Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магваныг зочноороо урилаа. Түүнийг монголчууд “Олимпын өвөө” хэмээн авгайлдаг. Монгол оронд олимпизмын үзэл санаа, үйл хэргийг түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэсэн түүний түүх нэн баялаг билээ.
БИ ААВ, ЭЭЖ ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН
-Та их багадаа ээжээсээ өнчирч үлдсэн гэсэн. Өнчин балчир хүүгийн бага нас хэрхэн өнгөрсөн бол?
-Би аав, ээж гэдэг үгийг хэлж үзээгүй хүн. Ээж минь гэр бүл болж амжаагүй, дөнгөж 20 шүргэж явахдаа намайг төрүүлсэн. 1927 онд Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн хүн шүү дээ, би. Тэгээд намайг хоёр нас хүргэж чадсан уу, үгүй юү, бурхан болсон гэдэг юм. Буурал аав, ээж минь намайг хүн болгожээ. Эжийгээсээ нялхаараа хагацсан амьтан буурал аав, ээжийгээ л дуудаж хэлд орсон байж таарна. Буурал аав, ээж хоёр минь хаана л явна, би тэнд, хормойноос нь зүүгдээстэй. Манайх таван хошуу малын захтай. 10 нас хүртлээ малын хошуу эргүүлээд, сургуульд орсон. Сумын бага сургуульд орж, тэндээ дөрвөн жил, аймгийн дунд сургуулийн гурван жилийг хоёр жилд сурч төгссөн. Дунд сургууль төгстөлөө хичээлийн завсар чөлөө, амралтаараа хөдөө очдог байлаа. Тэгээд Багшийн сургуульд явж, суурин газарт суусан даа.
Биднийг долдугаар анги төгсөхөд насаар багыг нь нийслэлийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид, мань мэтийн дунд зэргийн (16-17) насныхныг Багшийн техникум, Холбооны техникумд, 18-19 хүрчихсэн томчуудыг нь 45 хоногийн курст суулгаад бага сургуулийн багш болгохоор хуваарилсан юм. Сум бүрт сургууль байгуулж, багш олноороо хэрэгтэй болсон үе л дээ.
Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургуульд хоёр жил, хожим багшаар ажиллаж байхдаа мэргэжлээрээ Улсын их сургуульд дөрвөн жил суралцсан. ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийн дэргэдэх Удирдах ажилтан бэлтгэх курст сууж, улс төрийн боловсролын диплом авсан. Миний амьдрал, боловсрол мэргэжил эзэмшсэн зам товчхондоо энэ.
-Таныг хүрээ хийдэд шавилж, бурхны номд суралцаж байсан гэж сонссон. Тэр тухайгаа дурдсангүй?
-1930-аад оны дунд үед, хөдөө нутагт хүрээ хийдэд л боловсрол эзэмшдэг байж. Ээж минь эхээс есүүл, гурван ах, дөрвөн эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Дөрвөн нагац ахын маань хоёр нь гавж мяндагтай, Яруугийн хүрээнд суудаг, нэг нь багийн дарга, нөгөө нь нягтлан бодогч. Манайхны ахмадууд намайг лам болгох, залуучууд нь хар болгох бодолтой байсан болов уу. Буурал аав, ээж, том нагац нар намайг лам болгохоор Дамба гавжид шавь оруулж, хийдэд суулгасан. Хэлтгий захтай дээл өмсөж, хүрд эргүүлж, судар тэвэрч, гороо эргэж жил шахам явлаа. Хааяа хуралд сууж хэнгэрэг цохино. Миний шашны боловсрол үүнээс хэтрэхгүй.
-Хийдэд шавилж буй банди нарыг багш лам нь зарцалж, зодож, зовоодог тухай зохиол, кино бишгүй бий. Таны багш ямар хүн байв?
-Миний багш Дамба гавж гэж шашны сайн боловсролтой хүн байлаа. Эмээ минь намайг дагуулж очиж хадаг барин, шавь оруулсан. Нагац ах нар маань лам учраас тэд бас ном заана. Зодож занчих, зарцалж мөлжих юм байгаагүй ээ, хөөрхий.
-Та эмээ, өвөө, нагац нарынхаа гар дээр, өнчин өрөөсний зовлон үзээгүй өссөн юм байна?
-Буурал аав, ээж хоёр минь надад хэцүү, хатуу амьдрал үзүүлэлгүй өсгөсөн. Өнчин гэдгээ мэдэлгүй есөн нас хүрээд, эмээгээ нас барахад л үхэл хагацал гээч ямар хүнд хэцүү байдгийг их гүнзгий мэдэрч, байх суух газраа олж ядаж байсан сан.
-Их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрч, сүм хийдүүдийг нураан, лам нарыг хүйс тэмтэрч байсан 1937 онд та шашны сургуулиас хувьсгалын сургуульд шилжиж. Тэр үеийнхээ талаар дурсаач?
-Жаахан хүүхэд юу болоод байгааг яаж ухаж ойлгох вэ дээ. Хэлтгий захтай дээл өмсөж, хүнээр хөтлүүлэн сумын бага сургуульд очиж байснаа л санадаг. Над мэтийн арав гаруй хүүхдийг нэг ангид суулгаад, өндөр хөх хүн өмнө зогсож “Миний нэрийг Цэрэнбат гэдэг. Өнөөдрөөс эхлээд би та нарын багш, та нар миний ...” гэхэд бид “Шавь” гэцгээсэн. Тэгэхэд багш “Одооноос шавь гэхгүй, сурагч гэнэ” гэсэн нь санаанаас гардаггүй юм. Лам биш хар, шавь биш сурагч болж байгаа нь энэ.
Бид эхлээд монгол бичиг заалгаж, дараа нь латин үсэгт шилжинэ гэж хэсэг явсан. Тавдугаар ангид ороход латин үсэг хэрэглэхгүй болсон, одоо орос үсэг сурна гэсэн. Бага байхад шинэ зүйлд амархан дасдаг хойно, аль алийг нь сурах хэцүү байгаагүй, харин ч шинэ үсэг сураад, түүгээрээ бичих сонирхолтой л байсан.
Би Завхан аймгийн Жавхлант сумын бага сургуульд тавдугаар анги төгсөөд Бөмбөгөр (одоогийн Баянхонгор) аймагт нэг жил болсон. Нягтлан бодогч ах маань Бөмбөгөр аймгийн хоршооны нягтлангаар томилогдож, нагац ах, бэргэн эгч, бид гурав морин өртөөгөөр тийшээ очиж байв. Аймгийн захиргаа нь хэдэн гэрт конторлодог, дунд сургуульгүй газар байсан. Нэгэнт сургуульгүй учраас би аймгийн яаманд бичээчээр орсон. Би 14-15-тай л байсан юм уу даа. Намраас хавар хүртэл тэнд бичээчээр ажиллаад, аймагтаа буцаж очин дунд сургуульд орж, төгссөн.
ЭРГЭЭД БОДОХОД ЁСТОЙ АЖЛЫН ХЭНХЭГ БАЙЖ
-Бүх нийтийг бичиг үсэгт сургах их ажил өрнөж байсан үед та багшаар ажиллажээ?
-Багшийн сургууль төгсөхөд намайг Жавхлантшарга (одоогийн Сүхбаатар) аймагт багшаар томилсон. Би аймагтаа очно гэж баахан гачигдал зовлон тоочтол “Аймагт чинь хуваарь байхгүй, нутаг руу чинь ойртуулъя” гээд Говь-Алтай аймагт хуваарилж, шуудангийн зардал өгдөг юм байна. Тэгэхээр нь аймаг руугаа шууд явчихлаа. Сургуулийнхаа багш, захиралтай уулзтал “Мэргэжил боловсрол эзэмшээд нутагтаа ирсэн чинь сайн байна. Энд багшийн орон тоо гарна. Есдүгээр сарын 15-нд ирээрэй. Чамайг багшлуулна” гэсэн. Ингээд гурван жил орчим багш, гурван жил орчим хичээлийн эрхлэгч, бас гурван жил орчим захирлаар ажилласан даа.
Багшаар ажиллаж эхэлсэн 1946 он гэдэг дөнгөж дайны дараах үе. Хөдөөгийн багш нар боломж бүхнийг ашиглаж хичээл, хүмүүжлийн ажлаа явуулна. Осгочихгүй онд орохын тулд улирлын амралтаар ууланд гарч, мод бэлтгэнэ. Модоо хашаа хороондоо авчраад хөрөөдөж, хагална. Хичээл тарахаар хичээлийн байр, анги танхим, сандал, ширээгээ өөрсдөө засаж сэлбэж, будаж шунхадна. Хүүхдүүдийн хүнсэнд хэрэглэх ногоог тарьж, хураана. Байрны хүүхдийн хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг нь хүртэл өөрсдөө оёдог байлаа. Төсвийн хэдэн төгрөг материалын зардалд л таардаг, бэлэн зэлэн юм худалдаад авах боломжгүй. Гурил, будааг л өөрсдөө хийж чадахгүй учраас эрхбиш худалдаж авна. Багш нарт хийхгүй юм байгаагүй.
Ард иргэдийг бичиг үсэгт сургах кампанит ажил хоёр ч удаа өрнөсөн. Тэгэхэд нам, эвлэлээс төчнөөн хүнд бичиг үсэг зааж сурга гэсэн норм тогтоогоод өгнө. Их ажилтай байжээ.
-Ногдуулсан төлөвлөгөөг гүйцээх гэж их ажил болох уу?
-Өө тэгнэ. Өвөл, зун, цас, бороо гэхгүй явна. Бүлгэм, дугуйланд ир гэж баахан шаардана. Ирэхгүй байгаа хүмүүсийн гэр оронд нь очиж заана шүү дээ. Тэгсний хүчинд монголчууд бичиг үсэгт бүрэн тайлагдсан.
-Та тэр их ажлыг зохион байгуулдаг хүн нь байв уу, гүйцэтгэдэг хүн нь байв уу?
-Би захирал, хичээлийн эрхлэгч гэсэн албан тушаалтай байсныг ч хэлэх үү, угаас хаана, ямар ч алба хашсан ажилласан шиг ажиллая гэж боддогийг ч хэлэх үү, бүх ажилд гар бие оролцоно. Концерт тоглоход нээлтийн үг, дуу зарлахад хэдэн мөрт хэрэг боллоо гэхэд би л бичнэ. Хэдэн залуу нийлээд, уран зохиолын дугуйлан байгуулчихсан, түүнд нь явна. Аймгийн клубийн найруулагч хот руу курст явлаа гэхэд эзгүй хойгуур нь хурал, зөвлөгөөнд бэлтгэх даалгавар надад л ирнэ. Тоглолт найруулна, жүжиг тавина. Өөрөө дүр бүтээнэ. Одоо эргээд бодоход ёстой нэг ажлын хэнхэг байж. Ямар сайндаа гуравхан жил багшаар ажилласан, хорь дөнгөж гарч байгаа хүүхдийг Улсын IX их хуралд төлөөлөгчөөр явуулах вэ. 1949 онд шүү дээ. Хэнхэглэж яваад сонгогдсон хэрэг.
-Нээрэн, тэр хуралд таны гаргасан саналаар их хурлын хуралдааныг чуулган гэж байхаар Үндсэн хуульд тусгасан гэл үү?
-Одоогийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд тэр үед “Алтай” зочид буудал байсан. Төлөөлөгчөөр сонгогдож ирээд тэнд буугаад байтал их хурлаар хэлэлцэх асуудал гэж баахан цаас өглөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэж байна. Сонгуулийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх тухай өөрчлөлт Үндсэн хуульд оруулах гэж байсан учраас тэр тухай л баахан юм байна. Түүнийг үзэж байгаад “Тойрог гэдэг нь ямар цөөхөн хүнтэй юм бэ. Их хурлын депутатыг 2500 хүнээс биш, дор хаяж 3500 хүнээс сонговол зүгээр биш үү” гэж бодогдлоо. Бас Өмнөговь аймгийн нутагт байдаг Толь хадыг орос цэргүүд буудаад юм харагдахгүй болгочихсон тухай “Үнэн” сониноос уншсан, энд тэнд хиргэсүүр ухах явдал гарсныг дуулсан минь ч санагдаж “Түүх, дурсгалын зүйлийг хамгаалах талаар Үндсэн хуульд тодорхой тусгавал яадаг юм бол” гэсэн санаа төрөв. Мөн АИХ-ын хуралдаан, АИХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан гэх мэтээр аль нь үндсэн, аль нь салбарыг ялгахад бэрх хуралдааны хуваарь байхыг хараад “АИХ гэдэг хамгийн том хурал юм гэсэн. Эндээс зарлиг гаргана гэж ярьж байна. Ийм том хурлыг дээр үед чуулган гэж нэрлэж байсан гэнэ билээ. АИХ-ын хуралдааныг нь чуулган гэвэл болдоггүй юм болов уу” гэж бодов.
Хурал эхлээд дарга нар илтгэл тавьж байтал “Санал, шүүмжлэл хэлэх хүн нэрээ бичнэ үү” гэсэн хуудас ирэхээр нь хамгийн эхэнд нэрээ биччихлээ. Тэр өдөр маршал Х.Чойбалсан “Мал өсгөх төлөвлөгөөний тухай”, Ю.Цэдэнбал дарга “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэсэн илтгэл тавьсаар хурал дуусав. Орой буудалдаа очоод хийх юмгүй хүн чинь гурван саналаа цаасан дээр буулгалаа. Олон хүний өмнө гарч тэвдээд хэлэх гэснээ хэлж чадахгүй, буруу зөрүү ярьчихаж магадгүй гэж хаширлаж байгаа нь тэр. Өмнө нь ямар олон хүний өмнө гарч байсан биш.
Маргааш нь санал, шүүмжлэл эхэллээ. Хамгийн түрүүнд нэрээ бичсэн юм чинь намайг хамгийн түрүүнд дуудах байх гэтэл байдаггүй. Аль аймгийн хэнээр юу яриулахыг урьдчилж төлөвлөөд, ярьж хэлэх зүйлийг нь комисс уншиж, редакц засвар ч хийдэг байсныг нь мэдэхгүй байхгүй юу. Өдөржин намайг хэзээ дуудах бол гэж бодож суусан ч дуудсангүй. Оройхон манай намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Дандар гуай ирээд “Чи үг хэлнэ гэсэн юм уу” гэв. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал хэлэх гэтэл намайг яриулахгүй байна. Би нэрээ хамгийн түрүүнд бичсэн юм” гэтэл “Хэлэх үгээ бэлтгэсэн юм уу” гэж байна. Нөгөө цаасаа өгтөл аваад явлаа. Хурал ч тарах болж, Дандар гуай “Маргааш өглөө чиний үгийг хэлүүлэх байх шүү. Сайн бэлдээрэй” гэсэн.
Гурван саналаа хэлэхэд генерал Равдан, Төв аймгийн дарга байсан Жамсран гуай, өөр нэг эмэгтэй сүрхий дэмжсэн юм. “Их хурлын хуралдааныг чуулган гэх саналыг Үндсэн хуульд тусгахаар хүлээж авч, нөгөө хоёрыг нь зарчмын хувьд Үндсэн хуульд туссан тул хүлээж авалгүй орхилоо. Тодорхой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдээд явж болно” гэсэн хариу надад өгөхөд би “Хүний гаргасан саналыг бүгдийг нь тусгасангүй” гэж их дурамжхан байж билээ.
-Үндсэн хуульд санал нь туссанд баярлах ёстой байтал чамлаж байдаг, хүүхдээрээ л байж дээ?
-Юмны цаадах, наадхыг сайн таниагүй залуу хүний явдал л даа. 70 жилийн өмнө миний саналаар Үндсэн хуульд бичигдсэн өөрчлөлт одоо ч амьдрал дээр хэрэгжиж байгаа. УИХ-ын чуулган гэдэг шүү дээ.
Их хурал дуусахад би Ардыг гэгээрүүлэх яамны сайдын баярын бичгээр шагнуулж, маршал Х.Чойбалсангаас Засгийн газрын хүндэт жуух гээч юм хүлээж авсан. 22 настай, гуравхан жил багшилсан хүүхэд ямар юмны овойж оцойсон гавьяа байгуулж, үнэлэгдэхээр юм хийх вэ, өсөх ирээдүйтэй хүн юм л гэж засаг, төр урамшуулсан хэрэг байх. Бас Үндсэн хуульд тусах санал гаргасныг ч үнэлсэн болов уу гэж боддог.
-Тэгж үнэлэгдсэн хүн хот руу татагдах амархан байсан байлгүй?
-Аймгийн арван жилийн сургуулийн захирлаар ажиллаж байхад юм сан, 1958 онд Улаанбаатарт захирлуудын семинарт ирээд байтал Намын төв хороо дуудаж, Завхан аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар баталсан. Ингэж намын ажилд шилжээд, 20 жил Намын төв хорооны мэдэлд ажилласан даа.
Аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болох үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байлаа. Нэгдэлжих хөдөлгөөнийг зохион байгуулж, малын ашиг шимийг бүрэн ашиглахад малчдыг уриалж их явсан. Аж ахуйн ажлыг тэгэхэд сурсан. Бас л муугүй ажиллалаа гэж үзсэнийх биз, 1960 онд Төв хороо төв аппаратдаа татаж, аймаг хариуцсан зохион байгуулагч болгов. Өмнөговь, Дундговь аймгийг хариуцна. Сарын гурван долоо хоногийг хариуцсан аймагтаа, нэг долоо хоногийг хотод өнгөрөөнө. Намын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, аймаг орон нутгийн ажилд туслах, хөдөөгийн мэдээллээр төвөө хангах ажилтай. Тэгэхэд гэр бүлтэй, дөрвөн ч хүүхэдтэй болсон байсан. Ар гэр, үр хүүхдийг зөнд нь орхисон жилүүд байлаа.
-Монголчуудыг соёлжуулахад том хувь нэмэр оруулсан, соёлын довтолгоог гардаж удирдсан хүн юм билээ шүү дээ, та?
-Соёлын довтолгоо эхлэхэд намайг Намын Төв хорооны Соёлын хэлтсийн орлогч эрхлэгчээр баталсан. Тэр нь соёлын довтолгооны ажил хариуцах үүрэгтэй алба юм. Намын шийдвэрийг хэрэгжүүлэхэд яам, тамгын газрууд үгэнд сайн ордог, ажил хийхийг ёстой үзүүлдэг байж. Эрүүлийг хамгаалах яам, Гэгээрлийн яам, эвлэл, үйлдвэрчний байгууллагууд бүгд хамтарч ажилласан. Ялангуяа Үйлдвэр, хоршооллын төв зөвлөл маш их үүрэг гүйцэтгэсэн. Соёлын довтолгоо Монгол оронд, монголчуудад үнэхээр том дэвшил авчирсан шүү. Ахуйд соёл нэвтрүүлэх, бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэх гэх мэтээр бүхнийг иж бүрнээр хийсэн. Маш үр өгөөжтэй ажил болсон.
-Соёлын довтолгооноос өмнө монголчуудын аж байдал ямар байсан, соёлын довтолгоогоор юу хэрхэн өөрчлөгдсөнийг хүүхэд, залуус одоо төсөөлөх ч үгүй дээ?
-Хамгийн наад зах нь айлууд цагаан бүрээстэй байсангүй. Гаднаа пөөвийсөн бор эсгий, дотроо утаанд идэгдсэн шар эсгий бүрээстэй, унь, тооно нь нил хөө тортог. Унь, тооныг нь угаалгах, гэрийг нь цагаан бүрээстэй болгох гээд бүхнийг соёлын довтолгоогоор хийсэн. Ахуйд соёл нэвтрүүлэх ажлын хүрээнд айл гэр, аж ахуй, ард иргэдийн биеэ авч явах бүх зүйлд оролцсон доо. Тэр үед монголчууд нийтээрээ хөнжил, гудас гэх юмгүй байлаа. Хөдсөн дээлээ өдөр нь өмсөөд, шөнө нь өрөөлдөж нөмрөөд унтана. Соёлын довтолгооны үед л хөнжил, гудас, цагаан хэрэглэлтэй болсон. Шүдний сойзыг ч тэр үед хэрэглэж сурсан. Ус цасанд орохыг хүртэл зааж, шаардаж байлаа шүү дээ.
-Соёлын довтолгооны үеэр хөгтэй юм их болдог байсан гэдэг. Та тийм явдалтай таарч байв уу?
-Өө тааралгүй яах вэ. Насаараа дадсан амьдралын хэвшлийг нь өөрчлөх гэж шаардаж, шахаад байхаар хүмүүс аргагүйн эрхэнд шаардсан зүйлийг хийнэ. Тэгэхдээ агуулгаар нь биш, хэлбэр төдий үзүүлэх явдал гарна. Хүн бүр шүдний сойзтой бол гэхээр хөгшид нэг, нэг сойз уутанд хийгээд ханын толгойноос өлгөчихнө. Хөнжил, гудас, цагаан хэрэглэлтэй бол гэхээр аваад авдартаа хийчихнэ. Түүнийгээ шалгалт ирэхээр гаргаж үзүүлээд, явахаар далд хураачихна, өөрсдөө хэрэглэхгүй. Тэгж байгаа хүмүүсийг албадахгүй яах вэ. Тэгэхээр хэтэрхий албадаж байна гэсэн шүүмжлэл Төв хороонд ирнэ. Янз янзаар үзэж тарсны хүчинд айл өрх, албан газруудад соёлч, боловсон байдал хэвшсэн юм даа. Энэ ажлын үр дүнд бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон. Одоогийн хүүхдүүд бол өвөг дээдэс нь тийм хөөцөлдлөгөө болж, албадлага, шахалт, шаардлагын дор шүдээ угааж, хөнжил нөмөрч сурсан гэж төсөөлөхгүй байх.
НАМАЙГ ОУОХ-НООС ГАРГАХ ГЭЖ МАНАЙХАН ИХ ҮЗСЭН
-Биеийн тамир, спорттой хэзээ, хэрхэн холбогдож, олимпизмын үйл хэрэгт зүтгэх болов оо?
-Соёлын довтолгоо дуусаад намайг Үйлдвэрчний төв зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Соёл гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргаар томилсон. Үйлдвэржүүлэх ажил ид өрнөж, үүнд үйлдвэрчний эвлэл их үүрэгтэй байлаа. Шинэ санаачилга, тэргүүн туршлага нэвтрүүлэх, Хөдөлмөрийн хуулийн биелэлтийг хангах, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, хөдөлмөр хамгаалал гэх мэтийг үйлдвэрчний байгууллага зохион байгуулна. Бас л оволзсон ажилтай сайхан жилүүд өнгөрсөн. 1965-1969 онд Үйлдвэрчний төв зөвлөлд ажиллаад, 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөл (БТСЭТЗ)-ийн дарга бөгөөд Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны дарга гэдэг албан тушаалд томилогдсон.
-Ярианаас тань харахад спортод нэг их ойр байгаагүй юм шиг. Яагаад БТСЭТЗ-д томилогдсон юм бэ?
-Би өөрөө биеийн тамир хөөгөөд сүйд болсон юм байхгүй. Удирдах, зохион байгуулах ажлын туршлага, идэвх санаачилгыг л харж томилсон байх. Төв хороонд соёлын ажил эрхэлж байхад миний эрхлэх ажлын хүрээнд биеийн тамир байсан. Үйлдвэрчний байгууллагад ч мөн адил. Тийм учраас биеийн тамир надад танил, хаанаас эхэлж, юу хийхээ мэдэх салбар байсан. Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлж, түүний үндсэн дээр спортын төрлүүдийг хөгжүүлнэ гэсэн бодлого баримталсан. Үүнийгээ ч муугүй хийсэн гэж боддог. Миний ажилласан арван жилд спортын олон төрөл Монголд хөгжих эхлэл тавигдсан. Биеийн тамир, спорт сонирхогчдын тоо ч нэмэгдсэн. Сайн юманд садаа мундахгүй гэдгээр, одоо бодоход шалихгүй зүйлээр ажлаас халагдсан даа.
-Таныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэн, цагаатгасан байдаг шүү дээ. Тэр ер нь юу болсон юм бэ?
-1970-аад оны сүүлч үе бол бүх зүйлийг улстөржүүлж байсан цаг. Хоёр Мөнх ид барилдаж, өрсөлдөж байлаа. Бөхийг цоллохдоо аймаг орон нутгаар нь дууддаг шүү дээ. Тэгэхээр “Энэ бол нутгархаж, үндэсний үзэл гаргаж буй явдал. Нутгаар нь биш, нийгэмлэгээр нь зарлаж бай” гэнэ. Тэмцээний үеэр дасгалжуулагч тамирчнаа зоригжуулах гээд “Оросуудаас юунд нь хулчийдаг юм бэ. Хийх мэхээ хийгээд, зоригтой барилд” гэж хэлсний төлөө Зөвлөлт, Монголын найрамдалд харш хандлага гаргалаа гэнэ. Олон улсын байгууллагад сонгуульт ажилтай монгол хүн Монголд олон улсын тэмцээн зохион байгуулж, тэнд нь орос шүүгч манай тамирчныг илт буруу шүүн хожигдуулахад нь “Шударга ажиллаж чадахгүй бол яв” гэсний төлөө Зөвлөлтийн хүнийг хөөсөн гэнэ. Энэ мэтийн зүйлсээс болж намайг БТСЭТЗ-ийн даргын ажлаас халсан.
Намайг ажлаас халаад Аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлж, миний орлогч байсан Цэрэндашийг Хөвсгөл аймагт нутаг заасан. Бөхийн улсын дасгалжуулагч Магсарыг Төмөр замд ачигчаар явуулсан. Бид ардчилал эхлэх хүртэл тэр шийтгэлтэйгээ явсан. Ардчиллын буянаар БТСЭТЗ-ийн удирдлагын намч биш, хариуцлагагүй ажиллагааны тухай гэдэг тогтоолыг хүчингүйд тооцож, тэр үндсэн дээр шүүх биднийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж, цагаатган, нэр хүндийг минь сэргээх шийдвэр гаргасан.
-Хоёр Мөнхийн дажин явсаар ийм юманд хүрсэн гэдэг үнэн үү?
-БТСЭТЗ-ийн нягтлан бодогч Цэдэв Бөхийн холбоонд бас ажил үүрэгтэй байсан юм. Нэг удаа майн баярын бил үү, цэргийн баярын ч бил үү, бөхийн барилдааныг тэр хариуцаж явуулав. Би гэртээ зурагтаар харж байлаа. Бөх дуустал нөгөөх чинь Ж.Мөнхбатад халх даяар дуурсагдах хэмээх чимэг шагналаа гэдэг юм байна. Тэгэхээр нь би ажил руугаа утасдаж, “Наанаа байгаа сурвалжлагчдыг байлгаж байгаарай” гэчихээд гэрээсээ гүйхээрээ очлоо. “Ж.Мөнхбатад халх даяар дуурсагдах чимэг өгч байгаа юм бол Х.Баянмөнхөд дөрвөд даяар дуурсагдах гэсэн чимэг өгөх үү. Ингэж болохгүй. Бөхийн дүрэмд ч ийм юм байхгүй. Улс даяар дуурсагдах гэж залруулж өгөөрэй” гэж хэвлэлийнхэнд хэлээд явуулсан. Маргааш нь “Үнэн” сонинд улс даяар дуурсагдах гэж гарсан л байсан. Гэтэл нөгөө Цэдэв чинь “Халх даяар дуурсагдах чимэг олгов” гэсэн үнэмлэх бичээд өгчихсөн юм байж. Түүнийг нь харсан хүн “Үнэмлэх хүртэл олгосон” гэсэн хэл ам гаргасан. Тэрийг нь Ж.Мөнхбатаас авч үзэхэд гарын үсэг, тамгагүй нэг юм өгчихсөн байсан.
-Х.Баянмөнх аварга дээш нь нэг өргөдөл өгсөн гэдэг дээ. Ер нь түүнээс болж биеийн тамир, спортын байгууллагын удирдлагад бүгдэд нь тэгж сүрхий арга хэмжээ авсан юм биш үү?
-За бас тэгж хэлж болохгүй дээ. Х.Баянмөнх өргөдөл өгөх нь өгсөн. Би өргөдлийг нь сүүлд уншсан л даа. “Намайг гадуурхаад байгааг БТСЭТЗ-ийн дарга Магванд гурван удаа хэлсэн” гэсэн өгүүлбэр л байсан. Ю.Цэдэнбал дарга тэр өргөдлийг уншаад “Энд үндсэрхэг үзэл, Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш хандлага илэрч байна. Шалгаад Улс төрийн товчоонд тогтоол оруул” гэж цохон, Намын Хянан шалгах хорооны дарга Лувсанравданд өгсөн байсан.
Тэгээд Намын төв хорооны Боловсон хүчин, Соёлын хэлтэс, Хянан шалгах хорооноос хүмүүс оролцуулсан Намын хянан шалгах хорооны шалгалт гэж нэг их сүрхий шалгалт БТСЭТЗ-д ирсэн юм. Хоёр сар шахам БТСЭТЗ дээр байрлаж, шалгасан. Тамирчдыг ч дуудаж уулзана. Халагдсан, солигдсон хүмүүсийг ч дуудна. Сангийн яамнаас шалгалтын комисс ч авчирсан. Бөөн л юм болсон. Ж.Мөнхбатад ийм цол өгсөн байна гэж, нөгөө тамга, гарын үсэггүй үнэмлэхийг баримт болгож авсан.
Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулж явтал Улс төрийн товчооноос дуудлаа. Улс төрийн товчооны хурлын үеэр Лувсанравдан нөгөө цуглуулсан юмнуудаа ярьж, намайг баахан буруутгав. Би түүнд нь хариулсаар, үд дунд эхэлсэн хурал 02 цаг хүртэл үргэлжилсэн юм даг. Тэр хурал дээр өөр хүн бараг юм яриагүй. Лувсанравдан л биднийг баахан буруутгасан. Ю.Цэдэнбал дарга хурлын төгсгөлд “Нөхөр минь, чамайг би хүндэтгэж явсан. Өчигдөр энэ арван хэдэн хуудас материалыг аваад эргэлзсэн. Өнөөдөр энд яригдаж буй зүйлийг сонсоход спорт гэдэг чинь спор (маргаан, зарга) болсон юм байна. Арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн. Ийм л юм болсон. Тэгэхээр Х.Баянмөнхийн өргөдлөөр биш, шалгалтынхны боловсруулсан материалаар шийдсэн болж таарч байгаа биз.
1996 оны Атлантын олимпын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон ОУОХ-ны гишүүдийг хүлээж авч буй нь
-Х.Баянмөнх аварга их гадуурхагдаж, ганцаардаж байсан гэдэг. Ном хүртэл бичсэн. Яг тэр үе нь юм байна. Ер нь жаахан гадуурхаж, шахаад байсан юм биш биз?
-Үгүй дээ, сайн бөхөө зүгээр байхад юу гэж гадуурхаж шахаад байх вэ. Тэр үеийнхээ дүрэм, журмаар л ажиллаж байсан. Х.Баянмөнх гадаадад тэмцээн уралдаанд ороод ирэхдээ жаал жуул бараа авчраад зах дээр наймаа хийдэг хүмүүст өгч тав арван төгрөг болгуулдаг байж. Тэр үед дамын наймааг их эсэргүүцдэг байлаа шүү дээ. Тийм худалдаа хийдэг нэг эмэгтэйг сэргийлэх барьтал “Минийх биш, аварга Х.Баянмөнхийнх” гэж. Х.Баянмөнх оюутан байсан үе. Нэгэнт хориотой юм хийсэн болохоор арга хэмжээ авах ёстой, зүгээр өнгөрөөж болохгүй. Сэргийлэх дуудаад өгчих гэхээр “Нөгөө аварга чинь хэрэг төвөгт орооцолдоод цагдаа, сэргийлэхэд дуудагдлаа” гэсэн яриа гарна. Ингээд Улсын цагдан сэргийлэх газар, Улсын прокурорын орлогч, бид гурав ярилцаж байгаад, аминдаа л өөрийг нь хамгаалсан гарц олсон нь БТСЭТЗ-ийн зүгээс сануулж, донгодох арга хэмжээ авах байв. Оны эцэс болоод шинэ жил хариугүй дөхчихсөн байсан юм даг. БТСЭТЗ дээр Х.Баянмөнхийг дуудаж авчраад баахан донгодож, дахин ийм асуудал гаргавал улсын шигшээ багаас хөөнө гэсэн сануулга өгч, биеийн тамир, спортын төв байгууллагын зүгээс арга хэмжээ авсан болоод өнгөрч байсан юм. Х.Баянмөнх ч буруугаа хүлээн, уйлж барьж л байсан. Дүрэм журам зөрчсөн иймэрхүү асуудлаас болоод ганц нэг тэмцээнд явуулахгүй хассан явдал ч бий байх. Х.Баянмөнх ийм юмнаас болж гомдоод явсан бололтой. Тэгээд намайг ингэж гадуурхаад байна гэж Ю.Цэдэнбал даргад өргөдөл бичихгүй юү.
-Та Олон улсын олимпын хорооны гишүүнээр яаж сонгогдсон юм бэ?
-1969 онд БТСЭТЗ, МҮОХ-ны даргаар томилогдсон цагаасаа Ази, дэлхийн аваргын тэмцээнд тамирчдаа тасралтгүй явуулсан. Би өөрөө 1970 оны олимпын их хуралд МҮОХ-ны төлөөлөгчдийг ахалж оролцсон. 1972, 1976 оны олимпод тамирчдаа авч явсан. Олон улсын олимпын хөдөлгөөнд найман жил оролцсоны хувьд танил болсон биз. Хоёрдугаарт, социалист орнуудын нэр хүндийг өсгөх талаар манай системийн улсууд идэвх зүтгэлтэй ажилладаг байлаа. Тэр ч нөлөөлөө биз. 1976 оны олимпын үеэр намайг ОУОХ-ны гишүүнээр баталсан. 1977 онд Прагад би тангаргаа өргөсөн.
-Таныг БТСЭТЗ-ийн даргын албанаас халаад зогсохгүй ОУОХ-ны гишүүнээс чөлөөлүүлэх талаар манайхан хөөцөлдсөн гэдэг бил үү?
-Тэгсэн шүү. Магваныг ОУОХ-ны гишүүн болгох тодорхойлолтыг хэн, хаанаас гаргасан вэ гэж эрэл сурал болж, ЗХУ-д хүртэл асуудал тавьсан. ОУОХ-ны гишүүнээс татгалзах өргөдлөө бич, АИХ-ын депутатаасаа татгалз гэж намайг шахаж шаардсан удаа ч бий. Би өргөдөл бичиж АИХ-ын депутат, ОУОХ-ны гишүүн болоогүй гээд хөдлөөгүй.
Намайг ОУОХ-ноос гаргах гэж манайхан их үзсэн. 1987 онд ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Монголд айлчиллаа. Ерөнхийлөгчийн айлчилж буй улс оронд ОУОХ-ны гишүүн байвал айлчлалынх нь бүрэлдэхүүнд ордог юм. Би охиноо орчуулагчаар аваад ОУОХ-ныхонтой хамт явлаа. Ж.Батмөнх дарга Самаранчийг хүлээж авахад нь хамт очлоо. Төрийн тэргүүнд бараалхахдаа ОУОХ-ны гишүүд хүндэтгэлийн тэмдгээ зүүдэг уламжлалтай. Тэмдгээ халаасалчихаад яваад очтол Самаранч зүүчихэж, би ч зүүчихлээ. Аминдаа л Төрийн тэргүүнээ хүндэтгэж, бэлтгэлээ базааж байгаа нь тэр. Тэнд Ж.Батмөнх даргаас гадна хотын намын хорооны Алтангэрэл, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Дашдовдон ирсэн байв. Самаранчтай хамт орох гэтэл Дашдовдон нар намайг “Та наанаа хүлээж бай” гээд оруулсангүй. Тэнд намайг гишүүнээс чөлөөлүүлэх тухай яриа хөөрөө болсон бололтой. Самаранч нэг их удаагүй, царай зүс хачин болчихсон гарч ирсэн.
Засгийн газрын ордноос гараад Биеийн тамир, спортын улсын хороо (Спортын төв ордон) руу Самаранч, охин, бид гурав алхсан юм. Гэтэл Самаранч “Аавын чинь бие зүгээр биз дээ” гэж асуусан. “Зүгээр” гэтэл “Эд нар өвчтэй гээд байгаа юм” гэсэн. Тэгээд Биеийн тамир, спортын улсын хороонд сэтгүүлчидтэй уулзахдаа миний тухай ярьсан юм билээ. Ерөнхий сайд асан С.Баяр МОНЦАМЭ-гийн сурвалжлагч байсан шүү дээ. Тэр тэнд байж таараад “Новости Монголии” сонинд Самаранчийн хэлсэн үгийг бичсэн байдаг юм. “Магван бол ОУОХ-ны хүндтэй гишүүний нэг. Иргэн нь ОУОХ-ны гишүүн байна гэдэг улс бүрт олддог завшаан биш” гэсэн утгатай үгтэй тэр сонин надад бий.
-ОУОХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргаж, чөлөөлөгдлөө гэхэд таны оронд Монголоос ОУОХ-нд өөр хүн орох боломж байсан болов уу?
-Би тэнд Монголыг төлөөлж суугаагүй шүү дээ. Тэгэхээр Монголоос сонгохгүй л байсан болов уу.
-БТСЭТЗ-ийн даргын албанаас халагдаад шаазангийн үйлдвэрт ажилласан бил үү?
-Тэгсэн. Нөгөө айхтар шөнө дунд болтол сунжирсан хурлаас 3-4 хоногийн дараа Намын төв хорооноос дуудахаар нь очтол “Чамд ногдуулсан шийтгэл хөнгөдсөн байна. Тиймээс чамайг намаас хатуу донгодож, хувийн хэрэгт чинь тэмдэглэлээ гэж Лувсанравдан дарга хэлээрэй гэсэн” гэв. Тэгэхэд Цэрэндашийг Хөвсгөлд нутаг заачихсан байсан. Намайг бас тэгж мэдэх нь гэж бодоод “Би олон нялх нойтон хүүхэдтэй хүн. Намайг хөдөө гадаа яв гэвэл явж чадахгүй шүү. Яадаг ч байсан би мэргэжлийнхээ дагуу ажил олоод хийчихэж чадах байлгүй” гэж хэлээд гарсан. Тэр нөлөөлсөн үү, ямар ч байсан нутаг заалгүй, Аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн. Түүнээс хойш Шаазан ваарны үйлдвэрийн дарга, ТУЗ-ийн даргын албыг 22 жил хашиж, үйлдвэр маань таван жилийн гавьшгайч болж, би өөрөө Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад тэтгэвэртээ гарсан даа. Би улсад 55 жил ажилласан. Тэгэхдээ дандаа соён гэгээрүүлэх ажил хийсэн учраас Ерөнхийлөгч 2003 онд надад Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол өгсөн.
Иймэрхүү маапаантай амьдрал туулж, мандаж ч явлаа, матуулж ч явлаа даа, өвөө нь. Социализмын материал техникийн бааз байгуулна, социализм байгуулна гэж улсаараа давхиж явсан үед залуу халуун нас минь өнгөрлөө. Найман удаагийн таван жилийн төлөвлөгөөний хугацаанд сурч, хөдөлмөрлөсөн.
-Та ОУОХ-ны гишүүнээр 30 жил ажилласан. Энэ хугацаанд капиталист, социалист орнууд бие биенээ бойкотлоод олимпод оролцохгүй байх гэх мэтийн олон томоохон үйл явдал өрнөсөн. Та ОУОХ-г Монголд төлөөлж байгаа хүний хувьд тамирчдаа олимпод оролцуулахгүй гэсэн улсынхаа шийдвэрт нөлөөлөх оролдлого ч юм уу, ямар нэг алхам хийж байв уу?
-ОУОХ-ны гишүүн суугаа орныхоо үндэсний олимпын хорооны удирдах бүрэлдэхүүнд орж явдаг. Тиймээс иргэний хувиар олимпод оролцох нь зүйтэй гэдэг талаар хэлж ярилгүй л яах вэ. Гэхдээ тэр бол хэн ч нөлөөлөх боломжгүй, хоёр систем хоорондын, дэлхий нийтийн асуудал байлаа.
Олимпын хөдөлгөөн бол хөгжил, энх тайвны хөдөлгөөн. Тийм ч учраас 1896 онд Афинд болсон анхны олимпыг нээсэн өдөр дөрөвдүгээр сарын 6-ныг НҮБ Хөгжил, энх тайвны олон улсын өдөр гэж зарласан. Тэгэхээр ОУОХ-ны гишүүний гол үүрэг бол эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэх.
ОУОХ-ны гишүүн олимпын наадмын үеэр зугаалж, цэнгээд явахгүй. Үүрэг хүлээнэ. Аль нэг спортын төрлийн уралдаан, тэмцээн дээр байнга сууж, ОУОХ-гоо төлөөлж, зохион байгуулж байгаа орон, тэр тэмцээнийг зохион байгуулж байгаа олон улсын холбооны үйл ажиллагаанд хяналт тавина. Анхаарал татахуйц асуудал гарвал ОУОХ-ны ерөнхийлөгчид мэдээлэх эрхтэйгээр үүрэг гүйцэтгэдэг. Бусад үед хурал зөвлөгөөнд нь оролцоод явна даа.
Би ОУОХ-ны гишүүн болсноосоо хойш ОУОХ-ны бүх их хурал, жил бүрийн чуулган, олимпын өвөл, зуны наадмуудыг алгасаагүй. Монреальд болсон 78 дугаар чуулганаар элссэн, сая 136 дугаар чуулганаа онлайнаар хийсэн гэхээр 60 шахам чуулганд оролцсон байх нь.
Олимпизмын үйл хэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр 30 жил зүтгэснийг минь үнэлж, 2007 онд ОУОХ-ны хүндэт гишүүнээр өргөмжилсөн. 2008 оны Бээжингийн олимпын үеэр “Олимпын од” одонгоор шагналаа. Эх орондоо олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт 50 жил амжилттай оролцлоо гэж МҮОХ-ны 60 жилийн ойгоор ОУОХ-ны хүндэт шагнал “Пьер де Кубертен” цомыг нь хүртсэн. Тэгэхээр ОУОХ-нд нэртэй төртэй хүн гэж өөрийгөө хэлэх эрх надад бий.
Бэлтгэсэн: Х.Уянга