Завхан аймгийн Сонгино сумын харьяат, Монголын байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, ОУХМ Н.Дариймаа Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаагаад удаагүй байна. 60 жилийн түүхтэй энэ айлаас 12 жилийн дараа ийн гурав дахь Гавьяат цолтой дасгалжуулагч төрөв. Тэрбээр байт харваатай амьдралаа холбосон цагаасаа олон улсад өрсөлдөх чадвартай шилдэг тамирчдыг бэлтгэж, тив, ДАШТ, олимпын наадамд нэг бус удаа оролцуулсан. 1999, 2000, 2003, 2004 онд шилдэг дасгалжуулагчаар шалгарсан түүний шавь нар өдгөө өсвөрийн болон насанд хүрэгчдийн тэмцээнд 150 гаруй дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Байт харваагаар хичээллэсэн таны түүх сонирхолтой юм билээ. Хөнгөн атлетикаар ч амжилт гаргах боломж байсан шиг санагддаг.
-Би их сонин тохиолдлоор байт харваатай нөхөрлөсөн. 1967 онд нийслэлийн 18 дугаар сургууль төгсөөд Биеийн тамирын дээд сургуульд элсэхдээ хөнгөн атлетикийн I зэрэгтэй байв. Спортын төв ордны хувцасны өрөөнд сууж байтал нэг багш гаднаас орж ирээд “Чи юу хийж байгаа юм” гээд ширүүхэн асуухад нь “Жижүүр хийж байна” гээд хариултал сүрхий харснаа “Алив гараа үзүүл дээ” гэв. Гайхас хийгээд харуултал “Урт хуруутай, гоё гартай юм” гээд байт харвааны спортын тухай ярьж “Өнөөдөр 16.00 цагт хойд зааланд хүрээд ирээрэй” гээд явлаа. Хэлсэн цагт нь очтол нум бариулж, хэд татуулснаа “Ингэхэд чи байт харваагаар хичээллэх хүн байна” гэв. Нум татаж, тавьсаар хоёр цаг шахам зогсоход гар, хуруу өвдсөн гэж жигтэйхэн.
-Таныг багш нар өөрсдийнхөө секцэнд авахаар булаацалдаж, бараг л зодолдох нь холгүй юм болсон гэдэг, үнэн үү?
-Тийм ээ. С.Цэдэвсүрэн багш тэр үед хөнгөн атлетикийн дасгалжуулагч, би 400, 800 метрт гүйдэг тамирчин байлаа. Өглөө хөнгөн атлетик, өдөр нь байт харвааны бэлтгэл хийнэ. Спортын хоёр төрлийн аль нэгийг сонгож чадахгүй бэлтгэл хийж явтал багш нэг өдөр Л.Жамъянсүрэн дасгалжуулагчид “Та манай хүүхдийг өөрийнхөө секцэнд урвуулах гэлээ” гэснээс болж хоорондоо муудалцжээ. Багш “Хоёр төрлөөр бэлтгэл хийгээд амжилт гаргахгүй. Аль нэгийг нь сонго. Чамайг байт харваагаар хичээллүүлэхгүй” гэсэн. Тэгтэл Л.Жамъянсүрэн нь “Би С.Цэдэвсүрэнтэй бараг зодолдох нь холгүй юм болж байж чамайг байт харваанд авлаа. Чи одоо энэ спортоор дагнаж бэлтгэл хий. Чамайг хөнгөн атлетикаар шаггүй амжилт гаргасан тамирчин гэж сонслоо” гэв. Л.Жамьянсүрэн багш С.Цэдэвсүрэнгийнхээ хорыг малтаж “За чи энэ хүүхдийг хөнгөн атлетикаар хичээллүүлээд жилийн дараа спортын мастер болгож чадах уу, харин би чадна” гэхэд нь “Чи өөртөө тийм итгэлтэй байгаа бол ав, харъя” гэсэн гэдэг. Байт харваанд ийм хөгжилтэй түүхтэй хөл тавьж, Л.Жамъянсүрэн багшийн удирдлагад хичээллэсэн. Зургаан сарын дараа байт харвааны тэмцээнд оролцож, 850 оноо авснаар спортын мастер цолтой боллоо. Тэр жил би өвлийн тэргүүн шалгаруулах тэмцээний хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Монголын алдартай тамирчин Р.Алданыштай 400, 800 метрийн зайд уралдаж, II байрт шалгарч билээ.
-“Рекорд” гэж дууддаг болсны учир үүнтэй холбоотой байх нь. Ийм хочтой болсныг бодоход сүрхий гүйдэг байжээ.
-Хөнгөн атлетикийн тэмцээнд байнга шахам түрүүлдэг байв. Аравдугаар ангиа төгсөх жил спартакиадад оролцлоо. Нэг их хурд, хүч гаргалгүй уралдаад барианд орж ирэхэд ангийнхан “Чи хурдан гүйхгүй яав аа. Үүнээс ч богино хугацаанд амжилт гаргах байлаа” гээд шуугилдав. Тэгсэн Биеийн тамирын ангийн төгсөх ангийн оюутан Тэрбиш гуай дуудлаа. Яваад очтол “Чи сайн гүйхээр шинжтэй. Монголын ирээдүй болж, рекорд тогтоох тамирчин байна” гэв. Түүний ингэж хэлэхийг сонссон ангийн нөхөд “Рекорд” гэж хочилсон хэрэг. Сүүлдээ ч сургуулийн сурагчид энэ нэрээр дууддаг боллоо. Тэр хүний хэлсэн нь надад бэлгэшээлтэй санагдаж, Биеийн тамирын дээд сургуулийг сонгосон.
-Спортын хоёр төрлөөр бэлтгэл хийх амаргүй. Тийм их ачааллыг яаж давдаг байв?
-Залуу байхад ядрахыг мэдэхгүй гүйдэг байж. Би байт харвааны шигшээ багт ахмад тамирчидтай бэлтгэл хийдэг байсан тул сурах зүйл их гарна. Орой бэлтгэлээ тараад хамгийн сүүлчийн автобусанд амжиж суугаад Зайсан дахь гэртээ харьдаг байлаа. Оройтож ирэхэд аав, ээж эхэндээ дурамжхан байсан ч сүүлдээ ойлгож, тосдог болсон. Аав минь спортод дуртай болохоор намайг хөнгөн атлетик, байт харваагаар хичээллэхэд их дэмжсэн. Тэр үеийн оюутнууд сар бүр стипенд, онц сурсны нэмэгдэл авна. Миний хувьд шигшээ багийн тамирчин гэж давхар цалинжина. Цалин, стипендээсээ ээждээ 50 төгрөг өгөхөд их баярладаг сан. Тухайн үед энэ төгрөг их мөнгө байлаа.
-Английн Йорк хотод 1971 онд болсон ДАШТ-д Монголын байт харваачид оролцсоноос Д.Дэмбэрэл гуай дэлхийн аварга болсон. Та тэр тэмцээнд өрсөлдсөн байх аа?
-1969 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон байт харвааны ДАШТ-д Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцсон юм. Тэр үед тус улсад байт харваа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярт зориулж “Темберланд” нэртэй тэмцээн зохион байгуулсан юм. Тэр тэмцээнд бид дэлхийн байт харвааны стандарт хэмжээ болох 1000 онооны босгыг анх давсандаа их баярлаж билээ. Тэндээс эх орондоо ирээд амжилтаараа шуугиулж байв. Дараа нь 1971 онд Английн Йорк хотод зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдсөн. Тэр тэмцээн ширүүн бороотой, салхитай, хүйтэн өдөр болсон санагдана. Хамаг хувцас норж, даарч байсан ч харваж л зогссон. 30 метрийн харваанд Д.Дэмбэрэл эгч түрүүлэн, дэлхийн аварга болж, би VI байрт шалгарав. Монголын байт харваачдаас ингэж анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй. Дэлхийн аварга болсон тамирчинд алтан медалийг нь мөнгөн сумтай гардуулж, харин шагналт байранд орсонд нь хясааны хэлбэртэй мөнгөн цар таваг гардуулж билээ. Бид тэр үед шагнал гардаж аваагүй, сарын дараа илгээмжээр ирсэн юм. Энэ тухай яривал хөгжилтэй түүх өгүүлнэ.
-Дэлхийн аваргын алтан медалиа хүлээн авалтын таван фунт стерлингийн хураамжаас болж, хоёр сарын дараа авч байсан түүх мөн үү.
-Тийм ээ. ДАШТ өндөрлөсний дараа шагнал гардуулах ёслолын хүлээн авалт хийлээ. Тэр ёслолд хүн тус бүр таван фунт стерленг төлж оролцох байв. Гэтэл манайханд мөнгө байдаггүй. Бид өглөө үүрээр галт тэргэнд суугаад хөдөлсөн. Наашилж явахдаа Оросын тамирчидтай тааралдахад “Та нар ямар их зантай улс вэ, тамирчин тань дэлхийн аварга болчихоод байхад хүлээн авалтад оролцсонгүй. Бид та нарыг эх орон руугаа явахаар яараад хөдөлсөн гэж хэллээ. Та нарт медаль чинь илүүдээд байсан юм бол манайханд өгчихгүй дээ” гэхэд бид ч гайхах, баярлах зэрэгцлээ. Багш оросуудтай медалийн тухай яриад л бөөн баяр болж байх юм. Бид Англид суугаа Монголын Элчин сайдын яам руу даруйхан явав. Элчин сайд биднийг сэтгэл өндөр хүлээн авч, Монголын Гадаад явдлын яам руу холбогдож баярт мэдээг дуулгалаа. Тэгтэл Биеийн тамир, спортын улсын хороонд хэл хүрчээ. Эх орондоо ирээд онгоцноос буутал баярласан хүмүүс угтаж авав. Биднийг аав, ээж, ах дүүстэй минь уулзуулалгүй тусгай унаанд суулгаад Спортын төв ордон руу явсан. Ортол Биеийн тамир, спортын хорооны бүх дарга нар цуглачихсан хүндэтгэлийн ширээний ард суугаад биднийг хүлээж авлаа. Тэд тэмцээний тухай яриа өрнүүлж суухдаа биднээс медалийг маань харахыг хүсэв. Багш энэ тухай хэлтэл орлогч дарга “Ц.Гомбосүрэн чи ямар хариуцлагагүй юм бэ, хүлээн авалтад оролцох мөнгийг нь тамирчдад өгсөн бол медалиа зүүгээд эх орондоо ирэх байлаа” гэж билээ.
-Та хоёр шагналаа ирэхгүй удахаар нь гайхдаг байв уу?
-“Медаль, шагнал сар болоод ирнэ гэсэн алга. Багш ч энэ тухай ярихгүй юм, ирсэн бол гардуулах ёстой доо” гэж бэлтгэл хийх зуураа ярьдаг байв. Хоорондоо ярихаас биш багшаас асууж зүрхлэхгүй. Шагнал ирэхээс өмнө улс тунхагласны баяраар Л.Жамъянсүрэн багшийг Гавьяат дасгалжуулагч, Д.Дэмбэрэл эгчийг Гавьяат тамирчин цолоор, намайг 50 жилийн ойн медалиар шагнасан. Нэг өдөр бэлтгэлээ хийж дуусчихаад Спортын төв ордны гадаа нарлаж суутал Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн гуай дуудаж “Та хоёрын шагнал ирсэн, гардуулъя” гэж байна. Удаан хүлээлгэсэн шагналыг маань илгээмжээр хоёр сарын дараа ирүүлж, биднийг баярлуулж билээ. Гэртээ хариад шагналаа задлахад мөнгөн таваг байв. Аав, ээжийг ажлаасаа гэртээ ирэхийн өмнө нөгөө тавгаа авдар дээр тавьчихлаа. Ээж ч уулга алдаад “Хөөх энэ юун таваг билээ” гээд гайхаж асуухад нь “Байт харвааны ДАШТ болсон орноос ийм шагнал иржээ” гэлээ. Тэгсэн ээж баярлаад сүйд. Маргааш нь бэлтгэлээ тараад иртэл аав, ээж нөгөө тавганд чихэр дүүргэж тавиад, амттанаар ширээ засаад, бууз, хуушуур хийчихсэн угтаж билээ.
“МОНГОЛ ГЭСЭН БИЧИГТЭЙ ХУВЦАС ЧИНЬ АВАРЛАА”
-1972 онд ХБНГУ-ын Мюнхенд болсон олимпоос Х.Баянмөнх аварга мөнгөн медальтай ирсэн. Тэр олимпын үеэр Израйл, Палестины хооронд үл ойлголцол үүсэж, тамирчдын байрласан тосгонд халдлага болсон нь дэлхий нийтийг цочирдуулсан шүү дээ.
-Тэр үед олимпын наадам бараг өндөрлөх дөхсөн, спортын хоёр төрлийн тэмцээн үлдсэний нэг нь байт харваа байлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын байр тусдаа, харуул хамгаалалттай. Байт харвааны тэмцээн болох өмнөх үдэш аймшигт үйл явдал болсон. Байрандаа амарч байтал шөнө буун дуу гараад эхэллээ. Би гайхаад Д.Дэмбэрэл эгчид “Буун дуу гараад байх юм, юу болсон юм бол” гэхэд “Олимпын үеэр салют л буудаж байгаа байлгүй, энд юуных нь буун дуу гарах вэ” гэв. Бид ч тэгсхийгээд унтлаа. Өглөө хоолоо идэхээр ресторанд оров. Тэгсэн хүмүүс алга, эл хуль. Уг нь өглөө эрт ресторанд бужигнаж байдаг юм. Хооллочихоод өрөөндөө ирээд, борцтой, сүүтэй цай чанаад тэмцээнд оролцсон эрэгтэй тамирчдадаа өгөхөөр “Монголиа” гэсэн бичигтэй хувцсаа өмсөөд байр луу нь дөхөв.
Тэгсэн хүн амьтан үзэгдэхгүй нэг л сонин. Бид эрэгтэйчүүдийн тосгонд тийм аймшигт үйл явдал болсныг мэдээгүй тул буудалцаан болсон газраар савтай цайгаа барьчихсан явлаа. Шөнө нь Палестины алан хядагчид Израилын хүндийг өргөлт, чөлөөт бөхийн тамирчдыг дасгалжуулагчтай нь, нийт 11 хүн барьцаалж, бүгдийг нь хороосон байсан. Эрэгтэйчүүдийн хотхоны хаалгыг онгойлгоод ортол багш өөдөөс “Хоёр мангар минь энд юу хийж яваа юм. Алуулаагүй орж ирсэн чинь аз боллоо. Та хоёрын амийг Монгол гэсэн бичигтэй хувцас аварлаа шүү дээ” гээд загнав. Тэгж л болсон явдлыг мэдсэн. Манай тамирчид, багш нар буудалцаан болсон газрын дундуур савтай цай бариад ирж явахыг хараад их айсан гэдэг. Алан хядагчид, хамгаалалтын цагдаа нар өөд өөдөөсөө буу шагайгаад зогсож байсан юм байж. Яг тэр өдөр онц байдал зарлаж, олимпын үеэр болсон аймшигт үйл явдлыг олон улсад мэдээлж байлаа. Тэнд олныг хиртхийлгэсэн аймшигт хэрэг болсны учрыг дараа нь мэдсэн. Олон улсын олимпын хороо Палестиныг спортын их наадамд оролцох хүсэлтээ илэрхийлэхэд татгалзсан хариу өгснөөс үүдэн ийм хэрэг гарсан юм билээ.
-Маргааш нь байт харвааны тэмцээн эхлэхэд тамирчид айдастай, сэтгэл зүй нь хүндхэн оролцсон байх даа?
-Тамирчдын хувьд маш хүнд өдөр байлаа. Дор бүртээ дүнсийж, бодлогоширсон байдалтай тэмцээнд оролцсон. Би 60 метрийн харваанд 59 харваж, наймаас хоёрдугаар байр луу урагшилсан. Нум минь өмнө нь хугарсан болохоор бариулыг шрупдээд, боочихсон байв. Нэгдүгээр байрт бичигдсэн тамирчинтай оноо тэнцсэн ч надаас өмнөх харваанд арай илүү оносон тул тэргүүлж явсан. Тэмцээн өндөрлөх болоогүй тул баярласангүй. Учир нь 50, 30 метрийн харвааны тэмцээн үргэлжлэх байлаа. Тэр үед болсон үйл явдлыг аль болох мартахыг хичээж, үлдсэн хоёр харваанд сайн харвах сан гэдэг бодол төрсөн. Олимпын наадмын сүүлчийн өдөр 50, 30 метрийн харвааны тэмцээн боллоо. Би эхний өдөр харвасан эрчээрээ явсан бол медаль зүүх боломжтой байв.
-Та II байрт бичигдэж байснаа гэнэт найм, 11 дүгээр байр луу хойшлох болсны учир юу байсан юм бол?
-Би 50 метрийн харваанд III байрны тамирчнаас 30 гаруй оноогоор илүү явсан. Тэмцээн эхлээд удаагүй байтал багш хуралд явчихсан. Саравчинд нумаа тавьчихаад бие засаж ирээд харвалаа. Тэгсэн сум минь хачин гараад болдоггүй. Хараагаа тохируулж, дээшлүүлсэн ч нэмэргүй. Намайг 12 сум харвасны дараа багш ирж “Чи яагаад ингэж харвав” гэхэд нь “Сум хараанд захирагддаггүй, миний нумны нэг л юм нь хөдөлсөн шиг байна, тохируулга нь алдагдсан байх” гэхэд багш “Олон орны шилдэг тамирчид чиний нум, сумтай юу гэж оролдох юм” гэв. Багшийг ингэж хэлэхэд миний толгой дундуур цохиод авах шиг санагдаж билээ. Тэр үед өөртөө л буруу өгч, би нумаа сайн татахгүй байна гэж бодоод л байснаас биш нуманд хэн нэгэн хүрч, чангалсан шрупийг сулласныг мэдээгүй. Ийм зүйл болно гэж үнэндээ тэр үед төсөөлөөгүй л дээ. 36 сумнаас 12-ыг нь онолгүй харвасан. Тэгсэн хоёрт явсан би эргээд наймдугаар байрт бичигдлээ. 50 метрийн зайнаас 248 харвасан ч найм, ес, аравдугаар байр луу хэлбэлзээд л байлаа. 30 метрийн харваа эхлэхэд миний харвахыг үзэхээр олимпын наадамд оролцсон манай тамирчид ирсэн харагдана. Би ч хичээж, 330 сум харвасан хэрнээ л байр урагшлаагүй.
-Та олимпын наадамд анх оролцохдоо спортын талбарт ямар их өрсөлдөөн, тэмцэл, атаархал, хор шар байдгийг мэдсэн биз?
-Олимпын байт харвааны тэмцээнд АНУ-ын тамирчин түрүүлж, Орос, Польшийн харваач удаалан мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэр үед миний ард “Дариймаа ч сайхан боломжийг алдлаа даа” гэж тамирчдын ярих нь сонсогдож билээ. Багш минь “Чи залуу хүн, олон ДАШТ, олимпод оролцоно. Чамайг дэлхийн харваачид магтлаа. Чиний харвалтын техникийг бараг л буу шиг байна гэж зүйрлэн ярьцгааж байна” гээд сэтгэлийг минь засаж, тайвшруулж байв. Ямар орны тамирчныг одоо ч сайн мэддэггүй юм. Нэг тамирчин хүрч ирээд надад өөрийнхөө мөнгөн медалиа өгсөн. Үүгээрээ чи II байранд явсан, тэр эрчээрээ харвасан бол мөнгөн медаль хүртэх байсан, дараагийн олимпоос заавал хүртээрэй гэсэн санааг илэрхийлэх шиг санагдсан. Тэр медаль одоо ч надад байгаа. Мюнхений олимпоос Монголын тамирчдаас Х.Баянмөнх аварга мөнгөн медальтай ирсэн. Олимпын наадмаар тийм аймшигт үйл явдал болж, дэлхий нийтийг цочроож байсныг оролцсон тамирчид мэднэ. Монголд ирсний дараахан аав, ээжийнхээ “Миний охин сэтгэлээр битгий уна. Сайн хичээгээд дараагийн тэмцээнд оролц. Хүн ямар ч үед өөрийнхөө эд зүйлд эзэн болох ёстой. Хэрвээ нуманд чинь эвдрэл гарвал чи засах чадвартай байх хэрэгтэй. Хойшдоо хэнд ч итгэж болохгүй гэдгийг чи өөрөө мэдлээ шүү дээ” гэж хэлсэн үгийг марталгүй санаж явдаг. Би хүүхдүүддээ “Би хөлийг чинь дөрөөнд, гарыг чинь ганзаганд хүртэл хэсэг хугацаанд дагана. Харин нас биед хүрээд өөрийнхөө эзэн болж яваарай. Ямар ч үед чи өөртөө л итгэ. Хэнд ч битгий найд. Олонтой сайхан харилцаатай яв, дүгнэлтээ дотроо хий” гэж хэлдэг юм.
-Миний мэдэхээр та олимпын хоёр наадам, гурван ч ДАШТ-д оролцсон санагдана.
-1975 онд Швейцарт болсон ДАШТ-д 20, 1976 онд Канадын Монреалд болсон олимпод 22 дугаар байр эзэлсэн. Тамирчны амжилт тавгийн идээ шиг байдаггүй юм. Тавгийн идээ дундрахаас биш дүүрдэггүй шүү дээ. Бие, сэтгэл зүй, бэлтгэлийн боломж нь бүрдсэн тэр цаг хугацаандаа тамирчин хүн амжилт гаргадаг юм билээ. Би Монреалын олимпоос ирээд тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч болохоор шийдсэн. 1980 онд Москвад болсон олимпод оролцоогүй. Тэр олимпын чөлөөт, жүдо бөхийн төрөлд Монголын дөрвөн тамирчин медаль хүртэж, манайхан 27 дугаар байрт жагссан. Тэр жил би гурав дахь хүүхдээ төрүүлсэн байлаа. Олимпын өмнөх жил бага охин минь олдчихлоо. Олимпод оролцмоор байгаагаа нөхөртөө хэлтэл “Чи хүүхдээ төрүүлчих. Би медаль аваад ирнэ” гэлээ. Би охиндоо том болсон хойно нь “Чиний амийг аав тань аварсан юм шүү дээ” гээд хэлж байлаа. Охиноо одоо харахаар бүр илүү хайр хүрдэг юм. Охин минь эдийн засагч мэргэжилтэй. Монголын жүдо бөхийн тамирчдаас нөхөр минь анх удаа хүрэл медаль хүртэж, бөхчүүдийн шагналын салхийг анх хагалж билээ. Нөхрийгөө олимпод хэрхэн оролцож байгаа талаар мэдээ сонсохоор нэг өдөр Спортын төв ордон руу явж байтал замд манай нэг багш тааралдаад “Хөөе, чамд нэг баяртай мэдээ дуулгая. Танай нөхрийг олимпоос медаль хүртсэн гэж ярьж байна шүү” гэлээ. Би ч баярын нулимстай гэр лүүгээ гүйсэн.
ЗАГНУУЛЖ, ШАВХУУРДУУЛЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН ШАВЬ НАРТАА ИХ ДАССАН
-Та “Хөдөлмөр” нийгэмлэгээс дасгалжуулагчийнхаа гарааг эхэлсэн үү?
-Би 1972-1983 онд “Хөдөлмөр” нийгэмлэгт, 1983-1993 онд Спортын сургалтын төвд бэлтгэл ангийн багш, 1993-1997 онд Спорт сургалт, анагаах ухааны үндэсний төвийн шигшээ багт, 1994 оноос “Алдар” спорт хороонд, 2008-2012 онд Биеийн тамир, спортын паралимпийн шигшээ багийн дасгалжуулагчаар 40 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд 50 гаруй ОУХМ, спортын мастер бэлтгэж, 80 гаруй удаа дээд амжилт тогтоосон байна. 1993 онд Монголд зах зээлийн нийгэм эхэлчихсэн, спортын салбар уналтад орж, хөгжих, эсэх нь эргэлзээтэй болсон үед байт харваанд бууриа сахиж, хэдэн дасгалжуулагч үлдсэний нэг нь би. Тэр үед байт харвааг спортын төрлөөс олимпын медаль хүртэх төрөл биш гэж үзсэн үү, анхаарал нэг их хандуулаагүй. 1997 онд спортын төрлүүдийг клубийн системд шилжүүлэхэд хэдэн тамирчдаа дагуулаад энд тэнд очиж, завсар зайд нь хэдэн сум харваж явсан даа.
-О.Балжинням аварга танд “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан гэл үү?
-Зах зээлийн нийгмийн хүндхэн он жилүүдийн нугачаанд тамирчдыг минь тараачихгүй авч үлдсэн ачтай хүн бол О.Балжинням аварга. Нэг өдөр Спортын төв ордон орохоор иртэл О.Балжинням аварга “Багш аа, би “Алдар” нийгэмлэгийн даргаар томилогдлоо. Та тамирчидтайгаа ирээрэй” гэлээ. Баярласан гэж жигтэйхэн. Аваргаас “Тамирчдыг минь” гээд хэлтэл “Та санаа зоволтгүй, арга нь олдоно” гэв. Маргааш өглөө нь ЗХЖШ-ын даргын тушаалаар найман тамирчинтайгаа “Алдар” нийгэмлэгийн будаг нь ханхалсан шинэ байранд хөл тавьж байв. Тус спорт хороонд ирснээр УАШТ-ий 10 удаагийн аварга багаар шалгарч, хоёр ч спартакиадын аварга байгууллага болж, манай тамирчид 40 гаруй удаадээд амжилт тогтоон, ЗХЖШ-ын итгэлийг хүлээж байлаа. Дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд надад “Би шилдэг тамирчид бэлтгэх үүрэгтэй, тиймээс сайн ажиллах ёстой” гэсэн бодол сэтгэлд уяатай явдаг байв. Ажилдаа дуртай болохоор амьдралын олон даваа, нугачааг сэтгэлийн хат, тэвчээрээр туулсан. Тамирчныхаа биеийн болон сэтгэлийн хатыг дасгалжуулагч багш л тогтоож чадна. Багшийн үүрэг бол симфони оркестрын удирдаач гэлтэй тийм л эрхэмсэг, бахархалтай ариун хөдөлмөр гэж би боддог. Миний бодол, сэтгэлийг ойлгон мэдэрч, өөрийн боломжоо дайчлан харвахдаа загнуулж, шахуулж, шавхуурдуулж байсан үе үеийн шавь нартаа их дассан. Би “Алдар”-аас тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө шавь Ю.Ганзоригт ажлаа хүлээлгэн өгч байв. Байт харваачдаас Токиогийн олимпод оролцох хоёр тамирчин эрх авсны нэг Б.Отгонболд, нөгөө нь Н.Мөнхбаатар. Б.Отгонболд миний шавийн удирдлагад хичээллэдэг юм.
-Монголын байт харвааны тамирчид олон улсын жишигт нийцсэн талбайтай болохыг цөөнгүй жил мөрөөдсөн. Тэдний хүсэл нь биелж, амжилт гаргах боломжтой гэдгээ олон улсад харуулж, Токиогийн олимпод оролцох эрх хүртэл авлаа шүү дээ.
-Монголын байт харваа хөгжөөд 60 жилийн нүүр үзэж байна. Шинэ жарны босгон дээр үе үеийн тамирчдын минь олон жил мөрөөдсөн хүсэл нь биеллээ. “Дайчин чанар, тэсвэрийн талбар 360” олон улсын жишигт нийцсэн харвалтын талбайг тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаяр олны хандив тусламжаар босгож, гар, сэтгэл нэгтэй тамирчдынхаа хүчээр цогцлоосон. Талбайдаа сүндэрлэсэн олимпын таван цагаригийн цамхгийг Геннисийн номд бүртгүүлэхээр уламжилсан гээд манай холбоо ажил, амжилтын арвин хуртай урагшилж байгаа. Байт харвааны спортыг эх орондоо хөгжүүлэн, шилдэг тамирчид бэлтгэж сургасан хөдөлмөрийг минь төр, засаг, Монголын байт харвааны холбоо үнэлж, Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнасанд гүнээ талархаж байна. Энэ ташрамд, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болон ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал, менежер Б.Цэцэгээ, хамт олон, үе үеийн шавь нартаа баярласнаа уламжилъя.