Уншигч-сурвалжлагч Д.ГАЛСАНДОРЖ Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, эдийн засагч
Зочин Н.ИШДОРЖ Гавьяат эдийн засагч
Уншигч-сурвалжлагч булангийнхаа энэ удаагийн зочноор гадаад, дотоод худалдааны чиглэлээр 40 орчим жил ажиллахдаа ӨМӨЗО-д Монгол Улсаас суух худалдааны төлөөлөгчийн албыг 10 гаруй жил хашсан, Гавьяат эдийн засагч Н.Ишдоржийг урьсан юм. Түүнтэй манай улсын худалдааны салбарын эрх зүйн орчин, гадаад худалдааг хөгжүүлэх, экспортын орлогыг өсгөх талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, анхаарвал зохих асуудлын талаар Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, эдийн засагч Д.Галсандорж ярилцлаа.
...Манай улсад худалдаа, үйлчилгээ эрхлэх, бүртгүүлэх, гэрээ хэлцэл, тээвэр, зуучлал, төлбөр тооцоо хийх зэрэгт Иргэний болон Компанийн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэргээр л зохицуулж байна. Энэ нь өнгөц харахад эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлсэн мэт боловч худалдааны салбарт тавих нэгдсэн хяналт сул, стандарт байхгүй, эрх бүхий байгууллагуудынх нь ажлын уялдаа, холбоо алдагдсан хэвээр байгаа...
-Гадаад худалдааг хөгжүүлэх талаар Монгол орны баримталж буй бодлого, эл салбар дахь үр ашгийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улсын худалдааны салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 30, нийт ажиллагсдын 12 орчим хувийг бүрдүүлдэг, хүн амын хөдөлмөр эрхлэлт, үндэсний үйлдвэрлэлийн бүтээмжид чухал үүрэгтэй салбар. Манайх 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнээр олон улстай энэ чиглэлээр харилцах, дэлхийн хэмжээний худалдаа, эдийн засгийн шийдвэр гаргахад оролцох хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Гадаад худалдааны үндэсний мэдээллийн сан” төслийн хүрээнд манайд экспорт, импортыг зохицуулдаг 300 гаруй хууль, эрх зүйн баримт бий гэсэн судалгаа гаргасан байна. Гэсэн ч манай худалдааны салбарын эрх зүйн орчныг бусад улсын түвшнээс хоцрогдсон, гадаад худалдааны зохицуулалтдаа онцгой ач холбогдол өгдөггүй хэмээн олон улсын судлаачид дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны салбар ашиггүй, улмаар үндэсний үйлдвэрлэлийн бүтээмж тааруу хэвээр байна.
-Цөөнгүй хууль, журам батлан, олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдсэн ч манайхыг гадаад худалдааны хангалттай зохицуулалтгүй улсын тоонд оруулсаар байна. Үүний шалтгаан юу вэ?
-Манай улсад худалдаа, үйлчилгээ эрхлэх, бүртгүүлэх, гэрээ хэлцэл, тээвэр, зуучлал, төлбөр тооцоо хийх зэрэгт Иргэний болон Компанийн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэргээр л зохицуулж байна. Энэ нь өнгөц харахад эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлсэн мэт боловч худалдааны салбарт тавих нэгдсэн хяналт сул, стандарт байхгүй, эрх бүхий байгууллагуудынх нь ажлын уялдаа, холбоо алдагдсан хэвээр байгаа. Улмаар дэлхий нийтийн хүн амын эрүүл ахуй, чанар, хэрэглээний шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах нөхцөл бүрдэн, чанар муутай бараа, таваарын нийлүүлэлтэд дотоодын зах зээл “дарагдсан”, идэвхгүй улсын тоонд оруулж буй хэрэг.
-Худалдаа хариуцсан бие даасан яам, агентлаггүй болоод олон жил өнгөрсөн. Үүний сөрөг нөлөөг юу гэж дүгнэх бол?
-Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж, худалдааны тэнцэл эерэг гарч байгаа ч экспорт, импортын барааны бүтэц нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хэрэглээг сайжруулах хөшүүрэг болохгүй байна. Энэ бол төрийн зохицуулалтгүй, хариуцсан яам, агентлаггүйн хамгийн том уршиг.
-Олон улсын туршлагад улс орнуудын гадаад худалдаандаа баримталдаг бодлого, гол зохицуулалт нь юу байдаг бол?
-Дэлхийд томоохон эдийн засагтайд тооцогддог, үйлдвэржсэн орнууд гадаад худалдааны хуультай. Жишээ нь Япон, АНУ экспорт, импортын тухай болон хяналтын хуулиуд мөрддөг. ХБНГУ-д Худалдааны тухай хуулийг мөрдөж эхлээд бараг 200 жил өнгөрсөн. Мэдээж улс орнууд харилцан ашигтай бизнес хийхийг эрхэмлэнэ. Улмаар экспортоос олох орлогоо өсгөхийн зэрэгцээ импортоор ямар бараа, бүтээгдэхүүн хэр хэмжээтэй авах, хэдэн хувийн татвар ногдуулах талаар нарийн тооцоо хийн, квот тогтоодог. Тухайлбал, БНХАУ, БНСУ-ын импортын татвар маш өндөр. Ялангуяа автомашин, техник, тоног төхөөрөмж гадаадаас худалдан авбал иргэд нь тухайн бүтээгдэхүүний үнийн дүнг бараг хоёр дахин нэмсэнтэй тэнцэхүйц татвар төлдөг. Зөвхөн автомашин ч гэлтгүй дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэгчдээ дэмжихэд онцгойлон анхаарч, бэлэн барааны импортод өндөр татвар ногдуулж байна. Харин түүхий эдийн импортын татварыг бага байлгаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо өсгөдөг нь анзаарагддаг. Харин манай улсад ямар бараа, бүтээгдэхүүн гадаадаас худалдан авах, ямрыг нь огт “сонирхохгүй” байх тухай нэгдсэн бодлогогүй, төрөл, зүйлийн жагсаалт бараг байхгүй. Стратегийн бүтээгдэхүүний экспорт, импортын квот гэж бий боловч биелэлтийг нь хангаж буй, эсэх талаар мэдээлэл байхгүй, хяналтгүй. Тарифын тухай хуулиар зохицуулдаг гэдэг ч энэ нь хангалтгүй. Зүй нь тариф буюу татвар гэдэг бол экспорт, импортын үйл явцын нэг л хэсэг бөгөөд худалдааг бүхэлд нь зөвхөн татварын аргаар зохицуулах боломжгүй. Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авахад өндөр татвар ногдуулах, зарим бүтээгдэхүүний импортын хэмжээг хязгаарлах, улмаар эл хэмжээг шат дараатай өсгөхөд анхаарах учиртай. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл сэргэх, гадаад худалдааны чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Д.Галсандорж
-Сүүлийн таван жилд манай улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Гэсэн ч бид цөөнгүй бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувьд импортоос хараат хэвээр байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2014 оноос ашигтай гарч эхэлсэн. Үүнд эрдэс бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспортын хэмжээ өссөн нь түлхүү нөлөөлж байгаа. Тодруулбал, түүхий нүүрсний борлуулалт л манай гадаад худалдааны тэнцлийг ашигтай гаргахад “туслаад” байгаа хэрэг. Харин нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бараа, таваарын борлуулалт экспортод жин дарахгүй хэвээр. Түүнчлэн дээр дурдсанчлан импортоор авч буй бараанд ямар ч хориг саад тавьдаггүйн улмаас дотоодын үйлдвэрлэгчид гадаадын чанар муутай, ижил төстэй, үнэ хямд бараанд зах зээлээ булаалган, үйлдвэрлэгч бус, худалдан авагч, эсвэл түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орны ангиллаас гаргахгүй хэвээрээ байна. Эл байдлыг таслан зогсоохын тулд Худалдааны тухай хууль батлуулж, гадаад худалдаа, үйлдвэрлэлийн талаарх бодлого боловсруулж, хариуцан ажиллах яам, агентлаг байгуулах нь хамгийн зөв шийдэл.
-Манай худалдааны салбарыг бүхэлдээ алдагдалтай ажилладаг, үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталдаггүй, олон улсын худалдааны цөөнгүй гэрээ хэлэлцээрт нэгдсэн нь ч манайд ашиггүй байна гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Гадаад худалдааны нийт эргэлтэд БНХАУ болон ОХУ 70, үлдсэнийг нь Европын Холбооны болон бусад улс эзэлдэг. Европ руу бид ихэвчлэн алт, оёмол, сүлжмэл болон ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна. Монгол Улс 2006 оноос Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсан ч худалдааны техникийн саад тотгор, стандартын шаардлага хангадаггүй зэргээсээ шалтгаалан ашиг олдоггүй. Мөн Японтой хийдэг худалдаа ч ашиггүй хэвээр байгаа юм. Тодруулбал, манайх 5700, Япон 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифаас чөлөөлж, зарим барааны тарифыг үе шаттай бууруулахаар тохиролцсон. Ийнхүү таатай боломж бүрдүүлсэн ч худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспортыг нэмэх, Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөхөд тодорхой үр дүн гараагүй. Бид Японы шаардлага, стандартад нийцэх бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа хэрнээ хоёр улс хооронд чөлөөт худалдаа хийнэ гэсэн нь тэдний барааг саадгүй авах боломж бүрдүүлсэн хэрэг. Ер нь чөлөөт худалдаа хийх гэрээ, хэлэлцээрийг эдийн засгийн чадамж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, нэр, төрөл ойролцоо буюу хөгжиж буй улсуудтай байгуулбал алдагдал бага хүлээх, улмаар үйлдвэрлэлийн чадамжаа нэмэх боломж бий болгодог. Үүнд Казахстан, Вьетнам зэрэг улсыг дурдаж болно.
-Улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь ямар давуу тал үүсгэдэг юм бэ. Бид тооны хойноос хөөцөлдөн, төдөн улстай худалдааны гэрээ байгууллаа гэж яриад байдаг ч цэвэр ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэхгүй байна уу даа?
-Олон улсын практикт чөлөөт худалдааны хэлэлцээр нь өөрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох, нөгөө талаас хэлэлцээр байгуулсан орны таваарыг зах зээлдээ чөлөөтэй нэвтрүүлэх үүрэг хүлээлгэдэг. Энэ нь тухайн орнуудын хүн амын хэрэглээний сонголтыг нэмж, харилцан ашигтай ажиллах нөхцөл болдог. Гэтэл манайд дотоодын зах зээлийг хамгаалах тусгайлсан бодлого байхгүйн улмаас импортод “дарлуулж”, шударга бус өрсөлдөөн үүсгэн, үндэсний үйлдвэрлэгчдийн өсөн дэвжих боломжийг хязгаарлаад байгаа хэрэг.
Монгол Улс, Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сараас хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд зээл авах, худалдаа, экспортыг дэмжсэн техникийн туслалцаа хүсэх асуудал дэвшүүлэн, хувийн хэвшлийн байгууллагууд болон эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох учиртай. Дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө эхний 10-т багтдаг БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярьж байна. Үүнийг яаран сандран хийж болохгүй, зохих бэлтгэлээ хангах учиртай. Ядаж л эхний ээлжид хөрөнгө оруулалт татах, экспортын чиглэлийн хамтарсан үйлдвэр барих, манайхаас тухайн улсын шаардлага, стандартад нийцэх барааны нэр, төрөл, хэмжээг гаргах, тэднийхээс авах бүтээгдэхүүнтэй ижил тоогоор нийлүүлэхээр тохирох учиртай. Ийнхүү давуу тал нэхэх, шаардлага тавих эрхтэй гэж хэлж буй нь манайх бүх төрлийн түүхий эдийн арвин нөөцтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой оронд тооцогддогт байгаа юм.
Н.Ишдорж
-Гадаад худалдаа гэлтгүй ер нь манайд худалдааны тухай хууль алга. Худалдааг талуудын итгэл, үнэмшилд л тулгуурлан хийж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Дотоод худалдаа, түүнтэй холбоотой асуудлыг зохицуулах, хяналт тавих тухай хуулийн зохицуулалт байхгүйг хаана хаанаа бас л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт нь ийм эрх зүйн зохицуулалт байхгүйтэй шууд холбоотой. Улмаар дэлхийн худалдааны шинэ горимд нийцүүлэн, салбарынхаа үйл ажиллагааг төлөвшүүлж, олон улсын худалдааны хууль, зарчмаас суралцах ёстой юм.
Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны хүрээнд хоёр хөрштэйгөө хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тарифыг хөнгөвчлөхтэй холбоотой зарим заалт оруулсан. Хоёр жилийн өмнө Монгол экспорт хөтөлбөрийг Гадаад харилцааны болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтарч боловсруулан Засгийн газраар батлуулсан. Үүнд эрдсийн бус бүтээгдэхүүний экспорт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, махны үйлдвэрийг дэмжих талаар тусгасан. Энэ салбарт багагүй хөрөнгө оруулж, дэмжлэг, татаас өгсөн. Гэвч үр дүн нь тодорхойгүй байна. Тиймээс бүтээмжийг нь өсгөх талаар дорвитой ажиллах, экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн бид экспортлогч улс боллоо гэдэг ч гуравдагч зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээгээ нэмж чадахгүй байгаа. Тээвэр ложистикийн хүндрэл, барааныхаа чанарыг олон улсын жишигт хүргэх, худалдааны хориг саадыг хөнгөвчлөх тухай бүх асуудлаа цогцоор нь шийдвэрлэхийг хичээх учиртай.
-Цаашид илүү олон улстай чөлөөт худалдаа хийх боломж гарна. Юуг анхаарвал зохих вэ?
-Хийх юм их бий. Юуны түрүүнд худалдааны яам, эсвэл агентлаг байгуулж, гадаад, дотоод худалдааны салбарт хийх ажил, бодлого, зорилтоо тодорхойлох нь чухлыг дахин дурдъя. Дэлхийн худалдааны байгууллагын малгайн дор өөрсдийн чиглэл, бодлогыг тодорхойлж, улс хооронд харилцан ашигтай ажиллах боломжоо эрж хайя. Мөн дэд бүтцээ сайжруулах, цахим платформыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Худалдаа гэдэг бол ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнийг түргэн зарж борлуулах ажил биш. Харин юуг худалдах, юуг худалдан авахгүй байх тухай нэгдсэн ойлголт бий болгох, дүрэм, журам гаргах, түүний хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоог өсгөх, идэвхжүүлэх тасралтгүй үйл явц юм.
Үүнээс гадна Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэг, хоёр улсаас шууд хараат болох нөхцөл бий болсныг анхаарч, гарц хайх хэрэгтэй. Учир нь экспортын 90 орчим хувийг нүүрс, зэсийн баяжмал, алт, жонш буюу эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Эдгээрийн 90 хүртэлх хувийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй. Харин шатах, тослох материал, нефтийн гаралтай таваарын хангамжийг 100 хувь хойд хөршөөс авч байгааг олон нийт мэднэ. Цаашид эрдэс бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг өсгөх, аль болох нэмүү өртөг шингээсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг өсгөхөд анхаарвал зохино. Ингэснээр бидний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад худалдааны салбарт ахиц гарна. Ташрамд дурдахад, сүүлийн 3-4 жил төр, засгийн зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлж, боловсруулах үйлдвэрүүд барьж эхлэн, төмөр зам болон бусад дэд бүтцийг сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буйд мэргэжилтнүүд бид олзуурхаж, талархан хүлээн авч буйгаа тэмдэглэх нь зүйтэй.