Байгальд ээлтэй , тогтвортой хувцаслалтын чиг хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж буй И.Урангоог онцолж байна. Тэрбээр “Urangoo ider” брэндийн үүсгэн байгуулагч, имижмакэр , дизайнер юм.
-Дизайнер бүр өөрийн онцлогтой. Таны бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Байгальд ээлтэй хувцас загвар , бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг. Мөн хувь хүний давтагдашгүй дүр төрхийг нээн илрүүлж илүү хүнрүүгээ хандсан хувцас загварыг хөгжүүлэхийг боддог.
- Байгальд ээлтэй бүтээдэхүүн гэж яг ямар хувцсыг хэлэх вэ?
-Маш олон талаас нь бодож боловсруулалт хийсний дараа байгальд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн бий болдог. Үүнийг хийхийн тулд маш олон зүйлийг бодож төлөвлөдөг. Хувцас загвар гэдэг маш хурдацтай хөгжиж байгаа урлаг. Тиймээс тэр олон загварын хувцасыг хог хаягдал болгохгүйн тулд илүү ихийг хуваалцаж, хийхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хувцас загварыг цаашид зөвөөр хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна даа.
Анхны загварууд 2010 он
-Байгальд ээлтэй хувцсыг ихэвчлэн ямар материалаар хийдэг вэ ?
-Хувцас хийх материалыг маш ихээр үйлдвэрлэж байна. Бүр юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хэтэрхий их үйлдвэрлэл. Харин байгальд ээлтэй хувцасыг ерөнхийдөө бол амьтны болон ургамлын гаралтай материалаар хийдэг гэж хэлж болно. Энэ нь дотроо олон задарч маш олон төрөл байдаг. Монголын нөхцөлд ямар материалыг илүү ойр ашиглаж болох вэ гэдгээс л эхлэх юм. Энэ нь байгальд хурдан шингэдэг материалыг сонгож хувцас хийнэ гэсэн үг.
-Амьтны гаралтай материал нь байгальд шингэдэг учраас эко гэж үздэг. Тэгвэл Монголын нөхцөлд арьс шир, ноос ноолуураар эко бүтээгдэхүүн хийх боломж хэр байдаг бол ?
-Арьс шир , ноос ноолуур боловсруулахдаа ашигласан усаа дахин цэвэршүүлээд дахин ашигладаг технолги нэвтрүүлмээр байна. Өөрөөр хэлбэл, байгальд аль болох хор хөнөөлгүй байх хэрэгтэй. Будсан будаг нь хүртэл ургамлын гаралтай байна гэх мэт олон шаардлага байна л даа. Тиймээс Монголд хийж байгаа материалуудаа илүү байгальд ээлтэй болгох нь жинхэнэ утгаараа нийцэж байгаа юм. Монголын зах зээлд ноос ноолуур, арьс ширээ илүү боловсронгуй болгож хөгжүүлвэл дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бололцоо бүрэн бий.
Өөдөс ашиглан хийсэн загварууд, хувирдаг загвар
-Сүүлийн үед хүмүүс хувцаслалт гадаад дүр төрх дээрээ илүү анхаардаг болжээ. Тэгвэл өөрт тохирсон стиль, имиджээ яаж олох вэ ? Энэ талаар зөвлөгөө өгөөч
-Хамгийн гол нь өөрт тохирсон имиджээ зөв , өөртөө тохирсоноор бүрдүүлэх нь чухал. Мөн хувцасаар хүчтэй харагдаж нөлөөлөл үзүүлж болох хувилбар ч байна. Тэгэхээр өөрт тохирох гадаад дүр төрхийг бүрдүүлэхийн тулд эрэл хайгуулд гарах хэрэгтэй. Мөн үүнийг сонирхож эхлэнэ гэдэг нь хийхийн анхны алхам юм. Олон шат дараалалаар тодорхой мэргэжлийн техникүүдийн тусламжтайгаар тодорхойлж өөрт тань тохирох имиджээ бүрдүүлнэ гэсэн үг. Мөн хүн болгонд өөрт нь тохирсон хувцаслалтын жор гэж байдаг. Үүнийг л нээж илрүүлнэ. Энэ тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авбал цаг хугацаа хэмнэх боломжтой . Тэр тийм хувцас өмссөн байна , ийм зүйл мода болж байна гэж даган дуурайх тухай ойлголтоос асар холоор алхана.
-Танд миний стиль имиджийг бүрдүүлээд өгөөчөө гэсэн хүсэлт хэр их ирдэг үү?
-Манайх стиль имиджийг нь тодорхойлж, бүрдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тухай хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгч стиль, имижд дээр түлхүү ажилладаг. Мөн сургалтуудыг зохион байгуулдаг юм.
-Зөвлөгөө авсан хүмүүс тань өөрт тохирсон хувцсаа өмсөөд өөртөө итгэлтэй алхахыг хараад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бидний хамтын ажил үр дүнгээ өгсөнийг харж болох хувилбар нь тэр хүн хэрхэн өөртөө илүү итгэлтэй , тухтай харагдаж байгаагаар ажиглагддаг. Өөрөө өөрчлөгдөж чадсан хүн эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөх боломжтой шүү дээ. Тиймээс тэднийг хараад баярладаг.
Надад ийм төрлийн хувцас илүү тохиромжтой юм байна гэдгээ мэдсэн хүн аливаа зүйлийг илүү хялбараар хардаг болчихдог. Яагаад гэвэл гадаад төрхөндөө хялбархан санаа тавиад гоё харагдаж чадахаас гадна , хувцасны худалдан авалтын сонголтоо хийхэд илүү амархан болдог.
-Хувцас бол хэрэглээ. Гэхдээ нөгөө талаасаа өмсөж байгаа хувцсаараа дамжуулж юуг илэрхийлэх боломжтой вэ ?
-Хувцаслалтаар хувь хүн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой. Мөн нийгэмд ямар дуу хоолой хүргэх гэж байгаагаа стиль имиджээрээ илэрхийлж болно.
-Та хамгийн сүүлд ямар коллекц гаргав?
-Байгальд ээлтэй хувцас гэж ямар хувцас байж болох вэ гэдгийг алхам алхамаар ахиулахыг хичээж олон янзаар туршиж үздэг. Энэ удаад олон туршилтуудаа нэгтгээд удаан бодсоны эцэст “Хувирдаг” хувцасны коллекцээ 2020 онд гаргасан. Энэ нь нэг хувцсыг 25 хувиргаж өмсөх шийдэл юм. Нэг хүн 25 хувцасны оронд нэг хувцасыг 25 хувиргаж өмсвөл ямар вэ гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Энэ нь эргээд байгальд ээлтэй гэдэг миний хүмүүст өгөх гол санаа юм.
-Дизайнер хүн хувцасныхаа загварыг эхлээд цаасан дээр буулгаж, дараагаар нь бодит болгодог. Бага байхдаа зураг зурах дуртай хүүхэд байв уу?
-Бага байхдаа хүн өөрийнхөө юунд дуртайгаа тоглоомоороо дамжуулж илэрхийлдэг юм шиг санагддаг. Би бага даа ээжийнхээ хувцсыг хүүхдүүдэд өмсүүлээд загвар өмсүүлж тоглодог байсан. Мөн зураг зурах дуртай хүүхэд байв. Тэгээд зурагтай холбоотой ямар мэргэжил байж болох вэ гэж бодоод дизайнерын мэргэжил сонгосон юм.
-Ярилцсанд баярлалаа