Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын их сургууль болон Италийн Турины их сургуулийг эдийн засаг, хөгжлийн менежмент мэргэжлээр төгссөн бөгөөд дээрх хүрээлэнг байгуулагдсан цагаас хойш ажиллаж буй юм.
-Судалгааны төвийн тухай товч танилцуулаач.
-Манайх салбартаа тэргүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд болон хувь хүмүүсийн санаачилга, оролцоотойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан, мэргэжлийн, бие даасан, улс төрөөс хараат бус, ашгийн бус судалгаа, шинжилгээний байгууллага буюу тинк танк юм. Нийгмийн хэрэгцээ, шаардлага, тухайн орны болон олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу өрсөлдөх чадвар, эдийн засаг, нийгмийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг. Байгуулагдсан үеэс буюу 2010 оноос эхлэн Швейцарт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран, жил тутмын Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгайлсан тайланг гаргадаг болсон. Өдгөө нийт 150 орчим судалгааны ажил, 70 гаруй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Бид судалгааны тайлангуудаа монгол, англи хэл дээр бэлтгэн, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн албан ёсны түнш байгууллагаар ажиллахын зэрэгцээ Дэлхийн ногоон эдийн засгийн холбооны Монгол дахь түнш, Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөл, Тинк танкуудын холбоо зэрэг байгууллагатай байнгын холбоотой ажиллан, мэдээлэл солилцдог.
-Та бүхэн сүүлийн үед ямар судалгаа, шинжилгээ хийж байна?
-Бид Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг 2010 оноос хойш гаргаж байна. 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын мэдээллийг нэгтгэн оруулж, өрсөлдөх чадварын эрэмбээ жил тутам тодорхойлуулж буй. Өөрсдийн туршлага, өрсөлдөх чадварыг хэмжих олон улсын аргачлалд тулгуурлан 2012 оноос аймаг, 2016 оноос дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг тогтмол гаргадаг болсон. Түүнчлэн сар тутмын макро эдийн засгийн болон банкуудын улирал тутмын өрсөлдөөний тойм судалгааг гаргадаг. Одоогоор аймгуудын өрсөлдөх чадвар болон дүүргүүдийн судалгааны 2020 оны мэдээллийг нэгтгэх, тайлан бичих ажлууд ид өрнөж байна. Мөн макро эдийн засгийн тойм, банкуудын судалгааг хийж буй. Тогтмол гаргадаг эдгээр тайлангаас гадна ногоон эдийн засгийн зорилтын биелэлт, ногоон санхүүжилт, жендерийн мэдрэмжтэй жижиг, дунд бизнес эрхлэлт зэрэг төслийн хэрэгжилт ямар байгаа талаарх судалгааг хийж буй.
-Өрсөлдөх чадварын тайланг олон арван шалгуур үзүүлэлтээр гаргах, эдийн засаг дахь тоон өгөгдлүүдийг дахин боловсруулах, нэгтгэж, мэдээлж байхын гол ач холбогдол юу вэ?
-Улсын хөгжил дэвшлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлт, эсвэл өмнөх онуудын статистиктай харьцуулан тодорхойлох нь учир дутагдалтай буюу нийгэм, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, амьдралын чанар, өв уламжлал гэх мэт олон тал орхигдох магадлалтай байдаг. Тиймээс эдийн засагч, судлаачид улс орнуудын өрсөлдөх чадварыг илүү өргөн хүрээнд, олон шалгуураар тодорхойлдог болсон. Энгийнээр хэлэхэд, улс гэдэг бол хувь хүн гэсэн үг. Тухайн хүн эрүүл мэнд, боловсрол, эрхэлж буй ажил, санхүүгийн чадавх, зорилго зэргээ эргэн харж, дүгнэлт хийн, анхаарвал зохих асуудлаа тодорхойлж, алдаа мадаг байвал засаж залруулж чадвал эрүүл, урт удаан, элбэг хангалуун амьдрах боломж илүү бүрдэнэ. Үүнтэй адилаар улс орнууд өөрт хамгийн тохиромжтой, дөт замаар, тогтвортой хөгжихийн тулд эдийн засаг, нийгэм зэрэг үндсэн салбартаа шинжилгээ хийн, давуу, сул талаа тодорхойлж, өрсөлдөх чадвараа дүгнүүлж эхэлсэн. Тоо, чанарын судалгааг хамтад нь хийж, аль болох хамааралтай гэж үзсэн олон үзүүлэлтээр харьцуулан харах нь илүү нарийвчилсан оношилгоо, зөв дүгнэлт гаргахад дөхөмтэй.
-Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 60 гаруй улсыг л хамруулсан байдаг. Ямар шалгуураар үүнд багтдаг юм бэ?
-Өнгөрсөн оны тайланд 63 улсыг хамруулсан. Эдийн засаг, засаглалын хэлбэр, улс төрийн орчин, мэдээлэл бэлтгэх, түгээх боломж, хөгжлийн түвшин зэрэг цөөнгүй үзүүлэлтийг нь харгалзан, харьцуулах боломжтой хэмээн тооцсон орнуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг. Судалгаа хийн, Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажиллах чадамжтай төрийн болон олон нийтийн байгууллагыг нь шалгаруулж, мэргэжилтнүүдийнх нь чадавх, урт хугацаанд, тогтвортой ажиллах боломжтой, эсэхийг нь харгалзан үздэг юм билээ. Манай орныг гурван жил орчим судалж, бидэнтэй харилцсаны үр дүнд өрсөлдөх чадварын тайланд хамруулсан. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд нийт 330 гаруй шалгуур үзүүлэлт ашигладаг. Эдгээрийн дийлэнх буюу гуравны хоёрыг статистик мэдээлэл, үлдсэн хэсгийг бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудаас санал асуулга аван, нэгтгэн шинжилдэг. Харьцуулж буй бүх улс орноос мэдээллээ ижил хугацаанд, хоцрогдол үүсгэхгүйгээр авдгаараа онцлогтой.
-Уг тайланд манайх 10 жил сүүл мушгижээ. Томоохон үйлдвэр барихгүй, ажлын байр нэмэгдэхгүй байгаагийн зэрэгцээ хүн амын төвлөрөл, хот төлөвлөлтийн алдаатай бодлого зэргээс дэд бүтцийн нөхцөл улам хүндэрч байна. Ойрын хэдэн жилдээ бид бусад улстай сайн өрсөлдөж, чадамжаа ахиулах төлөв алга байна, тийм үү?
-Шууд ингэж ойлгох нь учир дутагдалтай. Өрсөлдөх чадварыг маш олон үзүүлэлтээр тодорхойлдог учраас зарим талаар манайд давуу тал, ахиц дэвшил ч гарч байгаа. Тухайлбал, технологийн дэвшлийг улам бүр нэвтрүүлж буй нь анзаарагддаг. Төрийн болон бусад үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсээр байгаа нь иргэд, шийдвэр гаргагч хоорондын шат дамжлагыг цөөлж, цагийг хэмнэн, улмаар авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах боломжтой.
-Өрсөлдөх чадвар өндөртэйд тооцогддог Сингапур, Европын Холбооны орнуудад нийтлэг ямар давуу тал байна?
-Эдгээр нь эдийн засгийн чадамж сайтайд тооцогддог буюу нэг хүнд ногдох ДНБ болон хадгаламж өндөр, ажилгүйдлийн түвшин бага, төрийн үйлчилгээ, дэд бүтэц сайтай. Наад зах нь замын түгжрэл бага, нийтийн тээврээ сайн хөгжүүлсэн зэрэг олон үзүүлэлтээр бусдыгаа манлайлдаг гэсэн үг. Мөн хүмүүс нь нутаг орныхоо хаана амьдардаг, ямар ажил хийдгээс үл шалтгаалан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг саадгүй, ижил түвшинд авдаг, нэг хүнд ногдох багш, эмчийн тоо хангалттай, их, дээд сургуулиуд нь чанартай боловсрол олгодог. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн тэгш орчинд амьдрах нөхцөлийг иргэддээ бүрдүүлэн, хувь хүнээ хөгжүүлж чаддаг улсууд юм. Түүнчлэн сүүлийн 3-4 жилийн судалгаанаас харахад дижитал өрсөлдөх чадвар, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх авьяас, ур чадварыг бий болгоход ихэд анхаарч байгаа улсуудын өрсөлдөх чадвар илт сайжирсан.
-Ер нь хувь хүний чадвар улс орных нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Улсын эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны салбарынх нь ололт, амжилт, бүтээмжид хувь хүмүүсийн чадавх шууд нөлөөтэй гэж болно. Иргэд нь эрүүл, боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй, ур чадвар өндөртэй байх нь тухайн улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Тухайлбал, гадаад хэлний олон улсын түвшний шалгалтуудад өндөр оноо авдаг, шинжлэх ухааны томоохон сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг, судалгааны ажилд оролцдог залуус, мэргэжилтнүүдийнх нь тоо олон байх нь улсын өрсөлдөх чадварыг өсгөх нэг хэмжүүр болдог.
-Танай байгууллага дүүрэг, аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлж, эрэмбэ гаргадаг. Эл дүгнэлтэд зарим аймаг, дүүргийн удирдлага сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн бол зарим нь алдаа, оноогоо дүгнэх, бусадтай харьцуулах боломж хэмээн хүлээн авч, ач холбогдол өгч байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид аймгийн өрсөлдөх чадварыг 180 гаруй үзүүлэлтээр тодорхойлдог. Мэдээллийн дүнг нэгтгэхэд 70 гаруй хувь нь статистик, тоонд суурилдаг бол 30 орчимд нь аймгуудын бизнес эрхлэгчдийн ирүүлсэн асуултын хариултад ногддог. Статистик үзүүлэлтэд тухайн оны албан ёсны тоо баримтыг ашигладаг юм. Бизнесмен, аж ахуйн нэгжүүдээс санал авахдаа МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбаруудаар дамжуулан харилцдаг. Улмаар Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв байгуулагдсан 30 жилийн хугацаанд хуримтлуулж, бататган ашиглаж ирсэн мэдээлэл, загварын тусламжтайгаар үр дүнгээ гаргаж байна. Дүүргүүдийн судалгаагаар өрхүүдийн амьдралын чанар, эрүүл, аюулгүй орчинд амьдарч буй, эсэх, эдийн засгийн чадамж, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний хүртээмжийг тодорхойлоход илүүтэй анхаарч буй. Тоо худал хэлэхгүй гэдэг үг байдаг тул хүмүүс судалгааны үр дүнд эргэлзэх шаардлагагүй болов уу. Нэмж хэлэхэд, өрсөлдөх чадвараа дүгнүүлнэ гэдэг шууд утгаараа уралдаад, тэмцэлдээд байна гэсэн үг биш. Харин бүс нутаг, улс орон, сум, дүүргийн хэмжээнд бид юуг анхаарвал зохих вэ, амьдралын чанар ямар байна, дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээ, сурч боловсрох нөхцөлөө хэрхэн сайжруулах талаарх мэдээллийг харах, өөрсдийгөө тольдох хэрэгсэл болгох учиртай.
-Аймаг, дүүргүүдийн чадвар хэр сайжирч байна?
-Анх судалгаа хийж эхэлсэн 2012 оныхтой харьцуулахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, аймаг хоорондын хөгжлийн ялгаа багасан, иргэдийн амьдралын түвшин зарим талаараа ойртсоор байна. Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн болон алслагдсан сум, суурин газарт амьдарч буй хүмүүсийн амьжиргааны түвшин, орчны ялгаа их хэвээр. Аймгуудын нэг хүнд ногдох дундаж ДНБ нь Улаанбаатарынхаас бараг гурав дахин доогуур байгаа нь хангалтгүй үзүүлэлт.
-Бусад орны хувьд аль улсын эдийн засаг, нийгмийн орчин сайжирсаар байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд том гүрнүүдээс илүүтэйгээр жижиг эдийн засагтай улс орнуудын хөгжлийн загвар үр дүнтэй байж, өрсөлдөх чадвар нь хурдацтай сайжирч буй нь анзаарагддаг. Зүүн Ази, Европын Холбоо болон Ойрхи Дорнодын улсууд өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэлсэн. Үүнд тухайн улсууд тогтвортой хөгжлийг зорин, боловсролын хүртээмж болон чанарыг дээшлүүлж, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбартаа анхаарч, амжилт гаргаж буй нь нөлөөлж байна. Засаглалын тогтвортой бодлого баримтлан, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хувийн хэвшлээ дэмжих замаар тууштай хөгжиж буй улсууд өрсөлдөх чадвараа хамгийн ихээр сайжруулжээ. Мөн өрсөлдөх чадварын алтан дүрмүүдээс харахад хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, дундаж давхаргаа бэхжүүлж чадсан орнууд түргэн хөгжсөн байдаг.
Манай улсад төр, засгийн түвшинд гаргасан шийдвэрүүд “урт насгүй”, үр дүнгүй хэвээр. Үүнээс гадна бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баян, хөрөнгө, орлого ихтэй байлаа гээд өрсөлдөх чадвар сайтай болчихгүй. Мөнгө бол үрэгдээд дуусах зүйл. Хамгийн гол нь зөв зүйлд хөрөнгө оруулж, ирээдүйд өгөөжөө өгөх мэргэжил, салбарыг “тордох” шаардлагатай. Товчхондоо, хөрөнгө, орлогын хэмжээнээс илүү хүний хөгжил, боловсролд анхаарснаар өрсөлдөх чадвараа сайжруулна.