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Тамирчин бүр тэмцээнд оролцохдоо түрүүлнэ гэсэн бодолтой ирдэг. Чи ч бас ийм зорилготой өрсөлддөг биз дээ?
-Тийм ээ. Нислэгийн талбайд авьяас, ур чадвараа харуулж, шударга өрсөлдөх сайхан. Би одоогоор тэмцээний эхлэн суралцагчдын ангилалд өрсөлдөж байгаа. Ах, бид хоёр дасгалжуулагч Д.Мөнхмандах багшийн шавь. Тэмцээнд тэдэнтэйгээ хамт түрүүлсэндээ баярладаг. Үнэнийг хэлэхэд өөрийгөө аварга болно гэж үнэхээр төсөөлөөгүй.
-Ахыгаа дуурайж нисэх загварын спортод хөл тавьсан гэл үү. Энэ спортын давуу тал, гайхамшгийг хэр мэдэрч байна вэ?
-Спортын төрлүүдээс нисэх загварынх хамгийн сонирхолтой. Намайг энэ спортод хөл тавихад баярласан хүн бол ах. Би ахаасаа үргэлж суралцдаг. Үеийнхэнтэйгээ тэмцээнд өрсөлдөхөд дэргэд багш минь байдаг болохоор сандралгүй тайван оролцдог. Тэд миний хамгийн ойрын зөвлөгч. Намайг энэ спортоор сонирхож хичээллэхэд аав, ээж хоёр их дэмжсэн. Бидний тэмцээнийг үзэхээр нислэгийн талбайд ирдэг. Би өнгөрсөн жил IV байр эзэлсэн. Энэ удаа түрүүлж, алтан медаль хүртлээ. Тамирчин хүнд тэмцээнээс хүртсэн анхны шагнал урам их төрүүлдэг юм билээ. Медалиа харах бүртээ тэмцээнд анх оролцсон дурсамжаа эргэн санадаг. Бидэнд гэрийнхэн минь тэмцээний өмнө “Миний хүүхдүүд амжилт гаргасан алдартай тамирчин болоорой. Тэмцээнд нь амжилт хүсье, хичээгээрэй” гэж урам хайрладаг.
-Ангийн нөхөд тань чамайг дуурайж энэ спортоор хичээллэв үү?
-Би ангиасаа ганцаараа хичээллэдэг. Ангийн нөхөд, найз нар маань хойшдоо сонирхох байх. Энэ ташрамд, үеийнхэндээ нисэх загварын спортоор сонирхож хичээллэхийг хүсвэл тууштай байгаарай. Хүнийг хүсэл, мөрөөдөл нь амжилт руу хөтөлдөг. Хичээж, зүтгэвэл хэзээ нэгэн цагт шагналын тавцанд зогсдог юм шүү гэж хэлье.