Нэгэн цагт TV-9, ETV телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч олонтой өдөр бүр “уулздаг” байсан энэ бүсгүйг өдгөө монголчууд, тэр дундаа олон нийтийн сүлжээнд идэвхтэй хүмүүс “Хоггүй Монгол”-ын М.Бүжинлхам гэдгээр нь илүү мэддэг болжээ. Иргэдийн хандлагыг өөрчлөх, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох замаар хог хаягдалтай тэмцэх зорилгоор “Хоггүй Монгол” ТББ-ыг байгуулж, “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачилсан тэрбээр “Хүмүүс намайг сэтгүүлчээр ажиллахаа больсон гэж боддог юм шиг байна лээ. Уг нь би ажиллаад л яваад байгаа нь энэ шүү дээ” хэмээн инээмсэглэлээ.
-Таны бичсэн “Хогон мангас” зохиол тайзнаа жүжиг болжээ. Энэ бүтээлээрээ хүүхэд багачуудад юу хэлэхийг хүсэв?
-Монгол Улсын ирээдүй ямар байх нь хүүхэд багачуудын боловсрол, хүмүүжлээс ихээхэн шалтгаална. Бид цэвэрхэн, хоггүй хотод амьдрахыг хүсдэг. Гэтэл манай улс ийм орчин бүрдүүлж чадахгүй байна. 10, 20 жилийн дараах Монгол Улс, Улаанбаатарыг өнөөдрийнхөөс өөр байлгахын тулд ирээдүйн эздийг одооноос бэлтгэх нь зүйтэй. Ингэж бодсон учраас хүүхдүүдэд зориулан анх үлгэр зохиосон. Яваандаа үүнийгээ ном болгох санаа төрсөн юм. Харин “Бүтээлч Бамбүү” театрынхан энэ зохиолоос минь сэдэвлэсэн жүжиг дэглэх санаачилга гаргасан. “Хог хаягдал олон улсад давлагаа болж буй сэдэв. Тиймээс багачуудад хүргэе. Жүжгийн зохиол болгож өгөөч” гэдэг санал тавьсан юм. Энэ дагуу жил гаруйн хугацаанд хамтарч ажиллалаа. “Хогон мангас” нь хогоо ангилан ялгах, байгаль орчноо хайрлан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах зорилготой, 4-12 насныханд зориулсан жүжиг.
-Хүүхдүүд томчуудтай харьцуулахад сэтгэл хөдлөл нь илэрхий, үйл явдалд хөтлөгдөж, автахдаа амархан. Тэд “Хогон мангас”-ыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Үнэхээр “хөөрхөн” хүлээж авч байна. Зарим нь үзвэр тарахад хогоо гартаа атгачихсан гарч ирээд “Энийг хаана хаях вэ” гэж асуух жишээтэй. Хүүхдүүд жүжгээс ойлгосон, сурсан зүйлээ гэртээ очоод баталгаажуулахыг хүсдэг. Тийм орчныг эцэг, эхчүүд бүрдүүлэх хэрэгтэй. Жүжиг үзүүлээд л болчихгүй, хог ангилуулж турших хэрэгтэй. Энэ талаарх анхан шатны мэдлэгийг хүүхдүүд жүжгээс авах учраас үүнийг нь зайлшгүй баталгаажуулаарай гэж захья. Дуутай, бүжигтэй, үзэгчдийн оролцоотой учраас “Хогон мангас” хүүхдүүдийн сонирхлыг их татаж байгаа. Жүжгийг бямба гараг бүрийн 13.00 цагаас “Бүтээлч Бамбүү” театрын тайзнаа тоглодог.
-Хүүхдэд багаас нь л экологийн боловсрол олгох нь чухал гэж хүн болгон ярьдаг. Бодит байдалд томчууд бид энэ эхлэлийг тавьж, хүүхдүүддээ үлгэрлэж чадаж байна уу?
-Чаддаг ээж, аав бий. Хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг сургууль ч байгаа. Гэхдээ монголчуудын түгээмэл хандлагыг харахад энэ үзүүлэлт тийм ч сайн биш. Монголын төр, засаг хүнээ хаячихсан, хүний хөгжлийг бодлогоос гээгдүүлчихсэн учраас, иргэд нь “Миний хүү, охин өсөж том болоод энэ л эх орондоо ажиллаж, амьдарна. Тэд минь аав, ээж болно. Үр хүүхдүүд нь мөн л энд амьдарна” гэж маргаашаа боддоггүйгээс өнөөдөр хогны асуудал ийм нөхцөлд хүрлээ.
Цэцэрлэг, сургуульд байхад “Бүжинлхам аа, хогоо ингэж ялгаж хаяна шүү. Мод, цэцгийг ийм аргаар тарьдаг. Нийтийн тээвэрт суухдаа настай хүнийг ингэж хүндлээрэй” гэж ер заагаагүй. Энэ мэтчилэн амьдралын хамгийн энгийн, анхны эрдмүүдийг бидэнд зааж, сургадаггүйгээс өнөөдөр ийм замбараагүй орчинд амьдарч байна. Одоо бидний гол асуудал бол монгол хүний хүмүүжил, төлөвшил, үнэ цэнийг уг үндсээр нь тодорхойлж, энэ хэмжүүрт тохирсон улс бүтээх юм.
-Сөрөг дадал, хандлагатай хүн гэдэг суурь муутай байшинтай ижил. Ийм хүмүүсийн хандлагыг өөрчлөх мэдээж амаргүй. Та сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр түлхүү ажиллалаа. Юу мэдрэгдэв?
-Хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Хогоо ангилдаг, ялгаж хаядаг хүний тоо нэмэгдсэн. Ангилах хүсэлтэй иргэн өчнөөн бий. Бид “Дахивар авах явуулын станц” ажиллуулж үзлээ. Иргэд маш идэвхтэй оролцсон. Орчин нөхцөл, боломж нь байвал иргэд хогоо түүртэхгүй ялгахыг харлаа, мэдэрлээ. Даанч төр, засгийн бодлого, ажиллагаа дэндүү хоцрогдмол, удаан байна. “Яагаад ийм юм бэ” гэж халагламаар зунгааралдсан, урагшгүй бодлого манай улсад үйлчилдэг. Төрд гарсан хүмүүс улсаа хөгжүүлье, ямар нэг асуудлыг нь шийдье гэхээсээ илүү хувийн ашиг сонирхлоо хөөдөг жишиг тогтжээ. Дэлхий нийтийн жишгийг харахад хогоо ангилан хаядаг улсад авлига, арын хаалга хамгийн бага байдаг гэнэ. Улсын бодлого, зөв менежмент, зохион байгуулалт гэдэг зүйл эндээс л эхэлдэг юм. Гэтэл Монголд эсрэгээрээ.
Хог ачдаг машинуудыг тээвэрлэлтээр нь үнэлдэг. Тодруулбал, хэр хэмжээний хог ачсанаас нь хамаарч ачигчдыг урамшуулдаг тогтолцоо манайд бий. Тэдний хувьд их хог ачиж буулгах нь чухал болохоос ангилан ялгах нь онц биш. Гэтэл нөгөө талд нь иргэд хогоо ангилан ялгаж, багасгахыг хичээгээд байдаг. Ийм л эсрэг систем манай улсад ажиллаж байна. Ангилан ялгагчдаа дэмжих бодлого алга. Харин бусад улсад дахин боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь төрөөс татаас авдаг. Боловсруулж буй хогийнх нь тонн тутамд урамшуулал олгодог. Эсвэл цахилгааны хөнгөлөлт үзүүлэх зэргээр үйл ажиллагааны зардлыг нь багасгадаг. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хилээр татваргүй оруулдаг. Урамшуулах, дэмжих ийм системээр үйлдвэрүүдээ дэмждэг юм билээ. Манай үйлдвэрүүд маш хүнд нөхцөлд, “бор зүрхээрээ” л ажилладаг. Иргэдийн хувьд ч ялгаагүй. Хогоо ангилсныг нь урамшуулж, их хэмжээний хаягдал “үйлдвэрлэснийг” нь торгодог ч юм уу, тодорхой зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
-Товчхондоо бол та бүхэн төрийн өмнөөс ажлыг нь хийдэг юм байна. Тэгвэл улс бодлогын түвшинд, хууль, эрх зүйн хүрээнд нэн түрүүнд ямар алхам хийх нь зүйтэй вэ?
-Манай улс 2017 онд Хог хаягдлын тухай хууль, 2019 онд дагалдах журмыг нь баталсан. Одоо орон нутгийнхан өөрсдийнхөө онцлогт тулгуурласан журам батлах ёстой. Үүнийг ягштал баримтлаад ажиллавал олон зүйл өөрчлөгдөнө. Гэтэл ер хэрэгждэггүй. Хогтой холбоотой бүх асуудалд нийслэл (ЗДТГ) оролцдог. Бүхэл бүтэн 1.5 сая хүн амтай хотын нэг дүүрэг, хорооны хогийн асуудлыг нийслэл дангаараа хариуцаж, санаа тавина гэдэг зохимжгүй, утга учиргүй зохицуулалт. Хэдхэн хүнтэй Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс гэж байдаг юм билээ. Тэд яагаад ч хүчрэхгүй шүү дээ. Дүүргүүдэд эрх мэдэл нь бий учир Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд ч дүүргийн удирдлагаа шахаж, хатуу шаардлага тавих ёстой. “Бид хогоо ангилмаар байна. Та нар ажлаа хий, дүрэм, журмаа гарга” гэж хэлэх эрх иргэдэд бий.
Мөн хог хаягдлаар, тэр дундаа дахин боловсруулах чиглэлээр ажиллах гэж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг эрх бүхий байгууллагууд зах зээл рүү нь чөлөөтэй оруулах хэрэгтэй. Зөвшөөрөл олгох, бичиг баримт бүрдүүлэх, ТЭЗҮ боловсруулах нэрийдлээр иргэдийг хэдэн байгууллагын хооронд залхтал нь явуулдаг. Ингээд сайн сайхан зүйл бодож, төлөвлөж байсан хүмүүс замынхаа голоос буцаж, шантрах нь бий. Үүнийг болих хэрэгтэй. Хороо, дүүрэг гээд шат шатны нэгжид эрх нь байсаар атал бүх зүйлийг төрд хамаатуулах гэдэг хандлага их буруу.
-“Хоггүй Монгол” хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна вэ. Энэ хугацаанд хийсэн гол ажил юу байв?
-Хог сурвалжилдаг сэтгүүлчийг доогуур түвшнийх гэж үнэлдэг байсан. Гудамжны хогтой холбоотой мэдээ, сурвалжилгад голдуу дадлагын оюутан, эсвэл дагалднаар ажилладаг сэтгүүлчийг явуулдаг байв. Харин одоо өөр болсон. Хог ярьдаг сэтгүүлч ичихээ больсон. Нийгмийн хандлага өөрчлөгдсөний илрэл. Үүнд манай төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхний хувь нэмэр бий гэж итгэдэг.
Бид цэцэрлэг, сургууль, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олон удаа сургалт зохион байгуулсан. Одоо ч үргэлжилж байна. Ингэхдээ зүгээр нэг яриад, зөвлөөд өнгөрөх бус, тэр бүхнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, арга замыг нь зааж өгдөг. Менежментийг нь хийдэг гэсэн үг. Мөн бичсэн номоо, үүнээс сэдэвлэсэн жүжгээ онцолно. Хүний бодол өөрчлөгдөөгүй цагт үйлдлээ засаж чаддаггүй юм билээ. Тиймээс манай хамт олон өнгөрсөн гурван жилд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чиглэлээр түлхүү ажиллажээ. Энэ бол цаг хугацаа, тууштай байдал шаарддаг ажил. Ил ярьж байгаа нь би болохоос манай байгууллагад Булган, Төмөрхуяг гээд чадварлаг залуус бий. Бид гурвын толгой “нийлж” байж энэ бүхнийг санаачилж, хэрэгжүүлдэг. Одоо бид ангилагч буюу иргэн, тээвэрлэгч компани, дахин боловсруулах үйлдвэрүүдийг холбох чиглэлд анхаарч, “Дахивар авах явуулын станц” ажиллуулж байна.
-Яг одоо манай улсад дахин боловсруулах хэчнээн үйлдвэр бий вэ. Тэд “хувиргаж” чаддаггүй, их хэмжээний бохирдол үүсгэдэг ямар төрлийн хаягдлууд байдаг бол?
-Нийт хог хаягдлын 80 орчим хувийг барилгынх эзэлдэг. Уг нь төрөлжүүлэн ялгаад, ангилчихвал бүгдийг нь дахин ашиглах боломжтой ч одоо боловсруулж байгаа ганц нь хөөсөнцөр. Бусад нь тэр чигтээ хаягддаг гэхэд хилсдэхгүй. Хуванцрын хувьд PETE, HDPE, PP гэсэн гурван төрлийнхийг боловсруулдаг үйлдвэр бий. Гялгар уутнаас LDPE болон бас нэг төрлийг “Сан-Оргиу”, “Пластик центр”-ийнхэн боловсруулдаг. Манай улсад энэ чиглэлийн 36 үйлдвэр бий гэж үздэгээс 10 нь байнгын ажиллагаатай. Дийлэнх нь зун ажиллаад, өвөл зогсдог.
-Дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хүлээж авах, шингээх зах зээл Монголд байна уу?
-Хэцүү юм билээ. “Сан-Оргиу”-гийнхан гэхэд зөвхөн гялгар уутаар 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сандал, замын хашлага, хавтан гэх мэт. Гялгар уут байгальд шингэхгүй, хөрсөнд 400-500 жил тэсвэртэй. Тэдгээрийг хайлуулж, хэвэнд оруулан, бүтээгдэхүүн хийхийн тулд хатуу болгох, өнгө оруулах бодис ашигладаг. Тэгэхээр өнөөх бүтээгдэхүүн нь маш бат бөх болдог. Ингэж хөдөлмөр, хөрөнгө зарцуулж хийсэн бүтээгдэхүүнээ нийлүүлье гэхээр иргэд ч авдаггүй, төр нь ч дэмждэггүй. Ядаж жил бүр шахам сольдог гудамж, талбайн сандлуудаа эдгээр үйлдвэрээсээ авах хэрэгтэй шүү дээ.
Зах зээл нь хумигдмал байдгаас гадна ийм үйлдвэрт ажиллах орчин нөхцөл хүнд. Үүнээс нь болоод хүн тогтдоггүй. Тиймээс дахин боловсруулах үйлдвэрүүдийг ядаж хөл дээрээ тогттол нь төр, засаг бодлогоор дэмжиж, урамшуулах шаардлагатай.
-Өмнөд хөрш хуванцар хаягдал авахаа байсан нь манай үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд бас нөлөөлсөн шүү дээ?
-Тус улс олон орноос хаягдал импортолдог байснаа 2017 оны намар хууль батлаад, дараа жилээс нь авахаа больсон. Хятад гэлтгүй дэлхий нийт хог хаягдлын асуудалд ул суурьтай хандаж эхлээд байна.
-Таныг хүмүүс өмнө нь сэтгүүлч гэдгээр нь мэддэг байсан бол одоо “Хоггүй Монгол”- ын гэж тодотгох болсон. Танд аль нь таатай байдаг вэ?
-Сэтгүүлч яагаад зөвхөн улс төр, эдийн засаг ярих ёстой гэж. Төрийн ордонд орсон хүнийг л сэтгүүлч гэж үзэж болохгүй шүү дээ. Спорт, урлагаар дагнасан сэтгүүлч байхад орчны бохирдлынх яагаад байж болохгүй гэж. Би сэтгүүлчээрээ ажиллаж байгаа. Харин ч энэ чиглэлээрээ мэргэшиж, гүнзгийрэхийг хичээж явна. Тэгэхээр намайг юу гэж ч дуудсан болно. Хувь хүний л асуудал.
-Хог дахин боловсруулах чиглэлээр ямар улс үлгэр жишээ ажиллаж байна вэ. Та жишээ хэлээч?
-Япон, Швед, Герман байна. Эдгээр улс дийлэнх хаягдлаа дахин боловсруулдаг. Үлдсэнийг нь шатаагаад, эрчим хүч үйлдвэрлэдэг. Азид хогондоо “живж” буй улс өчнөөн. Бид тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж, санаа амарч болохгүй. Өсөж хөгжихийн тулд хөгжингүй, энэ чиглэлээр манлайлагч орнуудаас суралцаж, үлгэрлэх хэрэгтэй. Жишээлбэл, БНСУ байна. Тэд хүнсний хаягдлаа хүртэл боловсруулдаг. Японд өмнө нь гялгар уут үнэгүй байлаа. Дахин боловсруулдаг учраас ойшоодоггүй байсан хэрэг. Харин энэ оноос эхлээд худалддаг болгожээ. Үүнээс болоод хэрэглээ нь эрс багассан.
-Орчин цагт дэлхий нийт минималист хэв маягаар амьдрахыг эрмэлзэж, шаардлагагүй хэрэглээнээсээ татгалзах боллоо. Энэ нь эмх цэгцтэй, сэтгэл хангалуун амьдрах үндэс гэж үзэж байна. Таныг ийм “зарчим” баримталдаг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна?
-Анх хог хаягдлын чиглэлээр ажиллах болоход найзууд минь намайг шоолж байлаа. Санаанд нь буугаагүй юм шиг байна лээ. Харин одоо тэд бүгд хогоо ангилан хаядаг болсон.
Би өмнө нь телевизээр байнга гардаг болоод ч тэр үү, маш олон хувцастай байсан. Энд тэнд хямдрал зарласан сургаар элдэв зүйл авдаг байлаа. Одоо тийм биш. Надад ердөө хоёр дээл, өмд байх жишээтэй. Өмсөж буй хувцас, хэрэглэлээсээ санаа зовохоо больсон. Хүүхдүүд минь ч намайг дагаад, ийм хэвшилтэй болоод байна.