Швейцар улсын иргэн, шүдний эрүүл ахуйч Габриэль Шмидт Коситотой ярилцлаа. Шүдний эмч, АШУҮИС-ийн багш, доктор Э.Ануударьтай хамтран байгуулсан “Мишээл” хүүхдийн сангаараа дамжуулан өнчин, амьдралын боломж тааруу айлын хүүхэд, мөн насанд хүрэгчдэд ч тусалдаг түүний яриа сонирхолтой.
-Та өөрийгөө танилцуулна уу. Манай улсад хэзээнээс амьдарч байна вэ. Энд ирэх хүртлээ хаана, ямар ажил эрхэлж байв?
-Монгол Улсад 2013 оны наймдугаар сараас хойш амьдарч байна. Миний нөхөр Клаус Шмидт Косито Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт ажилладаг юм. Монголд 2009 онд томилолтоор ирсэн. Би хоёр хүүхэдтэйгээ араас нь ирсэн юм. Би амны хөндийн эрүүл ахуйч мэргэжилтэй, эх орондоо суралцаж эзэмшсэн. Амьдарч байсан улс бүрийнхээ хүүхэд, насанд хүрэгчдэд мэргэжлээрээ үйлчилгээ үзүүлж ирсэн.
-Амны хөндийн эрүүл ахуйч гэдэг нь тусдаа мэргэжил гэдгийг хүмүүс хэр ойлгодог бол?
-Энэ бол амны хөндийг яаж эрүүл байлгах вэ, тэгснээрээ шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг заадаг, боловсрол олгодог мэргэжил. Шүд, буйл гээд аман дотор байдаг бүхнийг хэрхэн эрүүл байлгах талаар зөвлөдөг. Швейцарт бие даасан мэргэжил гэж үзэн, мэргэжилтнүүдийг дээд сургуулиар бэлтгэдэг. Харин зарим оронд одоо хүртэл тусдаа мэргэжил байлгах шаардлагагүй гэдэг. Гэтэл амны хөндийн эрүүл ахуйч олонтой улс орны иргэд эрүүл шүдтэй байдаг. Шүд хорхойгүй, бүтэн байх нь бие организм бүхэлдээ эрүүл байхад их нөлөөтэй.
-Тэгэхээр танай улсад шүдний өвчлөл бага байх нь ээ?
-Ер нь бол тийм. Нэгдүгээрт, аав, ээжүүд, хүүхдүүд амны хөндийгөө цэвэр байлгадаг тул шүдийг нь хорхой иддэггүй. Хоёрдугаарт шүдээ эрүүл байлгасан хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь даатгалын сангаас хөнгөлөлт сайн үзүүлдэг.
-Төрөөс ийм бодлого явуулах ёстой гэдгийг амны хөндийн эрүүл ахуйч нар зөвлөсөн юм шиг санагдлаа.
-Тийм ээ.
-Амны хөндийг яаж эрүүл байлгадаг вэ?
-Зөв, сайн цэвэрлэж эрүүл байлгадаг. Хүн бүр өглөө босоод, бас орой унтахын өмнө шүдээ тогтсол угаадаг. Үүний зэрэгцээ шаардлагатай бол өдөр угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа уусныхаа дараа амаа заавал зайлах зайлдаг. Үүнээс гадна хүнс тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг маш чухал байдаг.
-Монголчууд амны хөндийгөө цэвэрхэн байлгаж чаддаг уу?
-Ер нь тааруу. Шүд цоорох өвчин маш их байгаа нь үүнийг нотолдог.
-Амаа хэрхэн цэвэрлэхээ мэддэггүй гэж ойлгож болох уу?
-Мэддэг, гагцхүү хэрэгжүүлдэггүйд учир нь байдаг. Хэрэгжүүлэхгүй л юм бол хэчнээн их юм мэддэг байгаад нэмэргүй. Энэ муур зуршил хамгийн хортой.
-“Мишээл” хүүхдийн сан юу хийдэг байгууллага вэ?
-Товчхон хэлэхэд, амны хөндийн эрүүл ахуйн хичээл заадаг. Яаж гэдгийг тайлбарлахын өмнө түүх сөхөх хэрэг гарах нь. Би 1988 онд Африк тивийн Габон улсад ажиллахаар очлоо. Тэнд ард иргэдийн амьдралын нөхцөл байдалтай танилцаад шүдний эрүүл ахуйн хичээл заах явуулын эмнэлэг ажиллуулахаар шийдсэн. Тэр үед нөхөр болох хүнтэйгээ танилцаж удалгүй гэрлэсэн юм. Манай хүн тус улсад ойн инженерээр ажиллаж байлаа. Бид хоёр хүүхэдтэй боллоо. Тэгж байтал нөхөр Камерун улс руу шилжив. Тэнд охин, хүү хоёроо цэцэрлэгт явуулдаг боллоо. Цэцэрлэгийн хүүхдүүд бараг бүгд амьдралын боломж муутайгаас шүдний өвчтэй байсан. Өөрөөр хэлбэл амны хөндийгөө эрүүл байлгаж чаддаггүй. Хэн нэгэн зааж өгөх хэрэгтэй учир би мэргэжилтний хувьд сайн дураар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш бид гэр бүлээрээ хаана амьдарна, тухайн орондоо би ийм ажил хийдэг болсон юм. Одоо 25 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Нөхөр минь Африкийн олон оронд ажилласны эцэст анх удаа Ази тив, тэр дундаа Монголд томилогдсон тул би хамт байгаа нь энэ. Сайн дураар хийдэг ажлаа Монголд хөтөлбөр болгож хэрэгжүүлэх нь оновчтой санагдсан тул хамт ажилладаг багш Э.Ануударьтай зөвлөлдөөд, үйл ажиллагааг өнчин, амьдралын боломж муутай айлын хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд чиглүүлсэн “Мишээл” (Smile) хэмээх сан байгуулсан юм. Санаачлагч, үүсгэн байгуулагч нь Э.Ануударь багш. Намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Бид хөтөлбөрөө 2015 оноос хэрэгжүүлж байна. Одоогоор 1600 гаруй хүүхэд, насанд хүрэгсдэд тусалжээ.
-Сан учир хөрөнгө босгодог юм байна, тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ зорьсон хэмжээндээ хүртэл их мөнгө олж хараахан чаддаггүй. Голдуу бидний ажлыг ойлгодог, тусалъя гэсэн найз нөхөд, ойр дотныхон маань хандив өгдөг. Мөн Улаанбаатарт төвтэй хувийн хэвшлийнхэн ч бас хандив өгдөг. Түүнийг нь бид үр дүнтэй зарцуулдаг. Монгол дахь ажлаа 2014 онд АШУҮИС-ийн оюутнуудад хичээл заахаас эхлүүлсэн. Тухайн үед тус сургууль шүдний эрүүл ахуйч бэлтгэх ангитай байсан юм. Америкаас гаралтай энэ мэргэжлээр, бусад улс орны туршлагаар мэргэжилтэн бэлтгэхээр анги нээсэн юм билээ. Голдуу онолын хичээл заадаг байлаа. Гар дадлага хийлгэхэд хэрэгтэй техник, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материалыг Германаас авчран хэрэглэж байгаад тус сургуульд өгсөн. Шүдний эрүүл ахуй гэж юу вэ, амны хөндийгөө яагаад цэвэр, эрүүл байлгах ёстой вэ, тухайн хүний шүд өнөөдөр яагаад ийм өвчтэй, амны хөндий бохир байна вэ гэдгийн учир, шалтгааныг тайлбарлаж өгч, ухамсарлуулах нь миний ажил, үүрэг. Үүнийг хүмүүст, оюутнуудад ч зөвхөн онолоор ойлгуулахгүй. Тэгэхээр нь оюутнуудаар дадлага хийлгэнгээ Нийслэлийн асрамжийн газарт очиж багш нар болон нас, насны жаалуудад зөвлөгөө өгье гэж бодсон. Яваад очтол тэнд санаснаас хүнд асуудалтай тулгарсан юм. Арван шүд нь өвдчихсөн хүүхэд ч байв. Хүүхдүүдийн эцэг, эх хажууд нь байхгүй. Багш нар нь хичээлээ л заана уу гэхээс амьдралын, ялангуяа эрүүл мэндийн чиглэлд хүүхэд бүрт санаа тавьж амждаггүй. Тийм учраас хэн нэгний шүд өвдөж байвал тэр чигтээ унтахаас өөр аргагүй. Байдал ийм байгааг мэдсэн болохоор Э.Ануударь багш бид хоёр хүүхдүүдэд туслах ажил зохион байгуулъя, үүний тулд сан байгуулах хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Хүүхдэд ярьж, ухуулахад ойлгодог учраас шүдээ угаагаад сурчихдаг л даа. Удалгүй асрамжийн газрын хүүхдүүд “Габи, сайн угааж байгаа ч гэсэн шүд өвдөөд байна шүү дээ” гээд эхлэхэд шүдийг нь эмчлүүлэх шаардлагатай болсон. Бид одоогоор Улаанбаатар хотод байдаг 7 өнчин хүүхдийг асрах төв болон өдөр өнжүүлэх байруудад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид бүгдэд нь очсон болохор шүд эмчлүүлэх ажлыг мөн л бүгдэд нь зохион байгуулах хэрэг гарсан. Тийм болохоор тэднийг тус бүрт нь шүдний эмнэлэгтэй холбож өгсөн юм. Эмч нар асрах газарт очиж үзлэг хийгээд, эмчилгээ шаардлагатай хүүхдийн тоог гаргаж, хэнд ямар эмчилгээ хийхэд хэдэн төгрөг хэрэгтэй болох тухай мэдээллийг манай санд ирүүлдэг. Тэгэхээр нь бид мөнгөний боломжийг харж байгаад хуваарилж илгээдэг. Хандив боломжийн орж ирсэн үед урамтай, хэд хэдэн хүүхдийн шүдний эмчилгээг зэрэг эхлүүлчихнэ. Хөрөнгө хомс байвал бага зэрэг хүлээлгэх болдог. Энэ ажилд эмнэлгүүд яаж тусалдаг вэ гэхээр үзлэг, эмчилгээний үнийг 10-20 хувь хямдруулдаг юм. Хүүхдийн шүд нэгэнт өвдсөн бол нийт 4-12 нь эмчилгээ шаардлагатай болчихсон байдаг болохоор мөнгө нэлээд хэрэг болдог.
-Нэг хүүхдийн эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Дунджаар 300 мянга болдог. Сүүлийн үед хүмүүс хандив өгөхдөө “Би нэг хүүхдийн шүдний эмчилгээ даая”, эсвэл “Танай санд сая төгрөг хандивлая. Хэдэн хүүхдийг шүдний өвчнөөс салгаж чадах бол” гэдэг. Хэзээ, хэн ч ийм асуулт тавьж мэдэх тул зардлыг дундажлан гаргасан дүн хэлэхэд ойлгомжтой, амар гэж боддог. Хүмүүс юунд хандив өгч байгаагаа мэдэхэд нь хэрэгтэй.
-Голдуу хувь хүмүүс хандив өгдөг үү?
-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд голдуу өгдөг. Хамгийн анхныхыг “Вагнер Ази” өгч байлаа. Өнгөрсөн жил бидэнд Евро Кан гэдэг хандивлагч бүр 30 сая төгрөг өгсөн удаатай. Нийслэл дэх Улсын хүүхдийн асрамжийн төвд 120 хүүхэд амьдардаг. Гэхдээ хүүхдүүд байнга солигдож байдаг тул “За болчихлоо, одоо бүгд эрүүл шүдтэй болсон” гэх аргагүй. Эмчлүүлсэн нь явчихна. Гаднаас шинээр ирсэн нь өвчтэй шүдтэй байдаг. Тиймээс өнчин хүүхдүүдэд анхаарал тасралтгүй хандуулж байхгүй бол болохгүй. Тийм болохоор хүүхдийн асрамжийн газруудыг байнгын харилцаатай шүдний эмнэлэгтэй болгож өгснөө чамлахааргүй ажил гэж боддог.
-Эдгээр нь асрамжийн газрын шүдний эмнэлэг шиг болчихсон юм биш үү?
-Бараг л тийм.
-Нэг талаар бас орлого юм даа.
-Үнэн. Хаана, хаанаа тустай. Манай байгууллага гэр хороолол дахь өдөр өнжүүлэх бүлгүүдэд хамрагддаг хүүхдүүдийн шүдийг эмчлэхэд бас анхаардаг. Эдгээр бүлэгт ихэвчлэн орон нутгаас нийслэлд суурьшихаар ирсэн айлуудын хүүхдүүд хамрагддаг. Мөн Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалах байранд түр амьдардаг хүүхдүүдэд хүрч ажилладаг. Бас хөдөө явдаг. Бүтэн шүдтэй байх гэдэг бол зөвхөн бие, эрхтний тухай ойлголт биш юм. Хүүхэд ч бай, насанд хүрэгч ч бай хорхойгүй, эрүүл шүдтэй байхад ам дүүрэн инээж, бусадтай өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун харилцдаг. Монголд шүдний өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн төсөл, хөтөлбөр байдаг ч, эрүүл ахуйн чиглэлийнх ховор юм уу гэж хардаг. Тийм болохоор эхлүүлсэн энэ ажлаа илүү олон хүүхэд, насанд хүрэгчдэд хүртээх сэн гэж боддог. Манай байгууллагын ажил одоогоор цар хүрээ багатай, харьцангуй цөөн хүн мэддэг ч үйл ажиллагааг тасралтгүй явуулсных 1600 гаруй хүнд тусалж чадлаа. Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ-наас манай санд үзлэгийн явуулын төхөөрөмж хандиваар өгсөн нь маш их хэрэг болдог. Хөдөө түүнийгээ л авч явдаг. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэгцээт материал зэргийг нэг машинд ачаад явна. Шүдний эмч хоёроос дөрөв, жолооч нар, тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй гардаг.
-Орон нутгийнхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Унтах байраар хангая гээд талархалтай хүлээж авдаг. Үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй хийж, хичээл заадаг. Зөвхөн эмчлээд буцах юм бол мөдхөн өөр шүд нь өвдөх тул амны хөндийгөө яаж эрүүл байлгах заадаг юм.
-Та ажилдаа их дуртай бололтой.
-Тэгэлгүй яах вэ. Тийм болохоор хэн нэгэн манай санд мөнгө хандивлах байх гэж хүлээлгүй өөрийн чадлын хэрээр хөдөлдөг. Зуны улиралд "Сараагийн Морин аялал" нэртэй нутгийн жуулчны баазтай хамтарч гадаадын жуулчдыг хамруулсан морин аялал зохион байгуулж, нийт орлогын 20%-ийг хүүхдийн сандаа хуримтлал болгодог юм. Ирэх жил ганцхан удаа "Их Монгол аялал" нэртэй 3100 гаруй км үргэлжлэх дэлхийн хамгийн холын зайнд морин аялал зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Монгол Улсын баруун цэгээс зүүн хязгаар хүртэл жуулчдыг мориор аялуулна. Хүмүүсээ бүрдүүлсэн. Уг нь энэ зун хийх байсан ч, цар тахлын улмаас хойшлуулсан. Оролцох хүмүүс бүгд дараа жил ирэхээр бэлтгэлээ базааж байгаа.
-Та уйгагүй хүн юм. Холын зайн аяллыг яагаад ганцхан удаа зохион байгуулахаар бодож байгаа юм бэ?
-Энэ бол эрсдэлтэй ажил. Би моринд, аялалд дуртай. Өөртэйгөө сонирхол нэгтэй хүмүүстэй аялаад, ашгаар нь хүүхдийн шүдийг эмчлэх зардалд нэмэрлэж болно гэж бодсон. Монгол орныг баруунаас зүүн тийш хөндлөн гулд зөвхөн мориор туулах нь над шиг “галзуу” хүмүүсийн сонголт. Адал явдал амьдралыг амттай болгодог.