Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой ирэх онд тохионо. Түүхэн ойг угтан албаны нэр төрийг өндөрт өргөж, гавьяа байгуулж явсан зарим алба хаагчаас цуврал ярилцлага авч буй билээ. Энэ удаа бид 1981 онд өөрөөсөө гадна гурван хүний амь насыг аварч, “Шударга журам” медалиар шагнагдаж байсан, цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажавтай уулзаж ярилцлаа.
-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан бэ. Цэргийн байнгын тэтгэвэрт хэзээ гарсан бэ?
-Би цагдаагийн байгууллагад 1974 оноос эхлэн цагдаа жолоочоор ажилласан. Өмнө нь Увс аймгийнхаа эмнэлэгт түргэн тусламжийн жолооч хийж байгаад цагдаад ажиллаж эхэлсэн л дээ. Увс аймаг дахь цагдаагийн газарт 1997 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Энд ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаа, их дэлгүүрийн цагдаа, эрүүлжүүлэхийн жолооч зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарсан. Ингээд бодохоор би амьдралаа цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагатай ажил амьдралаа холбосон хүн. Төрийн минь буян их. Одоо ч цагдаа маань намайг мартаагүй. Ахмадуудтай уулзалт хийх бүхий л ажил арга хэмжээндээ байнга урьдагт маш их баяртай байдаг.
-Насаараа зүтгэсэн эл албаа санаж, үгүйлэх юм уу?
-Цагдаагийн алба хамгийн гол нь шуурхай байх ёстойг энэ албанд томилогдсон цагаасаа л ойлгосон. Тиймээс би дуудлагад оччихоод машиндаа зүгээр суугаад байдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бүхий л ажилд оролцдог. Энэ олон жил ажиллахдаа олон арван хүнд, хэцүү дуудлагад явж байлаа. Алсын дуудлагад ч явна. Завгүй явсаар байгаад нэг л мэдэхэд би гавьяаныхаа амралтад гарах болсон байсан. Одоо тэтгэвэртээ суусан ч гэсэн элэг сэтгэл маань энэ сайхан албандаа үргэлж үнэнч байдаг юм.
-Анх та цагдаад жолооч болж ороод ямар машин барьж байв?
-1974 онд би аймгийн Цагдаагийн газарт ажилд ороход нэг л “ГАЗ-69” машинтай байдаг байв. Гэмт хэрэг, гал түймэр гээд дуудлага бүхэнд өнөөх 69 машинтайгаа явна. Хүн ам, ажил ачаалал одооныхтой бол харьцуулашгүй бага санагддаг ч өдөр бүр завгүй дуудлагад явдаг байсан. Аргагүй дээ хүн хүч, машин техник цөөтэй байлаа. Мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, төлөөлөгч нартайгаа Увс аймгаасаа гадна Баян-Өлгий, Завхан гээд ойр ойр орчмын аймгуудаар ч их дуудлагад явсан. Тувагийн хил рүү хүртэл малын хулгайг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд их явсан. Тэр үеийн цагдаагийн алба хаагч нар адилхан ажил ачаалал ихтэй, нэг сард гэртээ цөөхөн хонох бол энүүхэнд. Цагдаагийн алба хаагч нар хийсэн бүтээснээ сайрхаж ярьдаггүй болохоос маш ачаалалтай ажилладаг хүмүүс.
-Таныг олон хүний амь насыг аварч “Шударга журам” медалиар шагнуулж явсныг дурсах хүн олон байдаг. Энэ тухай эргэн дурсаач.
-1981 оны долдугаар сарын 25 нд болсон явдал л даа. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга Д. Майдар манай Увс аймгийн Хяргас нуурын “Хар тэрмэс” амралтын газарт гэр бүлээрээ амарсан юм. Ирсэн өдрийнхөө 19.00 цагийн орчим бид даргыг зугаалуулахаар завинд суулгаад нуур луу орлоо. Гэнэт хүчтэй салхи салхилаад амралтын гэрүүд бүгд нурж, байшингуудын цонх хагарч, байгалийн маш ноцтой үзэгдэл гарсан. Тэр хүчтэй давалгаанд бид Хяргас нуурт завьтайгаа хөвөөд байгалийн давагдашгүй хүчинд автаж, сэлүүрээр урагш явж өгөхгүй, сэлүүрдэх тэнхэлгүй болсон. Энэ завин дээр Д.Майдар даргаас гадна манай Увс аймгийн цагдан сэргийлэхийн дарга Даваа, жолооч Төмөрбаатар бид нар явсан юм.
Давалгаанд хөөгдөөд хэчнээн сэлүүрдэвч хүч нь дийлдэхгүй байгалийн давагдашгүй эрхшээлд орсон. Тамираа тасартлаа сэлүүрээрээ сэлүүрдсээр байхад давалгаа улам ширүүссэн юм. Давалгаан дээр завь маань үсэрч цойлоход, Д.Майдар дарга бидэнд “Та нар юу ч тохиолдсон завинаасаа салж болохгүй” гэв. Завин дээрээ бүгд шигдэж суусаар бүрэнхий болгов. Завь усаар дүүрээд ирлээ. Ингээд завины хойно нэг таглаа байхыг үзээд тэр тагаараа усаа шөнөжин шавхсан юм. Хүмүүсийн бие муудаж, сүүлдээ нэг нэгнийхээ дууг ч сонсож чадахгүй болсон. Гэгээ орохын алдад харин бид цаад талын эрэг рүү нэлээд дөхсөн байсан. Тэгээд сэлүүрдсээр байгаад цаад талд нь гарсан л даа. Эрэг дээр гараад л хар эрчээрээ ойчоод өгсөн юм. Байнгын усаа шавхаж байсны үр дүнд би өөрөөсөө гадна бусдын амь насыг аварсан даа.
-Эрэг дээр гарч ирээд чухам юу болов ?
-05.17 минутад нуурын цаад эрэг дээр нь гарсан. Тамир тэнхээ байхгүй болсон бидний хэдэн нөхдийг ногоон онгоц ирээд авсан юм. Мотоциколтой, машинтай хайж байсан санаа зовж байсан маш олон хүмүүс ирж баяр хүргэж билээ. Тэгээд бид хэд хоногийн дараа л хэвийн байдалдаа орсон. Д.Майдар даргын очсон амралтын газар дээр буусан юм. Харин хэд хоногийн дараа Улаанбаатар хотоос Төмөрбаатар гэж комиссар ирээд НАХЯ ны III газрын дарга Банзрагч генералын гарын үсэгтэй “Шударга журам” медалиар намайг шагнасан. Тухайн үед бол тэгж л зүтгэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Түүхт он жилүүдэд чимээгүй гавьяа байгуулж олон хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагч нар олон доо. Тэднээрээ би ч бас бахархаж явдаг юм.