Б.МӨНХЗОРИГ: “Монголын агнуурын загас” холбооны биологич
Х.БАТЗУЛ: “Чулуут тул-2030” төслийг санаачлагч
Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ховор, нэн ховор амьтад сүүлийн жилүүдэд устах эрсдэлд ороод буй. Монгол орны бахархал болсон мазаалай, хандгай, тул, хавтгай, цоохор ирвэс зэрэг амьтан үүний бодит жишээ болж байгаа билээ. Усны ховор амьтдын томоохон төлөөлөл болох тул загасны амьдрах орчин, хамгаалах нөхцөл, үржүүлгийн талаар “Чулуут тул-2030” төслийг санаачлагч Х.Батзул, биологич Б.Мөнхзориг нартай ярилцлаа.
-Тулын амьдрах орчныг сайжруулж, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор “Чулуут тул-2030” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийнхөө талаар танилцуулаач.
-Х.Батзул: Малчин малаа, тариачин тариагаа хамгаалдаг шиг загасчин загасаа хамгаалах ёстой. Тиймээс загасчлах сонирхолтой залуус нэгдэж “Монголын агнуурын загас” холбоотой хамтран “Чулуут тул-2030” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тулын амьдрах орчныг сайжруулж, тоо толгойг нь хамгаалах зорилгоор Чулуут голд судалгаа хийж, төслөө эхлүүлсэн юм. 2030 он гэхэд Чулуут голын тул болон бусад загас хүний нөлөөгүйгээр, бие даан өсөх чадвартай болно гэж бид үзэж байгаа.
-Манай улсад хууль бус агнуур, тэр дундаа ховор амьтан хөнөөх нь гаарсан. Хуурай газрынхаас гадна усны амьтад ч энэ төрлийн агнуурт их өртдөг. “Устаж болзошгүй” зүйлд хамаарах болсон тулын тоо толгой өдгөө ямар байна вэ?
-Б.Мөнхзориг: Монгол орны нуур, гол мөрнийг Хойд мөсөн болон Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй хэмээх гурван ай савд хуваадаг. Энэ гурван ай савд найман багийн 15 овог, 47 төрөлд хамаарах 79 зүйлийн загас амьдардаг бөгөөд 39 нь агнуурын ач холбогдолтой. Үүнээс зургаан зүйл нь Монголын Улаан номд орсон. Шивэр болон Амарын хилэм, тул, зантаахай, шаргал үхэрдэй, омуль зэрэг нь энэ зүйлд хамаарна. Тэдний дундаас загасчдын хамгийн их сонирхдог тулыг хамгаалах, бусад том биетэй загасны тоо толгойг бууруулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. 10 орчим жилийн өмнө Чулуут голд агнуурын загас элбэг, амьдрах орчин доройтоогүй байсан бол өдгөө нөөц нь ихээр багасжээ. Хүний буруутай үйл ажиллагаа болон цаг уурын өөрчлөлтөөс үүдэн загасны амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож, агнуурын ач холбогдолтой, тэр дундаа тул загасны тоо эрс багассан. Хэдэн жилийн өмнө Чулуут руу цутгадаг Алтаадын гол шавраар үерлэсэн гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Үүнээс үүдэн эл голд нутагладаг 12 төрөл, зүйл загасны тоо ихээхэн цөөрсөн гэдэг. Гэвч агнуурын загасны тоо буурахад хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл бол загасчлал юм. Монгол орны уур амьсгал олон жилийн дунджаас хоёр градусаар дулаарсан гэж судлаачид үздэг. Энэ нь ч мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, амьдрах орчин нь бохирдож, тоо толгой цөөрөх болсон нь хүнээс шууд хамааралтай гэсэн үг. Одоогоор манай оронд хэчнээн тул үлдсэнийг тогтоох боломжгүй.
Х.Батзул
-Тоо толгой буурахад агнахаас гадна өөр ямар хүчин зүйл нөлөөлөв?
-Б.М: Амьдрах орчин бохирдох, цутгал голуудын усны түвшин багасах, идэш тэжээл хомсдох гээд олон хүчин зүйл бий. Уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгой ихэссэнээс болж органик бохирдол үүсэж байна. Үүнээс үүдэн хөх, ногоон замгийн тархалт Чулуут голд нэмэгдсэн нь ажиглагдсан. Энэ замаг усны хүчилтөрөгчийг өөртөө шингээж жижиг жараахай, холимог идэшт зэвэг, хадран, шивэр сугас хорогдоход ихээхэн нөлөөлж байна. Бид замгаас дээж авч шинжилгээнд өгсөн.
-Тулын амьдрах орчин, идэш тэжээлийг хамгаалах, агнуурын загасны тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд шөвгөр хоншоорт зэвэг, шивэр хадранг зориудаар үржүүлж буй нь ямар ач холбогдолтой вэ?
-Б.М: Биологийн шинжлэх ухаанд шүхэр зүйл гэх ойлголт бий. Энэ нь тухайн амьтныг төлөөлөл болгон, түүний идээшилдэг газарт амьдардаг бусад төрөл, зүйлийг хамгаалах явц юм. Өөрөөр хэлбэл, тулыг шүхэр зүйлээр сонгон агнуурын болон агнуурын бус загасны амьдрах орчныг хамгаалах, үржүүлэх зорилготой гэсэн үг.
Дэлхийн хамгийн том буюу 2.2 метрийн урттай тулыг ОХУ-аас барьж байсан удаатай. Харин манай оронд 1.8 метрийн урттай бүртгэгдэж байв. Загас нэг удаад өөрийн биеийн хэмжээний 60 хувьтай тэнцэхүйц хоол иддэг. Усны амьтдаас гадна мандал дээрээс дэгдээхий, хулгана, зурам агнадаг. Тулын идэш, тэжээлийг бэлдэх зорилгоор шөвгөр хоншоорт зэвэг, хадрангийн жарамгайг үржүүлж, Чулуут голд нутагшуулж байна. Эдгээр нь 3-4 жилийн дотор нас бие гүйцэж, 40-50 сантиметр урт болдог. Идэш тэжээлийг нь бэлтгэж энэ мэтчилэн амьдрах орчныг нь сайжруулж байж тулын тоо толгойг хамгаалах боломжтой.
-Одоогоор хэчнээн жарамгайг Чулуут голд нутагшуулав?
-Х.Б: Архангай аймгийн Алтаадын голын Борын хоолойд байрлах манай лабораторид 1.8 тоннын багтаамжтай ган танк (загас үржүүлэх тусгай зориулалтын сав) хоёр, хулдын овгийн загасны түрс өсгөвөрлөх инкубаци (бойжуулагч сав) дөрөв, эх сүрэг байршуулах бассейн гурав, 100-1000 дахин өсгөх хүчин чадалтай гэрлийн микроскоп зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бий. Эдгээр нь шөвгөр хоншоорт зэвэг, шивэр хадрангийн 2.5-3 см урт, 350 000 жарамгайг бойжуулах хүчин чадалтай. 2019 онд зэвгийн 197 945, хадрангийн 32 055 жараахайг тэнд нутагшуулсан. Энэ онд хадрангийн 120 000, зэвгийн 380 000 жараахай тавилаа.
-Төслийнхөн өнгөрсөн оны судалгааны үр дүнгээ БОАЖЯ-нд танилцуулсан байна лээ. Холбогдох албаныхан загасны тоог нэмэгдүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Х.Б: Төслийн үр дүн хараахан гараагүй байна. Төлөрхөг чанараас нь хамаарч зэвэг, хадрангийн тоо толгой өссөн, эсэхийг багадаа дөрөв, ихдээ зургаан жилийн дараа мэдэх боломжтой. Төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн гэхээр 3-4 жилийн дараа үр дүн нь харагдана гэсэн үг. Хэрэв энэ хугацаанд Чулуут голын загасны тоо нэмэгдэж, үр дүнгээ өгвөл БОАЖЯ-ныхан энэ талаар анхаарч ажиллах байх. Загас нь хомсдож, амьдрах орчин нь бохирдсон олон голыг сайжруулахад анхаарал тавина гэж найдаж байна.
-Загас агнахыг хуулиар хориглосон хугацаа гэж бий. Үүнээс гадна загасны тоог нэмэгдүүлэхэд хуулийн дэмжлэг хэрэгтэй юү?
-Б.М: Буйр нуурынхыг жил бүрийн тавдугаар сарын дундаас наймдугаар сар, Дархадын цагаан загасыг наймдугаар сараас аравдугаар сарын сүүл үе, омулийг наймдугаар сарын сүүлээс аравдугаар сар дуустал, Алтайн сугасыг зургадугаар сарын дундаас наймдугаар сар хүртэл барихыг хориглосон бол бусдыг нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл агнадаггүй.
Загас бүрийн үржлийн онцлогоос хамаарч ийн хориглосон нь сайн хэрэг. Хэрэв загасчид энэ хугацаанд агнахгүй байвал тодорхой хэмжээнд тоо толгой нь нэмэгдэх боломжтой. Харамсалтай нь, иргэд энэ хуулийн заалтыг дагаж, мөрддөггүй. Үүнээс гадна загасны ичээ цоолохгүй байх заалт бий. Туулах чадвар өндөртэй машин, тоног төхөөрөмж ашиглан загасчлах болсноор энэ заалтыг зөрчих тохиолдол ихэссэн. Энд тэндгүй мөс өрөмдөж, ичээ цоолсноор тоо толгой нь цөөрч байна. Мөн худал мэдээлэл түгээх тохиолдол нэмэгджээ. Жишээлбэл, загасыг үржлийнх нь үед агнахгүй байвал 20 хувиар нэмэгддэг гэдэг. Хэрэв зохиомол аргаар, мэргэжлийн түвшинд загас үржүүлбэл нийт жарамгайн 20 хувь нь бие даан амьдрах чадвартай болдог. Харин байгальд жарамгайн нэг хувь нь л амьд үлддэг.
Б.Мөнхзориг
-Загас үржүүлэх мэргэжилтний хүрэлцээ ямар байна вэ?
-Х.Б: ХААИС 2002 оноос загас үржүүлэгч, технологич мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн цөөн оюутан төгсгөдөг. Чулуут 415 км үргэлжилдэг томоохон гол бөгөөд үржүүлж буй загасны тоо нэмэгдлээ гэхэд хяналт тавих, судалгаа хийх хүн хүч дутмаг.
-Сүүлийн жилүүдэд ховор амьтад, тэдгээрийн онцлогийг олон нийтэд таниулах янз бүрийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийнхэн зохион байгуулах болсон. Гэвч усны амьтдын төрөл, зүйлийг таньж, хамгаалахдаа манайхан маруухан гэхэд хилсдэхгүй. Энэ талаар судлаач хүнийхээ хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Б.М: Хөхтөн, шувуу зэрэг амьтдыг бодвол усных нь хүний нүдэнд тэр бүр үзэгдээд байдаггүй. Мазаалай, цоохор ирвэстэй харьцуулахад загасны төрөл, зүйлийг иргэд бага мэддэг. Өөрөөр хэлбэл, загасчлах дуртай, сонирхолтой хүмүүс л тэдгээрийг таньдаг гэж ойлгож болно. Тиймээс хойч үеийнхэндээ ховордсон төрөл, зүйлийн загасыг таниулахад анхаарах шаардлага бий. Мөн загасчлах сонирхолтой иргэд ховор төрөл, зүйлээ ялгаж мэдэхгүйгээс болж агнах тохиолдол ч цөөнгүй.
-Хүмүүс ховор төрөл, зүйлийн загасыг яагаад ихэвчлэн агнадаг юм бол?
-Б.М: Манай орны загасыг хүйтэн усны, бүлээн усны гэж ангилдаг. Хүйтэн усныхад нь тул, зэвэг, хадран, цагаан загасны зүйлүүд, гутаарь багтдаг. Харин бүлээн усныхад нь цурхай, цулбуурт, булуу цагаан, мөнгөлөг хэлтэг, сугас зэрэг мөргийн овгийн загасууд орно. Иргэд хүйтэн усны загасыг хүнсэндээ хэрэглэх дуртай гэхэд хилсдэхгүй. Бүлээн усныхыг нь тэр бүр хэрэглэдэггүй. Тиймээс өнөөх хүйтэн усныхыг ихээр агнаснаас болж, ховор төрлийн загас устах эрсдэлд орлоо.
-Тэгвэл ховор агнуурын загаснаас бусдыг нь зохиомол аргаар үржүүлэх боломж бий юү?
-Б.М: Манай оронд өвөлдөө хүйтэн учир загасны аж ахуй хөгжүүлэхэд бэрхшээлтэй. Гэхдээ нуурыг түшиглэн ийм төрлийн аж ахуй эрхлэх боломжтой. Үүнээс гадна Балтын тэнгис шиг давстай, зохиомол орчин бүрдүүлчихвэл үржүүлэх нь асуудал биш.