“Цагаан шөнө”-өөр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Босуул”, “Үүр цайгаасай” гэхчлэн үзэгчдийн эчнээ мэдэх киног найруулсан Ж.Сэнгэдоржийг “Нямын зочин”-доо урилаа. Тэрбээр хамгийн сүүлд МҮОНТ-ийн “Гэргий” уран сайхны киног найруулж, уг бүтээл нь “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино” хөтөлбөрийн уралдаант хэсэгт шалгарч, үзэгчдийн хүртээл болсон юм.
-12 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Монгол киноны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг, шилдэг уран бүтээл, бүтээлчдийг тодруулдаг “Хангарди” шагнал гардуулах ёслолын голлох номинацуудад ах, дүү хоёр бүтээлээрээ өрсөлдлөө. Сэтгэл хангалуун байв уу?
-Ах бид хоёрын үзэл бодол, аливааг харах өнцөг их өөр. Миний ах үхэлтэй нүүр тулж үзээд, босож ирсэн хүн. Тэр хэцүү цаг үе, түүнээс “үлдсэн” өнцгөөрөө “Хөхөө” киног хийхээр зориглож, барьж авсан байх. Биднийг ижил мэргэжилтэй, хоёулаа найруулагчаар ажилладаг болохоор уран бүтээл бүрээ хоорондоо зөвлөж, ярилцдаг гэж хүмүүс ойлгодог, харддаг юм билээ. Үнэндээ бидэнд тийм зүйл байхгүй. Ахад харах, ажиглах, зохиол бичих, ажиллах өөрийн гэсэн арга барил, өнцөг бий. Надад ч гэсэн. Ах хүний урманд надад киноны зохиолоо ч уншуулдаггүй. Би ч ахад киноны шинэ санаа, зохиолоо харуулдаггүй. Харин киногоо бэлэн болгосны дараа хамгийн эхний үзэгч нь байлгахыг хүсдэг. “Хөхөө” киноныхоо зургийг авч дуусаад, эвлүүлэг хийж, графикийг нь гүйцээсний дараа ах надад үзүүлсэн. “Хөхөө” бол цэвэр бүтээлийн кино. Монголын найруулагчдын хийхийг хүсэж мөрөөддөг боловч барьж авахаас эмээдэг төрлийн кино. Гэтэл миний ах барьж аваад, ард нь гарчихсан. Бахархмаар байгаа биз.
-Гэхдээ та ахдаа өвдөг шороодчихлоо.
-Би шилдэг найруулагч болон киноны номинацад ахыгаа шалгарна гэдэгт 100 хувь итгэлтэй байлаа. Шагнал гардуулах ёслолын танхим дахь тэр олон хүнээс хамгийн баяртай, жаргалтай, хангалуун байсан нь би байх. Би 1998 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. Харин минь миний ах “Секс эрх чөлөө” киногоо хийснээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээ засварлаж, “Хөхөө”-гөөр кино урлагт эргэн ирж байна. Бараг 10-аад жилийн дараа. Ингэхдээ хэлбэр төдийгөөр биш, мөн чанараа гайхуулж туурвисан бүтээлээрээ эргэн ирж байгаа нь гайхамшигтай.
-Өнгөрсөн жил та шилдгээр тодорсон байх аа?
-Би “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгээр хоёр удаа тодорч байлаа. Энэ жил ах минь шалгарлаа. Ах шагналаа гарчихаад “Дүү, бид хоёрыг өдий зэрэгтэй хүмүүжүүлж, урлагийн замд хөтөлсөн аав, ээждээ баярлалаа. Энэ шагналыг бид хоёрын хэн нь ч авсан ялгаагүй, биднийг дээрээс харж, түшиж, залдаг аавдаа барьсан бэлэг юм” гэсэн. Энэ үг бидний нэг нэгнийгээ гэх сэтгэлийг илэрхийлчих байх аа.
-Та дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү. Ямар уран бүтээл хийхээр шунаж буй вэ?
-Яг үнэндээ би бүтээлийн кино хийхийг хүсдэг. Нэлээд хэдэн санаа ч бий. Гэтэл олонх продюсер надад олон нийтэд таалагдахуйц, арилжааны кино найруулах санал, шаардлага тавьдаг. Надад тохиолддог ганц зовлон энэ.
-Ийм санал, шаардлага төвөгтэй байх даа. Өөрийнхөөрөө туурвих боломжоос тань хугаслаад л.
-Мэдээж ярвигтай. Эхэндээ ч хэцүү санагддаг байлаа. Өөрийн ертөнц, өнцгөөрөө найруулмаар байдаг. Гэтэл продюсерууд “Олон нийт рүү ойртуул” гээд шахаад байдаг. “Цагаан шөнө” уран сайхны, “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кино хийчихээд 2010 онд “Адам”-ыг гаргасны дараа “Бодлын хулгайч”-ийг найруулах санал ирсэн. Түүнээс хойш надад олон продюсер ханддаг болсон. Ингээд “Ларьдма” тэргүүтэй кинонууд “төрсөн”. Нэлээд хэдэн киноны ард гарсны дараа л аргаа олсон доо. Нэгт, продюсеруудын хүсдэг арилжааны шинжийг агуулах, хоёрт, өөрийн хүсдэг бүтээлийн киноны шинжийг ч тусгах. Ингэж байж л өөрийгөө алдахгүй үлдэнэ.
“Үүр цайгаасай” киноны зураг авах үеэр
-Та бусад уран бүтээлчид, тодруулбал, цэвэр бүтээлийн кино туурвиж байгаа найруулагч нарт цагаахан атаархдаг уу?
-“Хэвтрийн хүн”-ийг үзээд С.Бямба найруулагчид атаархсан. Яг өөрийнхөөрөө, дураараа туурвисанд атаархсан. Түрүүн хэлсэнчлэн надад тийм боломж, продюсер олдоогүй байгаа учраас тэр байх.
-Хэд хүртлээ кино найруулах бол?
-Найруулагчийн мэргэжилд нас хязгааргүй. Ер нь нас явах тусмаа л бүтээлийнх нь чансаа өсдөг, “чангардаг”. Амьдрал үзэх тусам аливааг харах өнцөг, түүнийг бүтээлдээ тусгах нь жинтэй болно. Ер нь уран бүтээлч хүн бүр урын бодлогоо алдаж болохгүй. Тэгж байж уран бүтээлээрээ урт насална.
-Анхны киногоо үзэхэд танд одоо ямар санагддаг вэ?
-Гоё шүү дээ. “Цагаан шөнө” кино 1998 онд сургуулиа төгсөх дипломын ажил минь байлаа. Дөрвөн сая төгрөгөөр хийсэн санагдана. Гэтэл төсөөлөөгүй орлого олж билээ. Тэгээд эвдэрсэн.
-Овоо мөнгө олжээ дээ?
-Олсон шүү. “Цагаан шөнө” гэсэн анонстой нисдэг тэрэг нисгэж байлаа шүү дээ. Тэр үед мөнгөний амтыг мэдэрсэн. Тэгээд ухаарсан. Хор гарсан.
-Яаж?
-“Диваажингаас амьдралд хүрэх зам” кино ашиг олоогүй. Түүний дараагийнх нь бүр “шатчихсан” юм. Тэгээд л “Юу билээ” гээд бодож байлаа. Анхны уран бүтээлүүдээ үзэхэд сайхан санагддаг. Мэдээж алдаа бий. Гэхдээ олж, алдаж, өгсөж, уруудсан ч мөн чанараа алдалгүй үлдсэн болохоор сайхан. П.Туваанжав багш минь үргэлж “Өөрийгөө алдахгүй байх хэрэгтэй” гэж захидаг байлаа. 2000 оны эхэн үед яг сагаж явахад аав намайг дуудлаа. “Чи кино уран бүтээл хийж болно. Гэхдээ одоо театртаа ажилла” гэж үүрэгдсэн. Би чинь Улсын хүүхэд, залуучуудын театрт гэрэлтүүлэгч байсан шүү дээ.
-Дунд сургуулиа хаяад гэрэлтүүлэгч болсон гэсэн байх аа?
-Наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиасаа сургуулиа хаячихсан юм. Шилжилтийн нас ч байж, юу ч бодож явсан юм. Гэтэл аавд баригдчихсан. Дэмий суулгахгүй шүү дээ. Улсын хүүхэд, залуучуудын театрт гэрэлтүүлэгчээр ажилд оруулсан. Тэнд гурван жил ажиллахдаа дунд сургуулиа нөхөж төгсөөд, үргэлжлүүлэн найруулагчаар суралцсан юм.
-Эргэж театртаа очоод хэр удаан ажилласан юм бэ?
-Удаагүй ээ. Гэхдээ С.Михалковын “Үнэтэй жаал”, Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө”, С.Жаргалсайханы “Гоо сайхны мэс засал” гурван жүжиг тавьж амжсан. Театраа хувьчлагдтал ажиллахдаа И.Нямгаваа найруулагчаас их зүйл сурсан. Би хүүхдийн жүжгийнхээ гол дүрд аавыгаа тоглуулсан юм. Жүжгээ нээж, тоглолт дуусаад уран бүтээлчид үзэгчдэд ёслоход би тайзны хажууд зогсож байлаа. Гэтэл аав “Нааш ир” гээд л дуудаад болдоггүй. Би ч санаа зовоод тайзан дээр гарахгүй гэж гүрийгээд л. Нэлээд дуудуулсны дараа гарч, аавтайгаа зэрэгцэж зогсоод үзэгчдэд ёсолсон. Тэр үед аав минь надаар их бахархсан байх. Тухайн үед ичээд, санаа зовоод л. Одоо бодоход миний хамгийн нандин дурсамжтай өдөр тэр байж.
-Хүмүүс таны уран бүтээлээс И.Нямгаваа найруулагч “үнэртдэг” гэлцдэг. Энэ ярианд эгдүүцдэг үү?
-Хэлдэг л юм. Эгдүүцдэг ч үгүй, эмзэглэдэг ч үгүй. И.Нямгаваа найруулагч агуу сэтгэдэг, сонирхолтой туурвидаг.
-Анхны уран бүтээлээсээ авхуулаад л өөрийнхөө, уран бүтээлчийнхээ мөн чанарыг таньж, хадгалахыг хичээсэн гэлээ. Тэгвэл бусдын мөн чанарыг, хүнийг хэр таньдаг болов?
-Одоо ч өөрийгөө бүрэн таниагүй яваа шүү дээ. Бусдыг таних бүр ч болоогүй. Амьдрал үзэх тусам хараад, таниад, суралцаад л явна.
-Та өөрийгөө хүн хэр таньдаг нүдтэй гэж боддог вэ?
-Гайгүй байх. Таван үг сольж үзээд ямар хүн бэ гэдгийг нь гадарлана. Мэргэжлийн онцлог байж магад. Бүр уншигдах хүн ч бий. Гэтэл “Таньчихлаа” гэж бодож яваад алдах үе ч бий.
-Анх уулзсан хүнийхээ юуг та онцолж хардаг вэ?
-Нүдтэй нь л “харилцдаг”.
-Мэдсээр байтал хүн өөдөөс тань харж суучихаад худал яривал та яах вэ?
-Худал ярьж буйг нь мэдсэн ч хэлэхгүй.
-Яагаад?
-Тэр хүний л ертөнц шүү дээ. Улайм цайм тэгж худал хэлдэг хүнд би хэллээ гээд засрах ч биш.
-Тэгвэл тухайн дүрд тоглуулах жүжигчнийг сонгохдоо авьяас, гаднах төрхөөс гадна өөр юуг нь чухалчилж үздэг вэ?
-Миний киноны дүрүүд их зөөлөн, хүлцэнгүй. Би тийм дүрүүдэд хайртай байх л даа. Энэ нь багадаа уншиж өссөн зохиолуудтай, хөгшин, хуучинсаг хэв маягтай холбоотой. Ах, бид хоёр аавын нөлөөгөөр Н.А.Некрасов, Л.Н.Толстой, Ф.М.Достоевский тэргүүтэй сонгодгууд уншиж өссөн. Түүнээс улбаатай байх. Аль болох шинэ хүнтэй хамтран ажиллах, кинондоо тоглуулах, жүжигчдээр өмнө нь хийж байгаагүйг нь хийлгэж, өөрөөр харуулах дуртай. Киноны зохиолоо ихэвчлэн өөрөө бичдэг болохоор ямар жүжигчин сонгохоо төсөөлчихдөг. Миний төсөөлснийг биелүүлж чадах уран бүтээлчийг л сонгодог доо.
-Л.Н.Толстой гэснээс та “Анна Каренина” жүжиг үзэв үү?
-“Улаанбаатар” олон улсын кино наадам дуусгаад үзнэ дээ.
-Танд тайзны уран бүтээл, жүжиг найруулах бодол бий юү?
-Хүсэж байгаа. Тайз бол найруулагчийн чандас сорьдог талбар. 2012 онд Эрик Эммануэль Шмитийн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг найруулахад үнэхээр сэтгэл ханамжтай байсан. Тайзан дээр ажиллаагүй удсан болохоор. Тэр мэдрэмжийг дахин авахыг хүсэж байна.
-Өнөөдрийг хүртэл та хэдэн уран бүтээлийн ард гараад байгаа вэ?
-Тайзны дөрөв, дэлгэцийн 16 бүтээлтэй.
-Шантрах биш, залхах үе гарч байв уу?
-Үгүй ээ. Жаахан муухайгаар хэлчих үү. Хүмүүсийн санал болгосон новшийн зохиолыг ч би засаж чадна. Продюсерын тулгасан хөгийн санааг ч залруулж чадна. Бүхнийг шинээр эхэлж буй мэт ажилладаг болохоор залхаж байсангүй. Хүмүүс надаас асуудаг л юм. “Чи яагаад өөрийнхөө киног хийхгүй продюсерын кино найруулдаг юм бэ” гээд л. Би яагаад продюсеруудыг гаргаж ирж болохгүй гэж. Надтай ажилласны дараа олонх продюсерын урлагийг, ялангуяа кино урлагийг харах өнцөг нь урлаг тийш ханддаг, өөрчлөгддөг.
-Аль уран бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараа та сэтгэл хамгийн хангалуун байсан бэ?
-Тэр гэж чадахгүй. Бүх л киноноосоо сайхан мэдрэмж авсан. Харин харамсаж явдаг ганц л кино бий.
-Ямар?
-“Омарын эрэлд” инээдмийн киног үзэгчдэд хүргэхэд хүмүүс инээгээгүй. “Би найруулж чадаагүй юу, эсвэл нийгэм сонин болчихов уу” гэж гайхсан. Ингээд анзаарах нь ээ, үзэгчдийг киноны хошигнолд биш, огт өөр инээдэмд сургачихсан. Муухайгаар хэлэхэд, хажууд нь хүн халтирч унахад инээдэг болгочихсон. Гэтэл би “Омарын эрэлд”-д Франц кино маягийн инээдэм, үйлдлийн хошигнол үзүүлэхийг хичээснээрээ алдсан.
-Ингэхэд та ямар найруулагчийн бүтээлд дуртай вэ?
-Цаг хугацаа өнгөрөх тусам сонирхдог киноны төрөл, найруулагч өөрчлөгддөг юм байна. Оюутан байхдаа Н.С.Михалковын кинонд дуртай байлаа. Юм үзэж, харахын хэрээр “өөр” найруулагчдыг эрж, эцэст нь А.А.Тарковский дээр буудаг аж. Агуу энэ хүнийг дэлхийн хэмжээний уран бүтээлчид ч судлах гээд дийлэхгүй л байна шүү дээ.
-“Гэргий” киноныхоо төгсгөлд “Андрей Тарковский танд баярлалаа” гэж бичсэн нь ийм учиртай байжээ?
-Би “Гэргий” киноны зохиолыг бичихийн тулд түүнийг “ашигласан”. Түүний бүх киноны, бүх хөгжим надад бий. Ажлынхаа өрөөнд кинонуудынх нь хөгжмийг сонсож, галзуурсан мэт л суудаг байлаа. Уран бүтээлийг нь ойлгож үзсэн хүн А.А.Тарковскийд автдаг.
-Энэхүү алдарт найруулагчийн аль бүтээлд та хамгийн их дурласан бол?
-“Ностальгия” хамгийн гоё. Их ч олон удаа үзсэн дээ. Ер нь бүтээлүүдийг нь олон үзсэн. Хэд үзсэнээ ч мартчихаж.