Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн олон хүн прокурор, мөрдөн байцаах болон өмгөөллийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, өндөр албан тушаал хашиж буй нь ч бий. Хуучнаар Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-т алба хааж байгаад өдгөө цэргийн тэтгэвэртээ суусан ч хууль зүйн салбартаа ажилласаар яваа бэлтгэл дэд хурандаа Ц.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр тухайн үедээ олны анхаарал татаж байсан “Центрпойнт”-ын, “Казино”-гийн Л.Байгаль болон УИХ-ын гишүүн, сайд нарт холбогдох гээд ээдрээ төвөгтэй, дуулиантай нэг бус хэрэг шалгаж, шүүхэд шилжүүлж байсан цөөхөн эмэгтэй мөрдөн байцаагчийн нэг юм.
-Хуулийн сургуулийн танай ангиас төрийн өндөр хариуцлагатай алба хашиж буй олон хүн бий гэсэн. Одоо хэчнээн хүн энэ салбартаа ажиллаж байна вэ. Хэрхэн мөрдөн байцаагч болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Бид 1983 онд МУИС-ийн хуулийн ангид элсэн ороод 1988 онд төгссөн юм. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж багш манай ангийг дааж байв. Манай ангиас одоо ч төрийн өндөр, хариуцлагатай алба хашиж байгаа хүн олон. Тухайлбал, улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, тус газрын ахлах прокурор Т.Баярсайхан, Д.Сарантуяа, Д.Доной, Л.Оюунбаяр, С.Цогтхүү, М.Бадам, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Энэбиш, өмгөөлөгч, “Улаанбаатар төмөр зам”-ын Москва дахь төлөөлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвбаатар гээд манай ангийн олон хүн байна. Бүгд 1988 онд МУИС-ийн хууль зүйн салбарын мөрдөн байцаагчийн анги төгссөн улс. Би тухайн үеийн Дархан хотод ерөнхий боловсролын сургууль төгсөөд Хууль цаазын дунд сургуульд элссэн юм. Түүнийгээ онц төгсөж МУИС-д шууд орсон.
Цагдаагийн ажлаас их хол байж байгаад 1992 онд зохион байгуулалтын өөрчлөлтөөр УМБГ-т шилжсэн юм. Түүнээс өмнө Цэргийн ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Тэр үед Цэргийн прокурорууд цагдаа, шүүх, прокурорынхны үйлдсэн гэмт хэрэг, цэргийн гэмт хэргүүдийг мөрддөг байсан юм. Тэгээд 1992 онд анх УМБГ байгуулагдахад манайх тус газрын VI хэлтэс гэж нэгдсэнээр би мөрдөн байцаагчаар шилжиж ирж байжээ. 1992 оны долдугаар сарын 1-нээс хойш цагдаагийн Мөрдөн байцаах албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад 2014 онд цэргийн тэтгэвэртээ суугаад байна. Нийтдээ 26-27 жил Мөрдөн байцаах албанд ажиллажээ.
-Яагаад хуульчийн мэргэжлийг сонгосон юм бэ. Аав, ээж тань энэ мэргэжлээр ажиллаж байсан юм уу?
-Аав минь жирийн л нэг нягтлан хүн байсан. Хүн чинь хүүхдээ хувь заяаг нь мэддэг юм шиг байгаа юм. Намайг анх цагдаагийн мөрдөн байцаах албанд шилжин ирэхэд аав “Охин минь насныхаа хоолтой золголоо, сэтгэл амарлаа” гэж билээ. Нээрээ л насныхаа хоолтой золгож ажилласан даа. УМБГ хэмээх гурван давхар байшинд над шиг 20 гаруй жил тасралтгүй ажилласан хүн ер нь байдаггүй юм билээ. Энэ албанд ирснээсээ хойш Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар 2001-2002 онд томилогдон ажилласан. Түүнээс өөрөөр ийш тийшээ явалгүй, зөвхөн УМБГ-ын байшинд амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Хамт олон, ахмад туршлагатай мөрдөн байцаагч нараасаа их зүйл сурсан даа. Цагдаагийн байгууллагад олон ч сайхан дарга, удирдах хүмүүс, чадвартай мөрдөн байцаагч нар байлаа. УМБГ-ын даргаар тэр үед хурандаа Д.Алтангэрэл, дэд даргаар нь хурандаа С.Дамдин гээд Гавьяат хуульч болсон мундаг хүмүүс ажиллаж байлаа. Мөн хурандаа С.Болдбаатар, М.Энх-Амгалан, Т.Сайнжаргал, Гавьяат хуульч, хурандаа Ё.Бадамдорж тэргүүтэй олон хүний удирдан чиглүүлж байсны дүнд ээдрээ төвөгтэй цөөнгүй хэргийн ард гарч байв.
-Мөрдөн байцаагч болоод анх шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг санаанд нь тод байдаг уу?
-Цэргийн прокурорын газарт ажиллаж байхдаа анх цэргийн алба хаагчдын харилцааны зөрчлийн хэрэг шалгасан юм. Түүнээс хойш цөөнгүй хэрэг шалгаснаас хамгийн хүнд нь Чулуундаваа гэх залуугийн холбогдсон бусдын амийг бүрэлгэсэн үйлдэл байж билээ. Гэхдээ энэ бол шинэхэн байцаагч байхдаа мөрдсөн хэрэг л дээ. Түүний дараа Налайхын цагдаагийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан Г дагавар охиноо хүчиндсэн гээд олон хэрэг мөрджээ.
-УМБГ-т олон жил ажиллана гэдэг энэ байгууллагын төдий жилийн түүхийг бичилцсэн гэсэн үг. Тус газарт ажлын хэсэг байгуулан шалгасан олон хэргийг мөрдөхөд таныг оролцсон туршлагатай, чамбай хүн гэж тантай нэгэн үед мөр зэрэгцэж алба хааж байсан хүмүүс дүгнэж байна лээ. Олны анхаарал татсан ямар, ямар хэрэг мөрдөж байв?
-Цагдаагийн байгууллагад ажилласан 20 гаруй жил гэдэг бол хүний амьдралын тийм ч богино хугацаа биш. Энэ хугацаанд олон ажлын хэсэгт багтаж байжээ. Дуулиан шуугиантай нь гэвэл Гүнтийн буудалцаан, “Центрпойнт”-ын гэх хэрэг багтах нь гарцаагүй. Эдгээр хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, хавтаст хэргийг нь боож, прокурорт шилжүүлж байлаа. Мөн “казиногийн” гэх авлига, албан тушаалын хэргийг нэрлэж болох нь. “Казиногийн” гэх Л.Байгаль нарын хүмүүст холбогдох, үнэхээр том, тухайн үедээ хамгийн их дуулиан шуугиантай, улстөрчид оролцсон хэргийг бид зоригтой мөрдөж, шүүхээр гэм буруутайг нь тогтоолгож явсан юм шүү дээ. Үүнээс өмнө УИХ-ын гишүүнийг, Хууль зүйн сайдаа мөрдөн шалгаж, шүүхээр гэм буруутайг нь тогтоолгосон тохиолдол миний хувьд сонсож байгаагүй.
-Хэн энэ ажлын хэсгийг удирдаж, хэчнээн мөрдөн байцаагч ажиллаж байсан юм бэ?
-Үнэхээр шилэгдмэл хүмүүс багтсан ажлын хэсэг гарсан. Д.Алтангэрэл дарга, С.Болдбаатар хурандаа нар удирдан чиглүүлж байлаа. Тэд үнэхээр мэргэжлийн удирдагч юм билээ. Ажлын хэсэгт ЦЕГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөр, Онц хүнд гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан, хурандаа А.Эрдэнэбаяр бид гурав багтсан юм. Чадвартай, сайн дарга нар удирдаж байсан болохоор бид тийм сайн ажилласан байж магадгүй. Тэр үед дарга нар зөвхөн ажлаа хий гэхээс гадна бидний ахуй амьдралд маш их анхаарал хандуулдаг байжээ. Д.Алтангэрэл дарга гэхэд надад “Хүүхдүүдээ битгий ганцааранг нь явуулаарай, нөхөртөө сайн хэлээрэй, сургуульд нь хүргэж өгч, авч байгаарай, анхаарал халамжаа сайн тавьж бай” хэмээн нэг талаараа алба хаагчдынхаа ар гэрт анхаарал тавина. Нөгөөтээгүүр, “Энэ хүн өдөр, шөнөгүй ажилтай шүү, чи ажлаа зохицуулаарай” гээд нөхөрт минь хэлчихэж байгаа юм. Ийм байдлаар гэр бүлдээ анхаарал тавихыг минь хүртэл зохицуулж өгч байжээ. Тэгж л байж бид өдөр, шөнөгүй ажлаа хийж энэ дуулиант хэргийн ард гарч чадсан. Эл хэргийг бараг жил гаруй хугацаанд шалгасан юм. Сайн, муу янз бүрийн юманд өртүүлэхгүй гэсэн дээ, байнга холбоо харилцаатай байхын тулд, элдэв аюулд өртүүлэхгүйн үүднээс гар утсаар хангах арга хэмжээ ч авч байлаа.
-Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, тэр дундаа Хууль зүйн сайдыгаа шалгаж байх үед ямар нэг дарамт шахалт та нарт ирж байв уу. Ер нь тэд одоогийн УИХ-ын гишүүд шиг бүрэн эрхээрээ халхавчилж мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирэхгүй цааргалж байсан болов уу?
-Дарга, удирдлагын тусламж дэмжлэгийн хүчинд дээрээс ирж буй дарамт шахалтыг бид мэдрээгүй, дарга нар минь л өөртөө авсан болов уу. Д.Алтангэрэл дарга ч “Би аливаа дарамт шахалтыг нь хариуцах болохоор та нар зүгээр л ажлаа хий” гэж хэлдэг байв. Тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүд элдэв арга саам хэрэглэдэггүй, дуудах л юм бол ирдэг байлаа. Одоогийн өндөр албан тушаалтнууд шиг ирэхгүй, ямар нэгэн байдлаар хүндрэл учруулах зүйл байсангүй дээ. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Батчулуун агсныг Ө.Энхтөр шалгаж байсан санагдана. Бид хүмүүсээ үйлдлүүдээр нь хуваарилж аваад мөрдсөн юм. Би гол төлөв Л.Байгалийн үйлдлүүдийг шалгаж байв.
-Энэ ташрамд асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Танд эвгүй ч байж магадгүй. Гадаадын нэг иргэний холбогдсон хэргийн барьцаа мөнгийг УМБГ-ын дансанд байршуулаагүй, бараг л авч идсэн гэж танд хариуцлага тооцсон гэсэн. Гэвч дараа нь таныг буруугүй болохыг тогтоосон юм билээ. Чухам юу болсон юм бэ?
-Уг нь тэр мөнгө УМБГ-ын дансанд байсныг намайг шалгасан хүмүүс дутуу хянаснаас ийм хэл ам гарч, улмаар хариуцлага тооцон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр тушаал буулган шилжүүлсэн юм. Тус хэлтэст нэг жил ажиллах болсон шалтгаан нь энэ. Учир шалтгааныг нь хүмүүс ойлгож аваасай гэж бодоод болсон үйл явдлыг товч ярья.
Тухайн үед буюу 2000-аад оны эхээр Баянхонгор аймагт хятадууд зээргэнэ тариалж, манай улсын хуулийг зөрчсөн хэргийг шалгах ажлын хэсэгт би багтсан юм. Энэ үедээ Хятадын компанийн удирдах албан тушаалтны паспортыг хураалаа. Гэтэл манай нэг удирдах албан тушаалтан утасдаад “Бичиг баримтыг нь өг, Хөвсгөлд байдаг фосфоритын үйлдвэр лүүгээ явах боломжгүй болчихсон байна” гэсэн. Гэтэл төд удалгүй нөгөө хятад иргэн хил давсан байсан. Тэгж байтал ямар үндэслэлээр гэдэг нь ойлгомжгүйгээр гэнэт надад албаны шалгалт хийж, албан тушаал бууруулан, УМБГ-аас холдуулчихав. Сүүлд нь дарга нарын тайлбарласнаар Хятадын иргэнд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, таван сая төгрөг байгууллагын дансанд тушаагаагүй гэж шалгасан юм билээ. Одоо бодох нь ээ, төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шалгаж байсан нь нөлөөлсөн ч юм уу, ямар ч байсан УМБГ-аас өөрчилж, дүүрэг рүү шилжүүлсэн.
Сүүлд нь манай газрын дарга намайг өрөөндөө дуудаад “Дансанд тушаагаагүй гэж чамд хариуцлага тооцох шалтгаан болсон таван сая төгрөг манай байгууллагын дансанд байсан юм байна шүү дээ. Тэгээд чамайг буцааж авчирсан” гэж хэлээд л өнгөрсөн дөө.
-2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийг зарим мөрдөгч нар прокурорт хэт их эрх мэдэл олгосон хэмээн шүүмжлэх нь бий. Мөрдөн байцаагчаар 26-27 жил ажилласан хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хууль тогтоогчид нэгэнтээ тогтоогоод өгчихсөн учир хэрэгжүүлэгч мөрдөгч нар зөв, буруу гэхгүйгээр дагах үүрэгтэй шүү дээ. Ер нь ямар нэг шийдвэр гаргахгүй байлаа гээд мөрдөгчийн үйл ажиллагаа хязгаарлагдмал болсон гэсэн үг биш. Мөрдөгч өөрийнхөө олох ёстой баримт, нотолгоог илрүүлэх, хэргийн цагаатгах болон яллах нотлох баримтыг олж тогтоох эрх нь хэвээрээ л байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүний эрх хязгаарлах төрлийн эрх мэдэл хуулиараа прокурорт шилжсэн гэсэн үг. Жишээ нь, нэгжлэг явуулах, хүний утсанд үзлэг хийх, баривчлах, саатуулах, цагдан хорих, эсвэл эд хөрөнгийг нь битүүмжлэх, нуугдмал хөрөнгийг нь олж тогтоох гээд хүний эрх хязгаарлах чиглэлийн ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулдаг болсон. Эдгээрээс бусад нотлох баримт цуглуулах ажиллагаа мөрдөгчид хэвээрээ л байгаа. Тэгэхээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтуудыг зөв л гэж хардаг. Цагдан хорих ажиллагааг шүүх шийдэх нь зөв. Хуучин бид цагдан хорих тогтоолоо бичээд прокуророор батлуулаад л шийдвэрлэчихдэг байсан. Одоо бол заавал шүүхээр шийдвэрлүүлж байж, хүний эрхийг хязгаарлаж буй нь манай хууль, эрх зүйн систем орчин үетэйгээ уялдаж буйн нэг илрэл гэж үздэг.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг гар утсаараа бичээд олон нийтийн сүлжээнд тавьж шүүмжлэх нь ихэссэн. Ингэж байгаа нь зөв юм болов уу?
-Өнөөдөр амтай, гартай болгон л цагдаагийн байгууллагын алба хаагчдыг шүүмжлэх болж. Би үүнд үнэхээр харамсаж байна. Тусламж эрэх болохоор цагдаадаа л ханддаг шүү дээ. Цагдаагийн алба хаагч бол хуулийн дагуу л ажлаа хийж яваа Монгол Улсынхаа төрд тангараг өргөсөн хүмүүс. Цагдаагийн байгууллага бидний үед арай цомхон, чадварлаг байсан юм уу даа гэж хардаг. Одоо бол алба хаагч нь ч нэмэгдэж, гардаг хэрэг нь ч өссөн байна. Түүнээс улбаалаад бүтэц бүрэлдэхүүн ч өөрчлөгдөж. Мөрдөн байцаагч, ажилтнуудын хувьд чадвар нь жаахан дутдаг юм уу даа гэж хардаг. Нөгөөтээгүүр, зарим алба хаагч хүнтэй харилцахдаа алдаад байна уу гэж боддог юм. Энэ байдлаас нь үүдээд “нэг үхрийн эвэр доргивол мянган эврийн үхэр доргино” гэдэг л болоод байх шиг. Цөөн хэдэн цагдаагийн хариуцлагагүй үйлдлээс болж бүх алба хаагч зөрчил, доголдол гаргасан юм шиг харагдаад байна. Би хэдийгээр цэргийн тэтгэвэрт гарсан ч гэлээ өдөр болгон л цагдаагийн алба хаагчидтай уулзаж ярилцдаг. Тэд “Дүрэмт хувцастайгаа гадуур явахад хэцүү болж” гэж хэлэх юм. Тэгэхээр цагдаагийн байгууллагынхан маань иргэдтэй харилцаж буй хүмүүсийнхээ чадвар, харицааны соёлыг дээшлүүлэх хэрэгтэй. Нийгэм хөгжиж байна гэдгийг ойлгож, алба хаагчдыг чадавхжуулах нь чухал болжээ. Иргэдтэй өдөр тутам харилцаж буй тэр хүмүүсээр цагдаагийн нийт алба хаагчдыг төсөөлөөд байна шүү дээ.
Эдгээрээс гадна хэрэг шалгаж буй мөрдөн байцаагч өдөрт хэчнээн ч материалтай зууралдаж байгааг удирдлага нь нарийвчлан судлах хэрэгтэй байна. Маш их л харагдах юм. Ажлын ачааллаасаа болоод хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж чадахгүй байгаад иргэд гомдоно, чирэгдэл учирна, хэл ам гаргана. Гэтэл тийм их ачаалалтай байгаа зарим алба хаагч өөдөөс нь зөрүүлээд бухимдана, тэгээд хүнтэй муухай харилцлаа гэх шүүмжлэлд өртдөг. Энэ болгон цагдаагийн байгууллагын нэр хүндэд нөлөөлж байна. Тэгэхээр анхан шатныхаа нэгж рүү анхаарлаа хандуулаад ачааллыг нь багасгахад анхаарч ажиллах ёстой юм болов уу гэж боддог. Би ганц нэг хэрэгт өмгөөлөгчөөр оролцдог юм. Тэгэхэд хөөрхий мөрдөгч яаж ингэж ажлаа амжуулдаг байна аа л гэж харах юм. 40 гаруй хэрэг шалгаад, цаана нь эзэнгүй зөндөө өргөдөл, гомдол шийдвэрлэж байна. Зарим хэргийн холбогдогчоо амралтын өдрүүдэд ч дуудан байцаах үе бий. Би үйлчлүүлэгч нартаа мөрдөгчийн дуудсан цагт нь оч л гэж хэлдэг. Мөрдөгчдийнхөө ажлыг мэддэг болохоор дуудсан цагт нь үйлчлүүлэгчтэйгээ хамт очдог.
-МБА-ны харьяа, хэлтэс, тасгуудад сургуулиа төгсөөд удаагүй шижигнэсэн залуу мөрдөгч нар ажиллаж байна. Тэд мэдээж ахмад ажилтнуудаасаа үлгэр дуурайл авах ёстой. Тэдэнд та юу захидаг вэ?
-Залуу мөрдөн байцаагч нартаа хандаж чадвараа дээшлүүл гэж хэлмээр санагддаг юм. Хуулиа уншаад маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Уншаад ойлгохгүй бол хэрэг шалгаж чадахгүй. Түүнээс гадна энэ хэргийг яаж нотолж болох, цагаатгах ямар нотлох баримт байна вэ гэдгээ олж тогтоох чадвартай байх хэрэгтэй. Өдөр хоногийг аргацаагаад нэг хүнээс байцаалт авсан болоод явах ёсгүй. Мөрдөгч хүн чадвартай, сийрэг толгойтой байх нь чухал. Ингээд хэлбэл ийм асуулт асууна гэж сэтгэх, сэргэлэн байх ёстой. Тиймээс тухайн салбарын ном, хууль, тогтоомжийг сайтар уншиж судал. Өмгөөлөгч болчихоод зарим хэргийн оролцогчоос мэдүүлэг авах үед нь орж сууж байгаа. Энэ үед ийм асуулт асуучихаасай, үүнийг асуучихвал болох гээд байна гэж их боддог. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг биш, мөрдөгчийнхөө ажлыг анх бодоод сууж байдаг байлаа. Тэгээд ажил руугаа буцаж ирээд хамт ажилладаг хүмүүстээ “Би өмгөөлөгч хийж чадахгүй юм шиг байна аа” гэдэг байв. Одоо өмгөөлөгчийнхөө ажилд дасаад, тэгэж бодохоо больсон.
Сүүлийн үед дандаа залуу дэслэгч, ахлах дэслэгч нар мөрдөн байцаах ажил хийж байна. Хошууч цолтой мөрдөн байцаагч тун ховор болж. Тиймээс энэ залуусыг сургаж дадлагажуулах хүн бараг алга гэсэн үг. Бидний үед дэслэгч цолоо зүүгээд дөнгөж төгсөж ирсэн залуусыг дэд хурандаа юм уу, хошууч дэргэдээ суулгаад хүнээс хэрхэн мэдүүлэг авах гээд бүгдийг нь амьдрал дээр харуулан сургаж авдаг байв. Байцаалтаа дуусгасных нь дараа алдаа дутагдлыг хэлдэг ч юм уу, ингэж асуух байлаа гээд бүгдийг зааж чиглүүлж хэлж өгдөг. Хажууд нь сууж зааж зөвлөдөг хүн одоо бараг л үгүй. Мөрдөгч нар гээд дэслэгч, ахлах дэслэгч цолтой залуус, дарга нь хэмээн дэд хурандаа ч юм уу нэг хүн байна. Ийм байхаар залуу хойч үеэ бэлтгэдэг хоорондын холбоо тасалдаад байгаа юм. Намайг дэслэгч цолтой мөрдөн байцаагч болоход К.Костёр (Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа) гэдэг хүн тухайн үед хошууч цолтой, шавиа болгон авч байлаа. Тэр үед 40 гаруй холбогдогчтой 200 гаруй үйлдэлтэй хэрэг шалгах ажлын хэсэгт намайг оруулсан юм. Багшийнхаа даалгавраар нөгөө хүнээ байцаагаад л, малын өнгө зүс ч мэдэхгүй амьтан хэрэг шалгаж байлаа. Жинхэнэ мөрдөн байцаагч нарыг ийм л хашир туршлагатай ахмадууд гаргаж ирсэн. Биднийг хошууч, ахмад цолтой болоход дөнгөж төгссөн дэслэгчийг өрөөнд минь оруулж суулгаад дагалдуулж байв. Намайг дагалдаж, дадлагажин мөрдөн байцаагч болж байсан олон хүн цагдаагийн байгууллага болон АТГ-т удирдах алба хашиж байна. Сүүлийн жилүүдэд яг ийм уялдаа холбоо алдагджээ гэж хардаг.
Эцэст нь нэмж хэлэхэд, 1992 онд мөрдөн байцаах байгууллагыг бие даасан бүтцээр ажиллуулж эхэлснээс хойш манай албанд дунд, тусгай дунд боловсролтой хүн гэж байхгүй болсон. Тэгэхээр цагдаагийн байгууллагын аль ч албанаас хамгийн түрүүнд бүх алба хаагч нь дээд боловсролтой болсон нь Мөрдөн байцаах алба. Тэгэхээр энэ албанд ажиллаж байсан хүмүүст үлгэр дуурайл, чадвар байлгүй яах вэ. Цагдаагийн байгууллагын сор нь болсон алба гэж боддог юм. Тиймдээ ч МБА-нд ажиллаж байсан хүмүүс сүүлийн жилүүдэд ЦЕГ-ыг удирдаж байна.