Буудлагын спортын ОУХМ, Гавьяат дасгалжуулагч Б.Алтанцэцэг Монгол Улсын дээд амжилтыг найман удаа шинэчлэн тогтоосон. Энэ спортод оруулсан түүний хувь нэмэр, шавь нарынх нь гаргасан амжилтыг тоочиж баршгүй. Тэрбээр өөрийн удирдлагад шилдэг тамирчдыг бэлтгэж, Азийн АШТ, Дэлхийн цом, ДАШТ-д амжилттай сойж, Төрийнхөө дууллыг олимпын наадмын тэнгэрт эгшиглүүлсэн удаатай. Монголд спорт хөгжих, эсэх нь эргэлзээтэй байсан тэр үед бууриа сахиж үлдсэн цөөн дасгалжуулагчийн нэг. Хүн болгон зам мөрөө хөөсөн хүнд жилүүдэд тамирчнаас дасгалжуулагч болтлоо ажилласан мэргэн буудагчийн амжилт, үйл хэрэг өдгөө буудлагын спортын ертөнцөд түүх болон үргэлжилж байна.
-Бид спортын тухай яриа өрнүүлэлгүй удсан байна. “Өнөөдөр” сонины 7000 дахь дугаарт “Таван цагариг”-ийн зочноор уригдаж байгаа таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Монголын уншигч, спорт сонирхогчдод “Өнөөдөр” сонины 7000 дахь дугаарын мэндчилгээ дэвшүүлье. Энэ удаа онцгой дугаарын зочноор уригдаж, спортоор замнасан амьдралдаа бас нэгэн өөдрөг дурсамж үлдээж буйдаа сэтгэл өндөр байна. Манай тамирчид жил бүр аравдугаар сарын 10-ны 10 цаг 10 минутад Монголын буудагчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Дээрх баярыг тамирчидтайгаа тэмдэглэхийг Ж.Жадамба гуай анх санаачилсан юм. Энэ баяртай давхцаж, ярилцлага минь хэвлэгдэх тул буудлагын үе үеийн тамирчдадаа баярын мэнд хүргэе.
-Та буудлагын спортод хөл тавиад 40 гаруй жил болжээ. Тамирчнаас Гавьяат дасгалжуулагч болтлоо ажиллахдаа олон шавь төрүүлж, амжилтаас атгуулсан байх.
-Энэ хүндтэй шагналыг зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр хүртээгүй. Намайг энэ спортод хөтөлсөн багш нар, урам хайрлаж, хурцалдаг хамт олон, алдаа, оноотой минь үргэлж хамт байсан гэр бүл, намайг зорьж ирээд амжилт гаргасан шавь нарын маань итгэл сэтгэл, Монголын спорт сонирхогчдын найдвар шингэсэн гэж боддог.
-Волейбол тоглодог байсан охин буудлага руу урвасан нь одоо ч сонирхол төрүүлж байна.
-Би Чингэлтэй дүүргийн V сургуульд сурдаг байв. Ангийнхаа охидтой спортоор хичээллэхээр ярилцаж, волейбол сонирхон тоглосон. Миний эгч Б.Цэцэгдэлгэр волейболын шигшээ багийн гол довтлогч. Эгчийг багийнхан нь “Янзага” гэж хочилно. МУИС, Багшийн дээд сургуулийн волейболын шигшээ багийнхан тэр үед ана мана үзэлцдэг сэн. Өндөр биетэй ч волейбол тоглох авьяасгүй намайг буудлага, волейболын спортын дасгалжуулагч Т.Моюу багш “Дэмий гонзгой” гэдэг байлаа. Эгчийг волейбол сайн тоглодог болохоор багш намайг багаасаа хөөж зүрхэлдэггүй байсан биз. Нэг өдөр “Хүч” нийгэмлэгийн нэрэмжит буудлагын аварга шалгаруулах тэмцээн болоход волейболын секцийн охидыг харьяа газруудад нь хуваарилж, тэмцээнд оролцууллаа. Идэрчүүдийн АШТ-д 10 сум буудаж, III байрт шалгарав. Тэгсэн ч буудлага руу орох бодол төрсөнгүй, волейболын бөмбөг нүдээд л гүйдэг байлаа. Миний тоглож байгааг эгч хараад “Чи боль, тоглож чадахгүй байна, буудлага руугаа яваач” гэлээ. Надаас ичээд тоглолтын хувцсыг маань нуучихна. Хайсаар олж өмсчихөөд эгчийнхээ өөдөөс тоглох гээд зогсдог байсан. Дараа жил нь буудлагын тэмцээн дахин болоход өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. Тэгтэл “Хүч” нийгэмлэгийн нэрийн өмнөөс залуучуудын АШТ-д оролцох тамирчин нь дээд сургуульд элссэн тул оронд нь хүн хайж, эцэст нь намайг сонгож, Улаанбаатар хотын АШТ-д оролцуулсан. Тэмцээнд оролцохоор УИД-ийн баруун талын байрны гадаа иртэл охид “Би тэдэн оны улсын аварга, алтан медаль хүртсэн” гэж ярихыг нь сонсоод эхэндээ эмээсэн. Тэмцээнд хэд буудлаа, сандарсан гэж жигтэйхэн. Өөрийгөө түрүүлнэ гэж бодсонгүй. Гурван долоо хоногийн дараа залуучуудын АШТ-д оролцох гэж байтал миний хажууд зогсож байсан Г.Рида “Чи сандрав уу, би айгаад бараг чичирч байна. Өмнөх тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ удаа мөнгөн медаль авч чадахгүй бол буудлагын спортыг орхино” гэлээ. Тэр тэмцээнд би II байрт шалгарч мөнгөн медаль хүртэв. Би ч спортоор дахиж хөөцөлдөхгүй, сургуулиа амжилттай төгсөх минь гэж бодоод хичээлдээ анхаарал хандуулсан.
-Нэг хэсэгтээ л нам гүм болсон таныг буудлагын багш дасгалжуулагчид хайрсаар олсон гэдэг.
-Тийм ээ. Буудлагын төвийн даргаар ажилладаг байсан Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав багш Т.Цогбадрах гуайд “Чи буудлагын тэмцээнд оролцсон Б.Алтанцэцэгийг олох хэрэгтэй байна” гэжээ. Тэрбээр волейболын секцэнд ирж Т.Моюу, Х.Цэцэгээ багш нараас намайг сураглаж байсан юм билээ. Улаан-Үдэд болох буудлагын тэмцээнд оролцох гар бууны охидын багт тамирчин хайж байж. Намайг олж, бэлтгэл хийлгээд хэд хонож байтал төрсөн өдөр минь боллоо. Х.Цэцэгээ багш баяр хүргээд баахан чихмэл тоглоом бэлэглэж, сэтгэл санааг минь дэмжин, буудлагаар хичээллэхийг ятгасан. Тэмцээнд оролцох гэтэл надад буу байсангүй. Тэгсэн багш нар нэгнийх нь бууны рам, нөгөөгийнх нь хараа овоо, бариулыг авч, эвлүүлж өгөөд явууллаа. Оросын хилээр ямар ч зэвсэг оруулахгүй Наушки өртөөн дээр бидний бууг хураачихав. Тэнд техникийн зөвлөгөөний хурал хийж, биднийг тэмцээнд өрсөлдөгч тамирчдынхаа бэлтгэл хийдэг буугаар буудууллаа. Би Оросын тамирчин Наташа Должиевагийн буугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Дурангүй буугаар буудахад сум нь хаана онож байгааг мэдэх аргагүй. Багшийнхаа зөвлөсний дагуу буудаад байлаа. 25 метрт тус бүр 30 сумаар хоёр төрөлд буудав. Нийлбэр оноо хэд болсныг ч мэдэхгүй гүйж байтал Наташа Должиева таарч “Чи хэд буудав” гэхэд нь барагцаалж хэлтэл “Баяр хүргэе, спортын мастер цолны болзол хангажээ” гэлээ. Ингэж 600 онохоос 573 буудаж, спортын мастер, мөн залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээний хоёр төрөлд дээд амжилт тогтоож, ОУХМ цол хүртсэн.
1983 он. Шигшээ багийн тамирчин дасгалжуулагч болсон нь
ӨӨРӨӨ ХӨГЖИЖ, ШАВЬ НАРАА Ч АМЖИЛТАД ХҮРГЭЛЭЭ
-Дасгалжуулагчдад тоогдсон охин Улаан-Үдээс ирээд л шигшээ багт хөл тавьсан уу?
-1983 онд “Хүч” нийгэмлэг үндэсний шигшээ баг бүрдүүлэх шийдвэр гаргаж, техникийн спортын таван төрөлд баг байгуулсан юм. Тэр үеэс шигшээ багийн тамирчин болж, дасгалжуулагчийн ажлыг давхар хийсэн. М.Жанцанхорлоо багш “Эмэгтэй тамирчдаас чамаас өөр дасгалжуулагч хийх хүн алга. Чи чадна. Өөрийнхөө хэмжээнд хэдэн хүүхэд дасгалжуулж, тамирчнаар бэлтгэ” гэв. Тамирчны хажуугаар дасгалжуулагчаар ажиллах хэцүү. Өглөө 06.00 цагт босож, бэлтгэлээ хийчихээд ажилдаа явна. Тэр үед автобус ховор тул III цахилгаан станцаас цааш алхана. Өглөө эхлэн суралцагчдад, өдөр нь спортын зэрэгтэй тамирчдад, орой нь ажилтан залуучуудын секцэнд багшилна. Бэлтгэлийн дараа ядарсан амьтан сүүлчийн автобусанд амжиж суугаад гэрийн бараа харна. Ингэж миний дасгалжуулагч болох гараа эхэлж байлаа.
-Та 1988 оны Сөүл, 1992 оны Барселоны олимпод тамирчин, 2000, 2008, 2012 оныход дасгалжуулагчаар оролцсон байх аа.
-Тэгсэн. Би олимпын наадамд таван удаа оролцсон. 1990 онд улс орны амьдрал хэцүү, бүх бараа картын системд шилжсэн үед буудлагын спортыг хэн ч тоодоггүй байв. Цэвэрлэгч цалинжуулах мөнгөгүй байсан тэр үед бэлтгэлийн заалаа өөрөө цэвэрлэхээс өгсүүлээд олон ажлыг ганцаараа амжуулсан. Монголд спорт хөгжих, эсэх нь бүрхэг байсан үед надаас гадна хэдэн дасгалжуулагч үлдэж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хүйтэнд хөрж, халуунд нь халан, хоолтой, хоолгүй явсан. 1992 онд Монголын буудлагын холбооны тэргүүнээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга С.Сайнцог ажилладаг байлаа. Дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр зүйлгүй байхад буудлагаас хамгийн зардал багатай төрлийг нь түлхүү анхаарах бодлого барьж, зөв удирдсан. Тэгж ажилласны хүчинд 1992 онд Д.Мөнхбаяр Барселоны олимпоос спорт гар бууны 25 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн. Тийм хүнд нөхцөлд бэлтгэл хийж, олимпоос медаль хүртэхэд нь өөрийн эрхгүй баярлаад уйлж билээ.
-Олимпын наадмын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр таны шавь нарын нэг бил үү.
-1985 оны намар сурагчдын дунд “Өсвөрийн мэргэн буудагч” тэмцээн зохион байгууллаа. Д.Мөнхбаяр I дунд сургуулийн сурагчдаас шалгаран, дээрх тэмцээнд II байрт орсон. Эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдийг буудлагаар хичээллүүлэхээр бэлтгэл хийлгэсэн юм. Тэрбээр дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад нэг жил хичээллээд, 1986-1990 он хүртэл надтай үргэлжлүүлсэн. Д.Мөнхбаяр мэргэжлийн тамирчин болох нь олон зүйлээс харагддаг байлаа. Тухайлбал, “Би 1987 онд спортын мастер болно” гэж амлалт өгөөд, миний тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж байв. Амласнаараа ч спортын мастер цол хүртсэн. 1990 онд дэлхийн цомын тэмцээнд хийн бууны төрөлд 400-гаас 383 онож, Дэлхийн залуучуудын дээд амжилтыг давтан биелүүлсэн юм. Үүнээс хойш шигшээ багт багтаж, Л.Өлзийбаяр багшийн удирдлагад хичээллэн Азийн аварга болсон. Түүнийг Барселоны олимпоос медаль хүртээд ирэхэд Д.Октябрь гуай Гүндэгмааг дагуулж ирээд буудлагаар хичээллүүлсэн. О.Гүндэгмаа 1992 оны арваннэгдүгээр сараас хичээллэж, 1993 оны нэгдүгээр сард I зэрэг биелүүлж, тавдугаар сард нь спортын мастер болсон. 1995 онд Индонезэд болсон Азийн АШТ-д спорт гар бууны төрөлд оролцож, V байрт шалгаран, ОУХМ цолны болзол хангаж байв. 1996 онд АНУ-ын Атлантад зохион байгуулсан олимпод оролцож ирээд гэрээ нь дууссан тул өөр багш руу шилжсэн.
-2008 онд Бээжингийн олимпод О.Гүндэгмаа мөнгө, Д.Мөнхбаяр Герман улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртсэн. Залуус тэр үеэс буудлагаар хичээллэхээр тан руу хошуурсан гэдэг.
-“Бээжин 2008” олимпод оролцсон тамирчдын тухай өгүүлэхээс өмнө шигшээ багийн бүрэлдэхүүнийг онцолж яримаар байна. 1990 онд Монголын эдийн засаг хүнд болоход олон хүн амьдралаа бодож, буудлагын спортоос холдсон. Улс ч спортын салбарыг дэмжих мөнгөгүй болж, үндэсний шигшээ багуудыг татан буулгасан юм. Тийм хүнд үед тамирчид зүтгэсээр 2000 онд Австралийн Сиднейд болсон олимпод оролцсон ч медальгүй ирсэн. Чөлөөт бөхөөс О.Пүрэвбаатар, буудлагаас О.Гүндэгмаа нар V байр эзэлсэн. Хэцүүхэн үед байдгаа шавхаж олимпод оролцоод тамирчид медальгүй ирсэн тул Монголын үндэсний олимпын хороонд ширүүхэн хурал болж билээ. Үүнээс хойш 2002 онд үндэсний шигшээ баг байгуулахад чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Магсар гуай Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзаж, хийсэн судалгаануудаа танилцуулаад Монголын спортод төр, засгийн дэмжлэг хэрэгтэйг уламжилсан. Ерөнхий сайд дэмжиж, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо байгуулж, спортын зургаан төрөлд шигшээ баг бүрдүүлж байв. Чөлөөт бөхөөс Ч.Дамдиншарав, жүдогоос Ч.Насантогтох, боксоос Г.Оюунболд, байт харваагаас Ц.Бадамхатан, дугуйн спортоос ОУХМ Б.Болдбаатар, буудлагаас надтай уулзаж, үндэсний шигшээ баг бүрдүүлэхэд юу шаардлагатай байгаа, хэрхэн дэмжин ажиллах талаар ярилцаж, арга хэмжээ авсан. Бид Бээжингийн олимпод тамирчдаа амжилттай оролцуулж, медаль авах зорилготой ажилласан. Олимпоос дөрөв, паралимпээс нэг алт, нийт таван медальтай ирсэн тэр үеэс спортоо орхисон хүмүүс эргэж нэгдсэн. Спортын салбарыг төр дэмждэг болж, тамирчид амжилт гаргаж эхлэнгүүт залуус буудлагаар сонирхон хичээллэх болсон. 2012, 2016 оныолимпод хэд дахин их хөрөнгө зарцуулсан. Амжилтгүй оролцсон буруугаа хэн нэгнээс хайж, тамирчин, эвсэл дасгалжуулагч руугаа чихэх хандлага харагдаж байлаа. Тиймээс тамирчид алдаа оноогоо тунгааж, хэрхэн амжилт гаргах талаар төлөвлөх ёстой. Ирэх жил Токиогийн олимпод оролцох тамирчид дутагдлуудаа засаж, өөрийгөө олон талаар хөгжүүлэх хэрэгтэй байна.
МОНГОЛЫН СПОРТ ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ИЛЧЛЭХ ЦАГ БОЛСОН
-Миний мэдэхээр та шавь нараасаа Ц.Мөнхзултай хамгийн олон жил хамтран ажилласан шүү дээ.
-Би олон шавьтай. Тэдний олонх нь эмэгтэй. Буу бариад зогсож байгаа хүүхдүүдийг араас нь хараад хэр тамирчин болохыг нь мэднэ. Энэ спортод 40 жил амьдарсны хувьд хүн таних нүд, мэдрэмж бий. Ц.Мөнхзултай 14 жил багш, шавийн холбоотой ажилласан. 1998 онд тэрбээр спортын мастер цол хүртчихсэн байлаа. Өмнө нь өөр багшийн удирдлагад хичээллэж байгаад ирсэн болохоор өөрийн арга барилаар бэлтгэл хийлгэн зүгшрүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Бид нэгдэн ажиллахын тулд нэлээд зөрчилдөж байж, саад бэрхшээлийг туулж амжилтад хүрсэн. 2012 онд Лондоны олимпод тэрбээр эрх авч чадаагүй. Учир нь тухайн үед бидний хэн хэнд нь сэтгэл зүйн дарамт байсан учраас тэр. Бидний гэрээ тэр жилийн арванхоёрдугаар сард дууссан. Тэрбээр миний шавь нараас надтай хамгийн олон жил тууштай ажилласан. 2005 онд шавь минь Зүүн Азийн наадам Макаод болоход хамгийн сүүлчийн өдрийн тэмцээнээс алтан медаль хүртээд эх орондоо ирж байлаа. 2006 оны ДАШТ-д хийн болоод спорт гар бууны төрөлд оролцож IV байрт шалгаран, 2007 оны Тайландад зохион байгуулсан дэлхийн цомын тэмцээнд 783.3 оноогоор түрүүлж, алтан медаль хүртсэн. Дэлхийн цомын тэмцээнээс нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай. 2008 оны Бээжингийн олимпод эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд VIII байрт шалгарсан. Ц.Мөнхзулын аав, ээж нь спортоор хичээллэдэг. Түүнийг гэр бүл нь сайн дэмждэг байв. Бид эхэндээ гадаадын тэмцээнд оролцохоор сумны мөнгө, зардал олохын тулд ганц нэг байгууллагын удирдлагатай уулзаж, эсвэл өөрт байгаа үнэд хүрэх эд зүйлээ хүртэл зардаг байлаа. Шавийг минь Зүүн Азийн тэмцээнд аварга болоход МҮОХ зардлыг нь даасан. Дараа “Спирт бал бурам” компанийн гүйцэтгэх захирал Б.Баярхүү дэмжиж тусалсан. Тэрбээр “Чи тамирчныхаа бэлтгэлийг сайн хийлгэ, би хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдье” гэж билээ. Түүний дэмжлэгээр бид гадаадын тэмцээнээс олон медаль хүртсэн дээ.
-Улс болгоны Үндэсний олимпын хороонд спорт ба эмэгтэйчүүд комисс байдаг. Та нарийн бичгийн даргаар нь хэдэн жил ажилласан бил үү?
-Тийм ээ. Ажиллаж байх хугацаандаа Малайзын Куала-Лумпур, Францын Парис, Швейцарын Лозанн хотод зохион байгуулсан сургалтад хамрагдлаа. Тус комисс нь спортын тамирчин, зүтгэлтэн эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмждэг юм. Спортын салбарт байхдаа өмнө нь сонсоогүй зүйлээ энэ сургалтад суухдаа мэдэж, их гайхаж билээ. Тэр нь спортын салбар дахь албан тушаал, бэлгийн дарамтын тухай байв. Парист болсон хуралд суухдаа Азийн хөгжингүй орнуудын тамирчдад дарамт их байдаг талаар сонсчихоод манайд ийм зүйл байдаггүй нь аз юм даа гэж бодож билээ. Тэндээс ирээд Монголд судалгаа хийж, ийм дарамт олон байдгийг олж мэдсэн. Бэлгийн болоод албан тушаалын дарамтаас болж эмэгтэйчүүд хохирч, эрхэлсэн ажлаа хийж чадахгүй байна. Охид, бүсгүйчүүд ийм байдалд өртсөнөө илчилж зүрхлэхгүй. Хэрэв нууцлахгүй бол нэр төр, ажил хэрэг, найз нөхдийнх нь харилцаанд сэв сууна гэж боддог. Ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүст шоолуулан эвгүй байдалд орохоос эмээдэг. Өөрөө ч, эцэг, эх нь ч дэлгэлгүй хав дардаг. Хэрвээ энэ талаар эмэгтэйчүүд дуугарвал элдэв үгээр доромжилдог дутагдал манайханд бий. Бид ийм байдалтай тэмцэх хэрэгтэй. Хэн нэгэн нь зориг гаргаж илчлэхэд хууль, шүүх, цагдаагийн байгууллагынхан анхаарах байх. Энэ бусармаг асуудалд спортын зүтгэлтэн эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ.