Улсынхаа дуурийн урлагийн хөгжилд өөр, өөрийнхөөрөө хувь нэмэр оруулж яваа дуурийн гоцлоочдын тухай бичих, тэдэнтэй ярилцах хэзээд сонирхолтой байдаг. Зарим үед яриан дунд нь эрхгүй өндөлзөж суудаг билээ. Сүүлийн жилүүдэд Өрнөдөд, дуурийн урлагийн орон ОХУ-д монгол дуучдын тухай яриа хөөрөө хэн хүний сонирхлыг ихэд татах болсон. Манай өнөө цагийн нэрд гарсан дуучдын багын амьдрал, дуурийн урлагт хөл тавьсан үе, туулж ирсэн замнал бүр нь сэтгэл татам. Зарим нь малын бэлчээрт радио хэмээх багшаар заалгаж дуулсаар байгаад улсын нийслэлийг зорьсон байдаг. Замын цагдаа, таксины жолооч байсан гээд нийгмийн шилжилтийн он жилүүдэд өсөж өндийн, их урлагийн замд буцалтгүй орсон залуу дуучдын түүхээр кино ч хийхээр. Тэдний нэг нь ДБЭТ-ын гоцлол дуучин, тенор хоолойт М.Даваадорж юм. Шатахуун түгээгчээр ажиллаж байхдаа, СУИС-ийн элсэлтийн шалгалт хоёр хоногийн дараа дуусна гэдгийг мэдмэгцээ үүргэвч мөрлөөд, шууданд суун Хөвсгөлөөс довтолгосоор их хотод ирж, шалгуулж тэнцээд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын отгон шавь болох хувь заяаны эзэн болсон тэрбээр ийнхүү ярьж байна.
-Та 2005 оноос өнөөг хүртэл ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. Үзэгчид таныг монгол дуурьт дуулахыг сонсох дуртай юм шиг. Танд энэ тухайд юу мэдрэгддэг вэ?
-Тэгж хэлж байсан хүн бий. Би монгол, сонгодгийн аль алинд дүр бүтээх дуртай ч Ардын жүжигчин Л.Мөрдорж болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Билэгжаргал зэрэг аялгуу тансаг бүтээлтэй хөгжмийн зохиолчдын дууриудад чин сэтгэлээсээ дуртай. Найруулагч нар ч нэг л мэдэхэд дүр оноосон байдаг. Бас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн дууриуд гоё. “Үүлэн заяа”-гийн Төмөртөр, “Гүнгэрийн гүнж”-ийн Чун Ши гээд бүтээж, үзэгчдэд хүргэсэн дүрүүдээ нэрлэж болно.
-Жамухад бас л гоё тоглодог шүү. Байгаагаасаа тэс өөр хүн болсон харагддаг.
-Ямар ч дуучин дүрд хувирахаараа өөр болдог. Цаг үе, улс орон, нийгмийн байдал, ахуй, хэрэглээнээс хамаараад бүх зүйл өөр. Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Жамуха бол миний, театрынхаа тайзан дээр бүтээсэн анхны гол дүрүүдийн нэг.
-Та намтраа товч танилцуулж, дуурийн урлагт хөл тавьсан түүхээ сонирхуулаач.
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. Аймгийн төвд өссөн. Аав Мягмарсүрэн Их-Уул сумынх, геологич. Өрмийн мастераар олон жил ажилласан. Ээжийн минь нэр Эрдэнэдалай, мөн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат. Багшийн дээд сургууль дуулаач бэлтгэдэг байх үед төгссөн дуучин. Багш нь СУИС-ийн профессор, Гавьяат багш Д.Дашима. Ангийнхнаас нь лав Пүрэвсүрэн ах манай театрт гоцлол дуучнаар олон жил ажиллалаа. Урлагийнхан дунд мэдэх нь ээжийг сайн дуучин байсан гэж ярьдаг юм. Намайг том болсон хойно, 10 настай байхад өөд болсон болохоор би ч гадарладаг. Д.Дашима багш надад нэг удаа “Ээж чинь бол “бээст” шавь минь байсан юм. Чи ч яах вэ” хэмээн хэлж инээлгэж байлаа. Ээжийг “орос”, эсвэл “катюша” Эрдэнэдалай гэдэг байсан. Сонгодог, мэргэжлийн, бас орос дуу сайн дуулдаг болохоор тэгж авгайлдаг байсан юм болов уу. Аймагтаа, орон нутагт ч тэр хаана дуулна, үзэгчид “Катюша”-г нь сонсохоос нааш тайзнаас буулгадаггүй байсан. Би аймгийн театрт өнждөг, бас хааяа ээжийг дагаж хөдөө явдаг байсан болохоор бүхнийг мэднэ. Тэр үедээ л одын хүүхэд байлаа шүү дээ (инээв). Ээж минь дээд сургуулиа төгсөөд УДБТ-т дуучнаар ажиллана гэсэн төлөвлөгөөтэй, мэргэжлийнхний дунд ч тийм хүлээлт байсан юм билээ. Гэсэн ч амьдралын шаардлагаар нутагтаа ажиллаж, амьдрах болсон. Аймгийнхаа Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байхдаа 1996 онд “Учиртай гурван толгой” дуурийн дүрд хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцсон жилээ бурхан болсон юм. Түүнээс хойш бид аавтайгаа амьдарсан. Ялангуяа би ааваас холдож үзэлгүй дунд сургуулиа дүүргэсэн.
-Багадаа дуулдаг байв уу?
-Тавдугаар ангиас эхэлж дуулсан. Тухайн үеийн хүүхдүүд дууны ямар уралдаанд оролцож ирсэн, бүгдийг гүйцээсэн дээ. Шагнал, медаль нэлээд хүртсэн. Дуучин удмынх юм болов уу цаанаасаа л дуулах дуртай. Аймагтаа дунд сургууль төгссөн тэр жил СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь ирээгүй юм. Тэгэхээр нь өөр сургуулийн тухай бодсон ч үгүй, шууд ажил хийж эхэлсэн. Манай аймгийн, аав, ээжийг минь таньдаг хүмүүс надад их сайн. “Орос”, “катюша” Эрдэнэдалайн хүү гээд болж л өгвөл туслахыг боддог юм. Юу хэрэгтэй байна л гэнэ. Тийм хүмүүсийн нэг нь “Нэмэн” компанийн захирал ах. Тэр ах намайг шатахуун түгээгчээр ажиллаж болно гэхээр нь эргэлзэлгүй зөвшөөрсөн юм. Машин үргэлж ирээд байхгүй тул хүлээнгээ зурагт, FM-ээр дуу сонсож өнжинө. Тухайн үед П.Ганбат гавьяат миний шүтээн байлаа. Бас У.Далантай ахын дуулахыг их анхааралтай сонсдог байв. Санаа нь бол Ганбат гуай шиг дуучин болох. Гэтэл СУИС-д шалгуулахаар ирээд байхдаа би түүнийх шиг хоолойтой биш юм байна гэдгээ ойлгосон л доо. 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр манай арван жилийнхэн цуглачихсан байх үед би нөгөө ангийн, одоо жүжигчин, “Долоон бурхан харвадаггүй” киноны залуу Чойбалсангийн дүрд тоглодог Бямбасүрэнгээс СУИС-ийн элсэлтийн шалгалт хоёр хоногийн дараа дуусах гэж байгааг мэдээд, шууд машинд сууж, шөнөжин явж хот руу ирж байлаа. Аав хөдөө явчихсан байсан юм. Бичиг үлдээгээд, үүргэвч үүрээд гараад ирсэн. Улаанбаатарт гурав дахиа ирж байгаа, СУИС хаана байдгийг мэдэхгүй нөхөр Ганбат гавьяат шиг дуучин болно гээд “Фургон”-оос бууж байлаа.
-Зоригтой, зорилготой ч байж.
-Одоо бодоход, тэр үед тэгж шийдээгүй бол байдал хаашаа эргэх байсан юм, бүү мэд. Найзынхаа зааж өгснөөр сургуулиа олоод ирсэн. Шалгалт авч байгаа ангиудын хаалганы гаднаас чихээ нааж сонссоор байгаад, дотор нь юу болж байгааг мэдээд авлаа. Тэгэхэд өөрийгөө Ганбат гуай шиг дуучин болох боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаар шатанд шалгуулаад гарахад багш нарын дунд миний тухай “Дуучны хүүхэд юм билээ” гэсэн яриа гарчихсан байсан гэсэн. “Хэн багшийн шавь болмоор байна” гэж асуухад нэг л мэдэхэд “Хайдав” гэж,их л том дуугарсан гэж байгаа. Ингэж будилж байж оюутан болсон доо.
-Танай анги сайн оюутнуудаар “хахаж” байсан юм байна шүү дээ.
-Тийм ээ. Э.Амартүвшин, Г.Шижирболд, Алтанхуяг гээд нэрлээд байвал өнөө цагийн шилдэг нь олон. Гэхдээ оюутан байхад сурлага янз янз байсан. Э.Амартүвшин л хэзээд онц авдаг байлаа. Би үргэлж онц авч байгаагүй ч Дуурийн театрт шалгуулах залуусын эгнээнд багтсандаа баярладаг юм. Эхлээд найрал дууны ангид хэсэг ажиллалаа. Тэр үед хэзээ гол дүр бүтээхээ мэдэхгүй ч, бэлтгэлтэй байя гээд нэг бус дуурийн гол дүр дээр ажиллаж байсан минь хэрэг болсон. Багш нар, найруулагчид дуучдад бүгдэд нь “Ер нь бэлдэж байх хэрэгтэй шүү” гэдэг байсан юм. Ингээд удалгүй гоцлол дуучин болсон доо.
-Дэлхийн сонгодгуудаас алинд нь ямар дүр бүтээсэн бэ?
-Ж.Вердийн “Риголетто” дуурийн Мантуанский гүн, мөн түүний “Травиата”-гийн Гастон, “Трубадур”-ын Руис, “Аида”-гийн элч, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Горо, “Тоска”-гийн Сполетта, “Богема”-гийн Парпиньол, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ы Трике, Ж.Бизегийн “Кармен”-ы Ремендадо, Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур”-ын Норманн, В.А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн Тамино ханхүү, А.Бородины “Игорь ван”-ы Владимир, Ж.Россинийн “Севилийн үсчин”-ий Альмавива гүн, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Айзенштайн гэсэн дүрд одоогоор тоглоод байна.
-Мөрөөдлөө биелүүлж яваа юм байна. Гадаад улс оронд ажиллав уу?
-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ж.Вердийн “Реквием”-д, дараа нь 2017 онд БНСУ-ын Дэжон хотын дуурийн театрт Ж.Бизегийн “Кармен” дуурийн Ремендадын дүрд дуулсан.
-Ойрын ирээдүйн төлөвлөгөөг нь сонирхож болох уу. Аль дуурийн ямар дүрд хувирах бол?
-Одоогоор яг тэр гээд хэлчих аргагүй байна. Манай театраас тоглолтын хөтөлбөрийг гурван сараар гаргасан. Тэгэхээр ойрын гурван сард юу хийх нь тодорхой болохоос цаашид яах нь хараахан мэдэгдэхгүй байна. Өмнө нь тоглолтын хөтөлбөрийг жилээр гаргадаг байхад хэзээ, юу хийхээ, ямар дүрд өөрсдийгөө эртнээс бэлдэж байхаа мэддэг, амар байсан юм. Цагийн байдал тогтворгүйгээс ийм хуваарь гаргасан гэж захиргаанаас тайлбарласныг ойлгож байгаа ч уран бүтээлчид нэг л идэвхгүй болчихлоо. Дандаа ийм байхгүй байх л даа. Цар тахлаас болоод маш удаан хугацаанд ажилгүй юм шиг байсан. Хөл хорио тавигдсан болохоор сонгодог гоё гоё бүтээлүүдээр амьсгалаад, өмнөх шигээ шижигнүүлээд өгнө дөө гэж бодтол байдал нэгэн хэвийн дүнсгэр ч юм шиг хэвээр байх нь таатай биш юм. Ганцхан надад тэгж санагдаад байна уу гэтэл, үгүй. Манай дуучид адилхан бодолтой байгаа юм билээ. Дуурийн дуучдын хүсэл, тэмүүлэл бол сонгодог бүтээл.
-Бөхөөр бол дэлхийн дэвжээнд барилдах уу?
-Яг тийм. Ийм оргилсон их хүслээр ангаж, цангаж байна даа, дуурийн дуучид. Цар тахал намдах, эсэхийг хэн ч мэдэхгүй нь. Гэхдээ түүнээс хамаарч уран бүтээлийнхээ чанар, чансааг унагахгүй ажиллах сан гэж л бодож байна. Бидний үед Монголын дуурь унасан, нурсан гэж хойч үедээ хэлүүлэхийг хэн ч хүсэхгүй.
Би энэ өдөр нэгэн онцгой хүнд баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. Тэр бол миний ээжтэй адилЭрдэнэдалай гэдэг нэртэй, найзын минь ээж юм. Тавдугаар ангид байхаас надад санаа тавьж, өөрийн хүү шиг хайрлаж өдий хүрсэн ачтай эгч. Одоо нутагтаа үр хүүхэд, ач, зээ нартайгаа сайхан амьдарч байгаа. Би эгчийгээ “хэцүү нэрт” гэдэг юм. Бас аавдаа хүүгийнхээ дуучин болох хүслийг бүх талаар дэмжиж байсанд баярлаж явдгаа олон удаа хэлж байгаагүй. Аавдаа, гэрийнхэндээ бүгдэд нь баярлалаа.