Үгээ тодорхой хэлж, товчхон ярьдаг, нөгөөтээгүүр ам “чангатай”, ахмад дипломатч, Элчин сайд О.Дамбийнямтай ярилцлаа. Улсаа төлөөлөх чухал албанд 40 шахам жил зүтгэхдээ Гадаад харилцааны яаманд атташе, нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн дарга, Кабул, Бээжин, Каир дахь ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөх, Бүгд Найрамдах Польш Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсад Элчин сайдаар ажилласан энэ эрхэм хүмүүнийг сайн мэдэх нэгэн “Ясны дипломатч” хэмээн тодотгосон юм. Тэрбээр МУИС, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Кабулын их сургуулийг дүүргэжээ.
-Зуныг зусландаа нэлээд завгүй өнгөрөөх шиг боллоо, Та. Сайхан намаржиж байна уу. Сүүлийн үед ямар ажил амжуулж, юу хийж байна вэ?
-Сайхан зусаад, налгар намаржиж байна. Би Дорнод аймгийн хүн. Энэ зун нутагтаа хоёр, гурван удаа очоод ирсэн. Өвөлжилт жаахан хүндэрч магадгүй гэж нутгийн хөгшчүүд ярьж байна. Өвөлжилт ярьсантай холбогдуулан хэлэхэд, манай улс мал аж ахуйгаа таваарлаг болгох хэрэгтэй. Хэдийгээр гадаад харилцаанаас хол хөндий сэдэв ч гэлээ иргэн хүнийхээ хувьд малын тоо толгойн өсөлтөд бус, ашиг шимд нь анхаарах, энэ чиглэлийн судалгааг нь ч, хэрэгжүүлэх ажлыг нь ч Засгийн газар зангидаж, тодорхой бодлоготой ажиллаасай гэж боддог. Судалгаа гэснээс бас нэг зүйл, Кэмбрижийн сургалтын талаар товч санаагаа хэлье. Боловсролын салбар бол мэдлэг олгохоос гадна монгол хүнийг төлөвшүүлэхэд чухал. Бид гадаадын юмыг судалж, нэвтрүүлэхдээ хэт хуулбарлаж болохгүй. Кэмбрижийн сургалт бол европ хүний зан араншин, хүмүүжил, орчинд үндэслэсэн, өөрсдөд нь ээлтэй сургалт байх. Үүнээс ашигтайг нь сугалаад, өөрийн орны онцлог, монгол хүний соёл иргэншлийн дархлаа бий болгоход яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
За асуултаас бүр хазайгаад явчихлаа. Сүүлийн үед хийж байгаа ажил гэвэл, тэтгэвэртээ гарсан боловч яамтайгаа холбоотой байж, зарим ажил албанд нь туслаад, бас Ахмадын хороо, Дипломатын академи, Элчин сайд нарын клубийн шугамаар зохиодог арга хэмжээ, хичээл зэрэгт оролцсоор байна.
-Дипломат албаны мөн чанар болон дипломатчийн ёс зүй гэж юу вэ гэсэн жижүүрийн, магадгүй “уйтгартай” асуулт тавья. Сүүлийн хэдэн жил дипломатчдыг тойрсон таагүй мэдээлэл тасрахгүй байгаа нь энэ албанд томилогдсон хүний ёс зүйтэй холбоотой юу, эсвэл тохоон томилох сонголт буруу байна уу?
-Дипломатчийн баримтлах гол бодлого бол мэдээж нэн тэргүүнд улс орныхоо хөгжлийн эрх ашигт нийцүүлэн гадаад таатай орчин бий болгох. Дипломат харилцааг зөвхөн ГХЯ-ны эрхлэх ажил мэтээр, дипломатч яамныхаа хүрээнд л ажилладаг гэсэн өрөөсгөл ойлголт хүмүүсийн дунд байдаг. Угтаа бол дипломат албаны хүн улсын нэрийн өмнөөс бүх яам, салбарыг төлөөлөн ажилладаг. Тодорхой нөхцөл байдалд хувь хүний ч төлөө ажиллах нь бий.
Сүүлийн хэдэн жил дипломат албанд томилогдсон зарим хүний буруугаас болж “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгтэй утга нэг зүйл болж байгаа нь харамсалтай. Энэ албанд ажиллах хүмүүс хувийн эрх ашгийн төлөө болон ашиг, орлого олохын тулд ажиллахгүй байх тухай Венийн конвенцод дурдсан. Дипломатчийн тангарагт ч улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж заасан байгаа. Дипломат албанд томилогдсон хүний алдаа юу, тохоон томилох сонголт буруу байна уу гэдгийг тунгаах ёстой. Зарим хүний ахархан бодлоос болоод Монгол Улс, дипломат албаны нэр хүнд унаж байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм явдал цаашдаа гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах ёстой. Нөгөөтээгүүр, дипломат албанд ажиллаж буй хүмүүсийн цалин, хангамж тун бага байгаа нь зарим хүн албан ажлаа хойш тавиад, амар хялбар аргаар ашиг хонжоо хайхад түлхдэг тал ч бий байх. Ингэж хэлснээрээ Монголын нэрийг хөөдсөн хүмүүсийн буруу үйл ажиллагааг өмөөрч байгаа хэрэг биш гэдгийг онцолъё. Намайг 1990-ээд оны сүүлээр Бээжинд ажиллаж байхад манай яамнаас гадаадын дипломат албаныхны цалин, хангамжийн талаар судалгаа явуулсан юм. Жишээ нь, тухайн улсынхаа амьжиргааны өртгийг тогтоогоод, түүнийгээ гурав дахин өсгөж цалин тогтоодог аргачлал байлаа. Өсгөсөн цалингийн хоёр дахь хэсэг нь удаан эдэлгээтэй бараа, тухайлбал зурагт, угаалгын машин гэх мэтийг авахаар бодолцсон. Сүүлийн гурав дахь нь сурч боловсрох, өөрөөр хэлбэл суугаа орныхоо хэл сурах, түүх, соёлтой нь танилцах, компьютер, техникийн мэдлэгээ дээшлүүлэх зэрэгт зарцуулахаар тооцдог гэж ярьж байв.
-Та ер нь хэчнээн улсад Элчин сайдаар ажилласан бэ?
-Элчин сайдаар бол сүүлчийн томилолт буюу 2008-2012 онд БНПУ-д ажилласан. Тэр хугацаанд Балтын тэнгисийн гурван орон, Украиныг хавсарч байв. Анх Афганистанд, дараа нь Хятад, Египет, Иранд ажиллажээ. ГХЯ-ны Ёслолын хэлтсийн даргаар хоёр удаа томилогдон арваад жил ажиллахдаа төр, засгийн хэмжээний 50 гаруй айлчлалын ёслолын ажлыг хариуцаж байлаа.
-Исламын шашинтай улсуудад түлхүү ажилласан юм байна. Дипломатч хүнээс ийм зүйл асуух нь гэнэн бөгөөд тэнэг байх нь ойлгомжтой ч уучлаарай, лалын шашинтай улсын нөхцөл байдал, зан заншил, ахуй соёлд дасахад хэцүү, хүндрэлтэй байсан уу. Бас сэтгэлийн түгшүүрийг хэр мэдэрдэг байв. Соёл, ахуйн хэт ялгаатай нөхцөлд дасахад их тэвчээр, ухаан шаарддаг гэдэг юм билээ.
-Шашны хувьд ялгаатай улсад ажиллахад бэрхшээлтэй гэхээсээ илүүтэй тухайн орныхоо, үндэстнүүдийнх нь өвөрмөц байдлыг ойлгох нь чухал. Исламын ертөнцөд, нийгмийн, ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанаас эхлээд ялгаатай зүйл их, анхаарч мэдэх асуудал олон. Энх цагт иймэрхүү ялгаатай байдал бол бэрхшээл биш.
Миний хувьд Афганистанд дайны үед бэрх, хэцүү нөхцөлд 1980-аад оноос ажилласан нь онцлог байж мэдэх юм. Хувьсгалын эсэргүү хэмээн нэрлэж байсан хүмүүс тухайн үед Засгийн газрынхаа эсрэг зэвсэгт тэмцэл явуулж, улмаар 14-15 жил дайн үргэлжилсэн. Тэдний дайралт, пуужингийн довтолгоонд хэзээ ч өртөх аюултай тул бид ЭСЯ-ндаа дайны онцгой байдалд ажиллах тусгай төлөвлөгөөтэй, ажил үүргийн нарийн хуваарьтай. Заримдаа буу, зэвсэг яаж хэрэглэх талаар дасгал, сургуулилалт хийж байлаа. ЭСЯ-ны байр пуужингийн довтолгоонд өртөж, нурах үед газар доорх хонгилыг хоргодох байр болгон ашиглахаар тохижуулж, байнгын бэлэн байдалд байлаа. Дайн улам ширүүсэж, ажиллах бололцоогүй болсон үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг төвөөс тусгай онгоцоор татаж, зөвхөн эрчүүд үлдсэн. Энэ үед ЭСЯ маань бараг цэргийн анги болчихсон юм шиг санагдаж билээ. Тэр үед залуу байж дээ. Төр, засгийнхаа төлөө амь үрэгдэхэд бэлэн л гэж ажиллаж байлаа, бид. Гэхдээ бидэнд муу зүйл тохиолдоогүй нь бас их аз. Ер нь маш их түгшүүртэй байсан шүү.
-Уучлаарай, дахиад л “хачин” зүйл асууя. Дайн, тулаантай улсад ажиллаж байсан нь онцгой нөхцөлд тооцогдож, цалин хангамж нэмэгдсэн үү. Хамгийн айхавтар нь сэтгэл зүйн дарамт, айдсыг давах шүү дээ.
-Тухайн үед буюу 1980-1990-ээд онд манайх чинь социалист улс байлаа шүү дээ. Дайны онцгой нөхцөлийг тооцож, цалин хангамж нэмсэн зүйл байгаагүй. Энэ талаар бид ч бодож байсангүй. Төр, засгийн ажил хийж байгаа хүмүүс “зовж, зүдэрч байна” гэж гомдоллож үзээгүй. Харин одоо бодоход, хүүхдүүд минь сэтгэлийн дарамттай, ясли, цэцэрлэг байхгүй, хашаанаасаа ч гарах эрхгүй, явах, зугаацах ч газаргүй байж дээ. Үнэндээ Кабулд байсан хугацаанд хүүхдүүд минь гэрийн хорионд өнгөрөөсөн. Жинхэнэ утгаараа гэрийн хорионд байсныг нь бодоход, одоо өр өвддөг дөө, хөөрхий. Тэр ч байтугай, дэлбэрэлтэд өртөх аюулыг харгалзан, гэр бүлийн хүмүүсийг хамт явахыг хориглосон тушаал шийдвэртэй байв. Өнөөгийнх шиг хүний эрх, хүүхдийн эрх ярьдаг байсан бол тэр үед их хэмжээний мөнгөн урамшуулал, тэтгэмж, нөхөн олговор авах байсан байх даа.
Миний гэргий Ц.Лхагвасүрэн МУИС төгссөн, худалдааны эдийн засагч мэргэжилтэй. Намайг дагаж, ЭСЯ-нд ажиллаж явсаар мэргэжлийнхээ ажлыг бараг хийж чадаагүй. Энэ ташрамд хэлэхэд, ЭСЯ-нд гэр бүлийн эмэгтэйчүүдэд зориулсан бага цалинтай ажил хийдэг байсан тул 2012 онд тэтгэвэр тогтоолгоход 200 орчим мянган төгрөг авахаар болж, уйлах, уурлахдаа тулсан даа. Ер нь ГХЯ-ны төвийн томилолттой хүмүүсийн ч, гэр бүлийн хүний ч цалин, хангамжийг шинэчлэн тогтоох цаг болсон.
-Таныг Иранд Элчин сайдаар ажиллаж байхад хоёр тал түүх, соёлын салбарт чухал алхам хийсэн. Монгол, Иран хоёр эрт үеэс түүхийн жимээр холбогдсон улс. Ил хаант улсын үед Перст нийслэлээ гурвантаа байгуулсан гэдэг. Ираны Солтание хотод байх Өлзийт хааны бунхант сүмийн байгууламжийг 2005 онд ЮНЕСКО-гийн Соёлын үнэт өвд бүртгэсэн байдаг.
-Монголтой түүхийн жимээр холбогдсон улс олон. Ираны хувьд 1971 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм. Гэхдээ түүхийн жимээр яривал 700, 800 жилийн өмнө холбогдсон. Мөнх хааны зарлигаар Хүлэгү хаан баруун зүгт зорчиж, 1256 онд Ил хаант улсыг байгуулснаа зарласан түүхтэй. Түүнээс хойш 10-аад Ил хаан 90-ээд жил засаглажээ. Мэдээж, засаглал нь бүрэн нурж унатлаа дахиад 30-аад жил болсон түүх бий. 2012 онд Монгол, Ираны Ерөнхийлөгч нар уулзаж ярилцаад, Ил хаант улсын судлалыг эхлүүлэхээр тохирч, 2013 онд XIII, XIV зууны үеийн хоёр талын хамтын түүхийг судлах баг байгуулж, 400-гаад сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тохирсон юм. Ираны Засгийн газар үүнд их нааштай хандаж зардлын талыг гаргасан. 30 орчим хүнтэй хамтарсан багийнхан төслөө амжилттай хэрэгжүүлсээр өнгөрсөн жил ажлаа дуусгалаа. Тохиролцооны дагуу юуны түрүүнд монгол хаадтай холбоотой баримт бичгийн жагсаалт гаргаж, түүгээр олон улсын цахим номын сан байгуулах талаар ярилцсан. Хоёр тал судлаад Ил хаадын үеийн 1200 орчим ном, товхимол, баримт бичгийн жагсаалт гаргаад байгаа. Үүнд ямар бүтээл нь чухам хаана, аль номын сан, архивт буйг болон юуны талаар өгүүлснийг дурджээ. Энэ бол маш том ажил. Ил хаант улсын үеийн түүхийн хоёр талын судалгаа нь Монгол, Ираны төдийгүй олон улсын харилцаа, Ази, Европын хэлхээ холбоог судлах, мэдэхэд чухал үүрэгтэй.
Ил хаант улсын түүхийн судалгааны ажлын хүрээнд талууд хоёр удаа үзэсгэлэн, “Гэрэгэ-Ази, Европын соёлын үнэт зүйл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хэд хэдэн ном хэвлэн гаргах зэрэг ажил хийсэн. Уг судалгааны ажлын гол нь Рашид Ад Диний “Судрын чуулган”-ыг анхны хэлбэрээр нь олж авах, перс хэлнээс монголоор орчуулах зэрэг ажил юм. “Судрын чуулган”-ыг орос, англи хэлнээс монгол руу дам орчуулсан болохоос шууд эх хэлнээс нь хөрвүүлээгүй. Орос, англи хэлний орчуулгууд хоорондоо зөрдөг, зарим хэсэг нь утгын алдаатай, андуурсан зүйл зэрэг байдаг бололтой. Энэ талаар доктор Г.Аким гуай орчуулгын зохиолдоо дурдсан байсан. Ил хаант улсын судалгаа хийхэд “Судрын чуулган”-ыг перс хэлнээс орчуулахын ач холбогдол их л дээ. Рашид Ад Диний “Судрын чуулган”-ы эхний гурван боть нь Монголын түүхтэй холбогддог. Ер нь өөрийн улсын түүхээс гадна өөр улсын түүхийг хамт бичүүлэх зарлиг буулгасан хаан дэлхийд монгол хаадаас өөр байхгүй гэж гадаадын зарим эрдэмтэн магтсан байдаг юм билээ.
-Таныг анзаараад байхад, асуусан сэдвээс халихгүй, товч, тодорхой хариулах юм. Магадгүй дипломатчдын онцлог юм болов уу. Ажил, мэргэжил нь таныг хэр төлөвшүүлж, “хүмүүжүүлсэн” бол?
-Дипломатчийн үг, үйлдэл бүхэн өөрийн улс, Засгийн газрын бодлогыг төлөөлдөг гэж биднийг залуугаас сургаж ирсэн. Хэзээ хаана инээх, уурлавал хэрхэн, ямар хэлбэрээр илэрхийлэх вэ гэхчлэн бүх зүйлийг анхаарах ёстой. Оюутан үеэсээ л мэргэжлийнхээ ийм онцлогоор, үг бүрээ бодож хэл гэсэн “хүмүүжлээр” явж ирсэн. Гэхдээ албаны бус цагаар, найз нөхөдтэйгөө бол “хүлээстэй” байхгүй л дээ. “Там руу явуулах хүнийг диваажинд илгээж буй мэтээр ойлгуулж чадсан хүнийг дипломатч гэнэ” гэсэн явган яриа бий.
-Энэ салбарт 40-өөд жил ажилласан туршлагатай дипломатчийн өнцгөөс харахад Гадаад харилцааны сайдын ажлын гараа хэр байна вэ?
-Шинээр бүрэлдсэн Засгийн газрын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа “Хоёр хөрштэйгөө эн тэргүүнд олон талт харилцаа хөгжүүлнэ” гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд заасантай яв цав нийцүүлж, зоригтой, хурдтай явуулж байна.
Урд хөршийнхөө сайдыг урьж, олон асуудал ярьсны дотор 700 гаруй сая юанийн буцалтгүй тусламж, хоёр талын худалдааны хэмжээг эрс нэмэгдүүлэх зэрэг асуудал тохирлоо. Цар тахлын үед дэлхийд нөлөө бүхий улсын сайд айлчилна гэдэг нь олон улсын талаасаа ч нэр хүндийн асуудал. Үүнд сайдын ажлын арга барил, нөлөө их бий. Түүнчлэн умард хөршдөө айлчилж, С.Лавров сайдтай уулзлаа. Ирэх онд манай хоёр орны дипломат харилцаан тогтоосны 100 жилийн ой тохионо. Үүнд бэлтгэх 30 гаруй ажлыг тохиролцсон гэж байгаа. ОХУ-тай худалдаагаа өргөтгөхөөр ярилцлаа. Энэ айлчлалаас ирээд удалгүй Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан ажлын комиссын анхдугаар хуралдааныг хийлээ. Энэ бол Н.Энхтайван сайдын ажил хурдтай, шаргуу байгаагийн илрэл.
АНУ, Япон, Европын Холбоо буюу гуравдагч хөршийн харилцаа талдаа ч сайд сайн идэвхтэй ажиллаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн айлчлал цар тахлын улмаас цуцлагдсан. Японы Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай хэрэгжиж, Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
-Дипломатчдын хийсэн ажлын талаар тэр бүр мэдээлээд, хэвлэлд гардаггүй. Мөнгөөр хэмжигдэх, хэмжигдэхгүй ажил байдаг. Та хийсэн ажлуудаасаа онцлог, сонирхолтой заримаас нь яриач?
-ГХЯ-ны ажлын нэлээд нь мөнгөөр хэмжихэд бэрхшээлтэй ажилд хамаарч магадгүй. Харин хэдэн жилийн өмнөөс гадаад харилцааг эдийн засагжуулах зорилт тавьж, мөнгөөр хэмжих ажил буюу хөрөнгө оруулах, худалдааны хэмжээг нэмэх зэрэгт анхаарсан нь зохих үр дүнгээ өгсөн, өгсөөр байгаа гэж боддог.
Би яамныхаа Хилийн тасгийн даргаар ажиллахдаа 1999 онд 130 мянган ам.долларын зардлыг шийдвэрлүүлж, олон жил зогсоод байсан Монгол, Оросын хил шалгах ажил буюу баримт бичгийн боловсруулалтыг урагшлуулж, үндсэндээ хил шалгалтын ажлыг амжилттай дуусгах нөхцөлийг бүрэлдүүлсэн. Мөн Монгол, Хятадын хил шалгалтын хоёр дахь удаагийн ажлыг эхлүүлэх хэлэлцээг урд хөрштэй хийх Монголын талын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, анхны протоколуудыг байгуулж байв. Шалгалт явуулах ерөнхий зарчим, хил дээр боржин багана босгох, Буйр нуурт хилийн хөвдөг тэмдэг тавих зэрэг ажил тохиролцож явлаа.
Түүнчлэн Монгол, Австралийн анхны бизнес уулзалтыг Австралийн талын зардлаар хийх, Монгол, Польшийн худалдааны хэмжээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Ил хаант улсын үеийн судалгаа хийх Санамж бичиг байгуулах зэрэг ажил санаачлан, хэрэгжүүлжээ. Бас Афганистаны өнчин хүүхдүүдийг манай улсад өсгөн хүмүүжүүлэх, Монгол, Ираны худалдааны хэмжээг олон дахин нэмэгдүүлэх, манай иргэдийг Египетэд үнэ төлбөргүй сургах, Польшид манайхан визгүй зорчих хэлэлцээр байгуулах зэрэг ажилд тодорхой хувь нэмрээ оруулсан.
-Нийслэлийн ачааг ирэх дөрвөн жилд үүрэх төлөөлөгчдийг сонгосон энэ цаг үед хотын иргэн таны Улаанбаатарын хөгжлийн талаарх санал бодлыг сонсъё.
-Гадаад өнгө төрхөөрөө Улаанбаатар хот боломжийн сайхан хөгжиж байна. 10, 20 жилийн өмнөх төрхөөсөө танигдахааргүй болсон. Харин амьдрах орчин их тааруу. Явган хүнд зориулсан зам бага байна. Зарим гүүрэн дээр явган явах боломжгүй барьчихжээ. Хэтэрхий нарийхан, эсрэг тал нь харагдахгүй тагласан, гарц гарамгүй, зам гэхэд хэцүү зүйл харагдах юм. Хог, орчны бохирдол их байна. Энэ утгаараа эрүүл амьдрах шаардлагад нийслэлийн байдал огт нийцэхгүй байгаа. Гэхдээ хийхгүй, зүтгэхгүй байна гэж бас болохгүй. Хамгийн гол нь хүндээ ээлтэй байлгах шаардлагад хүртэл хол байна гэж хэлье. Шинээр сонгогдсон төлөөлөгчид маань дээрх бэрхшээлийг арилгахад анхаараасай гэж бодож байна.