Талбайн теннис манайд хэрхэн хөгжиж буй, өсвөрийн тамирчдын амжилт, давуу тал болон дутагдал, гадаадын тэмцээнд оролцоход тулгамддаг асуудлуудын талаар Монголын теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхжаргалтай ярилцлаа. Тэрбээр эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зорьж яваа цөөн дасгалжуулагчийн нэг. Түүний удирдлагад хичээллэсэн тамирчид өдгөө тив, дэлхийн томоохон тэмцээнд амжилт гарган, Монголын теннисчдийн нэрийг олон улсад таниулж эхлээд байна.Чадварлаг тамирчин бэлтгэж, дэлхийн тавцанд гаргах гэсэн түүний зорилго биелэхэд тун ойртжээ.
-Монголын талбайн теннисний шинэ үеийг бэлтгэж буй цөөн дасгалжуулагчийн нэг нь та. Өсвөрийн шигшээ багийн тамирчид таны удирдлагад бэлтгэл хийдэг. Шавь нарынхаа ур чадварыг ахиулахын тулд ямар арга барилаар ажиллаж байна вэ?
-Талбайн теннисийг тодорхой зайнаас тоглодог болохоор “Ковид-19”-ийн хорионы дэглэмийг давуу тал болгон тамирчидтайгаа бэлтгэл хийж зуныг үр дүнтэй өнгөрүүллээ. Өсвөрийн тамирчдаас сонгон шалгаруулж, 2013 онд шигшээ баг бүрдүүлэн дасгалжуулагчаар нь Б.Дүүрэнбаяр багш бид хоёр ажиллаж байна. “Макс групп”-ийн ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар талбайн теннисийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлсэн нь ахиц гарахад их нөлөөлсөн. Түүний ачаар талбайн теннисний шинэ үеийг бэлтгэж, Дархан-Уул аймагт өсвөрийн шигшээ баг байгуулан, дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцох боллоо.
-БНСУ-аас талбайн теннисний шигшээ багийн тамирчин Ан Жэ Сон, Ан Жэ Хён нар Монголд ирж, манай тамирчдыг дасгалжуулснаар амжилт гаргах эхлэл тавигдсан болов уу?
-Тийм ээ. Ах Ан Жэ Сон нь 2006 онд Дохад болсон Азийн наадамд талбайн теннисний багийн төрөлд аварга болж байв. Дүү Ан Жэ Хён нь дасгалжуулагч. Тэдний аав нь Монголын барилгын салбарт олон жил ажиллаж байна. Ах, дүүс энэ спортыг Монголд хөгжүүлэхийг зорьж, дэлхийн хэмжээний тамирчид төрөх авьяас, ур чадвар, боломж, нөөц байгааг олж харснаар аав нь олон улсын стандартад нийцсэн зориулалтын талбайтай “Хавай” спорт цогцолбор бариулсан юм. Энэ нь манай тамирчдын хувьд амжилт гаргах бэлтгэлийн том бааз болсон. Тэд 2016 оноос өсвөрийн шигшээ багийн тамирчдыг дасгалжуулж, олон улсын клубийн жишгээр нэг удаагийн бэлтгэлийг 300-400 бөмбөгтэй хийлгэснээр дэвшил гарч байгаа. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд сайн менежмент хэрэгтэй. Тиймээс холбоо, клубүүд нэг зүг рүү харж, нэгдмэл зорилготой ажиллах нь хамгийн чухал.
-Дасгалжуулагчид тамирчдаа зөв системтэй бэлтгэл хийлгэх нь үр дүнтэй байдаг гэсэн.
-Намайг анх тоглож байх үеийн сургалтын арга барил, техникээс өнөөгийн хүүхдүүдийнх өөр. Тэр үед талбайн теннисээр дагнасан мэргэжлийн дасгалжуулагч байгаагүй. Бид Ж.Батжаргал, М.Нэргүй, Д.Алтанхуяг, Х.Эрдэнэбилэг багш мөн ОХУ-ын дасгалжуулагч А.Сергейгийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байлаа. Би одоо ч ахмад дасгалжуулагчдаасаа суралцдаг. Сайн дасгалжуулагчтай тамирчид амжилтад хүрдэг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байна. Цар тахлын хорио цээрийн дэглэмтэй үед олон оронд талбайн теннисний цахим сургалт зохион байгуулахад хамрагдаж, өөрт хэрэгтэй зүйлийг мэдэж авлаа. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Олон улсын теннисний холбооны дасгалжуулагчдын курст суугаад ирсэн. Миний хувьд олон улсад болж байгаа сургалтуудаас аль болох хоцрохгүйг хичээдэг.
-Монголд талбайн теннис хожуу хөгжсөн. Сүүлийн үед өсвөрийн теннисчид гадаадын тэмцээнүүдээс медаль авах боллоо. Тамирчдаа амжилт гаргахад багш нар нь багагүй хөдөлмөр зарцуулсны илрэл гэж ойлгож байна.
-Монголд талбайн теннисний тамирчдыг бидний үеэс эхлэн бэлтгэж, 2000-2010 он хүртэл завсарласан. Монголын нийгэм, эдийн засгийн байдал энэ жилүүдэд сайнгүй байсан тул багш нарын олонх нь амьдралаа дээшлүүлэхээр спортын салбараас холдсон. Монголд спорт хөгжих, эсэх нь тун эргэлзээтэй цагт бидний үеийнхнээс тамирчин болох нь теннисний талбарт үлдсэн. Тухайн үед одоогийнх шиг клубийн системд шилжээгүй, ивээн тэтгэх байгууллага байсангүй. Өөрсдийнхөө бор зүрхээр л урагшилж, тамирчин, дасгалжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байлаа. Спортод сэтгэлтэй нь бууриа сахисан тэр үед хэдхэн дасгалжуулагч өөрийн гэсэн гарын шавь бэлтгэх зорилгоор хоёроос гурван хүүхэдтэй хичээллэдэг байв. Тэр үед бидний зорилго ч жижиг байж. Дотоодын тэмцээнээс гадна Азийн наадамд л оролцоно. 2013 оноос талбайн теннис өсвөрийн тамирчдаар эгнээгээ сэлбэснээр бид том зорилго тавьж, шавь нараа дэлхийн, олон улсын чанартай тэмцээнүүдэд сойх болсон.
ЗОРИЛГО, АМЖИЛТ БАГШ, ШАВЬ ХОЁРООС ХАМААРАХ ЗҮЙЛ БИШ
-Та Ж.Батжаргал багшийн шавь байх аа. Энэ спортод хэдэн настайдаа хөл тавив?
-Намайг долоон настай байхад аав минь Ж.Батжаргал, Г.Батмандах багшийн шавь болгосон. Аав ажлаа тараад найзуудтайгаа волейбол тоглоно. Аавынхаа тоглохыг харж, бөмбөг зөөсөөр байгаад спортод дуртай болж билээ. Ж.Батжаргал багш одоо Монголын теннисний холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг. АНУ-аас эх орондоо хараахан ирээгүй байна. Бид байнга холбоотой байдаг юм. Надад үлгэр дуурайл болдог олон багш бий. Намайг тамирчин байхад Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх теннисний талбайд тэмцээн болдог байлаа. Тэр үед тэмцээнд оролцдог хүүхдүүдийн тоо одоогийнхоос олон байлаа. Биднийг сурагч байхад сургуулийн захирал, багш нар спортын олон төрлөөр хичээллүүлдэг байв. Өсвөр насны ангилалд 60 гаруй тамирчин өрсөлддөг байсан бол одоо 10 гаруй хүүхэд оролцож байна. Надтай хамт тоглодог байсан тамирчид өдгөө гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Тэднээс Б.Оюунболд Монголдоо ирж, дасгалжуулагчаар ажиллах болсон. Залуу дасгалжуулагчид уулзахаараа ярьдаг ганц сэдэв нь талбайн теннис. Нэг л мэдэхэд бидний ярианы сэдэв өөрийн эрхгүй теннис рүү хэлтийсэн байдаг юм.
-Таныг 2002, 2006 онд болсон Азийн наадамд өрсөлдсөнийг санаж байна. Дахиж оролцсон бил үү?
-Би МУБИС-ийн биеийн тамирын ангид багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. 2002 онд БНСУ-ын Бусан, 2006 онд Катарын Доха хотод болсон Азийн наадамд эх орноо төлөөлж оролцож байгаа. 2010 онд Японд мэргэжлээрээ суралцаж ирээд 2014 онд Инчён, 2018 онд Индонезийн нийслэл Жакартад зохион байгуулсан Азийн зуны спортын их наадамд оролцож байв.
-Энэ эрчээрээ зүтгээд, хичээж чадвал манай тамирчид талбайн теннисээр улсынхаа нэрийг олимп, ДАШТ, “Их дуулга”-д гаргах л байх. Ингэхэд Монголын теннисчид гадаадын тамирчдаас юугаараа давуу байдаг вэ?
-Өсвөрийн шигшээ багийн охид сүүлийн үед амжилт гаргаж биднийг баярлуулж байгаа. Гадаадын тамирчдаас манайхан зоригтой, хүчтэй довтолж тоглодог, тэмцээний ачаалал даах чадвар сайтай. Гэхдээ тактик дутмаг нь анзаарагддаг. Түүнээс биш арга барил, техникээр гадаадын тамирчдаас дутахгүй. Ямар ч тамирчин техник сайтай байгаад тактик муу бол амжилт гаргахгүй. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарч байна. Намайг тамирчин байхад Талбайн теннисний холбооны ерөнхий менежер Б.Алтангэрэл ах их тактиктай тоглодог байж билээ. Залуу дасгалжуулагчид ахмад багш нартайгаа холбоотой ажиллаж, зөвлөгөө авдаг юм. Монголд талбайн теннис хөгжиж, багш дасгалжуулагчид бэлтгэгдэж байна. Тамирчдаа амжилтад хүргэхийн тулд дасгалжуулагчдынх нь ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Багш нар нь сургалтад хамрагдахгүй, мэдлэгээр дулимаг байвал тамирчид амжилтаас атгахгүй. Дасгалжуулагчид ч гэсэн өөрийнхөө тамирчин байх үеийн арга барилаар өнөөгийн тамирчдыг бэлтгэл хийлгэвэл хөгжихгүй.
-Тамирчны амжилтыг зөвхөн дасгалжуулагч багштай холбон ойлгож болохгүй. Үүнд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна эцэг, эх, ойр дотнын хүмүүсийн хандлага их нөлөөлдөг шүү дээ.
-Би шавь нарынхаа эцэг, эхтэй холбоотой ажилладаг. Хүүхдүүдийг сонгож авахдаа гэрийнхэнтэй нь ярилцаж, зорилгыг нь тодорхойлуулдаг. Тамирчин болохоор шийдэж байгаа бол зорилго, амжилт зөвхөн багш, шавь хоёроос хамаарах зүйл биш. Дасгалжуулагч, тамирчин, гэр бүл гэсэн хамтын ажиллагаа байхгүй бол үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр эцэг, эх нь хүүхдээ сайн ойлгож, дэмждэг үнэнч фэн нь байх ёстой. Хамгийн гол нь хэн, хэн нь спортод хүндэтгэлтэй хандах сэтгэлтэй байж хөгжинө шүү дээ. Гадаадын тэмцээнд хүүхдээ оролцуулахад санхүүгийн асуудалтай тулгардаг олон эцэг, эх бий. Зардал, мөнгөний асуудлаас үүдэж тамирчид тэмцээнд оролцож чаддаггүй тохиолдол цөөнгүй. Талбайн теннис өндөр хөгжсөн орнуудын тамирчид жилд 15-16 тэмцээнд оролцдог байхад манайхан 3-4-т нь өрсөлдөх жишээтэй. Ингэж оролцоход тэмцээн, бэлтгэл хийх хоёрын ялгаа харагддаггүй. Тухайлбал, бэлтгэл сайн хийдэг тамирчин тэмцээнд амжилт муухан оролцож, ур чадвараа сайн гаргадаггүй тал бий. Уг нь сайн тамирчны бэлтгэл, тэмцээний ур чадвар адил байх ёстой юм.
-Манай тамирчдад ийм байдал түгээмэл ажиглагддаг бол та ч гэсэн бэлтгэл хийлгэх арга барилаа өөрчилсөн байлгүй.
-Би тамирчдынхаа бэлтгэлийг тэмцээнтэй нь давхар хийлгэдэг. Монголд тэмцээн цөөн болдог нь тамирчдын ур чадварт нөлөөлж байна. Тамирчдаа хожигдохоор нь “Чи харамсаж байна уу” гэж асуухаар “Тийм ээ, харамсаж байна” гэдэг. Миний хувьд харамсаж байна гэхээс илүү “Би харамсахгүй байна, хүчтэй өрсөлдөгчтэй таарсан ч чадлынхаа хэрээр тоглоод хожигдлоо. Түүнд тийм давуу тал байгааг олж харлаа, тиймээс хойшид өөрийгөө тэр талаас нь хөгжүүлье” гэдэг хариулт сонсохыг хүсэж байгаа. Хойшдын тэмцээнд манай тамирчдаас харамсаж байна гэдэг хариулт цөөрөх байх гэдэгт итгэдэг.
ШАНТРАХААС ИЛҮҮ САЙН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙЛАА
-Гадаадын дасгалжуулагчтай холбоотой ажилладаг гэсэн. Тэд манай тамирчдын давуу тал, дутагдлыг өөрт тань шударгаар хэлдэг үү?
-Хэлдэг, хэлдэг. Японы дасгалжуулагч манай тамирчдын тоглолтын талаар “Монголд талбайн теннис хожуу хөгжсөн гэхэд танай тамирчид энэ дайтай тоглож байгаа нь сайн хэрэг” гэж үнэлсэн. Энэ нь тэдний төсөөлөл бидний зорилгоос доогуур байгааг харуулж байна. Тэгвэл бидний зорилго төсөөлж байгаагаас нь хамаагүй илүү том юм. Гадаадын дасгалжуулагчид “Монголд талбайн теннисийг хөгжүүлье гэвэл тамирчид нь бэлтгэл хийх стандартад нийцсэн, зориулалтын талбайтай заал хэрэгтэй. Танайх одоогоор бэлтгэл хийх таван заалтай гэж үү. Тун цөөн байна” гэж гайхсан өнгө аястай хэлдэг. Миний хувьд тамирчид дотор заал, зориулалтын талбайд бэлтгэл хийсэн тохиолдолд л амжилт гаргана гэдэгтэй санал нийлдэггүй. Энэ бүхэн тамирчдын тэмцээнд амжилт муутай оролцох шалтгаан биш. Бид байгаа зүйлээ орчин нөхцөлдөө тааруулан ашиглаж, давуу талаа болгох хэрэгтэй.
-Ямар ч саад бэрхшээл тохиолдсон таныг талбайн теннист үлдээж чадсан зүйл юү вэ?
-Сэтгэл, зүтгэл. Хүн өөрийн сонирхсон зүйлдээ юу ч тохиолдсон даван туулаад үлддэг. Шантрахаас илүү сайн дасгалжуулагчтай байхыг л хүсдэг байлаа. Би Японд суралцдаг байхдаа “Midorigaoka tennis” клубт дасгалжуулагчаар гурван жил ажилласан. Тэр үед “Би Монголын тамирчин байж, Японы хүүхдүүдэд өөрийн сурсан бүх зүйлээ яагаад заавал заах ёстой гэж. Эх орныхоо ирээдүй болсон тамирчдад заах нь чухал шүү дээ” гэдэг бодол төрсөн. Тэндээс ирээд өсвөрийн тамирчдад өөрийн сурсан зүйлээс зааж байна. Японд дасгалжуулагч багш ямар байх ёстойг харах өнцөг минь өөрчлөгдсөн. Өмнө нь өөрийгөө багшийнхаа хэлж зааснаас хазайхгүй явж, зөвлөснөөр нь бэлтгэл хийж тэмцээнд оролцох ёстой гэсэн хүлээстэй байснаа ойлгосон юм. Тэгвэл тэнд дасгалжуулагч багш тамирчныхаа туслах нь, амжилтад хүргэхэд нь нөлөөлөх гол тулгуур болдгийг ч мэдсэн. Өөрөөр хэлбэл, тамирчинтайгаа багш нь хамтарч, амжилт гаргахын тулд нэгдэн ажилладаг гэсэн үг. Дасгалжуулагч багш өөрийн арга барилаас гадна тамирчнаа амжилт гаргах давуу тал дээр нь тулгуурлаж хөгжүүлдгийг харсан.
-Таны ажигласнаар манай дасгалжуулагчдад ямар дутагдал байгаа бол?
-Манай зарим нэг дасгалжуулагч тамирчин нь бэлтгэл хийж байгаад алдаа гаргавал “Чамайг шийтгэнэ. Арван удаа суниа, заал тойрч гүй” гээд зэмлэж байгаа харагддаг. Ингэх нь маш буруу. Арван удаа суниах, заал тойрч гүйх нь тухайн тамирчинд хэрэгтэй зүйл болохоос биш, шийтгэл бус. Хэрвээ ингэж шийтгэдэг бол тамирчид суниаж, гүйх дургүй болно. Зөвхөн шийтгүүлсэн тохиолдолд энэ бүхнийг гүйцэтгэдэг гэсэн ойлголттой болчихно. Суниах, гүйх бол тамирчдын бэлтгэлээс гадна гэртээ өөрийгөө хөгжүүлж байх дасгал, хөдөлгөөн. Гадаадад иргэд нь өглөө болгон гүйдэг. Тэд идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндэд нь тустай гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй ойлгож, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн бодлоор ханддаг. Гэтэл манайхан жингээ хасах зорилгоор гүйж байна. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн нь анзаарагддаг.
-Гадаадын дасгалжуулагчид манайхантай хамтарсан бэлтгэл хийх санал тавьдаг уу?
-Надтай өрсөлддөг байсан гадаадын тамирчид одоо дасгалжуулагч болсон. Бид хааяа тэмцээний үеэр таардаг юм. Узбекистанд зохион байгуулсан тэмцээнд тамирчдаа аваад очиход Филиппин, Тайванийн тамирчин дасгалжуулагч болчихсон ирсэн. Миний ганц хүсдэг зүйл бол гадаадын дасгалжуулагч тамирчдаа хэрхэн амжилтад хүргэж байгааг хооронд нь харьцуулан дүгнэлт хийх. Би өөрийнхөө үеийн дасгалжуулагчидтай найз нөхдийн харилцаатай байдаг. Тухайлбал, Япон, Оросын дасгалжуулагч нар нээлттэй харилцдаг. Тэд “Чи тамирчдаа аваад манайд хүрээд ир, хамтарсан бэлтгэл хийе. Би байр, хоол хүнсийг нь даая. Харин замын зардлаа өөрсдөө гаргаарай” гэдэг. Гэтэл тамирчид маань зардлын мөнгө олох асуудалтай тулгардаг. Би туршлагыг алдааны сургамж гэж ойлгодог. Амжилттай яваа тамирчин туршлага ярьдаггүй. Тиймээс алдаанаас ангид байхыг тамирчдаасаа шаарддаг. Тамирчин байхдаа гаргасан өөрийн алдааг шавь нараасаа харахгүйг хичээдэг юм. Энэ ташрамд, 2002 оноос өнөөг хүртэл бидэнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрүүлж өгсөн Сөүл группийн ерөнхийлөгч Майк Вү болон Д.Өнөрболор нарт талархаж явдгаа уламжилъя.