Гадаадын иргэд ямар ч хяналтгүйгээр олноороо орж ирж буй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, “Монгол Улсад харийн маш олон хүн хотхон байгуулж амьдарч байгаа” хэмээн УИХ-ын гишүүн нь чуулганы танхимд ярьж суугаа. Хэдхэн хоногийн өмнө цагдаагийн дэд хурандаа цолтой хүн “Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авч байсан, хариуцсан албаных нь хүн бусдаас мөнгө авч, виз гаргаж өгнө, гадаадын иргэдийг албадан гаргахаас чөлөөлж өгнө хэмээн амлаж мөнгө авахыг завдсан үйлдэл ч тогтоогдоод буй.
Түүнчлэн манай хууль сахиулагчдыг аргалж өгнө хэмээн гадаадын иргэд бие биенээсээ мөнгө авч, улмаар албадан гаргахаар очсон хууль сахиулагчдад 3.5 сая төгрөг өгөхийг завдсаныг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын ажилтнууд үйлдэл дээр нь баримтжуулсан гэнэ.
Нутаг нэгтнээ залилсан хэрэгт шийтгүүлж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны долдугаар сард нэг жил тэнсэн харгалзах болсон БНХАУ-ын иргэн Чинг Хайлианг гэх эрийн ял эдлэх хугацаа нь дууссан учир хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн аж. Улмаар тусгай үүргийн онгоцоор явуулахаар дуудтал “Танай хүмүүсийг аргалчихсан, он гартал Монголд байна. Одоогоор би одоо хөдөө явна. Хөдөө хаана гэдгээ мэдэхгүй байна” хэмээн нэгэн өвөрлөгч залуугаар дамжуулан ярьжээ. ГИХГ-ын Хяналт, шалгалтын газрынхан ямар нэг аргаар Чинг Хайлианыг дуудаж уулзахаар болсон бөгөөд “Богд-Ар” хороолол дахь нэгэн зоогийн газрын тусгай өрөөнд орчуулагч өвөрмонгол залуугийн хамт сууж байхад нь ороход бэлнээр 3.5 сая төгрөг гарган хахууль өгөхийг завдсан байна. Гэвч ГИХГ-ын ажилтнууд түүнийг орчуулагчийн хамт саатуулан, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ. Шалгалтын явцад өвөрлөгч эр Монгол Улсын хууль, тогтоомж зөрчсөн, жагсаал цуглаанд оролцож явсан нэгэн гэдэг нь тогтоогджээ.
Эдгээрээс гадна өнгөрсөн долоо хоногт ГИХГ-ын Хяналт, шалгалтын газраас вьетнам засварын газруудад шалгалт хийхэд хөрөнгө оруулагч нэртэй ч хаана ямар аж ахуйн нэгжид хөрөнгө оруулснаа, хэчнээн гараашид авто засварын газар ажиллуулдгаа мэдэхгүй “хөрөнгө оруулагч” нар олноороо ажиллаж байсныг илрүүлээд буй юм.
Эдгээр асуудалтай холбогдуулан ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, тус газрын Хяналт, шалгалтын газрын дарга Х.Бэхбат нар мэдээлэл хийв. Түүний дараа Н.Ууганбаяр даргаас зарим мэдээллийг тодрууллаа.
-Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд гадаадын иргэд, тэр дундаа хятадууд хяналтгүйгээр орж ирж байна хэмээн бичлэг, зурагтай нь нийтлээд байгаа. Өнөөдөр манай улсад гадаадын хэчнээн иргэн орж ирж, ажиллаж, амьдарч байна вэ?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 13 715 иргэн амьдарч байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувьтай тэнцүү байж болно” гэж заасан байдаг. Үүний дотор нэг улсын иргэн нэг хувийг эзэлж болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амыг 3.3 сая гэж тооцвол манай улсад гадаадын 98 000 орчим иргэн байж болно гэсэн үг. Гэхдээ энэ тоонд хэзээ ч хүрч байгаагүй. 2019 оны байдлаар гадаадын 22 000 орчим хүн оршин сууж байсан. 2018 онд 23 000, энэ онд 13 715 байна. Энэ нь өмнөх онуудынхаас 40-өөд хувиар буурсан гэсэн үг. Хяналтгүйгээр бөөнөөр орж ирлээ гээд байгаа нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл. Коронавирусийн цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадын иргэд зөвхөн хөдөлмөр эрхлэх гэж л орж ирж байна.
-Аль улсын иргэн олон байгаа юм бол?
-Голлох таван орны тоог дурдъя. ОХУ-ын 980, БНСУ-ын 1000, Казахстаны 77, АНУ-ын 1609, БНХАУ-ын 5000 орчим иргэн амьдарч байна. 8000 гаруй нь бусад улс орных.
-Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед нэр бүхий гишүүн “Зуун айл” орчмын хороолол “Чайна таун” боллоо, энд хууль үйлчлэхгүй байна гэж шүүмжилсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “10 гаруй жил Монголд амьдарчихсан, огт цалин авдаггүй, байгууллагын жижүүр, манаач хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Энэ хүмүүсийг албадан гаргах ажиллагаа хийж байгаа. Засварын газар ажиллуулдаг вьетнам иргэдэд хөрөнгө оруулагчийн виз олгосон байсан” гэсэн шүү дээ. Үнэхээр ийм явдал тогтоогдсон юм уу?
-Манай улсад Вьетнамын 306 иргэн амьдарч байгаагийн 206 нь хөдөлмөр эрхлэгч ангиллын виз авч орж ирээд түүнийхээ дагуу ажиллаж байна. Харин 45 нь зориулалтын бус буюу хөдөлмөр эрхлэгчийн визээ хөрөнгө оруулагчийнх болгож солиулан хууль зөрчин амьдарч байсныг тогтоосон. Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагч гэдэг нь хуулийн этгээдийн нийт хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байхыг шаарддаг. Гэтэл эдгээр вьетнамчууд Монгол Улсад хөрөнгө оруулаагүй, өөрсдийн нэр дээр болон аж ахуйн нэгждээ бүртгэлтэй хөрөнгө байхгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй, огт ажилладаггүй хүмүүсийн нэрээр даатгал төлж байсан мэтээр баримт бүрдүүлсэн, оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсныг тогтоогоод байна. Хэрэв энэ 45 хүн хөдөлмөр эрхлэх визийнхээ дагуу ажиллаж байсан бол ажлын байрны төлбөр гэж нэг тэрбум орчим төгрөг улсын төсөвт тушаах ёстой байв. Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 840 000 төгрөг Монгол Улсын төсөвт тушаах ёстой гэдгээс зайлсхийсэн. Энэ 45 хүнээс 32-ынх нь визийг хүчингүй болгож байна. Тэдэнд хоёр л сонголт бий. Албадан гаргах юм уу, эсвэл ажлын байрны төлбөрөө төлж, хөдөлмөр эрхлэх виз авч хуулийн дагуу ажиллаж, амьдрах сонголт л тэдэнд бий. ГИХГ-аас Монголд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дунд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт тогтмол хийж, зөрчил гаргасан иргэдийг албадан гаргасаар байгаа. Тухайлбал, 2020 оны эхний найман сарын байдлаар 127 иргэнийг албадан гаргасан. Хэдийгээр хил хаалттай ч албадан гаргах ажиллагаа зохион байгуулсаар байна. Одоо 48 хүнийг нутагт нь буцаахаар бэлтгэлээ хангасан. Үүний өмнө БНСУ, БНХАУ-ын тус бүр хоёр, Филиппиний нэг хүнийг нутаг буцаалаа.
“Зуун айл” орчмын бүс хятад хороолол болсон зүйл байхгүй. Газар дээр нь очиж шалгалт хийхэд тэнд байгаа хүмүүс зөвшөөрөлтэй, цагаачлан амьдарч байгаа, Монголд төрж, өссөн иргэд байдаг. Тэд хэлний мэдлэг зэргээсээ шалтгаалж өөрсдийн улсын иргэдтэй хамтран ажиллах, аж ахуйн нэгж үүсгэсэн нь гаднаас харахад нэг улсын олон иргэн байгаа юм шиг харагдаж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний хувьд гадаадын иргэдэд зөвхөн монгол хүнтэй хамтарч бизнес эрхэл, аж ахуйн нэгж байгуул гэсэн шаардлага тавих эрх зүйн зохицуулалт байхгүй. Манай газраас гадаадын иргэд визийн зөрчилтэй, эсэх, хуулийн дагуу ажиллаж, амьдарч байгаа, үгүй, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд байна уу гэдэгт байнга хяналт тавьдаг.
-Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт тогтмол хийдэг гэж байна. Энэ хугацаанд Монгол Улсад олон жил хууль бусаар амьдарсан харийн хүмүүсийг олж тогтоосон гэсэн байх аа?
-Тийм ээ. Ямар нэгэн бичиг баримтгүй, 2004 оноос хойш хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэнийг олж тогтоосон. Тэдний нэг нь “Эмээлт” зэрэг өмнөд хөршийн аж ахуйн нэгж олон байдаг газарт манаач, сахиул, ачигч зэрэг ажил хийж, монгол эмэгтэйтэй хамт амьдарч, үр хүүхэдтэй болсон явдал ч тогтоогдоод байна. Мөн 1996 оноос хойш хууль бусаар, ямар ч бичиг баримтгүй амьдарч байсан хуучнаар Югославын нэг иргэнийг олж, хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон.
-Хэдхэн хоногийн өмнө ГИХГ-ын нэг ажилтан бусдаас хахууль авахаар тохиролцсоныг танай Дотоод хяналт, шалгалтын албаныхан илрүүлсэн байсан. Түүнд хариуцлага тооцсон уу. Гадаадын иргэдээс танай ажилтнуудад хахууль өгөхийг завдсан тохиолдол олон гардаг уу?
-Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй холбоо тогтоож, тэднээр дамжуулан хууль бус үйлдэл гаргах зэрэг зөрчил гарсан. ГИХГ-аас дотооддоо хяналт, шалгалт хийж, нэг ажилтан гадаадын иргэнд хууль бус зөвлөгөө өгч, бусдаас хахууль авахаар төлөвлөсөн байсныг илрүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
Манай газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн шалгалтын үеэр БНХАУ-ын иргэн 3.5 сая төгрөгийн хахууль өгөхийг санал болгож, албадан гаргахаас зайлсхийхийг оролдлоо. Тухайн иргэн өмнө нь нутгийнхаа иргэнийг залилсан хэрэгт ял шийтгүүлж, Монголд оршин суухын тулд ийм зүйл хийхийг завдаад баригдсан. ГИХГ-ын алба хаагчид бид Монгол Улсад аялах, ажиллах, бизнес эрхлэхээр хуулийн дагуу виз авч орж ирж байгаа гадаадын иргэдэд тусалж дэмжин хамтарч ажиллах болно. Харин хуулийн зөрчил гаргасан, визийн ангиллаа зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцно.