Энэ хүний талаар элдэв тайлбар, ийм тийм гэсэн тодотгол илүүц буй за. Монголчууд түүнийг андахгүй. Тиймээс Ш.Гүрбазар хэмээх хүний чанадыг ийш тийш “үсэрсэн” элдэв асуултаар “ухахыг” хичээлээ. Түүнтэй нэгэн кафед болзсон юм. Орж, гарсан бүхэн “Гүрээ ах аа, сайн уу” хэмээн мэндэлж, зарим нь яриа өрнүүлэхээр хүлээх аж.
-Та түмний дунд “тамгатай” хүн. Гадуур явахад хүн болгон таниад түвэгтэй байдаг уу?
-Түвэгтэй биш. Харин ч таатай. Заримдаа миний уран бүтээлийн “урлан” нь хүмүүс болдог. Тэдний хандлага их сайхан. Санал, бодлоо хуваалцаж, шинэ санаа хэлж, урам өгдөг. Жишээ нь, өнөөдөр нэг хүн сайхан түүх ярилаа. 1930-аад онд Японд амьдарч байсан монгол хүний тухай тун сонирхолтой. Таагүй зүйл ярьж, эвгүй харилцсан хүнтэй ер нь таарч байсангүй, өнөөдрийг хүртэл. Намайг бишрээд сүйд болохгүй ч цаад чанад нь нэг л сайхан байдагт би их баярладаг.
-Та сүүлийн 10 гаруй жил хурдан морины уралдаан тайлбарласангүй. “Гүрбазарыг л морь тайлбарлахад самсаа шархирдаг” гэх хүнтэй олон таарсан. Сүүлийн үед энэ салбарт олон сайхан залуу гарч ирж байгаа ч яагаад ч юм бэ хүмүүсийг “уйлуулдаггүй”. Хүний аньсгыг норготол тайлбарлаж, хөтлөхийн “нууц” нь юу юм бол?
-Би хөтлөх, өгүүлэх урлагийн талаар ном бичиж байна. Энэ ажлыг төгс төгөлдрөөр нь хийж чадаагүй ч онолын хувьд нэлээд судалсан учраас хүмүүст хэрэгтэй байх гэсэн үүднээс ийм зүйл хийж байгаа юм. Хүн аливаа зүйлийг сэтгэлээсээ л хийхэд аяндаа болно. Би монгол наадмаараа бахархаж ямар ерөөлтэй, сайхан юм бэ гэдэг талаас нь тайлбарладаг болохоор хүмүүсийн сэтгэлд хүрсэн байж мэдэх юм. Ялангуяа дааганы уралдааныг түрүүлэх, эсэхээр нь бус, ижийдээ очих гэж яарч буй амьтан ямар өхөөрдөм бэ гэж тайлбарладаг. Үүнд л “нууц” байгаа болов уу.
Уралдаан сайн тайлбарладаг залуучууд сүүлийн үед олон болжээ. Тэдний болон миний тайлбарлах арга барил, ухаан өөр. Сүүлийн үед хэний, ямар морь түрүүлснийг түлхүү ярьдаг болсон. Энэ нь буруу биш л дээ. Миний үед монгол наадам гэдгийн учир утгыг илүүтэй тайлбарлаж, бахархуулахад анхаардаг байлаа.
-Хурдан морины уралдаан тайлбарлаж, бусдыг огшуулан, уйлуулж байхдаа өөрөө нулимс унагасан, гэнэтийн сонин хачин, сэтгэл гэгэлзүүлсэн, эсвэл хөгжилтэй явдалтай учирч байв уу?
-Янз бүрийн л юм болно шүү дээ. Жишээ нь, их насны уралдаан гэхэд 300 морь гараанаас гарна. Тэр дундаас 150-250 хавьцаа яваа хүүхдүүд хаана давхиж байгаагаа ч мэдэхгүй болчихдог. Тэр жил нэг хүү “Беламорканал” татчихсан явж байж билээ. Хурдтай давхиж байгаа морины нуруун дээр, хэдийд нь тамхи асааж амждаг байна аа, монгол хүүхдүүдийн самбаа гэж. Буянт-Ухаад зураг авч байтал нэг морь бахардаад уначихлаа. Би очоод цээж рүү нь цохиод болсонгүй. “Тагнайг нь зүсдэг” гэж сонссоноо санаад хүмүүсээс хутга асуулаа. Шавсан олны дундаас нэг өвгөн “Тагнайг нь зүсээд онгойхгүй байх. Самсаа руу нь архи хий” гэж байна. Тэгтэл монгол наадамд “тохирохгүй” гэмээр, уранхай жийнстэй нэг залуу виски гаргаад өглөө. Самсаа руу нь хийтэл нөгөөх морь год хайраагаад босоод ирсэн. Морь малаа мэддэг ийм л хүмүүсийг монгол гэдэг юм.
1992 он
-Түрүүн та сэтгэл гэдэг зүйл юу юунаас чухал гэсэн. Бас нэг ярилцлагадаа Д.Нацагдоржийн хайр нь, сэтгэл нь гундсанаас болж амьдрал нь бөхөх том шалтгаан болсон гэж дурдсан байна лээ. Сэтгэлийн хүчийг товчхон тодорхойлжээ гэж бодсон. Тэгвэл хайрыг, сэтгэлийг та цөөхөн үгээр илэрхийлээч.
-Их зохиолчийн тухай “Жаргаагүй нар” бүтээлдээ би ганц л санааг хэлсэн. Хүсэл, мөрөөдөл нь дуусахаар хүн өөрөө төгсчихдөг байхгүй юу. Хайр сэтгэл чинь ертөнцийн л юм шүү дээ. Үүнийг үр дүн, ёс зүй, амьдрал энэ тэртэй холиод хэрэггүй.
-Ирэх онд Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жил тохионо. “Жаргаагүй нар”-аас өөр түүнд зориулах бүтээл хийж байна уу?
-Пагмадуламын тухай эмгэнэлт жүжиг бичих санаа бий. Тухайн нийгмийг бүсгүйн мэлмийгээр харвал их сонин юм гарна. Өнөөдөр бид тэр эмэгтэйг өөрөөр, илүү өргөн хүрээтэй хармаар байгаа юм. Өндөр боловсролтой, сайхан бүсгүйн эмгэнэлийг яаж харах вэ гэдэг нь чухал, сонин байх.
-Та 1976 онд Г.Жигжидсүрэн найруулагчийн “Хүний амь” кинонд “эвгүй” дүр бүтээсэн. Тухайн нэг дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хадагдчихдаг тал бий. Ялангуяа нийгмийн тогтолцооноос шалтгаалаад эерэг, эсрэг дүрийг хүлээн авдаг сэтгэлгээ, харах өнцөг өөр байсан цагт муу залуу “болох”-доо эмзэглэж байв уу. Эсвэл залуу хүн тийм эрсдэл бодоогүй юу?
-Дүрийн талаар ямар нэгэн эмзэглэл байгаагүй. Залуу ч байж, нөгөөтээгүүр Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч Саруулын дүрд 30-аад залууг шалгаруулалтад оролцуулж, намайг сонгосон нь учиртай юм билээ. “Гэм хоргүй мэт, нүдэнд дулаахан залуу ийм юм хийчих ч гэж дээ” гэсэн бодол төрүүлэхийг зорьсон гэж Г.Жигжидсүрэн гуай ярьсан.
-Монголын телевизийн салбарт нэгэн үед олон сайхан залуу өөрийн өнгө, төрхөө тодорхойлсны нэг нь та. Тэдний бэлтгэсэн нэвтрүүлгүүд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэхийн зэрэгцээ нийгмийнхээ олон чухал асуудлыг хөндөж ирсэн. Үүний нэг нь таны “Говийн ганц айл” байсан. Тухайн үеийн мэргэжилтнүүд ч энэ нэвтрүүлгийг жинхэнэ тэсрэх “бөмбөг” гэж онцолж байлаа. Яагаад заавал энэ талаар хөндөх болов. Говын ганц гэрт бүсгүй заяа “гээгдчихжээ” гэж та халаглан өгүүлж байсныг санаж байна.
-Ний нуугүй хэлэхэд, эмзэглэж явснаа л ил гаргасан юм. Монголын минь уудам нутагт хүн нь эзгүйрчлээ гэсэн санаа хэлэхийг хүссэн. Харин өнөөдөр бид түүнээс айхавтар эзгүйрлийн талаар ярихад хүрээд байна. “Бид хаашаа явж байна вэ. Монгол минь эзгүйрчих вий” гэж. “Говийн ганц гэр” үүний дэргэд багахан гуниг байжээ.
-“Говийн ганц гэр”-ийн дараагийн цуврал байж болох нь. Танд ямар нэгэн санаа байна уу?
-Монголын телевизийн салбарт 40 гаруй жил зүтгэж байгаагийн хувьд өөрийн гэсэн, зохиогчийн хөтөлбөртэй болохоор “Гүрү продакшн”-аа байгуулсан. Ш.Гүрбазар гэдэг хүний л үзэл бодлыг өгүүлэх цуврал нэвтрүүлгүүд хийх юм. Анхны дугаараа Хятадын тухай, энэ улсын талаар бид яаж ойлгох вэ гэсэн сэдвээр бэлтгэж байна. Дахиад хэлэхэд, “Баабар юу өгүүлэв” гэдэг шиг энэ бол зөвхөн миний үзэл бодол, ямар өнцгөөр харж байгаагаа л дэлгэх юм. Ингэлээ гээд би өөрийгөө мундаг гэж байгаа юм биш шүү.
-Д.Намдаг багш тань “Олон зүйл рүү үсэрдэг” гэж таныг “шүүмжилсэн” гэдэг. 1990-ээд онд Ромбу хэмээх гаргийн талаар монголчууд шуугихад та “гэрч” нь болж байсан санагдана. Уулан дээр гарч, цээжээ ураад л. Ер нь ямар учиртай байсан юм бэ. Магадгүй таны итгэл, бишрэл тийм зүйл хийхэд хүргэсэн үү. Эсвэл романтик, дэврүүн зандаа хөтлөгдсөн юм уу?
-П.Очирбат Ерөнхийлөгч “Миний хажууд ийм нэг хүн авчраад тавьчихлаа. “Мэргэн, түргэн”, эсэхийг нь би яаж мэдэх вэ. Ямартай ч энэ хүний тухай иргэдэд үзүүлчих” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх үзмэрч гэх Ч.Дашцэрэн гуайн тухай нэвтрүүлэг хийсэн юм. Тэр хүн юу ярьж, яаж байгааг нь сэтгүүлчийнхээ үүргийн дагуу хүмүүст харуулсан учиртай. Өнөөдөр би түүний тухай сайн, муу гэж дүгнэхгүй. Тухайн цаг үе нь хүртэл их сонин байсан шүү дээ.
-“MN-25 дугаар суваг” телевизийг үүсгэн байгуулагчдийн нэг А.Авирмэд та хоёрыг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд аваачаад порно кино үзүүлсэн гэдэг. Тэр ямар учиртай юм бэ?
-Залуучуудад зориулсан нэвтрүүлэг хийдэг хүмүүсийг тухайн үед НАХЯ-нд дуудсан юм. Би Монгол телевизийн Залуудын редакцын редактор, Авираа Монголын радиогийн Залуучуудын редакцынх гэхчлэн хэдэн хүн цуглалаа. Бидэнд “Хөрөнгөтний үзэл суртал Монголд нэвтэрлээ. Ийм муухай, уршигтай зүйл” гэхчлэн ухуулаад гурван цаг орчим порно кино үзүүлсэн юм. Тийм юм анх удаа үзэж байгаа залуу эрчүүд юу эсийг бодох вэ дээ. Суртал ухуулга хийсэн хүмүүс цаас, үзэг барьчихсан жигтэйхэн албархуу суугаад, бид хэд инээсэн дүр эсгээд “Ямар муухай юм бэ” гэсэн юм яриад үзэж дуусгасан. Гараад бөөн инээдэм. Зөндөө л юм ярьцгаасан, тэр бол харин нууц. Залуу хүмүүс хөгжилтэй л юм ярина шүү дээ.
-Таныг лам болох шахсан гэдэг юм билээ?
-Гурав, дөрөв орчим настай байхад минь Дорноговь аймгийн Нүдэнгийн хийдийн лам зэрэг хэдэн хүн манайд иржээ. Намайг их том хүний хойд дүр гээд учир байдлыг тайлбарлах гэхэд нь аав маань хөөгөөд явуулчихсан юм гэнэ лээ. Түүнээс хойш аав, ээж хоёр минь хоёр жил хэртэй хүн амьтнаас зайдуу нутагласан гэдэг. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ талаар нэг удаа телевизээр ярьсан.
-Үнэхээр том гэгээнтний хойд дүр байсан юм болов уу гэх зөн танд байдаг уу?
-16 настайдаа Б.Лхагвасүрэн гуайтай холбогдож, мөнх бусыг үзүүлтэл нь хамтдаа ёстой л өөрийнх нь хэлсэнчлэн унагатай гүү шиг явсан. 1988 онд шиг санагдана. Надад их сонин совин, бодол төрөөд болдоггүй. Лхагваа ахад хэллээ. “За, ёстой болохгүй, энэ бодлоо хөөж, хөгжүүлбэл буруу замаар орно шүү” гэсэн. Сониноос би бурхан, шашинтай холбоотой том үйл хэрэгт хэдэнтээ оролцож, сайхан хүмүүстэй уулзаж явсан. Магадгүй бага балчирт болсон явдалтай холбоотой гэж боддог л юм. Зөн совингийн тухайд бол хүн бүрт л бий байх. Миний хувьд чанадын совин бий. Магадгүй уран бүтээлчийн онгод байж мэднэ. Тэр нь уран бүтээлд нөлөөлсөн байж магадгүй. Хүмүүс шүлэг, найраг зохиох гэж ярьдаг. Энэ үг таатай биш. Би зохиодоггүй. Миний шүлэг, яруу найраг, жүжгүүд зохиол биш шүү дээ. Миний бодол байхгүй юу. Надад ирсэн онгодоос гарсан бүтээл.
-Та хааяа өөрийгөө тоодог уу?
-Өөрийгөө тоох нь юу юм бэ. Хүн өөрийн сайн, муугаа мэдвэл арай баримжаатай явдаг юм. Энэ талаар шавь нартаа ч хэлж, захидаг. Харин өөрийн гэгээтэй талыг мэдэж, бахархах хэрэгтэй. Би өөрийгөө авьяастай гэж хэлэхгүй. Мэдрэмжтэйгээ бол мэднэ. Ер нь барах, барахгүй зүйлээ мэддэг хүн. Үүнийг мэдэхгүй бол мөхөл болно. Нэг байгууллагын дарга бол гэвэл “Би чадах уу” гэж бодох ёстой.
-“Би чадна” гэдэг чинь өнөөдөр манай нийгэмд түгээмэл үзэгдэл болчихсон юм биш үү, ялангуяа улс төрийн хүрээнд?
-Улс төрийн намын боловсон хүчний бодлого өнөөдөр алга. Урьд нь тухайн хүнийг мэргэжилтэн байхаас нь сайд, дарга болтол нь төлөвшүүлж, дэвшүүлдэг зарчимтай байлаа. Өнөөдөр улс төрийн лидергүй болжээ. Эх орондоо хайртай, намаа хөгжүүлье гэж байгаа бол залуучуудаа дэмжиж, бойжуулах хэрэгтэй. Гэтэл манайд сонгуульд ялчихвал чи юү, би юү гэж “хурууддаг”, эсвэл тохиолдлын хүмүүс цойлдог дүр төрх аль ч намын хувьд түгээмэл байна. Бөхөөр бол санаандгүй түрүүлсэнтэй утга нэг юм. Намын дасгалжуулагч сайн тамирчин бэлтгэх үүрэгтэй. Гэтэл өөрөө л зүтгээд байдаг. Үнэндээ энэ нь нам, эвслийн асуудал мэт боловч угтаа бол эх орноо хайрлах сэтгэл шүү.
-Өнөөдөр монголчууд сэтгэлгээгээний доройтолд оржээ гэдэгтэй санал нийлэх үү?
-Нийгмийн сэтгэлгээ жаахан унасан нь олон талтай. Энэ талаар би нэвтрүүлэг хийх бодолтой байгаа. 1991 онд дэлгүүрийн лангуу хоосон ч хүмүүсийн нүд сэргэлэн, амьд байсан. Гэтэл өнөөдөр бүх юм бэлэн ч гэлээ нэг л дорой, бүтэхгүй зүйлийн тухай, гунигийн талаар л түрүүлж дуугарах болж. Уруу, дорой юм эрэлхийлээд эхэлбэл л нийгмийн сэтгэлгээ уначихдаг. Өөдрөг юм харах мэлмий нь багасахаар гэсэн үг. Ямар ч үед өөдрөг сайхныг илүү бодож, ярих хэрэгтэй.
-Нийгмийн уналт, доройтлыг илтгэсэн хар хэргүүд өнөөдөр олон гарч байна. Хайр элбэрэлгүй хатуу хүн олширчээ. Таны “Бодь гөрөөсний зүүд”-ийг энэрэхүйг эрэлхийлсэн бүтээл гэж тодотгодог. Өнөөдөр ийм “дэвсгэр” хүмүүст хэрэгтэй санагддаг. Уг бүтээлийг хүмүүст дэлгэцээр, тайзаар дамжуулан хүргэх сэн. Ийм бодол байна уу?
-Монголын язгуур сэтгэлгээнд тулгуурлан эцэг, эх болохын жаргал, зовлонг өгүүлэхийг хүссэн “Бодь гөрөөсний зүүд” минь Р.Чойномын “Хүн”-ий дараа орох бүтээл гэж бардам хэлнэ. Үүнийг кино, жүжиг болгох талаар одоогоор бодохгүй. Харин хэдхэн хоногийн дараа миний тухай ном маань гарах гэж байна. “Намайг тойрсон үнэн”, “Миний тойрсон үнэн” гэсэн хоёр бүлэгтэй. Өөрийнхөө тухай бичсэн юм, гэхдээ дурсамж биш. Надад үзэж, харсан зүйл зөндөө.
-Танд маш их гутарч байсан үе байдаг уу?
-Ингэж хэлж болдоггүй юм гэнэ лээ, гэхдээ бурхны авралаар гутарч явсангүй. Хүн эцэг, эхээсээ хагацах нь хэцүү боловч зовлон биш жам юм. Тухайн үедээ хэцүү, зовлонтой санагдах ч гэтлэх ёстой жам.
-Тэгвэл онгирч, сагсуурмаар үе байв уу?
-Байхгүй. Яах вэ, тухайн цаг хугацаандаа баярлах, онгирох юм байдаг л даа. Жишээ нь, “Монголын үнэртэй салхи”, “Би Монголтойгоо адилхан”, “Би Монголоороо гоёдог” цуврал, туульсын бүтээлээ сонсохоор хааяа бахархдаг. Энэ чинь миний сэтгэл юм. Э.Бадар-Ууган олимпын дэвжээн дээр миний шүлгийг уншихад бахархсан. “Миний шүлэг шүү дээ” гээд гудамжаар алхмаар санагдсан.
Амьдрал их нарийн шүү дээ. Үр дүнг нь тооцоод ирэхээр бахархал, гуниг нь тодорч ирдэг. Ухаан нь ийм юм, би ханьтайгаа хагас зууныг хамтдаа өнгөрүүлж байна. Гэтэл энэ бахархлыг би одоо л мэдэж байна. Миний бага нас, ижий хоёрыг хань минь мэднэ. Энэ бол үр дүн. Үнэлгээ нь бахархал болчихож байгаа юм.
Ярилцлагын эхэнд “Гэр бүлийн тухай сэтгүүлч болгон асуудаг учраас үүнийг “мартсан” нь дээр хэмээн найрсаг зөвлөсөн Гүрээ ах бахархлын талаар ярихдаа эхнэрээ дурдсан нь түүний сэтгэлийн чанадын тодрол буй за. Тэд 16 настай хүүхэд байхдаа л хослон амьдрахаар биесээ сонгожээ. Амьдрал зохиосныхоо үр дүнг өнөөдөр ийнхүү бахархан ярьж суугаа Ш.Гүрбазарын эхнэр А.Мөнхцэцэг “16 настайдаа хэлсэн үгнээсээ гуйвалгүй өдийг хүртэл хамтдаа явсан нь энэ хүнийг ямар эр, хэр зэрэг хань болохыг илтгэнэ” хэмээлээ. Тэд энэ өдөр нүдний шил, малгайгаараа ижилссэн нь илүү “хөөрхөн” харагдуулж байсныг яагаад ч юм бэ онцолмоор санагдав.
-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Ингэж хэлэхээр “Худлаа” гэх хүн гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол чин үнэн шүү, би Монголынхоо ирээдүйг муухай байна гэж бодохоос айдаг. Бид одоо л хичээж, зөв гольдиролдоо орохгүй бол эвгүй байна шүү. 2050 он хүртэл зүгширчихвэл алзахгүй. Би зөнч биш ч гэсэн мэдрээд байна. Монгол хүн бүрийн санаа зовох асуудал бол энэ гэж боддог. Ер нь миний насанд хүн том байшин, гоё машин, барахгүй их мөнгөний тухай боддоггүй юм байна. Үр хүүхэд, ач, зээ, хойч үе минь сайн сайхан байгаасай гэж боддог. Тэгж бодохоор эрхгүй эх орныхоо ирээдүйн талаар сэтгэлээ чилээдэг юм. Би хэнхэгтээ ингэж хэлээд байгаа юм биш, улсаа бодож зовсон сэтгэлээ өгүүлж байгаа юм. Хүн болгонд эх орноо өмөөрдөг сэтгэл байх ёстой.
-Та бүх л юманд сэтгэлээ чилээдэг, сайн талыг нь харахыг хичээдэг зантай. Энэ нь таны төрөлх араншин юм уу, эсвэл бий болгож чадсан чанар юм уу?
-ЗХУ задрахад хүртэл санаа зовоод л сууж байлаа шүү дээ. Ер нь жижиг гэлтгүй, жишээ нь сайхан байшин босгочиход хүртэл баярладаг зантай хүн. АСЕМ-ын уулзалт Монголд болж олон улсын төлөөлөгчид нутагт минь гар барилцахад ямар их баярлаж, бахархсан гэж санана. “Монголын заяа мөн сайхан юм. Бид тусгаар тогтносон улс шүү” гэж бичсэн. Ер нь бид хийж бүтээж байгаа сайн зүйлүүдийг хүлээн зөвшөөрч, дэмжиж, бахархаж чаддаг байх ёстой. Үе үеийн удирдагчдад сайн, зөв хийсэн зүйл байж л байгаа. Түүнийг нь алга ташин дэмжих ёстой. Эцэстээ тэр бүхэн нь бидний, манай хойч ирээдүйд хэрэгтэй шүү дээ. Бүр цаашлаад энэ бол эх орноо гэсэн сэтгэл. Эх оронтой хүний аз жаргал, бахархал юм. Миний нэг араншин бий, ямар ч үед бахархлын тухай ярьж, баярладаг. Аштай юу даа, гоё юм аа, энэ болж байна шүү гэхчлэн сайныг эхлээд хардаг, ярьдаг.
Тийм ээ, амны билгээс ашдын билэг гэж монголчууд ярьдаг нь учиртай. Монголдоо тамгатай, бүтээсэн хийснээрээ бахархал болсон Ш.Гүрбазарын хэлсэнчлэн улсаа удирдаж байгаа хүмүүс одоо мэргэжлийнхний, ахмадуудын, эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдог, санал бодлоо хуваалцдаг болчихвол энэ улсын хөгжил улам гэрэлтэй, ойлгомжтой болох буй за. Хүн эх оронтойгоо байхад алзахгүй гэсэн түүний үгээр ярилцлагаа өндөрлөе.
Ташрамд сонирхуулахад, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч, найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар Монголын сэтгүүлчдэд нэн хэрэгтэй нэгэн байгууллагыг “эх барихаар” ажиллаж байгааг дуулгая. Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллага байгуулах уг ажил төслийн хэмжээнд явж байгаа гэсэн. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүн болохоос эхлээд явдал ихтэй аж. Ямартай ч 40 гаруй жил Монголын сэтгүүл зүйн талбарт “тулалдсан” ахмад сэтгүүлч тэрбээр том үйл хэрэг бүтээхээр завгүй явна.