“Оюуны инновац” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, хуульч П.Баттулгатай ярилцлаа. Тус байгууллага 2015 оноос шүүх, шүүгчтэй холбоотой судалгаа тогтмол хийж иржээ.
-Сүүлийн 30 жил шүүхийг шинэчлэх нэрийн дор маш олон хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. “Энэ бүхэн үр дүнгээ өгөөгүй. Шүүх 30 жилийн өмнөх шигээ хаалттай, хараат хэвээр” хэмээн шүүмжлэх нэгэн байхад эсрэг байр суурьтай хуульч ч байна. Таны бодлыг сонсъё.
-1992 онд Үндсэн хууль баталснаас хойших шүүхтэй холбоотой үйл явдлыг “ухраагаад” үзээрэй. “Эцэг” хууль баталсны дараа жил Шүүхийн тухай анхны хуулийг боловсруулж, хэрэгжүүлсэн. 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулсан юм. 2013 онд Шүүхийн тухай багц хуулийг баталсан зэргээр эрх зүйн шинэчлэл хийсэн. Мэдээж эл шинэчлэлийн хүрээнд ололттой, алдаатай зүйлүүд гарна. 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай багц хуулийг “Эцэг” хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр хуульчид ажиллаж буй. Хамгийн гол нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, баталгаажуулахын тулд шүүх, эрх мэдлийг хэрхэн шинэчлэхээ одоо ид хэлэлцэж байна. Ер нь шүүх эрх мэдлийг шинэчлэх хүрээнд эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийж ирсэн.
-Шударга шүүх гэхээсээ илүү “амьдралтай” хууль батлуулах, шүүгчид нөлөөлдөггүй сайн төртэй байхыг л иргэд хүсэж байна. Өөрөөр хэлбэл, улстөрчид шүүгчдэд нөлөөлж болохуйц цоорхойтой хуультай баталчихаад шударга ёс яриад яах вэ дээ гэж иргэд шүүмжилдэг.
-Шүүхийн тогтолцоо, шүүгчийн хараат бус байдлыг ч шүүхийн хууль, тогтоомжийн шинэтгэлээр баталгаажуулна. Шүүхийн тухай багц хууль сайн байх нь иргэд шударга шүүхээр шүүлгэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Гэхдээ энэ нь хангалтгүй. Ер нь шүүгч хэрэг, маргаанаа шийдвэрлэхдээ хэрэглэдэг хууль, тогтоомжийг хийдэлгүй батлах нь чухал. Жишээ нь, иргэд хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний, татварын маргааныг хэлэлцэхдээ Татварын хууль хэрэглэдэг. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгч тэр харилцааг зохицуулсан хуулиа л баримтална гэсэн үг. УИХ-аас хэдий чинээ сайн агуулгатай хуулиуд батална шүүгч төдий чинээ иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, шударга, зөв шийдвэр гаргана гэсэн үг. Шүүгчийн хэрэглэж буй хуулиудыг шинэчлэх шаардлага байнга үүсдэг. Иргэний хуулийг гэхэд 2002 онд баталсан. Өдгөө 2020 он шувтарч байна. Энэ хуулийг шинэчлэлгүй бараг 20 жил болжээ. Дээрх хугацаанд нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн өөрчлөгдсөн билээ. Энэ мэт асуудал бий. Агуулга муу, хэлбэр төдий, хийдэлтэй хууль иргэний эрхийг хамгаалахгүй. Товчхондоо, сайн хуульгүйгээр шударга ёсыг тогтоох боломжгүй.
-Үндсэн хуультай уялдуулан шүүхийн Сахилгын хороо байгуулахаар болж буй. Одоогийн Шүүгчийн ёс зүйн хороо нь эрх зүйн чадамжгүй, даргаа сонгох боломжгүй, гишүүд нь бүрдэж өгдөггүй, үйл ажиллагаа нь тогтмол бус, нэг л бүтэлгүй газар байдаг. Шинээр байгуулах хорооны үүрэг, хариуцлага ямар байх вэ?
-Шүүхийн сахилгын хорооны Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүрэг нь тодорхой. Шүүгчийг огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах, түдгэлзүүлэх зэрэг асуудлыг шийднэ. Ингэхдээ гишүүдийн бүрэн эрх, зохион байгуулалтыг хуулиар зохицуулна гэж заасан. Шүүхийн хараат бус байдал болон шүүгчийн хариуцлага гэдэг монгол гэрээр яривал хоёр багана нь юм. Тэнцвэртэй байх ёстой. Аль нэгийг нь тайрчихвал гэр нурна. Энэ хүрээнд Шүүхийн сахилгын хороо байгуулах ёстой. Энэ тухайд Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй зүйлүүд бий.
-Шүүхийн тухай багц хуулийн хоёр төслийг нийцүүлье гэх Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газраас хүлээж аваагүй. Аравдугаар сард УИХ-ын хэлэлцэх асуудлын бараг тэргүүнд нь эл хуулийн төслүүд яваа шүү дээ. Энэ хуулиудыг нэгтгэх боломж бий юү?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос сая буцаасан гэж сонслоо. Дахиад нэгдсэн чуулганаар хэлэлцээд буцаачихвал нэгтгээд хэлэлцэх боломжгүй болно гэсэн үг. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд авах зүйл байгаа бол түүнийг Засгийн газрын төслийг хэлэлцэх үед санал хурааж, сайныг нь оруулаад явах боломжтой.
-Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, Хуульчдын холбоо боловсруулсан, Ц.Нямдорж сайд санаачилж, ХЗДХЯ-ныхан боловсруулсан хуулийн хоёр төсөлд авах, гээх заалтууд нь юу байсан бэ?
-Сайн зохицуулалт аль аль төсөлд нь бий. Хамгийн гол нь шүүгчийн томилгоотой холбоотой эерэг шийдлүүд харагдсан шүү. Огт хөндөхгүй орхисон зүйл ч байна. Шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилохоос татгалзах явдал гардаг. Яагаад татгалзсан үндэслэлээ Ерөнхийлөгч хэзээ ч тайлбарлаж байсангүй. Тухайн шүүгчид нэр дэвшигч хуульд заасан шалгуурыг хангахгүй гэж үзвэл Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-д материалыг нь буцааж, үндэслэлээ албан ёсоор мэдэгддэг байх ёстой. Ерөнхийлөгчийн мэдэгдэлд тусгасан асуудлыг ШЕЗ шалгаж, үндэслэлтэй бол өргөн мэдүүлсэн нэр дэвшигчээ буцаан татах, үндэслэлгүй бол дахин өргөн мэдүүлэх зэрэг зохицуулалтыг хоёр төсөлд тусгасан нь ололт гэж харж байна. Одоо шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн мэргэшлийн хороо үнэлдэг. Тус хорооноос гаргасан үнэлгээний эрэмбэ, нэр дэвшигчдийг ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ ямар журам баримтлах вэ. Жишээ нь, шүүгчийн шалгаруулалтад оролцогчдоос 30 гаруй хуульч тэнцсэн гэж бодъё. Тэдгээрээс ШЕЗ ямар шалгуурыг үндэслэл болгож нэг нэр дэвшигчийг сонгож Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх вэ. 30 нэр дэвшигчээс 28-д жагссан хүнийг өргөн мэдүүлэх тохиолдол ч байдаг. Эндээс доогуур оноо авч хойгуур жагссан хүний нэрийг яагаад өргөн мэдүүлэв гэдэг асуудал байнга гардаг. Шүүгчийн томилгооноос эхлээд шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдаж эхэлнэ. Энэ асуудал хоёр төслийн аль алинд нь алга. Хэлэлцүүлгийн явцад сайн хувилбарууд гарах байх гэж найдаж байна.
-Шүүгч биш таван хүнийг улстөржсөн байдлаар сонгох заалтууд аль аль төсөлд нь харагдсан. Энэ хэвээр нь баталчихвал сөрөг үр дагавар нь нийтэд л ирэх байх даа.
-ШЕЗ-ийг 10 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд тусгасан. Тэдний тав нь шүүгч, үлдсэн нь шүүгч биш хүн байна. Ерөнхийлөгч, Засгийн газар зэрэг тал бүрийн төлөөлөл үлдсэн гишүүдийг сонгоно гэж хуулийн төсөлд тусгасан. Тодорхой хэлбэл, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгч нэг, үлдсэнийг нь ХЗДХЯ санал болгоно гэжээ. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Хуульчдын холбооноос гурав, ХЗДХЯ-наас нэг, Ерөнхийлөгч нэг хүн санал болгоно гэх маягаар тусгасан байсан. Зарчмын зөрүүтэй уг саналуудаас үүдэн “ШЕЗ Үндсэн хуульд зааснаар шүүгчдийг шилж, олох үүрэгтэй. Энэ чиг үүргээ дангаараа хариуцах ёстой” гэсэн санал ч гарч байна. Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг Шүүхийн мэргэшлийн хороо хариуцаж байгаа. “Энэ байгууллагыг байхгүй болгоод ШЕЗ Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ өөрсдөө хэрэгжүүлэх ёстой” гэсэн байр сууриас хандах хуульчид ч байна. Энэ тохиолдолд шүүгчийг хэрхэн сонгон шалгаруулах вэ гэсэн асуудал дахиад л гарч ирнэ. Шүүхийн мэргэшлийн хороог байхгүй болголоо гэхэд шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг ШЕЗ-ийн гишүүд хараат бусаар хийж чадах уу гэдгийг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, Шүүхийн мэргэшлийн хороо дандаа мэргэшсэн хуульчдаас бүрддэг. Тэнд хяналтын шатны шүүхээс дор хаяж 3-4, давж заалдах шатнаас 1-2 шүүгч, дээр нь хууль зүйн ухааны эрдэмтэн доктор, профессоруудын төлөөлөл 2-3 хүн багтдаг. Тэгэхээр ийм бүрэлдэхүүнтэй ажилладаг Шүүхийн мэргэшлийн хороог байхгүй болголоо гэхэд ШЕЗ-өө илүү сайн бүрэлдэхүүнтэй байгуулахгүй нь мэдээж. Тиймээс ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг хэрхэн сонгох асуудал их маргаан дагуулж байна.
-ШЕЗ улстөржсөн гэх шүүмжлэл их. Улстөржсөн байгууллага шүүгчдийг шалгаруулахдаа хараат бус сонголт хийнэ гэдэгт олон нийт итгэхгүй байна гэсэн үг үү?
-Үндсэн хуульд зааснаар шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилдог. Гэтэл 2013 оноос эхлэн ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсноор шүүх эрх мэдэл дэх түүний нөлөө ихэссэн. Үүнээс өмнө ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг бас өөрчилж байсан. Энэ мэт асуудлаас үүдээд тус зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтвортой, төлөөллийг тэнцвэртэй байлгах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа шүү дээ. Одоо таван гишүүнийг тодорхой субъектүүдээс санал болгосноор Ерөнхийлөгч томилдог. Ингэж томилдгийг өөрчилье гээд арван гишүүнтэй, тавыг нь заавал шүүгчдээс сонгон, үлдсэнийг нь тал бүрийн төлөөлөл санал болгоно гэж хуульчилсан.
-Олон улсын практикт яаж шийддэг юм бол?
-ШЕЗ-ийн захиалгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн газраас “Монгол Улсын Шүүхийн, Шүүхийн захиргааны, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өгөх санал дүгнэлт”-ийг өнгөрсөн гуравдугаар сард боловсруулсан. Уг тайланд “ШЕЗ нь шүүгчийн албан тушаалд томилох хүний нэрийг санал хурааж сонгодог заалтыг хүчингүй болгох” гэсэн тодорхой зөвлөмж өгсөн. Өнөөдөр олон улсад тодорхой байгууллага шүүгчийг сонгон шалгаруулж, түүнийгээ эрх бүхий этгээдэд санал болгож томилдог тогтолцоо нийтлэг. Хамгийн гол нь олон улсад шүүгчийг томилохдоо нээлттэй, ил тод зарчим баримтлахыг шаарддаг. Шүүгчийг томилсон үндэслэл олон нийтэд ил тод, ойлгомжтой байх ёстой. Дээр нь үнэлгээний эрэмбийн асуудлыг хэрхэн авч үзэх вэ гэдгийг тодорхой тусгах нь чухал. Гэтэл манайд Шүүхийн мэргэшлийн хороо үнэлээд гаргаад ирсэн нэр дэвшигчдээс ШЕЗ сонгоод байгаа нь учир дутагдалтай.
-Шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуульдаа оруулаагүй. Жишээ нь, хэрэг хуваарилах механизмд иргэд итгэхгүй байна. Эл асуудлыг хуульчлаагүй, ил тод бус байгаа нь хардлага дагуулдаг.
-Засгийн газраас өргөн барьсан төсөлд хэрэг хуваарилах нийтлэг журам батална гэх заалт байгаа. Ерөнхийлөгчийн төсөлд ийм заалт оруулаагүй. Одоо мөрдөж буй хуульд ийм зохицуулалт үгүй. Одоогийн хууль тогтоомжоор шүүгчид хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмыг батлах эрх тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний гишүүдэд бий. Хэдийгээр шүүхэд ирж байгаа хэрэг, нэхэмжлэлийг программын туслалцаатай хуваарилж байгаа ч шүүх болгон өөр хоорондоо адилгүй байдлаар журам тогтоодог. Энэ байдлыг судлаад ШЕЗ-өөс хэрэг, нэхэмжлэл хуваарилах нийтлэг хэрэглэх журам баталдаг, тэр нь нийтэд ил тод, түүнд нь нийцүүлээд шүүх зөвлөгөөнөөрөө илүү нарийвчлан хэлэлцэх боломжтой. Хэд хэдэн шүүхийн хэрэг хуваарилах журамтай танилцаж, судалж үзэхэд бүх нэхэмжлэл, хэргийг программаар хуваарилах боломжгүй нөхцөл үүсдэг юм билээ. Жишээ нь, өөр газраас шүүгч түр томилогдож ирэхэд шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд тэр шүүгчдээ тодорхой тооны хэргүүдийг шилжүүлнэ. Мөн нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзахад, иргэн шаардлагаа өөрчлөөд нэхэмжлэлээ дахин бичиж болно. Энэ үед программ хэргийг анх хэргийг хүлээж авсан шүүгчид хуваарилах тохиолдол байдаг. Хэрэг, нэхэмжлэлийг зориуд тодорхой шүүгчид хуваарилаад байна гэх хардлага гарна шүү дээ. Улстөрчид ч ийм зүйл ярьдаг. Хэрэг, нэхэмжлэл хуваарилах ажиллагаанд тухайн шүүхийн мэдээлэл, технологийн хэлтсийнхэн, мөн ШЕЗ-ийн эрх бүхий ажилтан хяналт тавьдаг. Ер нь хэргийг шүүгчид хуваарилахдаа программын дагуу санамсаргүй хуваарилсан эсэх, санаатайгаар тохируулга хийж нэг шүүгчид зориуд тааруулсан уу гэдгийг хөндлөнгийн мэдээлэл технологийн компаниар аудит хийлгэж, улирал тутам нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүгдийг санамсаргүй байдлаар хуваарилдаг гээд байж болохгүй. Одоогийн ШЕЗ-ийн Мэдээлэл технологийн хэлтэс 4-5 хүнтэй. Энэ бүтцээрээ Монгол Улсын шүүхүүдийн хэрэг, нэхэмжлэл хуваарилах ажиллагааг нийтэд ил тод мэдээлэх боломжгүй болов уу.
-Судалгаагаар хараат бус байдлынхаа хамгийн том дайсан нь шүүгчид өөрсдөө гэсэн үр дүн гарсан байна. Яагаад юм бол?
-Манай байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь шүүгчид өөрсдөө гэсэн дүн гарсан. Шүүгч ёс зүйтэй байж, хараат бус байдлаа хамгаалах чадваргүй нь шүүгчийн буруу. Жишээ нь, шүүгч хараат бус, шударга байдлаа өөрөө хамгаалах ёстой. Манайхны олонх нь “Энэ шүүгч хараат бус шүү, энэ шүүгчийг дуудаад ирэхгүй, түүнд юм хэлээд нэмэргүй” гэх ойлголтыг албан тушаалтан, хэнбугайд ч төрүүлж чаддаггүй. Төрүүлж чаддаг бол хараат бус байдлаа хамгаалж чаддаг гэсэн үг. Түүнээс биш хүн болгонтой харилцаад, найзлаад явбал магадгүй тэр харилцаа нь эргээд хараат бус байдалд нөлөөлөх биз. Тэр харилцаа хэрэг маргаан шийдэхэд нөлөөлөх суваг болж болзошгүй. Бусад харилцаанд оролцохдоо ч хараат бус байдлаа хадгалах ёстой. Ёс зүйгээ ухамсарлах үүрэгтэй. Ингэж чадах, эсэх нь тухайн шүүгчээс хамаарна.
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1-8 дахь заалтыг үндэслэн ШЕЗ-өөс санал болгосноор хэсэг шүүгчийг Ерөнхийлөгч түдгэлзүүлж байлаа. Дээрх 17.1-8 дахь заалт шүүгчийн хараат бус байдалд хамгийн хортой гэж олон нийт үздэг. Хуульчид ч ний нуугүй шүүмжилж буй. Энэ заалт хоёр төсөлд хэвээр, эсэх нь сонин байна.
-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх заалт аль аль төслөөс хасагдсан. ХЗДХЯ болон Ерөнхийлөгчийн зүгээс оруулахгүй гэсэн байр суурьтай байна билээ. Гэхдээ 17.1-8-ыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд сүүлд өөрчлөлт хийхэд түргэвчилсэн байдлаар оруулсан нэмэлт заалт гэдгийг уншигчдад сануулахад илүүдэхгүй биз.
-Шүүгчдийг ажилд нь эргүүлэн томилоход 220 сая төгрөгийн цалинг нөхөн олгосон. Төрд учруулсан эл хохирлыг хэн барагдуулах вэ?
-Төрийн албаны тухай хуульд ажлаас хууль бусаар халсан бол буруутай этгээдээс мөнгийг гаргуулах заалт бий. Шүүгчдийг ажлаас халаагүй, түдгэлзүүлсэн. Ерөнхийдөө буруутай албан хаагч хэн бэ гэдэг асуулт гарч байна. ҮАБЗ, эсвэл ШЕЗ үү гэдэг нь маргаантай. Гэхдээ Ерөнхийлөгч бие дааж бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэггүй. Заавал ШЕЗ-өөс санал гаргадаг. Мэдээж шүүгчид бүрэн эрх түдгэлзсэн хугацааны цалинг төрөөс олгосон нь нэг талаас шүүгчийн бүрэн эрхийг хамаагүй түдгэлзүүлж болохгүй гэх дохио болсон байх. Нөгөө талаасаа шүүгч багшлах, эрдэм шинжилгээний ажлаас өөр ажил эрхэлж болохгүй. Эрдэм шинжилгээний ажил хийгээд мөнгө олно гэдэг хэцүү. Мөн аль нэг сургуульд багшилдаггүй бол амьдралын баталгаагүй болж байгаа юм. Өмгөөлөгч хийж болохгүй тул нөгөө талаас цалин хөлсийг нь өгөх нь зөв. Энэ асуудалд эрх зүйн зохицуулалт дутмаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн бүрэн эрхийг хууль бусаар дуусгавар болгосныг шүүхийн шийдвэрээр тогтоож, бүрэн эрхийг сэргээсэн бол цалин хөлсийг нь нөхөн олгоно гэсэн зохицуулалт бий. Харин эрүүгийн хэрэгт шалгахтай холбогдуулан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд буцаан сэргээсний дараа цалин хөлсийг нь нөхөн олгох, эсэх асуудлыг хуульд тодорхой тусгаагүй.
-Үндсэн хуультай нийцээгүй заалт байна уу?
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд ШЕЗ-ийн 10 гишүүнийг УИХ томилно гэсэн нь Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй, бүр зөрчсөн. Үндсэн хуульд шүүгч таван гишүүнийг шүүгч дотроосоо сонгоно гээд тодорхой бичсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд шүүгч болон бусад гишүүнийг УИХ томилно гэж оруулсан нь зөрчилдөж байна. Шүүгч биш таван гишүүнийг тодорхой байгууллагуудаас санал болгоод, эсвэл нээлттэй нэр дэвшүүлээд ажлын хэсэг томилж шалгаад УИХ-д нээлттэй сонсгол хийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
-Шүүгчдийн ур чадвар, мэдлэг тааруу байна гэх юм. Энэ нь хууль сайн, муугаас хамаарахгүй юм биш үү?
-Шүүгчийн ур чадварыг дээшлүүлэх механизм байдаг. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг 3-5 жил тутамд үнэлэх журам олон улсад бий. Өмнө нь манай Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд ийм заалт байсныг “Эцэг” хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Үнэлгээнээс хамаарч шүүгчид нэмэгдэл олгодог, хангалтгүй үнэлгээ авбал огцруулдаг нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлнө гэж үзсэн. Шүүгчийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүй, зан төлөвийг нь сайжруулахаар үнэлгээ хийх нь олон улсад хэрэглэдэг арга. Чадвар нь ямар түвшинд байна вэ, ёс зүйтэй юү, гомдол, шүүмжлэлд өртдөг үү гээд бүгдийг багтаасан үнэлгээ байдаг. Монголд үнэлэлт өгдөг механизм алга. Ерөнхийлөгчийн төсөлд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлэх заалт орсон. Нөгөөтээгүүр, Шүүхийн мэргэшлийн хороо давж заалдах болох хяналтын шатны шүүхийн тогтоолоор шүүгчийн ажил хэргийн чадварын талаар дүгнэлт гаргаад, тэрхүү үнэлгээний үр дагавраар шүүгчийг чөлөөлөхөөр төслүүдэд тусгасан нь маргаан дагуулж буй. Энэ нь доод шатны, ялангуяа анхан шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлнө гэсэн шүүмжлэл гарсан.