Монгол Улсын Гавьяат жүжигчин Я.Амаржаргал гуай циркийн урлагт хүч, тэнцвэрийн сонирхолтой үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхшируулдаг байв. Түүнийг туухайгаа дээш нь шидэхэд хүмүүс нам гүм болж, хүзүүн дээрээ тогтооход нь дагаад тонгойдог байсан гэдэг. Тэрбээр өдгөө пауэрлифтингээр хичээллэж, амжилт гаргаж яваа. Монголд 60-70 насныхны мастер ангиллын ДАШТ болоход хүрэл медаль зүүж, Азийн АШТ-ий хэвтээ шахалт, классик төрөлд түрүүлж, аварга болсон түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцоллоо.
-Урлаг, спорт сонирхдоггүй хүн ховор. Та тайзнаас хүндийг өргөлтийн гайхамшигт үзүүлбэрүүдийг харуулж, үзэгчдийг уулга алдуулж явсан уран бүтээлч. Урлагийн үзүүлбэрт түшиглэж, пауэрлифтингээр хичээллэсэн түүхээсээ сонирхуулаач?
-Би Монголын циркийн урлагт хүч, тэнцвэрийн гайхамшгийг харуулж, хүндийг өргөлтийн техникүүдийг урлагийн үзүүлбэртэй хослуулдаг байлаа. Гавьяаныхаа амралтад гарч, гэртээ суухад хөдөлгөөн дутагдаж, өвчин хэлэх янзтай болсон тул пауэрлифтингээр хичээллэхээр шийдсэн.
-Хүчний спортын тамирчид мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаадаг. Та энэ талаар эхлэн суралцагчдаас илүү ойлголттой байсан болов уу?
-Энэ спортын талаар огт мэдэхгүй хүний хажууд суурь мэдлэгтэй. Би залуустай хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. “Тайхар” клубт пауэрлифтингийн тамирчин Д.Энхжаргалын удирдлагад анх бэлтгэл хийсэн. Тэрбээр арга барил, техник зааж, бэртэл авахгүйгээр хэрхэн амжилт гаргаж, өөрийгөө зөв хөгжүүлэх талаар зөвлөдөг байв.
-Хүн хичээж чадвал хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг та харуулж яваа.
-Пауэрлифтингийн спортод насны хязгаар байдаггүй. Би залуусаас суралцах дуртай. Тэдний зөв хандлага, хүндлэлээс урам авдаг. Залуустай хөгжилдөж, бэлтгэл хийхэд сэтгэл тайвшран, бие хөнгөрөөд сайхан болдог юм.
-Та залуудаа хэдэн кг-ын туухай өргөдөг байв?
-850 кг-ыг өргөх яггүй. Ийм хүнд ачааг хорь гаруй жил үүрсэн. Тамирчин болсноор урлагийн үзүүлбэр спортоос ялгаатайг ойлгосон. Пауэрлифтинг хүч, бяр, ухаан, эв дүй шаарддаг. Амжилт гаргахад зөвхөн өөрөөс нь шалтгаална. Миний хувьд өөрийгөө ялахын тулд өөртэйгөө өрсөлддөг.
-Шагналынхаа салхийг ямар медалиар хагалсан бэ?
-Би ахмадын ангиллын УАШТ-д анх удаа оролцохдоо мөнгөн медаль хүртэж, шагналынхаа салхийг хагалж билээ. Үүнээс хойш олон тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн. Монголд 60-70 насныхны мастер ангиллын ДАШТ болоход нийлбэр оноогоор хүрэл медаль зүүж, Азийн АШТ-ий хэвтээ шахалт, классик төрөлд аварга болсон.
-Спортоор хичээллээд өөрийгөө хэр өөрчлөв?
-Суултын төрөлд амжилт гаргаж байгаа, 250 кг-ыг өргөдөг. Энэ сарын 10-нд пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ Спортын төв ордонд болно. Ахмадын ангилалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Би гэртээ зүгээр суухыг хүсдэггүй. Урлагт уран бүтээлч өөдрөг бодол, сэтгэлийн догдлолоор, харин спортод тамирчин бие, сэтгэл зүйн хат, тэсвэрээр урагшилдаг. Би үзэгчдийн алга ташилтаас урам авч ирсэн. Тэр их хөөр, догдлолыг спортод гаргах гээд байдаг дутагдалтай. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарж тэмцээнд оролцдог болсон.
-Та даяар дуурсах дархан аварга Д.Дамдин агсны шавь байх аа?
-Тийм ээ, намайг цэргийн алба хаагаад иртэл Д.Дамдин аварга “Чи циркт ирж шалгуулаарай” гэв. Очоод шалгуултал тэнцчихлээ. Хүчтэй, ухаантай аварга багшаасаа сурсан зүйл надад их бий. Багш хэдий бөх ч гэлээ урлагийн мэдрэмж өндөртэй байсан. Үзэгчдийн өмнө биеэ хэрхэн зөв авч явах, харц дээгүүр алхахаас өгсүүлээд “Үргэлж инээж яв. Газар битгий шагай, гэдсээ тат, нүүрээ сайхан буд. Бид үзэгчдэд муухай харагдах эрхгүй” гэж захидаг сан. Циркийн бэлтгэлийн үеэр надтай барилдаж, биеэ халаадаг байсан ч бөх бол гэж ятгаж ноцолдуулаагүй. Бэртэж, гэмтчихнэ гээд хайрладаг байсан шиг санагддаг.