“Сайн санаа амьтанд” ТББ-ын тэргүүн М.Ариунсанаатай ярилцлаа.
-Бэртэж, гэмтсэн амьтдыг хамгаалах зорилгоор төрийн бус байгууллага байгуулсан гэж сонссон. Хэзээнээс амьтан тэжээж эхлэв?
-Би бага сургуульд байхдаа л нохойд хайртай хүүхэд байсан. Гудамжинд хаягдсан, “золбин” гэж ад үзэгдсэн нохойг гэртээ аваачаад тэжээчихдэг. Ганц, хоёр гэж цуглуулсаар түрээсийн жижиг өрөөнд минь 5-6 нохой амьдардаг болов. 2014 онд 20 гаруй нохой тэжээх болсон учир Амьтан асрах төв байгуулахаар шийдсэн юм. Зорилгоо бага багаар биелүүлж, жил гаруйн өмнө “Сайн санаа амьтанд” ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө манайд 57 нохой, дөрвөн муур бий. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй нохой тэжээж, 50 орчмыг нь эзэнтэй болгожээ.
-Энэ олон нохойг тэжээхэд багагүй хүндрэл учрах байх.
-20 гаруй нохойг гөлөг байхаас нь тэжээсэн. Харин бусдыг нь бэртэж, гэмтсэн байхад нь гудамжнаас олсон юм. Бүгд л зовлон үзсэн амьтан учир нэгэндээ муухай аашлах, зодолдох тохиолдол бараг гарахгүй. Хоол идэхдээ ч эвтэй байдгаас гадна хашаанаас гараад явсан нэгнээ олоод ирдэг. Хүнтэй зүйрлэвэл хүмүүжил сайтай гэж болно.
Усанд оруулах, гадуур салхилуулах үед бидэнд багагүй бэрхшээл тулгардаг. Манайх тохилог байргүй учир худгаас ус зөөн, халааж нохдоо усанд оруулдаг. Мөн олны хөлөөс зайдуу салхилуулна. Тэд минь хүмүүс харахаараа тоглох гээд гүйгээд оччихдог. Харин олон нохой бөөгнөрснийг харсан зарим нь айж, сандарсандаа чулуу шидэх нь элбэг. Ингээд л чулуунаас өөрийгөө хамгаалах гэсэн нохой хүн рүү дайрдаг. Тиймээс өдий хүртэл бид хүний хөлөөс хол газар сонгон нүүж, сууж явна.
-Нохойдоо үйлдвэрийн хоол өгдөг үү, эсвэл өөрөө хоол хийж байна уу?
-Энэ олон нохойг үйлдвэрийн хоолоор тогтмол тэжээж чадахгүй. Өдөрт 60 орчим кг хоол иддэг гэж тооцвол 240 гаруй мянган төгрөг болно гэсэн үг. Бид өдөр бүр ийм хэмжээний мөнгөөр нохдоо хооллох боломжгүй. Тиймээс заримдаа л үйлдвэрийн хоол өгдөг. Ихэнхдээ өөрөө хоол хийж байна. Өдөрт 100 гаруй литр шөлтэй хоол хийдэг юм. Үүнд 25 кг гоймон, эсвэл шар будаа хэрэгтэй. Аль болох чанаж, бүрэн боловсруулсан хоол өгөхийг эрмэлздэг.
-50 гаруй нохой үрчлүүлсэн гэсэн. Эзэдтэй нь холбоотой байдаг уу?
-Олонх нь холбоо тасарсан. Үрчилж авсан амьтнаа зодох, алдах тохиолдол их. Гэхдээ сүүлийн жилүүдэд амьтанд хайртай залуус олширсон учир байнга холбоотой байж, зургийг нь илгээдэг. Гурван жилийн өмнө автомашины зам дээрээс дөрвөн сартай гөлөг (Улаанаа) олсон юм. Түүнийг манай асрах төвөөс нэг австрали эр үрчилж авсан. Түүний зургийг тогтмол илгээж, бие нь сайн байгааг дуулгадаг тэр залуу зургаан сарын дараа Франц явахаар болсноо хэлж билээ. Одоо Улаанаа маань тэнд амьдардаг. Амьтанд сэтгэлээсээ хайртай хүмүүс энэ мэтчилэн холбоо барьж, сайн тэжээж буйгаа дуулгадаг.
-Амьтад өвдөхөөрөө хүнтэй адил уурлаж, бухимддаг гэж сонссон. Тэгж ажиглагддаг уу?
-Өвдөж, зовсон ноход манай төвд олон бий. Сохор, тэргэнцэр дээр суудаг, хөл, сарвуу нь хугарч, гэмтсэн гээд энд өвдөж үзээгүй амьтан үгүй. Ихэнх нь автомашинд дайруулснаас болж бэртсэн. Манай нэг нохой (Итгэл) одоо хоёр настай. Анх таван сартай бяцхан амьтан автомашинд мөргүүлсэн байхыг нь олсон юм. Хойд хоёр хөл нь мэдээгүй болсон түүнийг амьтны эмнэлэгт хүргэхэд “Унтуулах тариа хийх шаардлагатай. Дахиж алхаж, гүйж чадахгүй” гэсэн. Харин тэр өвчнөө үл тоон, надтай тоглож байхыг нь хараад унтуулах тариа хийлгүүлэхгүй, өөрөө тэжээхээр шийдсэн. Одоо живх өмсөж, тэргэнцэр дээр суудаг. Бусдаасаа илүү хурц ааштай нь үнэн. Тэд ч мөн зүрх сэтгэлтэй учир тоглож, алхаж чадахгүй байгаадаа уурлаж, бухимдана шүү дээ.
-Танайх амьтдынхаа эрүүл мэндэд хэрхэн санаа тавьж байна вэ?
-Дархлаажуулалтын вакциныг 21 хоногийн зайтай, гурван удаа хийх ёстой. Харин галзуугийнхыг жилд нэг удаа хийлгэнэ. Нэг нохойг вакцинд хамруулахад 30-40 мянган төгрөг шаардлагатай. Сайн дурынхан, эсвэл эмнэлгийнхэн энэ ажилд тусладаг. Мөн “Азтай савар” ТББ-ынхан спей аргаар нохойн үржлийг зогсооход тусалдаг юм. Тэднийх нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулсан, гишүүн олонтой учир туслах хүн цөөнгүй. Цаашид асрах төвөө өргөжүүлж, Монголын анхны амьтны асрамжийн газар болгох мөрөөдөлтэй.
-Амьтанд хайртай залуус сүүлийн жилүүдэд олширсонтой санал нийлж байна. Гэхдээ бага насны хүүхдүүд амьтан, тэдний үр зулзагыг зовоох нь бий. Хүүхдийн хүмүүжилд амьтан хайрлах сэтгэлгээ чухал гэж боддог уу?
-Бага насны хүүхдүүд амьтан зовоож, тэр ч бүү хэл, амийг нь таслах тохиолдол ч цөөнгүй болсон нь үнэн. Үүнд сэтгэл эмзэглэдэг. Хүүхэд ийм үйлдэл хийх нь эцэг, эхээс шууд хамааралтай. Тэд хүүхдийнхээ боловсролд бага ч гэсэн анхаарч, амьтан хайрлах, өсгөх ухаанд сургавал сайн сан. Харамсалтай нь, зааж, зөвлөж, үлгэрлэх ёстой томчууд нь машинаараа нохой дайрчихаад зугтчихдаг. Тэгэхээр багачууд амьтан хайрлаж мэдэхгүй, зовоох нь ойлгомжтой шүү дээ. Уг нь амьтан хайрлаад сурчихвал хүн чанартай, зөөлөн, дөлгөөн болж төлөвших байх.