Хуучнаар Сайд нарын эмнэлэг буюу Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулаад буй. Ингэснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, тэр дундаа хавдар, зүрх, судасны өвчний тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлэх болсон юм. Энэ талаар УХТЭ-ийн ерөнхий захирал С.Энхболдтой ярилцлаа.
...Ангиографын буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасаг элэгний хавдар, зүрхний шигдээстэй хүмүүст үйлчилж байна. Одоогоор тус тасгийнхан 500 гаруй хүнийг оношилж, эмчилжээ. Мөн хөхний хавдрыг соруулах мэс заслын технологи нэвтрүүлж, 10-аад хүнд амжилттай хийлээ...
-Зүрх, судасны өвчний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн үзүүлдэг. Тэр ч утгаараа ачааллаа дийлэхгүйд хүрээд буй. Харин танайх өнгөрсөн тавдугаар сард Зүрхний шигдээсийн нэгжийг таван ортойгоор байгуулсан. Эл хугацаанд ямар ямар үйлчилгээ үзүүлэв?
-Бид Зүрхний шигдээсийнхээс гадна Тархины харвалтын нэгж байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлийн зүүн бүсийн иргэдэд энэ төрлийн өвчний яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн төвүүдийн төвлөрлийг сааруулах ЭМЯ-ны бодлогын хүрээнд бусад эмнэлгийн ачааллыг хуваалцах замаар тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш зүрх, судасны чиглэлээр 30-аад хүнийг оношилж, стент (судас тэлэгч хавчаар) суулгасан. Мөн манай мэдрэлийн мэс засалчид тархи, нуруу нугасны хагалгаа хийж эхэллээ. Тархины харвалтын нэгжийг энэ онд ашиглалтад оруулахаар засварлаж байгаа. Шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд захиалсан.
-Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг хэзээнээс бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах бол гэж иргэд хүлээж байна.
-Юуны өмнө энэ талаар товч мэдээлэл өгье. Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “МОН-8” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд олон улсын стандарт хангасан, 15 000 ам метр талбай бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг барьсан юм. 2019 оны арванхоёрдугаар сараас тасаг, кабинетуудаа хэсэгчлэн нээж, иргэдэд үйлчилж эхэлсэн. Тус төвийн мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, дуран, яаралтай тусламжийн гээд бүх хэсэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Төслийн хугацаа ч дуусаж байна. 2020 онд багтаан иргэдэд бүрэн хүчин чадлаараа үйлчилнэ. Тэр үед тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн, оношилгоо, эмчилгээний нэр, төрөл олширсон, олон улсын жишигт хүрсэн байх болно. Тухайлбал, манай Мэс заслын тасаг өмнө нь хагалгааны гурван вакум өрөөтэй, 50 ортой үйлчилдэг байсан. Харин одоо ийм есөн өрөөтэй, Мэс заслын I, II тасагтай, орны тоо 120 болж нэмэгдсэн. Мөн Эрчимт эмчилгээний тасгийн найман орыг 12 болгосон. Үүнийг дагаад мэдрэл, толгой, хүзүү, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, бөөрний хагалгаа хийх боломж бүрдсэн. Дээрх төслийн хүрээнд нээсэн Ангиографын буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасаг элэгний хавдар, зүрхний шигдээстэй хүмүүст үйлчилж байна. Одоогоор тус тасгийнхан 500 гаруй хүнийг оношилж, эмчилжээ. Мөн манай эмнэлгийнхэн хөхний хавдрыг соруулах мэс заслын технологи нэвтрүүлж, 10-аад хүнд амжилттай хийлээ.
Баруун гар талаас хоёр дахь нь С.Энхболд
-Манай улс хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаар харамсалтай нь дэлхийд “тэргүүлж” байна. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд хавдрыг оношилж, эмчлэх өндөр хүчин чадалтай ПЭТ-СТ (Позитрон эмиссийн томограф-компьютерт томограф) суурилуулсан. ХСҮТ-д ч байхгүй эл аппаратад олон хүн “харуулчих” юм сан гэх нь гарцаагүй. Уг технологийн дэвшил нь юу вэ?
-Дүрс оношилгооны энэхүү хосолмол технологийг Монголд нэвтрүүлсэн нь хавдрын оношилгоо, эмчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой. Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-СТ-ыг үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цугт нь барьдаг. Энэ нь нарийн нийлмэл бүтэцтэй, өндөр түвшний аппаратад ашигладаг цацраг идэвхт эцотопын үйлдвэр юм. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжийг гадаадын инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Үүнийг түшиглэн цаашид цөмийн эмчилгээний нэр, төрлийг олшруулах бүрэн боломжтой.
-Ямар тохиолдолд ПЭТ-СТ шинжилгээ хийлгэдэг юм бол?
-Хавдартай хүн бүр заавал хийлгэх ёстой. ПЭТ-СТ оношилгоо нь хавдар бусад эрхтэн, системд үсэрхийлсэн, эсэх, хоёрдогч шалтгаантай юу гэдгийг хүртэл нарийн шинжилснээр эмчилгээний арга тодорхой, оновчтой болно. Эмчилгээний үр дүн ч сайжирна. Хавдартай, хагалгаанд ороод эмчийн хяналтад байгаа ч жилд нэг удаа дээрх шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Монголд ПЭТ-СТ оношилгоог нутагшуулснаар хавдрын тусламж, үйлчилгээнд маш том дэвшил авчирна. Улмаар уг шинжилгээг хийлгэхээр гадаад улсыг зорих иргэдийн тоо цөөрөх нь гарцаагүй. Үүнээс гадна 1.5 биш, гурван теслагийн өндөр хүчин чадалтай MRI (соронзон резонанст томограф) аппарат суурилуулсан нь Монголдоо анхных. Зураг авах хугацаа богино, чанар өндөр тул тархины нарийн оношилгоо хийхээс гадна аарцгийн хөндийн эрхтнүүдийг илүү сайн оношилдог аппарат юм. Мөн ходоод, бүдүүн гэдэсний дурангийн бүрэн автомат угаалгын машинууд суурилуулсан. Ингэснээр дурангийн ариутгал сайжирч, олон улсын стандартад нийцлээ.
-Танайх төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдгийн хувьд орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулахад хэрхэн анхаардаг вэ?
-Эрүүл мэндийн сайдын энэ оны А405 дугаар тушаалаар УХТЭ-ийн үйлчилгээний хамрах хүрээг тэлсэн. Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, нийслэлийн Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх дүүргийнхэнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон. Одоогоор Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд манай эмч нар тус аймгийн Эрүүл мэндийн төвд сүүлийн сар гаруй хугацаанд ажиллаж, танхимын болон ажлын байрны дадлага, сургуулилалт зохион байгууллаа. Цаашид ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүний нөөцийг нь чадавхжуулах тогтмол сургалт явуулж, эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн, шаардлагатай тохиолдолд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслыг хамтран хийнэ. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 8500 ам метр талбай бүхий хоёр блокоос бүрдэх шинэ барилгын ажил 90 хувьтай байгаа. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм билээ. Шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас хангана гэсэн. Хариуцсан бусад эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, сургалт, эмч солилцооны хөтөлбөрөө эхлүүлсэн. Энэ бүхний үр дүнд иргэд чанартай тусламж, үйлчилгээг тухайн оршин суугаа аймаг, дүүргийнхээ эмнэлгээс цаг алдалгүй авах, төв эмнэлгүүдийн ачаалал, хүлээгдэл буурах давуу талтай.
-Говьсүмбэр аймаг 17 000 хүнтэй ч дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй, осол, гэмтэл их гардаг гэж сонссон. Нэгдсэн эмнэлгийнх нь хүний нөөц хангалттай юу?
-Нийт 136 ажилтантай. Үүний 32 нь эмч, 60 нь сувилагч, бусад нь асрагч, удирдах болон дэмжих үйлчилгээний ажилтан. Манай эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлгийн эмч нэг сарын хугацаатай тус эмнэлэгт ажиллаж байгаа. Цаашид ямар тасаг, нэгжид юуны чиглэлээр эмч бэлдэх шаардлагатай нь тодорхой болно. Мөн аймгийн эмч нар манайд дадлагажих юм. Ажлын байран дахь дадлага, сургуулилалт хамгийн үр дүнтэй, богино хугацаанд чадавхжуулдаг.
-Орон нутагт томилолтоор ажиллаж байгаа эмч нарынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?
-Томилолтоор ажиллаж байгаа эмч нарт тухайн орон нутагт нь хоёр өрөө орон сууц тохижуулж, амьдрах боломж, нөхцөлийг нь ЭМЯ-наас бүрдүүлж өгч буй. Үүнд эмч нар сэтгэл хангалуун байдаг. Орон нутагт ажиллах хугацаандаа цалин, томилолтын зардлаа ч зохих журмын дагуу авдаг. Энэ бүхэн II шатлалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилготой.
Манайх иргэдэд зориулсан Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв нээсэн. Нийслэл, дүүргийн хариуцсан эмнэлгүүдийн төлөөлөл ирж, төвийн үйл ажиллагаатай танилцсан. Цаашид бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчилсөн хойноо биш, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн.