Зочин Д.ЦОГЗОЛМАА: ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, сэтгэл судлалын ухааны доктор
Уншигч-сурвалжлагч В.БАЯРМАА: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик, тандалт судалгаа, мэдээлэл технологи эрхэлсэн дэд захирал, доктор
Энэ удаа “Монголчуудын сэтгэл зүй” гэсэн ерөнхий сэдвийг хөндөж, өнөө үеийнхний сэтгэл зүйд өөрчлөлт гараад байна уу, өмнө нь ямар байсан юм бэ, өнөөгийн нийгэм дэх хар бараан бүхэн монголчуудын сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой юу, хэрвээ тийм бол засаж залруулах арга зам бий юү гэсэн асуултуудад хариу хайсан юм. Уншигч-сурвалжлагчаар ажилласан В.Баярмаа доктор, зочин Д.Цогзолмаа доктор нар бидний эрэл хайгуулд туслав.
Сэтгэл зүй, түүний өөрчлөлт гэдэг нь “хөөх” тусам олон салбар дундын мэргэжилтнүүдийн судалгаа, дүгнэлтэд тулгуурлан “барьж авах” сэдэв болох нь тодорсон юм. Сэтгэл зүй гэдэг нь грек хэлний сэтгэл, зан төлөв хэмээх үгнээс гаралтай, өөрчлөлт, оношилгоо, эмчилгээ гэх зэрэг шат дамжлагыг ч хамаарах ойлголт тул юутай ч эхний удаа сэтгэл судлаач, сэтгэцийн эмгэг судлаачдын туслалцааг авсан маань зөв байлаа.
Тэдний харилцан ярианы өмнө уншигч-сурвалжлагчийн өгсөн мэдээлэл болох СЭМҮТ-ийн судалгааны дүнд тулгуурлан удиртгал бичихэд хүрлээ.
Сэтгэцийн эрүүл мэндэд эрүүл сэтгэц, сэтгэцийн эмгэг, эрүүл, эмгэгийн завсарт байгаа тулгамдсан асуудал гэсэн гурван том ойлголт байдаг аж. СЭМҮТ-ийн эмч нар сэтгэцийн эмгэг гэдэг дээр нь илүү ажилладаг байна.
Сэтгэцийн эмгэг манай улсын нийт хүн амын 3-5 орчим, харин нөгөө хоёр асуудал нь хамгийн их хувийг эзэлдэг ажээ. Нийт иргэдийн 60-70 хувь нь эрүүл, харин 20-25 хувь нь эрүүл, эмгэгийн завсрын тулгамдсан асуудалтай аж. СЭМҮТ-ийн эмч нар сэтгэцийн өвчтэй болсон хүмүүсийг эмчилдэг бол сэтгэлзүйчид эрүүл, асуудал өөрчлөгдөх юм бол, өөрчлөгдөж байна гэдгийг нь олж хардаг, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалдаг мэргэжилтнүүд ажээ. Гэхдээ сэтгэцийн эмч нар сүүлийн үед эмгэг болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллахыг зорьж буй юм байна. Эрүүл, эмгэгийн завсарт байгаа тулгамдсан асуудал бүхий хүмүүсийг архаг, дахидаг, эдгэдэггүй, тавилан муутай гэх зэрэг сэтгэцийн эмгэгтэй болгохгүйн тулд нөхцөл байдал үүсэхээс өмнө тандалт хийж, эрт илрүүлж, оношлох асуудалд анхааран ажилладаг аж. Энэ хүрээнд насанд хүрсэн хүмүүстэй ажиллахад үр дүн гарахаар тааруу. Тухайн хүнд тулгамдсан асуудал төлөвшчихсөн нөхцөлд засаж сайжруулах гэдэг нь бараг боломжгүй. Тиймээс хүүхэд байх үеэс нь, тэр дундаа бага наснаас нь эхэлж ажиллах, залуу гэр бүлд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөх, гэр бүл байхын үнэ цэнийг ойлгуулах зэрэг ажил зохион байгуулахаас ажлыг эхлэх ёстой юм байна гэдгийг тогтоожээ. Хүүхэд хүмүүжиж, суралцдаг цэцэрлэг, сургууль руу хандаж сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт өгч, сэтгэлзүйч нарын үйл ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй юм байна гэдэг дээр төвлөрч, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн сэдвийг нэлээд хөндөж эхлээд буй аж.
Сэтгэлзүйчид бол зөвлөгөө өгөх ур чадвар сайтай, эрүүл хүнийг сэтгэл зүйн хувьд ямар хэв шинжийн юм бэ, юунд өртөмтгий байх боломжтой вэ гэх зэргээр тодорхойлдог бөгөөд хүн амын эрүүл хэсэгт хүрч ажилладгаар онцлог. Тэд олон нийтийн дотнын туслагч, нөхөд нь байх хүмүүс аж. Мэргэжилтнүүд хэрхэн ярилцсаныг сонирхуулъя.
-Манай төвөөс 2013 онд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа насанд хүрэгчдийн зургаан эмгэг, хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн тархалтын судалгаа хийсэн юм. Насанд хүрэгчдийнхийг 11 аймаг, таван дүүргийн 18-64 насны 12500 хүн хамруулж илрүүлгийн асуумж ашиглаж, хоёр үе шаттай хийсэн. Тэгэхэд хүн амын дунд түгээмэл сэтгэл түгшилт 18,4, биеийн хэлбэрийн эмгэг 11,9, органик бус нойргүйдэл 17,5, архаг ядаргаа 16,2 хувь гэсэн үзүүлэлттэй гарсан юм. Архаг ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал гэдэг бол үндсэндээ стресстэй холбоотой эмгэг. Эдгээр нь тархалт ихтэй байна. Үүнийг 1984-1992 онд эрдэмтэн багш нарын хийсэн тархалтын томоохон хэмжээний судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаантай нь арав, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. Энэ бүхэн гадаад буюу нийгэм, сэтгэл зүйн шалтгаантай. Нийгмийн тогтворгүй байдал их нөлөөлж байна гэдэг нь харагдаж байгаа. Нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хүмүүс ажилгүй болсон. Ажилгүй, орлогогүй болохоор ядуурал нэмэгдсэн. Нийгмийн тогтворгүй байдал хүмүүсийн сэтгэл зүйг мөн тогтворгүй болгодог юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн. Сэтгэл зүйчид үүнтэй санал нэгдэх үү?
-Юуны өмнө өдөр тутмын сонин нийгмийн сэтгэл зүйн талаар хөндөн, салбар хоорондын мэргэжилтнүүдтэй ярилцах болсонд талархаж байна. Бидний ажил, салбарт байгаа асуудлыг аль болох бусадтай хуваалцаж, хэлэлцэж байх нь асуудлыг шийдэх гарц, арга зам олоход тустай. Сэтгэл зүйн байдал тогтворгүй байх нь удмын, гадаад, хувь хүний асуудлыг хүлээж авах онцлог гэх зэрэг олон шалтгаантай. Үүний дотор нийгэм, сэтгэл зүйн байдлаас ихээхэн хамаардаг. Яг үүнээс болоод өнөөдөр нийгэм тогтворгүй байна гэж тодорхойлох хэцүү, учир нь манайд сэтгэл зүйн талаар хийсэн суурь судалгаа цөөн байгаа. Тодорхой хүрээг хамарсан судалгаануудыг бол хийддэг.
-Ийм нөхцөлд сэтгэлзүйчид иргэдэд тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлж байна вэ?
-Манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоо бол боловсронгуй болсон. Хууль, стандарттай. Үзүүлэх тусламж, үйлчилгээний удирдамж тодорхой байдаг. Харин сэтгэл зүйн тусламж үйлчилгээ харьцангуй шинэ салбар. Ердөө 2002 онд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх анхны “Психоанализ ¹ 1” гэдэг төвийг Л.Насанцэнгэл доктор байгуулж байлаа. Анх олон нийтийн дунд өвчтэй хүмүүс л сэтгэл зүйчид ханддаг гэсэн ойлголт байсан бол яваандаа хүмүүсийн хандлага өөрчлөгдөж ирсэн л дээ. Сэтгэцийн өвчтэй биш ч нойргүйддэг, сэтгэл санаа түгшдэг, айдаг, санаа зовдог, нээлттэй биш, аливааг муугаар боддог, ямар нэг хэцүү байдалд орохдоо архи уучих гээд байдаг гэх зэрэг, онош тавих хэмжээний биш ч гэсэн завсрын асуудалтай хүн маш олон байдаг болсон. Тэднээс сэтгэлзүйчид хандах нь байдаг ч, тийм олон биш. Цагдаа, эмнэлэг, хорих анги зэрэг байгууллагад сэтгэлзүйч ажиллуулдаг болсон ч гэсэн тогтолцоо гүйцэд болж өгөхгүй л байна. “Надад асуудал их байна. Тусламж хэрэгтэй байна. Хаашаа очих вэ. Хэн туслах бол” гэдэг хүн бол олон. Сэтгэл зүйн байдал нь хэвээр байдаг бөгөөд даамжирч эмгэг болбол аюултай. Одоогоор манай улсад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хэд хэдэн төв бий ч зарим хүн үйлчилгээ авах боломжгүй. Гэртээ хүүхдээ асардаг, мөнгөний боломжгүй эмэгтэйд сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ үүсэхэд хаашаа очих нь тодорхойгүй. Яагаад гэхээр түүнд зөвлөгөө үнэгүй өгөх байгууллага бараг байхгүй. Байдал ийм байгаа, цаашид шаардлага улам тулгамдах тул иргэддээ төрөөс үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй болох болов уу. Үүний тулд Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний тухай хууль гаргах ёстой гэж хардаг. Одоо сэтгэл зүйн асуудал ЭМЯ-нд харьяалагдах уу, ХНХЯ-нд уу, аль эсвэл БШУЯ-нд уу гэдэг нь ч ойлгомжгүй. Өнөө үеийн сэтгэлзүйчид бас хатуухан хэлэхэд хаана харьяалагдах нь тодорхойгүй, “эзэнгүй” хүмүүс байдаг. Сэтгэлзүйч бол эмч нартай адил гэр бүлийн, хүүхдийн, ахмад настны гэх зэргээр мэргэшсэн байдлаараа ялгаатай байх шаардлагатай. Уг нь оношилгоо хийдэг сэтгэлзүйч тусдаа, зөвлөгөө, заслын чиглэлээр мэргэшсэн байх, тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай эрхтэй байх ёстой. Гэтэл манайд эрх олгодог байгууллага байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой статистик ийм байгаа тохиолдолд төр оролцоод удирдах, нэг тогтолцоонд оруулах шаардлагатай. Тэр болтол сэтгэлзүйчид сайн дураар ажилласаар байх болов уу. Хэрвээ хуультай байгаад, эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг болчихвол сэтгэлзүйчдийн олон нийтэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүрээ тэлнэ. Сэтгэлзүйчдийг лицензтэй болгох асуудал ч шийдэгдэнэ.
-Сэтгэл зүй тогтворгүйтэх нь нийгэм, сэтгэл зүйн байдлаас хамааралтай гэдэг дээр тогтож ярих уу. Тухайлбал нийгмийн зүгээс ямар байдал хувь хүнд нөлөөлөх вэ?
-Бид бие биедээ харилцан сөргөөр нөлөөлж байгаагийн үр дагавар их байна. Нэг нэгэндээ сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж, тэр нь цаашаа даамжирдаг. Үүнийг сэтгэлийн хөдөлгөөн халдварлах гэж хэлдэг. Хүн намайг хүндэлбэл би бас түүнийг хүндэлнэ. Үр дүн нь эерэг байна. Гэтэл эсрэгээрээ дээрэлхүү харилцаатай хүнтэй адилхан л таагүй харилцаа үүсчих гээд байдаг. Сайн, муу хүн гэж байхгүй. Муу гэж бодсон хүнийг сайн талаас нь хараад дэмжээд байвал тэр хүн хичээгээд л байна. Түүнийг муу юм чинь гэж итгээд тоох ч үгүй, харилцах ч үгүй байх юм бол тэр хүн улам цаашлаад, улам эвгүй үйлдлүүд гаргах магадлалтай. Аливаа үйлдлийн эцсийн үр дагавар цочирдмоор байсан ч гэсэн энэ хүн яагаад ийм алхам хийв гэдгийг судлах хэрэгтэй. Гэх мэтчилэн олон асуудал байна.
-Байдлыг яаж сайжруулах вэ?
-Нийгэм стресстэй байхад хэн дуртай байх билээ. Бүгд л тайван, сайхан амьдрахыг хүснэ. Хувь хүний, байгууллагын, төр засгийн гээд түвшинд анхаарах асуудлууд бий.
Хувь хүний түвшинд, хүн өөрийгөө мэддэг, өөртэйгөө ажиллаж чаддаг байх ёстой. Би ямар үед стресст ордог вэ, стрессээ тайлах ямар арга надад тохирдог вэ гэдгийг хүн мэддэг бол сайн. Түүнээс биш бүх хүнд таардаг төгс жор байхгүй. Дуугүй хүмүүсийн стрессээ тайлах арга өөр. Их “яриа”, нээлттэй хүмүүсийн стресс тайлах арга ялгаатай. Түрэмгий зантай хүмүүсийнх ч нэг янз. Мөн асуудлыг өөдрөгөөр харж, хандаж сурах хэрэгтэй. Сэтгэлээр унасан хүнийг “Өөдрөг бай” гээд хэлэхээр өөдрөг болчихгүй, хэцүү. Эрүүл байх, амьдралын хэв маягаа өөрчлөөд үзэх гээд хичээх хэрэгтэй. Түүнээс биш хямарсан чигээрээ байгаад байх юм бол бүх юм муухай санагдана, харагдана.
Нийгмийн стрессийг нэмэхгүйн тулд байгууллага удирдаж буй хүмүүс юу анхаарах ёстой вэ гэдгээ мэдэж байх ёстой. Аливаа байгууллагын уур амьсгал, хүмүүсийн хоорондын харилцаа нь удирдлагаас ихээхэн хамаардаг. Өөрөө стресстэй, үүнийгээ ажилагсдадаа гаргадаг, хов живээр ажлаа явуулдаг дарга нар байдаг. Тийм удирдах ажилтнууд хүмүүсээ стресстүүлдэг. Энэ ч гэсэн нийгмийн стрессийг нэмж буй хэрэг.
Сэтгэл судлалыг бодлого боловсруулах түвшинд авч үзэж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Түрүүнд дурдаад өнгөрсөнчлөн сэтгэл санааны хямралд орсон, гэртээ суудаг эмэгтэй зөвлөгөө авах болбол хаачих вэ. СЭМҮТ-д хандаж болох ч хүмүүсийн олонх нь өөрсдийн асуудлыг эмнэлэгт очих хэмжээний биш гэж үзнэ. Тэгэхээр сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний тогтолцоог даруй боловсронгуй болгох шаардлагатай болж байгаа юм.
-Асуултын хариуг олох тийшээ болж байх шиг. Энэ асуудлыг хэн, ямар байгууллага судлах ёстой вэ?
-Дахиад л асуудал ярьж, түрүүчийн хариултаа хэлэх нь. Бид багштайгаа хамт монгол хүний сэтгэл зүйн онцлогийн суурь судалгаа хийхээр эхэлж байсан юм. Бүтээгүй л дээ. Монгол хүн янз бүрийн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтой вэ гэх зэргийг тандах суурь судалгаа маш хэрэгтэй. Дээр дурдсанчлан сэтгэл судлал манай улсад маш залуу салбар. Гэсэн ч зайлшгүй төрийн дэмжлэгтэй, эсвэл төрөөс зохион байгуулж хийх ажлууд байдаг. Хувь судлаач дангаар их юм хийж чадахгүй. Хүн хүч, хөрөнгө маш их хэрэгтэй. Хэрвээ санаснаар болоод ийм судалгаа хийлээ гэж үзвэл энэ нь бусад улс орны адил нууцын зэрэглэлтэй байх болов уу. Төр хар хайрцагны бодлогынхоо хүрээнд ашиглах байх. Бид оношилгоо хийхдээ “Энэ хүн ингэх эрсдэлтэй. Түүнд энэ чиглэлийн боломж байж болно” гэх зэргээр давуу болон сул талыг нь тодорхойлж өгдөг. Түүн шиг монгол хүнийг сайн ажиллуулахын тулд, нийгмийг хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг яах ёстой юм, аль эсвэл тухайн хүнийг муу зорилгоор ашиглаж болох юм уу гэх зэргийг судалгаанд суурилан мэдэх боломжтой болно гэсэн үг.
Бид үндэстнийхээ уламжлалт мэдлэг, оюуны өв, соёл, ёс суртахууныхаа арвин их сан хөмрөгөөс өнөөдөр үгүйлээд байгаагаа олж болно. Олох гэх нь зохимжгүй. Бэлэн байж байдаг ухааны жорыг шинэ түвшинд авч үзэж, амьдралдаа, улс орноо хөгжүүлэхэд ашиглахгүй байна. Асуултын хариу тэнд бий.