Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олон 80 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна. Тус чуулгыг 1940 онд тухайн үеийн Дотоод явдлын яамыг толгойлж байсан, өрлөг жанжин Х.Чойбалсан улсын хил хамгаалж буй хилчдэд урлагаар үйлчлэх, сэтгэл санааг нь дэмжих нэгж байх ёстой гэж үзэн, зарлиг буулгаж байгуулсан түүхтэй. Энэхүү чуулгын хөгжмийн албаны дарга, ерөнхий удирдаач, хошууч Н.Даваасүрэн, бүжиг албаны дарга, ерөнхий бүжиг дэглээч, хошууч С.Алтансэлэм нартай баярынх нь өдрийг угтуулж уулзсан юм.
ЧУУЛГЫНХАА ТҮҮХИЙГ ӨГҮҮЛСЭН ЦОМХОН КОНЦЕРТ БЭЛТГЭЛЭЭ
Эхлээд Н.Даваасүрэн маэстротой ярилцлаа.
-Та бүхэн жилийн ихэнх хугацаанд Монгол Улсынхаа хилээр тойрч цэрэг, дайчдад тоглолтоо үзүүлдэг юм байна. Уран бүтээл нь гол төлөв цэрэг, эх орны сэдэвтэй байдаг уу?
-Мэргэжлийн урлагийн аливаа байгууллагын урын сангийн бодлого гэж бий. Манай нийт уран бүтээлийн 60-70 хувь нь цэрэг, эх орон, хилийн тухай, хилчдээ магтан дуулсан агуулгатай байдаг. Тэдэнд эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой. Бусад нь аав, ээж, нутаг, нугаа гэсэн сэдэв, өнгө аястай бүтээл юм. Залуучууд орчин үеийн чиг хандлагатай бүтээл туурвих нь бол чөлөөтэй.
-Маэстро, та найрал хөгжмөө ганцаараа удирдаж байна уу?
-Бас нэг удирдаач бий. Манайд ажиллаж байгаад хойд хөршийг зорьсон Мөнхсайхан гэж залуу бий. Өдгөө ОХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит Цэргийн хөгжмийн дээд сургуульд суралцдаг. Төгсөх дөхөж байгаа.
-80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтынхоо тухай ярина уу?
-Цомхон, чуулгынхаа түүх, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг харуулсан 45 минутын концерт бэлтгэсэн. Чуулгын үйл ажиллагаа, уран бүтээлийг гурван үед хувааж авч үздэг юм. 1940-1953 оныхыг ууган чуулга гэж тооцдог. 1953 оноос татан буугдаад 1971 оноос группийн зохион байгуулалттай болсон. 1974 оноос хоёр дахь удаагаа байгуулаад идэвхтэй ажиллаж байтал 1990 онд Хилийн цэргийн болон Бүх цэргийн гэсэн хоёр чуулгын хэрэг байхгүй гээд дахиад тараасан. Гэтэл амьдрал дээр хэрэгцээ зайлшгүй байдаг нь нотлогдсон тул 2001 оноос гурав дахь үеийн чуулгыг байгуулсан юм. Өнөө хүртэл хилчдэдээ амжилттай үйлчилж байна. Энэ гурван үеийн үйл ажиллагаа, уран бүтээлийн тухай мэдээллийг үзэгчдэд товч, тодорхой өгөхийг зорьж концерт бэлтгэлээ. Тоглолтын эхэнд нэг бүтээл сонсгоно. Энэ нь манай хамт олон 2018 онд анхлан олон түмэнд сонсгосон, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун болон манай чуулгын ерөнхий найруулагч У.Пүрэвсүрэн нарын цомнолоор чуулгын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуягийн туурвисан “Байтаг Богд” хэмээх магтуу юм. Тухайн жилд “Алтан намар” хөгжмийн наадамд сойход улсын сангийн шилдэг бүтээлээр бүртгэсэн. Үүнийгээ 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх ахмадууддаа сонсгох гэж буйдаа баяртай байна. Манай чуулгынхан 2003 онд “Хөхөө Намжил” дуурь тавьсан юм. Хөгжимчид, дуучдад мэргэжлийн ур чадвараа сорих сонирхол, шаардлага байдаг тул дууны томоохон уран бүтээл хийе гэж уг дуурийг сонгосон. Тэр туршлагадаа тулгуурлаж “Байтаг Богд” магтуугаа гаргаж байлаа.
-Мэргэжлийн чуулгын ерөнхий удирдаачид хамт олондоо ч, уран бүтээлд ч нөлөө ихтэй хүмүүс байдаг. Аль үеийн хэн, хэн гэдэг удирдаачдыг үзэгчид андахгүй сайн мэддэг вэ?
-Алдарт “Амрагийн дуу”, “Монгол морь”-ийг зохиосон Лха.Дорж бол анхны удирдаач. Монголын урлагийн анхдагч Уран сайхны сургуулийг төгсөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг мэргэжлийн түвшинд хүргэх гэж, урын сантай болгох гэж их зүтгэсэн уран бүтээлч юм билээ. “Хилчний уянга” дууны гэхээр андахгүй Ю.Хөнхөр, “Миний ардын сэтгэл цагаан”, “Застав минь баяртай”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэх зэрэг дуу зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Эрдэнэбат, 1971 оноос хойш хөгжимчин, удирдаачаар ажилласан Т.Эрдэнэ-Очир, мөн урлагийнхан “хоовон” гэж дууддаг Г.Энхбаяр гээд нэр хүндтэй олон уран бүтээлч ажиллаж байлаа. “Хоовон” бол улс төрийн дууны “Хилчин” хамтлагийн дунд үеийн нэртэй төлөөлөгч. Одоо чуулгын даргаар ажиллаж байгаа Ганхуяг ч гэсэн оркестр удирдаж байлаа. Мөн хошууч Отгонтогтоол, Ч.Жаргалсайхан, Ч.Гонгормаа, Э.Ганбаатар, Н.Батбаяр нарыг нэрлэж болно. Би чуулгадаа 1999 онд хөгжимчнөөр ажилд орсон, эдүгээ 21 дэх жилдээ хамт олныхоо дунд байна. 2009 оноос удирдаачаар ажиллаж байгаа.
ХИЛИЙН ДАГУУ ДУУЛЖ,БҮЖИГЛЭЖ ЯВАХ НЬ ЖАРГАЛ
Бүжиг албаны дарга, ерөнхий бүжиг дэглээч С.Алтансэлэмтэй үргэлжлүүлэн ярилаа.
-Та хамт олон, уран бүтээлийнхээ талаар ярина уу?
-Манай бүжиг анги мөн л 80 жилийн түүхтэй. Анхны багш нь П.Лувсандаш гэж “Улаан дарцаг” киноны ламын дүрд тоглодог уран бүтээлч юм. Анхны найман бүжигчний нэг нь “Элбэг дээл” кинонд өндөр ахын дүр бүтээдэг Нямбуу. Манай бүжигчид бусад чуулга, Цэргийн ансамбльтай хамтарч тоглолт нэлээд хийдэг байсан юм билээ. Байгуулагдаад удаагүй байхад бүжигчид БНАСАУ-д болсон Дэлхийн залуучуудын их наадмаас шагнал авсан тухай тэмдэглэсэн байдаг.
1953 онд татан буулгахад Бүх цэргийн ардын дуу бүжгийн ансамбльтай нийлүүлсэн түүхтэй. 1973 оноос хойш Ихбаяр, Дэлгэрцэцэг, Ядамсүрэн зэрэг мундаг багш нар ажиллаж байв. Цэргийн албыг таван жил хаадаг байхад авьяастай залуусыг сургагч, жүжигчин, уран бүтээлч гэсэн гурван чиглэлээр шалгаж татан аваад бүжигчнээр ажиллуулдаг байжээ. Сонирхолтой байгаа биз. Тэгэхээр тэр үеийнхэн бүжиглэдэг, жүжиглэдэг, заадаг байж. 1971 оноос алдарт С.Сэвжидийн шавь Гавьяат жүжигчин С.Жавзмаа багш одоогийн ҮУИТ-аас ирж 1993 он буюу чуулгыг татан буулгах хүртэл багшилж, уран бүтээл туурвиж байлаа. Тэр үед манайх 20 гаруй бүжигчинтэй байхад С.Сүхбаатар, Б.Жамъяндагва, Долгор, Гүрбазар гэсэн бүжгийн алдарт мастер ирж уран бүтээл тавьдаг байсан юм билээ. Сүүлд 2001-2005 он хүртэлх хугацаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас Б.Пүрэвдаваа гэж туслах балетмейстер багш ирж, найман бүжигчинтэйгээр үйл ажиллагааг сэргээсэн. “Цэргийн” чуулгад туслах найруулагчаар ажиллаж байсан энэ багш манайхыг уран бүтээлийн хувьд шинэ түвшинд гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 1971-1993 он хүртэл манай бүжигчдийн “Украин бүжиг”, “Хилчний нэг өдөр”, “Биелгээ” гэх зэрэг хэдэн бүжгийг Төрийн хүндэтгэлийн концертуудад байнга оролцуулдаг байлаа. Трюк гэдэг дээ, элдэв янзаар эргэх үзүүлбэрээрээ манайхан Цэргийн чуулгынхантай дүйцэхүйц байв. Тэр үед бүжигчид өөрсдөө санаачлаад бригадаар 40-60 хоногийн хугацаатай явдаг байсан. Жирэмсэн бүсгүйчүүд ч “Би явах ёстой, үүргээ гүйцэтгэнэ” гээд эрчүүдээс дутахгүй зүтгэдэг байжээ. Бүжигчид агуулгыг биеийн хөдөлгөөн, сэтгэлээрээ илэрхийлдгээр онцлог. Сайхан мэргэжил дээ.
-Одоо танайх хэдэн бүжигчинтэй вэ?
-30 гаруй бүжигчинтэй. Хоёр бүжиг дэглээч багштай. Нөгөөх нь Р.Сүхбаатар. Манай уран бүтээлчид олон улсын бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцдог. БНСУ-ын Вон Жу/Кванжу хотод болсон Дэлхийн залуучуудын бүжгийн наадамд III байр эзэлсэн. Жил бүр Сөүл хотод болдог бүжгийн А зэрэглэлийн уралдаанд тусгай байр эзэлсэн удаатай.
-Амжилтаар арвин юм байна. Хилийн цэргийн чуулгынхан улсынхаа хилийг тойрч тоглолтоор явж байхдаа жаргадаг гэвэл арай дэгсдүүлсэн болох уу?
-Тангараг өргөсөн алба хаагчид, ийм үүрэг хүлээсэн уран бүтээлчид болохоор үнэнийг хэлэхэд хилийн дагуу дуулж, бүжиглэж явахдаа жаргалтай байдаг. Саяхныг болтол, 2005 он хүртэл “ЗиЛ-130” машинаар явдаг байлаа. Дараа нь ПАЗ автобустай болсон.
-Хилийн дагуу “амьдарч” явахдаа тэмдэглэл хөтөлсөн, магадгүй ном болгосон уран бүтээлчид байдаг уу?
-Байлгүй яах вэ. Дуучин Б.Ганчимэг гавьяат, Б.Ганхуяг дарга гээд бий.
-Сонирхолтой адал явдал тохиолддог байх даа?
-Байнга. Бид хил зөрчигч ч барьж байлаа.
-Яаж тэр вэ?
-Заставаас заставын хооронд явж байтал хээр үүргэвч үүрсэн гурван хүн явж байхтай таарсан юм. Тэд Хойд Солонгосын иргэн байсан л даа. Бид тэр даруйд арга хэмжээ авч, заставын даргад хүлээлгэж өгсөн.
-Хятадын хилчид мэдсээр байж оруулсан байж болох уу?
-Мэдэхгүй. Юутай ч манай нутаг дэвсгэрт ороод ирчихсэн алхаж явсан.
-Эх оронд нь амьдрал хэцүү болохоор зугтаж яваад баригдсан байж таарах нь. Мэдээгүй юм шиг тавиад явуулчихвал яах вэ?
-Болохгүй шүү дээ. Хуультай юм чинь.
-Сонирхол татаад байна, чуулгын дуучид, хөгжимчид, бүжигчид буудаж чадах уу?
-Бид бүгд байнгын бэлтгэлтэй байдаг.