Ирэх жил болох зуны олимпын наадамд оролцох эрх авсан, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Монгол, Чех металл” компанийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэнтэй ярилцлаа.
-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор олимпын наадмыг нэг жилээр хойшлууллаа. Эл үйл явдал танд хэрхэн нөлөөлөв?
-Надад эергээр нөлөөлсөн. Би буудлагын спортоор хичээллээд долоон жил болж байна. Олимпод оролцох эрхээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан юм. Наадмын товыг хойшлуулаагүй бол би найман сарын дараа оролцох байлаа. Хугацаа давчуу болохоор жаахан айсан. Харин хойшлуулснаар бэлтгэлээ сайтар хангаж, айдас ч ариллаа.
-Ямар бэлтгэл голчлон хийдэг вэ?
-Ихэвчлэн буудлагын, мөн тэсвэрийн, гүйлтийн бэлтгэл хийдэг. Хүчний бэлтгэл хааяа хийдэг. Бэлтгэлийн сум дуусчихсан, хил хаасны улмаас авч чадахгүй байна. Тиймээс шагайлтын дасгал хийдэг.
-Буудлагын тамирчин гүйж, амьсгаагаа задлах нь чухал гэж сонссон. Энэ нь ямар учиртай юм бол?
-Зүрхний цохилтоо багасгахад гүйлт чухал. Буудах үед, ялангуяа сандарсан тохиолдолд зүрхний цохилт ихэсдэг. Харин зүрхний цохилт бага байвал сандарсан ч алдахгүй. Буудах үедээ бид амьсгаагаа түгждэг. Түгжих хугацаагаа удаашруулахын тулд амьсгаагаа задлах ёстой.
-Буудлагаар анх хичээллэхдээ олимпод оролцоно гэж бодож байв уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Спортоор анх хичээллэхэд хамгийн түрүүнд олимп төсөөлөгддөг юм билээ. Би 2016 оны олимпод оролцохыг мөрөөддөг байсан. Эрх олгох тэмцээнд нэг удаа оролцсон ч харамсалтай нь амжилт гаргаагүй.
-Та архитектор болохоор Монголын үндэсний их сургуульд суралцдаг юм байна. Уг мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв?
-Багаасаа л мөрөөдсөн. Аав минь мужаан, барилгын салбарт ажилладаг. Аавын ажиллахыг харсаар мэргэжил нь сайхан санагддаг болсон. Гэхдээ сүүлийн хоёр жилд сургуулиасаа чөлөө авсан.
-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?
-Боломж олдвол ажиллахыг бодно оо.
-Буудлагын спортын тамирчид тайван, сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй юм шиг санагддаг. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн барьдаг вэ?
-Тухайн спортын онцлог тамирчны зан үйлд нөлөөлдөг. Сайхан үйл явдал тохиолдоход инээмсэглээд өнгөрөх нь олонтоо. Сэтгэл хөдлөлөө орилж, хашхирч илэрхийлэх шаардлага буудлагын тамирчдад байхгүй. Тайван байх нь л чухал.
ЭМЭЭГЭЭД БАЙВАЛ БИ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ
-Олимпын наадамд анх удаагаа оролцох гэж байна. Залуу тамирчны хувьд боломж, бас хариуцлага шүү дээ.
-Токиогийн олимпоос маш том туршлага надад үлдэнэ. Алдаж байж л суралцдаг болохоор медаль авахгүй байсан ч харамсахгүй. Гэхдээ аз таарвал медаль зүүж ч магад. Тэр өдрийн тэнгэр л мэднэ. Хүмүүс намайг хэнэггүй гэж хэлж магадгүй. Заавал бүхнийг төгс гүйцэтгэх албагүй. Миний хувьд Токиогийн олимп бол эхлэл. Дөнгөж эхний шатан дээр гишгэнэ гэсэн үг. Сэтгэл зүйн дарамт ирсэн ч тоохгүй байх нь чухал. Би 21 настай. Намайг олон олимп хүлээж байгаа. Би буугаа даахаа болих хүртлээ цэц сорино гэж боддог. Бэлтгэлээ сайн хийж байхад хэзээ нэгэн цагт үр дүн гарч л таарна.
-Сэтгэлзүйчтэй хэр их ярилцдаг вэ?
-Буудлагын спортын холбоо саяхнаас сэтгэлзүйчтэй болсон. Эл спортод сэтгэл зүй чухал нөлөөтэй. Аав, ээж, найзуудтайгаа байнга ярилцдаг. Би ер нь бусдад нээлттэй байх дуртай.
-Та зүү ороож, уран хатгамал хийх, хөөрөгний даалин оёх дуртай юм билээ. Энэ нь нэг төрлийн хобби юу?
-Нарийн үйл шаглах дуртай. Энэ нь тэсвэр тэвчээр суулгахаас гадна хараа, мэдрэмжид эергээр нөлөөлдөг.
-Удаан хугацаагаар буу шагайхад аль эрхтэн илүү чилдэг вэ?
-50 метрийн дасгалын буу 5-6 килограмм жинтэй. Хэвтэж байгаад шагайдаг болохоор тохой, гарын алганы хэсэг янгинаж өвддөг. Мөн хөл маш их чилдэг.
-Та Үндэсний шигшээ багийн тамирчин. Амжилт нэхэх хүмүүсийн дарамтаас айдаг уу?
-Заримдаа айж, санаа зовдог. Ийм мэдрэмж авахгүйн тулд маш их хичээж байгаа. Алдаанаасаа суралцаж улам сайжрахыг зорьдог. Ааваасаа их эмээдэг. Гэхдээ эмээгээд байвал би юу ч хийж чадахгүй. Өөрийнхөөрөө байж л бүхнийг даван туулна. Надад ногдох хариуцлага өндөр гэдгийг маш сайн ойлгосон.
-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Өглөө 09.00-12.00, өдөр 15.00-18.00 цагт бэлтгэл хийдэг.
-Та үзэл бодлынхоо хувьд тусгаар байж чаддаг уу?
-Өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй байдаг. Гэхдээ зөвхөн өөрийнхөөрөө зүтгэхгүй, бусдыг ч сонсохыг хичээдэг.
-Сэтгэл санаагаа яаж тайвшруулдаг вэ. Ямар төрлийн дуу, хөгжим сонирхдог бол?
-Тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас хамаарна. Янз бүрийн л дуу сонсдог. Бэлтгэл хийж байгаа үедээ өөрийгөө зоригжуулах гэж рок дуу сонсох нь олонтоо.
БИ ХУРДАН ШАНТАРДАГ, БАС АМАРХАН УЙЛДАГ
-Олимпын эрх авснаар тантай харилцах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Яг олимпын эрх авсны дараахан өөрчлөгдсөн. Цаг хугацаа өнгөрөхөд юмс буцаад хэвэндээ ордог. Одоо бүх зүйл өмнөх шигээ, энгийн хэв маягт шилжсэн.
-Олимпод өрсөлдөх тамирчдаа судалсан уу?
-Судлах шаардлага байхгүй. Буудлага бол зөвхөн өөртэйгөө өрсөлддөг спорт. Яах вэ, зарим тамирчны талаар бага зэргийн мэдээлэл бий.
-Таны хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?
-Гэр бүл. Бас миний буу.
-Томоохон тэмцээнд оролцохын өмнө сэтгэл зүйгээ хүссэнээрээ залах амаргүй байх даа?
-Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Би сайн буудахынхаа өмнө нам унтдаг, өөрийгөө мэдэрдэг гэх үү дээ.
-Шантарч байв уу?
-Тэмцээнд муу оролцоод “Буудлагын спортоор хичээллэхээ больё” гэж бодсон тохиолдол зөндөө бий. Би хурдан шантардаг, бас амархан уйлдаг.
-Буудлагын тамирчинд булчингаа хөгжүүлэх шаардлага байдаг уу?
-Байхгүй. Аль болох уян хатан байх хэрэгтэй. Хэрэв булчингаа хөгжүүлчихвэл хөдөлгөөнд саад болох талтай.
Бэлтгэсэн: У.Чинзориг