Хичээл дөнгөж оров уу, үгүй юү “Зуны амралт эхэлж, наадам хурдан болоосой, морио л унах юм сан” гэж ярих хүүг Б.Дагвадорж гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч. Жижигхэн бие, шалмаг хөдөлгөөн, цайвар царай, даруухан яриатай энэ хүү мориныхоо чихийг сортолзтол гийнгоолох нь сэтгэл хөдөлгөм. Яг л наадмын өргөн дэнж, хурдан морьдын уяа, сунгаанд оччих шиг санагдсан. Улс, бүсийн наадмаас олон айраг, түрүү хүртэж, “2019 оны улсын шилдэг уралдаанч хүүхэд”-ээр тодорсон түүнтэй ярилцав.
-Хотын хүүхэд морь унаад, бүр шилдэг уралдаанч боллоо гэхийг сонсоод эхэндээ итгээгүй. Хэдэн настайгаасаа морь унаж сурав?
-Дөрөвдүгээр ангиасаа морь унаж эхэлсэн. Манайх Толгойтын баруун салаанд байлаа. Хоёр жилийн өмнө энд (61-ийн гарам) нүүж ирсэн. Хажуу айлын нэг морийг нь унаж сурах гэж юм болдог байв. Гэтэл зэргэлдээ хашааны Жижгээ ах (Нийслэлийн шилдэг уяач П.Баттулга) нэг өдөр “Морь унаж сурмаар байгаа юм уу” гэж асуулаа. Тэгээд надад зааж, морь унаж сургасан. Хурдан морь унана гэхэд минь эхэндээ ээж зөвшөөрдөггүй байсан ч Жижгээ ах учирлаж хэлээд ойлгуулж билээ.
-Моринд яагаад дуртай болчихсон юм бэ?
-Би гурван ахтай. Хоёр нь тусдаа гарчихсан. Миний дээд талын ах бид хоёр хамт морь унаж сурсан юм. Ах минь одоо хурдны моринд томдох болсон. Нэг зуны амралтаараа хөдөө очиж, хонины морь уналаа. Гоё санагдаад, дараа нь хотод ирсэн ч “Морь унах юм сан” гэж хорхойсож, заримдаа морь унаад явж буй хүнийг харахаар атаархах сэтгэл төрдөг байлаа. Хамгийн анх Болдоо гэдэг хүний хээр даагыг унаж, сумын наадмын айргийн тавд орж байв.
-Уралдаанч хүүхдүүд 5-6 наснаасаа морь унаж эхэлдэг. Чиний хувьд хожуу унасан ч богино хугацаанд өндөр амжилт гаргасан байна шүү дээ. Хэдэн айраг, түрүү авч “Улсын шилдэг уралдаанч хүүхэд” гэх алдрыг хүртэв?
-Улсын наадамд нэг айраг, бүсэд хоёр түрүү, нэг айраг авч “Улсын шилдэг уралдаанч хүүхэд”-ийн болзол хангасан. 2019 онд “Боржигон” төвийн бүсийн наадамд их насны бор мориороо аман хүзүү, халиун үрээтэй түрүү, халзан даага аман хүзүү, хар азарга айргийн гуравт орж байлаа. Мөн энэ жилийн улсын наадамд айргийн тавд ирсэн. Анхныхаа уралдаанаас эхлээд л морио айрагдуулжээ. Уралдсан наадамдаа айраг, түрүү тасраагүй.
-Айргийн тавд багтаж байгаагүй тохиолдол байхгүй гэж үү?
-Байгаа. Нэг удаа азаргатайгаа зургаад орж байсан. Жижгээ ах ирээд “ Чи, бид хоёрын өвөл, зуны хөдөлмөр ийм боллоо шүү дээ” гэж хэлэхэд нь их харамсаж билээ. Дараагийн өдрөөс нь морио хурдлуулж, айргийн тавд орсон.
-Морины хүүхдийн ерөнхий шинж гэж байдаг гэсэн. Чамаар морио унуулахдаа уяач Жижгээ ах нь юу гэж хэлдэг вэ?
-“Жин багатай, хөнгөн, сэргэлэн юм. Хоёулаа хамтарвал амжилт гаргана шүү” гэж хэлсэн. Морины хүүхэд 30 кг-аас доош жинтэй байх хэрэгтэй. Би одоо 26 кг.
-Наадмын урьд өдөр морь унадаг хүүхдүүдийн сэтгэл их догдолдог байх. Чи тэр мэдрэмжээсээ хуваалцаач.
-Нойр ерөөсөө хүрэхгүй, цаанаасаа сэтгэл догдлоод, гэгэлзээд байдаг юм. Морио айрагдуулчих юм сан гэж бодно, зүүдэлнэ. Маргаашийн наадмыг тэсэн ядан хүлээдэг дээ.
-“Морио айрагдуулчих юм сан” гэж зүүдлээд, айрагдаж байсан тохиолдол бий юү?
-Бий. Наадмын урьд өдөр “Азаргаа унаад айрагдаж байна” гээд зүүдэлж хоносон чинь маргааш нь айргийн тавд орчихсон.
-Аль насны морь унах хамгийн хурдан байдаг вэ?
-Азарга унах л сайхан. Даага унахад эхэндээ эвгүй, холбилздог. Гэхдээ олон жил уясан морь л хамгийн гоё нь.
-Морь унаж байхад чинь хөгжилтэй, бэрхшээлтэй зүйл тохиолддог байх.
-Нэг найз минь уралдааны үеэр өмдөндөө шээчихсэн. Хүүхдүүд ер нь “шээлээ, баалаа” гээд их орилно. Уяачид нь “шээхгүй ээ, тэсээд яв” гэж хэлдэг. Наадмаар урт ташуур барьж явахаар хураагаад авчихдаг юм. Эсвэл ташуурыг нь богиносгоно. Хүүхдүүд морин дээрээ зодолдоод, бие биенээ ташуурдаг учраас тэр. Зарим нь малгайн дотроо урт ташуураа нуучихна. Тэгээд л “Татаач”, “Миний хойно ор”, “Хол яваач” гэх мэтээр хашхирдаг.
-Уралдааны морь унаснаар чамд ямар чадварууд суусан бэ?
-Би хотод байхдаа хүний үг даадаггүй байлаа. Харин морь унаж сурснаар энэ зангаа хаясан. Бас уралдааны үеэр “тактик” боддог учир сэргэлэн болсон байх.
-Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Том болоод уяач болно. Учир нь моринд их хайртай. Одоо ч гэсэн морио санаад л байна. Морьтой хүн харахаар хичээл хурдан тараасай, морио унах юм сан гэж боддог.
-Наадмын талбайд ороод, морио цоллуулж байхад ямар мэдрэмж төрдөг вэ. Чи их гоё гийнгоолдог юм билээ. Морь цоллоход гийнгоолж байв уу?
-Сэтгэл их хөдөлнө. Түрүүлсэн морины хүүхэд л морь цоллоход гийнгоолдог. Тиймээс нэг л удаа наадмын төв талбайд гийнгоолж үзсэн. Гийнгоолохоор морины чих сортолзож, баясаад байх шиг санагддаг.
-Энэ жилийн наадам үзэгчгүй болсон шүү дээ. Ямар санагдав?
-Ямар сайхан байх вэ дээ. Айргийн тавд орохоор хүмүүс шуугилдаад л сайхан байдаг. Гэтэл тийм зүйл болоогүй.
-Морио айрагдуулчихвал чамд ямар шагнал өгдөг вэ. Хамгийн том шагнал нь юу байв?
-Цүнх, дэвтэр, ном өгдөг. Хамгийн том шагналд нь гар утас авч байлаа.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр