Волейболын спорт тамирчдын хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна нэгнийгээ хүндэтгэх, ойлгох чадвар суулгадаг. Энэ спортоор сонирхон хичээллэх залуусын тоо сүүлийн жилүүдэд олширчээ. Тэдний нэг, саяхан спортын дэд мастерын болзол хангасан Я.Норжунмаатай ярилцлаа. Тэрбээр “Тэнүүн огоо” клубийн тамирчин юм.
-Та волейболын спортод хүч түрэн орж буй залуу тамирчдын нэг. Хэзээнээс энэ спортоор хичээллэсэн бэ?
-Би Баянхонгор аймагт төрж, өссөн. Волейболын спортоор долоон жил хичээллэж байна. Анх аймагтаа спортын мастер Б.Мөнхбат багшийн удирдлагад хичээллэж, тамирчны гараагаа эхэлсэн. Үеийнхнээсээ нуруулаг болохоор багш маань волейболоор хичээллэхийг зөвлөсөн. Манай гэр бүлийнхэн ер нь өндөр хүмүүс. Ах маань улсын шигшээ багт тоглодог байсан спортын мастер А.Батжаргал.
-“Enacorre” клубт хоёр жил тоглоод саяхнаас “Тэнүүн огоо”-д ирсэн гэж сонссон. Яагаад клубээ солих болов?
-Хотод оюутан болж ирээд олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн дасгалжуулагчтай “Enacorre” клубт хоёр жил бэлтгэл хийсэн. Олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар дасгалжуулагчтай “Тэнүүн огоо” клубт харьяалагдан тоглохоор гурван жилийн гэрээ байгууллаа. Одоогоор довтлогчийн байрлалд тоглож байгаа. Залуучуудын улсын аварга, “Дээд лиг”-ийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлсэн. Манай клубийнхэн “Дээд лиг”-ийн өнгөрсөн жилийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Олон амжилт гаргасан, хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийн тамирчин болсондоо баяртай байна.
-13 настайгаасаа эл спортоор хичээллэж эхэлсэн юм байна. Саяхан дэд мастерын болзол хангасан гэсэн. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцаач.
-Мини волейболын улсын аваргын мөнгөн медаль, 2015 онд хангайн бүсийн өсвөр үеийнхний аварга болсон. Хүүхдийн олон улсын VI их наадмын тусгай байр, “Супер найм” тэмцээнээс алтан медаль, шилдэг хаагч, 2018 оны залуучуудын улсын аварга, “Хөгжлийн лиг” болон 2019 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жилийн “Дээд лиг”-т дөрөвдүгээр байрт шалгарсан. Волейбол хүнийг бүх талаар хөгжүүлдэг. Хүмүүжил, ёс суртахуун, сэтгэлгээ, сэтгэл зүйгээ хянах гээд хүнд байх ёстой олон чанарыг олж авч буй минь тэмцээнд аваргалснаас ч илүү амжилт гэж боддог.
-Тамирчин хүнд шантрах үе цөөнгүй гэдэг. Ийм үед өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?
-Бэртэж, гэмтэхээс авхуулаад тамирчдад тулгардаг асуудал олон. Залуу тамирчдын дунд өрсөлдөөн маш их болсон. Ур чадвар техник, сэтгэл зүйн бэлтгэл сайтай, хөдөлмөрч гээд давуу талтай тамирчин цөөнгүй. Тэдэнтэй өөрийгөө харьцуулж, энд нь хүрэхгүй нь дээ гэж гутрах тохиолдол байсан. Ийм үед надад ч бас давуу тал бий гэдгийг ойлгон, дутагдлаа засахыг хичээдэг. Бусад тамирчин чиний өрсөлдөгч биш. Харин гол өрсөлдөгч бол чи өөрөө гэдгийг байнга санаж явах болсон. Тиймээс бусдын зэмлэл, шүүмжлэлийг сайн даадаг. Алдаагаа засаж, залхууралтай тэмцэн, тууштай, чин сэтгэлээсээ хичээвэл бүх зүйл бүтнэ дээ гэж тайвширдаг.
-Таныг хамгийн их дэмждэг хүн хэн бэ?
-Мэдээж багш дасгалжуулагч, багийнхан маань дэмжиж тусалдаг. Намайг хамгийн их дэмждэг хүн бол миний ээж. Ямар ч ажилтай байсан дэмжинэ гээд тэмцээн үзэхээр халуун хоол, цай бариад ирдэг. Гэрээсээ хол, хүнд бэлтгэл хийсний дараа ээжтэйгээ утсаар ярих төдийд л сэтгэлд нар тусаж буй мэт сайхан болдог. Энэ ташрамд, намайг чин сэтгэлээсээ дэмждэг ээждээ баярлалаа гэж хэлье.
Бэлтгэсэн: Б.Лхам-Эрдэнэ