Г.Бат-Эрдэнэ 2002 онд Японыг зорьж, Токай их сургуульд суралцан багш дасгалжуулагч мэргэжил эзэмшжээ. 2015 онд эх орондоо ирж, Жүдо академид багшлах болсноор түүний удирдлагад өдгөө олон хүүхэд хүсэл, мөрөөдлийнхөө гарааг амжилттай эхлүүлээд байна. Тэрбээр дээрх сургуулийн багш нарын арга барилаар шавь нартаа жүдо бөхийн мөн чанар, ёс зүй, хүндлэл, тамирчин хүн спортын ертөнцөд хөл тавьсан цагаасаа өөрийгөө хэрхэн дайчлан, хөгжүүлж амжилтад хүрэх талаар заадаг. Жүдо академиас дэлхийд данстай шилдэг тамирчид төрүүлэхээр сэтгэл харамгүй хөдөлмөрлөж яваа түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Хүүхдүүд дэвжээгээ гэр, сургуулиасаа ялгаагүй санадаг. Нэг хэсэгтээ л уулзалгүй удсан шавь нараа санав уу?
-Би ч шавь нараа, тэд ч багш нараа их санажээ. Хүүхдүүд хичээлээ тарж ирээд бэлтгэлээ хийдэг. Спортоор замнаж буй тэдний хувьд дэвжээ нь хоёр дахь гэр нь, жүдо амьдралынх нь нэг хэсэг болсон. Арван сарын дараа шавь нартайгаа уулзахад өмнөхөөсөө том болсон шиг санагдлаа. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд олон хүүхэд жүдогоор хичээллэхээр манай академийн босгоор алхлаа.
-Та 2002 онд Японыг зорьж, Токай их сургуульд дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Тэр үед мөрөөдөж байсан гол зорилго тань юу байв?
-Би бөхийн төрлүүдээр хичээллэдэг тамирчин байлаа. Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах, жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож, нэлээд медаль хүртсэн байв. Дархан-Уул аймагт болсон сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд зодоглож түрүүлсэн, аймгийн наадмын барилдаанд дөрөв давсан гээд миний хувьд ид оргил үе минь байсан.
2004 оны олимпод оролцох, самбо бөхөөр дэлхийн аварга болох сон гэж хүсэх үеэс надад боломж, бололцоо бий юм шиг мэдрэмж төрдөг байв. Тэр жил наадмын бэлтгэл хийх үед өвдгөндөө гэмтэл авсан. Эмчид үзүүлтэл “Та бэлтгэл, сургуулилалтаас нэг жил хол байж, гам барих хэрэгтэй” гэсэн. Тэр үед “Би одоо яах вэ, барилдахгүй нэг жил өнжихөд өрсөлдөгчид надаас хамаагүй хол тасарчихна даа” гэж эмээсэн. Ах минь Японы Токай их сургуульд суралцаад нэг жил болж байв. Ахтайгаа холбогдож, хөлөө эмчлүүлэхийн зэрэгцээ тус сургуульд суралцах хүсэлтэйгээ хэллээ. Миний саналыг ах зөвшөөрч, бичиг баримтыг маань бүрдүүлснээр тус улсыг зорьсон.
-Токай их сургуульд хөл тавьж, тамирчдыг нь харахад юу бодогдов?
-Маш их сүрдсэн, бас биширсэн. Токай их сургууль жүдогийн тамирчдыг багаас нь бэлтгэдэг. Японы алдартай тамирчид энэ сургуулиас төрсөн. Тухайлбал, тус улсын Жүдо бөхийн холбооны тэргүүн, Олимпын хорооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита, дэлхийн аварга Рюүносүкэ Хага, Тачимото Харүка, Наохиса Такато, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ Косэй зэрэг тамирчин сургууль, улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа. Намайг дэвжээнд анх гарахад цагаан кимоно өмссөн, хар бүстэй 120 гаруй шилдэг дасгалжуулагч зогсож байлаа. Тэгтэл миний өмссөн кимоно тэднийхээс бор өнгөтэй харагдсан. Кимоно дээрээ улаан бүс бүслээд ортол тэд гайхсан. Миний хувьд улаан бүсийг самбо бөхийн Азийн АШТ-ээс медаль хүртчихээд бэлгэшээж бүсэлсэн юм. Жүдогийн тамирчдын бэлтгэл хийхийг анх хараад ямар удаан барилддаг юм бэ гэж бодож билээ. Тамирчидтай нь дэвжээнд бэлтгэл хийж, сүүлдээ бахардах нь холгүй гарч байснаа мартдаггүй. Монголд жүдогийн бэлтгэлийн үеэр гурван минутаар 5-6 удаа, Японд таван минутаар 10, дөрвөн минутаар дөрөв барилдуулдаг. Монголд бэлтгэл хийдэг жүдогийн сургалтын арга барилыг тэндхийн тамирчдынхтай харьцуулж хараад “Энэ бол зүгээр ч нэг сургалт биш , үнэхээр онцгой юм” гэсэн бодол төрсөн.
-2006-2015 он хүртэл тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажиллаж, япон хүүхдүүдэд жүдог анхан шатнаас нь заав уу?
-Тэнд байхдаа япон хэлний бэлтгэлд хамрагдаж, ойр зуурын зүйл ойлгож, ярьдаг боллоо. Нэг өдөр багштайгаа уулзаж, сургуульдаа үлдэх тухайгаа хэлэхэд “Чи ирээдүйд яг юу хийхээр зорьж байна вэ” гэж асуусан. Би дасгалжуулагч болохыг хүсдэг гэж хариулснаар тус сургуулийн хүүхдүүдийн хичээллэдэг жүдогийн клубт 2007 оноос туслах дасгалжуулагчаар ажиллах болсон.
-Жүдогийн ертөнцөөс түрүүлж сурсан зүйл юу байв?
-Би японоор ярьж байна гэж зүүдэлдэг байлаа. Монголчууд хаана ч очсон орчинд нь хурдан дасдаг давуу талтай. Өглөө хичээлдээ суучихаад секцэнд явдаг байсан тул хэл амархан сурсан. Өөрт хэрэгтэй олон зүйлийг япончуудаас сурсандаа одоо ч талархдаг. Токай их сургуулийн тамирчдын сахилга бат, хүндлэл, ёс суртахуунаас эхэлж суралцсан. Жүдо бол жинхэнэ эрчүүдийн тулаан. Тамирчид нь энгийн үед даруухан хэрнээ тэмцээнд өрсөлдөхдөө эрэмгий, дайчин болдог.Тулааны гайхамшгийг дэвжээнд гаргахыг хараад тэднээр их бахархсан.
ЯПОНЧУУДААС СУРСАН БҮХНЭЭ МОНГОЛДОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬСОН
-Японоос ирээд Монголынхоо тамирчдад юуг хамгийн түрүүнд хэрэгжүүлмээр санагдсан бэ?
-Японы жүдогийн сургууль хүүхдүүдийг багаас нь багш, хамт олон, найз нөхөдтэй нь зөв мэндлүүлэх харилцаанаас эхлээд ёс зүйтэй хүн болгож хүмүүжүүлэхэд чиглэдэг. Жүдо бөх сурах хичээл зүтгэлтэй, бас багш нарынхаа заасныг барилдаандаа хэрэгжүүлдэг хүүхэд тэнд хөгждөг. Тэндээс харсан, сурсан бүхнээ Монголдоо ирээд хэрэгжүүлэхийг зорьсон. Үнэнийг өгүүлэхэд Монголд энэ бүхэн учир дутагдалтай байлаа. Японоос ирсний дараахан надад бүх зүйл өөр юм шиг санагдсан. Залуучуудтай нэг жил ажиллахад хэдэн өдөр бэлтгэл хийгээд чөлөө авах, таслах, тууштай биш нь үнэхээр таалагдаагүй. Япончуудын сахилга бат, хүмүүжлийг чанд баримталдаг зан манай залуучуудаас харагдахгүй байлаа. Миний хувьд залуусаас “Багш аа, би ийм бэлтгэл хийе. Ингэж барилдах нь хойшид амжилт гаргахад нөлөөлнө гэж бодож байна” гэж өөрөөр нь санаачилга гаргуулахыг хүсэж, давуу тал дээр нь тулгуурлан хөгжүүлэхийг зорьдог байлаа. Залуучуудтай нэг жил ажиллахдаа багагүй зөрчилдсөн. Тэд бэлтгэлийн ачаалал даах чадвар, өөртөө зорилго тавиад, хэн бэ гэдгээ тодорхойлчихсон, ирээдүйд гаргах амжилтынхаа төлөө тууштай зүтгэх тэвчээрт суралцсан байх ёстой шүү дээ. Гэтэл манайхан өглөөний бэлтгэлийн цагаас хоцорч ирчихээд шалтаг, шалтгаан тоочно. Сэтгэлд нийцэхгүй дутагдлууд залуусаас харагдсан тул “Рио 2016” олимпын өмнөхөн тайлангийн хурал дээр хэллээ. Тэгтэл долоо хоногийн дараа Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан М.Бөхбат “Захирал чамайг Жүдо академийн хүүхдүүдийн ахлах дасгалжуулагчаар ажиллуулах боллоо. Хүүхдүүдийг багаас нь зөв системтэй бэлдье” гэж санал тавихад би ч дуртай хүлээж авсан. Ажлаа хүлээж авсан өдрөөсөө өнөөг хүртэл урам зоригтой ажиллаж байна. Тус академид жүдогоор хичээллэх хүүхдүүдийг хүсэл, сонирхолд нь тулгуурлан элсүүлдэг. Мөн салбар клубүүдээ нээж, хүүхэд болгон энэ спортоор хичээллэх боломжтой гэсэн ойлголтыг олонд өгөхийг зорьсон.
-Япон хүүхдүүд хүмүүжилтэй. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийдэг. Монгол хүүхдүүдэд тэднээс ялгарах давуу тал харагддаг уу?
-Монгол хүүхдүүд өөрийгөө зөв илэрхийлэх тал дээр дутмаг. Хойч үеэс минь ийм байдал харагдсан тул эхэндээ сэтгэл эмзэглэдэг байлаа. Хүүхдийг багаас нь цаг барьдаг, багш нараа хүндэлдэг, ирээдүйнхээ төлөө өөрийгөө хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг болгоё гэж бодсон. Жүдо академийн багш нар хүүхдүүдтэйгээ хамтарч ажилласны үр дүн гурав дахь жилээс харагдаж эхэлсэн. Хүүхдүүдийн ур чадвар, амжилт ахисан. Эцэг, эх нь жүдогийн талаар ойлголттой болж, хүүхдээ дэмжиж эхэллээ. Ховд аймагт 2019 онд зохион байгуулсан өсвөрийн УАШТ-д манай академийн хүүхдүүд анх удаа Монгол Улсын аварга багаар шалгарсан. Энэ бол дэвшил. Шавь нарынхаа ур чадварыг хөгжүүлж, дэлхийн тавцанд гаргах нь миний үүрэг гэж бодож ажилладаг.
-Таны зорьж, хүссэн зүйлүүдээс биеллээ олсон нь хэр олон байна вэ?
-Зорьж хэрэгжүүлсэн зүйл минь хүүхдүүдээс харагдаж эхэлсэн. Тухайлбал, аав, ээж нь хүүхдээ бэлтгэл хийлгэх цагаас нь хоцрооход “Та нар намайг бэлтгэлийн цагаас яагаад хоцроож байгаа юм бэ” гэж шаардлага тавиад, уйлж байх жишээтэй. Хүүхэд цаг барьж сурна гэдэг ёс суртахууны хүмүүжлээс суралцаж байгаа эхний алхам. Бэлтгэлээ цагтаа хийдэг хүүхдэд амжилт ойрхон харагддаг. Хүүхдүүд зөв зүйл хийж байгаа нэгнээсээ суралцдаг юм. Жүдо академи шинэ, зөв менежмент хэрэгжүүлснээр тамирчид ганцаараа биш багаараа амжилт үзүүлэх хэмжээнд хүрлээ. Миний хувьд зорьсон зүйлс минь биеллээ олж байгаад сэтгэл өндөр байгаа. Би Японы жүдогийн сургуулийн системийн сайн талуудыг шавь нарынхаа бие, сэтгэл зүйн онцлогт тохируулж заахыг хичээдэг. Түүнээс биш яг тэр чигээр нь хуулбарлаж болохгүй. Жүдогийн барилдаан, мэхэд монгол хүүхдүүдийн эрэмгий зориг, дайчин байдлыг шингээх хэрэгтэй. Хүүхдүүд эхлээд хүн, дараа нь тамирчин болох ёстой. Өнгөрсөн хугацаанд багш нартайгаа хамтарч, жүдог хөгжүүлэхийн төлөө чамгүй олон ажил хийлээ. Цаашдаа ч хийнэ. Манай холбооноос багш нартаа сургалт байнга явуулдаг. Жүдо бөхөөр хичээллэдэг, тэмцээнд оролцдог хүүхдүүдийн тооноос тухайн орны жүдогийн хөгжлийн түвшин тодорхойлогддог. Олон хүүхдэд тамирчин болох боломж олгосноор энэ спортын ирээдүй улам гэрэлтэнэ.
-Монголын жүдо бөхийн холбоонд та Японы талыг хариуцсан менежерээр ажилладаг. Японоос ирсэн тамирчин, дасгалжуулагчдыг монголчуудтай холбох гол гүүр нь болж байгаа харагддаг.
-Би 2003-2019 он хүртэл Японд сайн дурын ажилтан байлаа. Токай их сургуульд дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, хэл сурсны ачаар Япон жүдогийн холбоотой хамтран ажилласан. Япон тамирчид Монголд ирэх, Монголын тамирчид тус улсад очиход надтай хамгийн түрүүнд холбогддог. Хоёр орны Жүдо бөхийн холбооны гадаад харилцаанд гүүр нь болж, ажиллахдаа өөрийн хувь нэмрийг ч гэсэн оруулахыг зорьж ирлээ. Японы жүдогийн холбоонд миний танил олон бий. Тиймээс ажил хэргээр холбогдоход илүү дөхөм байдаг. Монголын Жүдо академи тус улсын Токай их сургуульд олон хүүхэд хамруулан сургалтад явуулж, дасгалжуулагчдыг нь эх орондоо урьж ирүүллээ. Монгол, Японы тамирчид намайг Гэндэн Сан ах гэж хүндэлж дууддаг. Тэндээс олон тамирчин Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийсэн. Тухайлбал, дэлхийн аварга Рюүносүкэ Хага, Тачимото Харүко нарыг дурдаж болно. Тэнд би 16 жил болсон тул хэн нь ямар тамирчин бэ гэдгийг сайн мэднэ. Тус сургуулиас дэмжээд 200 орчим хүүхдийн жүдогийн өмсгөл явуулсан. Японы “Кю сакура” компанийн дэлхийд алдартай “S” үсэгтэй жүдогийн өмсгөл байдаг. Бид эл компанитай гэрээ байгуулж, тамирчдаа энэ оныг хүртэл таван дэлхийн аварга, хоёр удаагийн олимпын наадмаар өмсөх өмсгөлийг хангахаар болсон. Монголоос Гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар албан ёсны эрхтэйгээр өмсдөг.
ШАВЬ НАРАА САЙН ТАМИРЧИН БОЛОХ, ЭСЭХИЙГ ХАНДЛАГААС НЬ ХАРДАГ
-Бэлдсэн шавь нараас тань сайн тамирчин, дасгалжуулагч болох ирээдүй хэр харагдаж байна вэ?
-Байлгүй яах вэ. Энэ ч бас миний зорьж байгаа зүйлийн нэг. Хүүхдүүд гэр бүлээсээ авч дадаагүй сахилга бат, хүмүүжлийг жүдогоос суралцдаг. Монголын өнөөгийн нийгэмд эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг зав зарцуулж чадахгүй хөдөлмөрлөж байна. Завгүй ажилладаг олон гэр бүлийн хүүхдийнх нь ёс суртахууны дутагдлыг спорт арилгадаг. Жүдогийн гайхамшиг энэ мэтчилэн олон зүйлд эергээр нөлөөлдгийг өгүүлж баршгүй.
-Япон хүүхдүүдтэй ажиллаж байсан арга барилаа монгол хүүхдүүдийн зан чанар, бие, сэтгэл зүйн онцлогт тохируулж заадаг уу?
-Япон, монгол хүүхдүүд биеийн онцлог гэхээсээ илүү тууштай байх зан чанар, хүмүүжил, ёс суртахуунаараа ялгардаг. Монгол хүүхдүүд эрх. Шавь нараасаа илүү аав, ээжтэй нь учраа ололцох хэцүү. Хүүхдэд нь шаардлага тавихад “Багш аа ойлголоо” гээд хүлээж авахад хажуунаас ээж нь “Чи яагаад хүүхэд загнаад байгаа юм. Бэлтгэлийн цагаас ганц удаа хоцроо л биз, яадаг юм. Чи ямар сүртэй юм бэ” гээд өмөөрдөг. Хүүхдээ өөрийн үгээр явуулах гэсэн эцэг, эх цөөнгүй. Япон хүүхдүүд шүүмжлүүлж, зэмлүүлэх зүйл гаргадаггүй. Тэд манай хүүхдүүдийг бодвол заасан зүйлийг ойлгох тал дээр удаан ч тууштай зан чанараар давуу. “Чи энэ мэхийг өдөрт 1000 удаа давт. Чамайг сарын дараа шалгана” гэхэд сурах гэж уйгаггүй хичээдэг. Мэх сурах гэж судална, тамирчдаас асууна. Японд багш нь хүүхдүүдэд мэх зааж өгдөггүй, харин өөрөөр нь ажиллуулж, сургахыг эрмэлздэг. Монгол хүүхдүүдээс багш зааж, бид сурах ёстой гэсэн хандлага ажиглагддаг. Эцэг, эх нь ч “Манай хүүхдэд чи олигтой заасангүй” гэнэ. Японд багш нь хүүхдүүдийг ойлготлоо асуухыг зөвшөөрдөг. Хүүхэд зорьсон, асуусан зүйлээсээ хэрэг болохыг нь олж хардаг. Харин багш нь туслагч. Шавийнхаа давуу тал дээр тулгуурлан, хамтран ажиллаж хөгжүүлдэг. Тэнд багш нь санал тавихад шавь нь хэрэгжүүлдэг сургалтын системтэй. Монгол хүүхдүүд заасан зүйлийг амархан сурдаг ч өөрийн болгож хэвшүүлэх тал дээр дутагдалтай. Авьяас, ур чадвартай байлаа ч бэлтгэл тасалдаг, тэмцээнээс тэмцээний хооронд амардаг хүүхдүүдээс тууштай амжилт гарахгүй. Миний хувьд шавь нараа сайн тамирчин болох, эсэхийг хандлагаас нь хардаг. Хүүхдүүдийг зэмлэх бус хэрэгтэй зүйлийг өөрөөр нь сургаж, хэвшүүлэх л чухал. Зөвхөн мэх, барилдаан заадаг бол багш гэж хэлэхгүй. Багш бол шавь нарынхаа үлгэр дуурайл нь болсон хамгийн итгэлтэй хүн нь байх ёстой. Монгол хүүхдүүдийг зөв залаад явбал амжилт гаргах ирээдүй ойрхон харагддаг. Тэгэхээр заасан зүйлийг хурдан сурдаг сэтгэл зүйн давуу талыг япон хүүхдүүдийн хичээнгүй суралцдаг байдалтай уялдуулбал амжилт гаргана гэж боддог.
-Хүүхдээ өөрийн тань шавь болгохоор хөтлөөд ирсэн олон хүн бий байх. Өөр өөр зан араншинтай тэднийг нэг хүн шиг зорилготой болгоход танаас хичээл зүтгэл, хөдөлмөр чамгүй шаардагддаг болов уу?
-Манай жүдогийн тамирчид “Хамтын хүч амжилтын төлөө” уриатай. Багш нар нэг зорилготой байх нь хүүхдүүдийн амжилтад нөлөөлдөг. Би Жүдо академийнхаа багш нарт бага насны хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, бие халаалт яаж хийлгэж, мэх, барилдаан заах талаар сар бүр сургалт зохион байгуулдаг. Багш нар хүүхдүүдэд нэг системтэй заана. Энэ нь хүүхдүүд ямар ч багшийн удирдлагад хичээллэсэн нэг л арга барилаар суралцана гэсэн үг. Жүдо бөхийн суурийг тухайн хүүхдэд зөв тавьж өгөх ёстой. Харин цаашид авьяас, ур чадвараа хөгжүүлээд тамирчин болох өөрөөс нь шалтгаална. Манай зарим багш нараас нэг дутагдал харагддаг. Тэр нь зөвхөн өөрийнхөө сурсан арга барилаар шавь нартаа заах гэж зүтгэдэг. Тухайн багшийн заасан мэх, барилдааныг хүүхэд бүхэн сурахгүй шүү дээ. Дасгалжуулагч багшийн зорилго бол хүүхдүүдийг тамирчин болгохоос илүү зөв хүн болгож төлөвшүүлэхэд л оршдог. Үүгээрээ эх орондоо зөв хүмүүжилтэй, эерэг хандлагатай иргэн бэлдэх юм. Манай хүүхдүүд бэлтгэлийн дараа цэвэрлэгээ заавал хийдэг. Зааланд байгаа хогийг уралдаж түүнэ. Хүүхдүүд “Миний хаясан хогийг хэн нэгэн над шиг бас цэвэрлэдэг юм шүү” гэсэн бодлоор орчин тойрондоо хандаж байна. Хүүхэд багаасаа хүний хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Тэд зөв зүйл хийж байгаа үйлдлээсээ хүртэл урам зориг авч байх ёстой юм.
-Багш, дэвжээ, өрсөлдөгчгүйгээр бөхийн ертөнцийг төсөөлшгүй. Өрсөлдөөнөөс хүн суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг талаар шавь нартаа ойлгуулдаг байх.
-Өрсөлдөгчгүй тамирчин хэн ч биш. Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байж хөгждөг. Ялах зорилготой болгодог хүн тань ерөөсөө өрсөлдөгч шүү дээ. Тамирчны амьдралыг нь утга учиртай болгодог зүйл бол дэвжээ, тэмцээнээс гадна өрсөлдөгч нь. Өрсөлдөөн шударга байх тусмаа үнэ цэнтэй. Спортын ертөнцөд хөл тавьсны утга учир энэ. Сайн багш, дэвжээтэй тамирчинд өрсөлдөгч байхгүй бол хэнтэй барилдах юм. Хүчтэй өрсөлдөгч, дэвжээтэй тамирчинд сайн дасгалжуулагч байхгүй бол амжилт гаргахгүй. Би шавь нартаа жүдод анхаарал хэт хандуулаад хичээлээ тасалбал академид хичээллүүлэхгүй. Сургуулиасаа гараад жүдогоор хичээллэнэ гэж эндүүрч болохгүй, тэгвэл намайг бус өөр багш сонгоорой” гэж хэлдэг юм. Хичээлээ сайн хийдэг хүүхэд жүдод ч мөн адил ханддаг. Жүдод дуртай байх тусмаа сурлагадаа сайн байх хэрэгтэй гэж хичээл, сургуультай нь уялдуулан холбодог. Хүүхдүүдийг бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ сэтгэхүйн хөрсөнд буух, амьдралтай ойр зүйл ярьдаг байх хэрэгтэй. Бид ч хийж байгаа ажилдаа эзэн болж, сонгосон мэргэжилдээ дуртай байж, шавь нартаа “багш аа” гэж дуудуулах эрхтэй болно. Жүдо хүүхдүүдэд багаар ажиллах чадвар суулгадаг. Манайх хүүхдүүдээ таван наснаас нь эхэлж авдаг. Гэмтэл бэртэлгүй барилдах, биеэ хамгаалж зөв унаж сурахаас эхлээд жүдогийн анхан шатны сургалтын арга зүйгээр бэлтгэл хийлгэдэг.