Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Аюурзанатай ярилцлаа.
-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Цар тахлын үед хийсэн айлчлал учраас хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсангүй. Гадаад харилцааны яамны албан мэдээллийг л бид эх сурвалж болголоо. Та эл айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Төрийн зөвлөлийн гишүүн бол үндсэндээ манай Шадар сайдын зиндааны албан тушаалтан. Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахаасаа өмнө ОХУ-д болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон. Улмаар ОХУ, Казахстан, Киргизэд айлчлаад, манайд ирлээ. Энэ бол цар тахал дэгдсэнээс хойш манай улсад хийсэн хамгийн том албан ёсны айлчлал. Цар тахлын улмаас улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд айлчлалаа зогсоосон байсан. Харин сүүлийн үед энэ шинэ нөхцөлд дасан зохицож, өндөр хэмжээний айлчлалыг бусад улс орон ч хийж эхэллээ. Жишээ нь, сайд Ван И наймдугаар сард Европын орнуудад айлчилсан шүү дээ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар сайд Ван И-г хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр орны харилцааны нэн чухал олон асуудлаар санал солилцсон байна лээ. Ялангуяа цар тахлын үед халдвараас хамгаалахын зэрэгцээ улс орны хоорондын харилцааг хөгжүүлэх талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан байна. Тиймээс энэ айлчлал манай орон, Монгол, Хятадын харилцааны хувьд ч чухал ач холбогдолтой. Үүний тодорхой илрэл нь өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадгалсан явдал. Энэ оны хоёрдугаар сард манай Ерөнхийлөгч Хятадад айлчилсан. Үндсэндээ Ерөнхийлөгчийн айлчлалын хариу айлчлал боллоо гэж албаны хүмүүс дүгнэж байгаа. Манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ харилцааг улам ахиулсан, цаашид сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой айлчлал боллоо. Улс төрийн болон олон улсын асуудлаар санал солилцсон. Мөн худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг цаашид яаж сэргээн хөгжүүлэх, цар тахлын өмнөх түвшинд хэрхэн аваачих вэ гэж ярилцсан байна. Сайд Ван И нутагтаа очоод саяын айлчлалуудын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Дөрвөн оронд хийсэн айлчлалаа их өндөр үнэлжээ. Түүний дотор цар тахлын үед БНХАУ халдвар, хамгааллын хатуу дэглэм баримтлахын зэрэгцээ гадаад харилцаагаа үе шаттайгаар сэргээх алхмууд хийж байгааг дурдсан байна билээ.
Яг манай орны хувьд авч үзэхэд, ялангуяа манай эдийн засаг ийм хүнд үед хийсэн эл айлчлал энэ чиглэлийн хамтын ажиллагааг урагшлуулахад их түлхэц болох нь. Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тус дөхөм үзүүлнэ. Нүүрсний экспортыг улам нэмэгдүүлэх талаар хоёр тал ярилцаж, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтарсан комиссын уулзалтыг биечлэн хийхээр тохиролцлоо. Айлчлалын үеэр эцэслэн тохирсон нэг зүйл нь манайхаас Хятад руу гурил экспортлох. Улаан буудайн болон хөх тарианы гурил гаргах ерөнхий нөхцөлөө тохироод хэлэлцээр байгуулсан. Хэрэв энэ жил манайх өндөр ургац авбал Хятад руу улаан буудай, хөх тариа гаргах бүрэн боломжтой гэсэн үг. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох талаар Ерөнхийлөгчийн уулзалт, сайд нарын албан ёсны хэлэлцээрийн үеэр ч ярьсан. Үүний дагуу малын өвчин гараагүй баруун бүсээс мах экспортлох талаар ярьжээ.
-Аливаа айлчлалын үр дүнг баримт бичгээр хэмжиж, нотолдог гэдэг. Энэ үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдийн агуулга, ач холбогдлыг тайлбарлахгүй юу?
-Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар 700 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болж байна. Тус улс манайд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ 2017 онд илэрхийлж, ажил хэрэг болгож ирсэн. Хоёр тэрбум юанийн сүүлчийн хэсэг нь гэж ойлгож болно. Үүнийг яаж ашиглахыг Засгийн газар шийдэх байлгүй. Эхний хоёр хэсгийг нь гаалийн хяналтын тоног төхөөрөмж авах, гэр хорооллын төлөвлөлт, тохижилтод ашигласан байх. Хоёрдугаарт, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцсон. Үүгээр төмөр замын шинэ гарц нээхээр болсон нь маш чухал. Замын-Үүд-Эрээнээс гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч гэсэн төмөр замын гурван боомттой болно. Ингэснээр манай тээвэр, ложистик сайжирч, Хятадын зүүн бүс рүү нүүрсээ экспортлох боломж бүрдэх юм.
-Сайд Ван И-г ирэхтэй зэрэгцэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйн хэвлэлд өгсөн ярилцлага нэлээд анхаарал татсан. “Хятадад нүүрсний хэрэглээ багасаж байна. Нүүрсний хэрэгцээ бараг байхгүй” гэж ярьсныг нь та уншсан л байх. Энэ тухайд юу хэлэх вэ?
-БНХАУ-ын дарга Си Зиньпин манайд айлчилж төр, засгийн удирдлагуудтай уулзахдаа хэлсэн нэг зүйл бий. “Монгол Улс ямар бүтээгдэхүүнээ зарна, юу хийнэ гэсэн санал, санаачилга гаргана, түүнийг бид дэмжинэ” гэсэн. Хамгийн том даргынх нь ингэж хэлснээс авч үзвэл манай нүүрсний экспортыг Хятад дэмжих нь тодорхой. Дэмжинэ гэдэг нь хэрэгцээгүй шахам байсан ч авна гэсэн санаа. Хятадын хэрэгцээ асар их, манай нүүрс бага. Энд тэгтлээ эмзэглээд байх зүйлгүй. Тэгээд ч Хятад өөрөө нүүрсний нөөц ихтэй. Ялангуяа хойд муж болох Өвөр Монгол, Шаньсид нүүрсний нөөц их бий. Гэхдээ өдий хүртэл манай нүүрсийг авсаар л ирсэн. Уг нь авахгүй байж болох л байхгүй юу. Энэ бол хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг хөгжүүлэх бүтээгдэхүүн. Хятад улс үүнийгээ зогсоохгүй болов уу.
-Ер нь Гадаад хэргийн сайдын түвшний айлчлалыг хэдий хугацааны өмнө төлөвлөж, бэлддэг юм бол. Олон нийтийн уур амьсгалаас харахад бэлтгэл муутай байсан гэж зарим эх сурвалж тэмдэглэсэн байсан. Өвөр Монголын бичиг, соёлын асуудалтай холбоотойгоор манайд гэнэт ирлээ гэх мэтээр ярьж байсан шүү дээ.
-Өндөр хэмжээний буюу Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын айлчлал бэлтгэл их шаарддаг. Бараг 1-2 жил бэлддэг. Үүнтэй харьцуулбал Гадаад хэргийн сайдын айлчлалыг бэлтгэхэд гайгүй. Ер нь Гадаад хэргийн сайдын түвшний айлчлал нь өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл болдог. Манайхан зохих журмаараа бэлтгэл хангасан гэж үзэж байна. Хоёр, гурав хоногийн өмнөөс бэлдээгүй нь ойлгомжтой. 1-2 сарын хугацаанд Гадаад хэргийн сайдын айлчлалд бэлтгэж болно.
Аливаа айлчлалын хүрээний асуудлыг янз бүрийн зүйлтэй холбон яриад байж болно. Сая ирсэн нь зөвхөн Өвөр Монголын бичиг, соёлтой холбоотой биш болохыг миний эхэнд хэлсэн мэдээллээс анзаарч болох л асуудал. Өөрөөр хэлбэл, сайд Ван И эхлээд Орост болсон уулзалтад оролцсон. Ирэх арваннэгдүгээр сард ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болох учраас наана нь Гадаад хэргийн сайд нар нь уулзсан. Ингээд Орос, Киргиз, Казахстанд айлчилжээ. Магадгүй манайхыг орхичихоод явбал бид “Яагаад манайхыг тойроод явчихав” гээд бас нэг юм хэлэх л байх. Урьдчилж төлөвлөсөн айлчлал учраас энэ нь Өвөр Монголын бичиг, соёлтой холбоотой үүссэн асуудалтай холбоогүй.
-Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх Өвөр Монголын хэл, бичигтэй холбоотой асуудал, түүнд эмзэглэж, эгдүүцэж байгаа манайхны үзэл бодол, үйлдлийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү. Сайд Ван И-гийн айлчлалын албан мэдээнд хоёр улсын дотоод асуудалд аль аль нь оролцохгүй тухай тэмдэглэсэн байсан.
-Олон улсын харилцааны түгээмэл зарчмууд гэж бий. Улс орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, бүрэн эрхт байдлыг нь хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх гээд ямар ч орон аль нэг улстай харилцахдаа энэ зарчмыг л баримталдаг. Харин манайхан үүнээс ганц “дотоод хэрэгт үл оролцох” гэдгийг нь тасалж авч, яриад байгаа юм. Үүнээс өөр олон зарчим бий шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэдэг чинь “дотоод хэрэгт оролцохгүй байх”-аас илүү чухал зарчим биш гэж үү. Үүнийг л баримталж, хэлж, нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүнийг Өвөр Монголын асуудалтай холбож болохгүй.
Нөгөө талаас манайх ардчилсан улс. Хүмүүс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ үүднээс хэлбэл, иргэд нь лоозон бариад жагсах, айлчлалыг эсэргүүцэх нь ардчилсан улсад байдаг л зүйл. Үүнийг хориглож, буруушааж болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Англид очиход жагсаад, эсэргүүцэж л байсан. Үүнээс ялгаагүй. Гагцхүү эсэргүүцлээ хэтрүүлж болохгүй. Үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх хэрэгтэй.
-Ардчилсан улсын иргэдийн эсэргүүцэл хөрш орныхоо удирдагчдыг эмзэглүүлэх юм биш биз?
-Хятадад мэдээлэл, технологи манайхаас илүү хөгжсөн. Иргэд нь дэлхийн байдлыг харж л суугаа шүү дээ. Ардчилсан орнууд гэлтгүй Африк, Арабад ч жагсаж л байна. Хүмүүс эрхээ л эдэлж буй хэрэг.
-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нар өнгөрсөн оны есдүгээр сард гарын үсэг зурж, хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын хоорондын гэрээний батламж жуух бичгийг сайд Н.Энхтайван, С.В.Лавров нар солилцсон. Манай улс БНХАУ-тай ч иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ нь харилцааны дээд түвшнийг илэрхийлэх ойлголт гэдэг талаас нь бидэнд тайлбар, мэдээлэл өгөхгүй юү?
-“Иж бүрэн стратегийн түншлэл” гэдэг нэр томьёо XX зууний сүүлчээр, Хүйтэн дайны дараа гарч ирсэн. Таны хэлсэнчлэн улс орнуудын харилцааны хамгийн өндөр түвшнийг ингэж тодорхойлоод байгаа юм. Магадгүй XXI зуунд шинэ нэр томьёо гарахыг үгүйсгэхгүй. Иж бүрэн, цогц харилцаагаа алс хэтдээ ч хадгалж, баримтална гэсэн санаа. Стратеги бол алс хэтийн том төлөвлөгөө учраас ирээдүйгээ харж байна гэсэн утгатай.
-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой ирэх онд болно. Энэ ойг хэрхэн, яаж тэмдэглэх талаар ярьж, тохиролцсон. Энэ тэмдэглэлт ой том арга хэмжээ болох байх. Нэгэн зууны түүх шүү дээ. Мөн Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалтай адил цар тахлаас болоод зогсонги байдалд орсон харилцааг сэргээх зорилготой. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа үүнд нэлээд чухал байр суурь эзэлнэ. Сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссынхонтой уулзсан. Уг комисст Орос болон Төв Азийн орнууд багтдаг. Тэд нэгдсэн тарифтай. Бид Евразийн эдийн засгийн комисстой тарифаа тохирч чадвал Орос, Казахстан гээд гишүүн орнуудтай адил тарифтай болох юм. Энэ комисстой хамтран ажиллах асуудлыг Ерөнхий сайд С.Баярын үед ч ярьж л байсан. Манай экспортын барааны тарифыг буулгах хүсэлтийг хойд хөршид тавьж ирсэн. Оросууд бидний өөдөөс “Евразийн эдийн засгийн комисстой яриа, хэлэлцээ хийгээд, тарифаа тохирчих” гэдэг. Мэдээж төмөр зам, хийн хоолойн төслийн талаар ярилцсан байх.
-Хоёр хөршийг холбох хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулбал манай гурван улсын харилцаа, хамтын ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарах байх.
-Их өөрчлөлт гарна. Ялангуяа манай улсад маш чухал. Бид зөвхөн өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй нутаг дэвсгэрээрээ дамжуулсны төлбөр авна. Эндээс манайд валютын асар их орлого ирнэ. Ажлын байр ч нэмэгдэнэ. 1200 орчим км үргэлжлэх хоолойг дагасан дэд станц бүр тодорхой тооны мэргэжилтэн, ажилчинтай байна. Оросын тал зарчмын шийдвэрээ гаргачихсан ч төсөл эхлээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч үүрэг, даалгавраа өгчихсөн учраас хэрэгжихгүй гэх асуудал байхгүй болов уу. Гагцхүү бид урагшлуулах, хурдасгах талаас нь ярих хэрэгтэй. Хоёр талын ажлын хэсэг байгуулж, манайхаас Шадар сайд ахалж байгаа юм билээ.
-Ярилцлагын төгсгөлд ШХАБ-ын талаарх байр суурийг тань сонирхоё. Манай улс энэ байгууллагад элсэх ёстой юу?
-Энэ байгууллагын гишүүн болох тухайд манайхан “Судалж байна” гэсэн албан ёсны хариулт хэлдэг. ШХАБ бол бүс нутгийн том байгууллага. Цэргийн эвсэл мэтээр харж болохгүй. ШХАБ-ын дүрэм, баримт бичгүүдэд цэргийн эвсэл биш, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны байгууллага гэж тодорхойлсон. Манайх ажиглагчийн статустай. Тиймээс гишүүн орнуудын адил үйл ажиллагаанд нь тэр бүр орж чадахгүй. Сая Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад манайхыг уриагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэнд юу ярьж байгааг бид мэдэхгүй. Энэ талаас нь авч үзвэл хойш суугаад байх нь зөв биш. Манайх ажиглагч болоод 16 жил өнгөрлөө. Ирэх жил ШХАБ-ын 20 жилийн ой болох гэж байна. Манайхаас сүүлд ажиглагчийн статус авсан Пакистан, Энэтхэг гишүүн болчихоод байна. Хоорондоо маргаантай энэ мэт улс ШХАБ-ын гишүүн болсон байхад манайх тус байгууллагад элсэхэд төвөг, саад гарахгүй болов уу. Монгол Улс дотооддоо ямар ч зөрчил, маргаангүй шүү дээ. Эдгээр улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж яриад байгаа мөртлөө дорвитой урагшилдаггүй. Магадгүй шалтгаан нь манайх ШХАБ-д орохгүй байгаатай холбоотой байх. Судалгаагаа хурдасгах хэрэгтэй. “Судалж байна” гэдэг бол хүний ам тагласан л хариулт шүү дээ. Яаж судалж байгаа юм, хэр ахицтай яваа нь мэдэгддэггүй.