“Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн сонгуулийн үеэр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сан зэрэг байгууллагаас олон кампанит ажлыг өрнүүлж эхэллээ. Энэ талаар Азийн сангийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн идэвх, оролцоог хангах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөв?
-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын сонгуулийн үеэр төслийн эхний үе шатыг хэрэгжүүлсэн. Хоёрдугаар үе шатыг нь орон нутгийн сонгуулиар үргэлжлүүлж байна. 18-40 насны залуус, эмэгтэйчүүдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл өгөх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр аливаа улс төрийн нам, эвслийн үзэл санаанаас ангид, нэг талыг баримтлалгүй ажиллаж байгаа. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монгол Улсын хэмжээнд уг төслийг хэрэгжүүлж байгаа бол Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөл ихтэй аймагт Азийн сангийн хамтрагч байгууллагууд голчлон үйл ажиллагаа явуулж буй. Залуу, эмэгтэй лидерүүд, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Зориг” сан, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Ub.life сайт, “Ubpassport”, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй хамтарч буй. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж бид үйл ажиллагааныхаа ихэнхийг нь цахимаар явуулж байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр “Өглөө”, Ub.life-аас “Надад нэг санал байна” нэртэй кампанит ажлыг идэвхтэй өрнүүлсэн. Орон нутгийн сонгуульд зориулж “Мину хота” сэдэвт кампанит ажлыг эхлүүллээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн онцлог (парламентын, Ерөнхийлөгчийн сонгуулиас ялгаатай байдал), төлөөлөгч гэж хэн бэ, ямар ажил хийдэг вэ зэргээр сонгогчдын боловсролыг сайжруулахад чиглэсэн мэдээлэл өгч буй юм. Мөн иргэний оролцоо, хариуцлага, үүргийг нэмэгдүүлэх зорилготойгоор кампанит ажлаа явуулж байна. Түүнчлэн “Өглөө” кампанит ажлыг үргэлжлүүлж, сонгуулийн тухай үндсэн ойлголт, мэдээлэл түгээх бол “Мину хота”- гийн хүрээнд 18-40 насныхны шууд оролцоог дээшлүүлэхэд чиглэх юм.
-Кампанит ажлынхаа хүрээнд яг ямар ажлууд хийх юм бэ?
-Иргэдийг идэвхжүүлэхэд чиглэсэн уралдаан, тэмцээн, лайв, контентыг цахимаар түгээнэ. “Мину хота”, “Өглөө”, “Надад нэг санал байна” кампанит ажлын хүрээнд нийтлэл, видео контент бэлтгэж, нийтэд хүргэх юм.
-Залуус танайхаас зохион байгуулж байгаа ажлуудыг дэмжиж оролцох боломжтой юу?
-Мэдээж болно. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэг доор олноор цуглардаг үйл ажиллагааг одоогоор төлөвлөөгүй. Тиймээс иргэд инстаграм, фэйсбүүк, сошиал медиа сувгуудаар явуулж буй кампанит ажлуудтай танилцан, сэтгэгдэл үлдээх, лайваар холбогдох зэргээр оролцох боломжтой. Иргэдийг хамруулсан цөөн хэдэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ үүнийг эхний ээлжид жижиг цар хүрээнд явуулж, санал авах байруудад ажиллах хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна. Мөн “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагатай хамтран “Гайхмаа” нэртэй комик ном бүтээсэн. Нээлтийг нь цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын сүүлчээр зохион байгуулах юм. Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх зорилгоор уг ажлыг хийж байна. Үүний зэрэгцээ манай хамтран ажиллаж байгаа байгууллагууд нэр дэвшигчидтэй уулзаж, санал солилцохоор төлөвлөсөн.
-Сонгуулийн ерөнхий хороо (CЕХ)- ныхны зүгээс танайхтай хэрхэн хамтран ажиллах бол?
-СЕХ-той УИХ-ын сонгуулийн үеэр мэдээлэл солилцож, санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах чиглэлээр хамтран ажилласан. Манай төсөл 2022 он дуустал үргэлжилнэ. Цаашид тус хорооныхонтой хамтран судалгааны ажил хийхээр санал солилцож байна.
-Судалгааны ажлаа ямар сэдэв, чиглэлээр хийхээр төлөвлөсөн бэ?
-Эхний ээлжид бид сүүлийн 30 жилд болсон парламентын сонгуулийн тогтолцоо, зохион байгуулалт, сонгуулийн хууль, тогтоомжид өөрчлөлт оруулсан байдал болон хэрэгжилт, онцлог гэсэн чиглэлээр судалгаа хийнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бие даасан судалгаа явуулна. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилт, үр дагавар, нөлөө зэргийг судлахаар төлөвлөсөн.
-Та бүхний явуулж буй кампанит ажил орон нутгийн иргэдэд хэр хүрэх бол. Ухаалаг утасны хэрэглээ, интернэт сүлжээ зэргээс хамаарч цахим дахь идэвхжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцох болов уу?
-Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 21 аймгийг хариуцан, тэнд байгаа төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Аймгийн төвүүдийн интернэтийн хүртээмж сайжирсан тул тодорхой хэмжээнд хүрнэ гэж тооцсон.
-УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сайн ажиллаж чадсангүй гэж ажиглагчаар оролцсон байгууллагаас дүгнэсэн. Иргэдийг сонгууль, улс төрийн мэдээлэлд ойр байж, зөв үнэлэлт дүгнэлт өгдөг, саналаа худалдахгүй, хэн нэгний ятгалгад ордоггүй байлгахын тулд яах ёстой вэ?
-Тодорхой шалтгааны улмаас залуус сонгуулийн талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх сонирхол муутай байдаг. Энэ нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх мэдээ, мэдээллийг тэдэнд сонирхолтой, сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар хөгжүүлсэн контент дутмагтай холбоотой. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэний нийгмийн олон байгууллага залуусын идэвхийг дээшлүүлэх чиглэлээр контент их түгээсэн. Үүний үр дүнд 18-25 насны залуусын сонгуулийн ирц 12 орчим хувиар өссөн. Иргэний нийгмийн байгууллага, СЕХ, улс төрийн намууд гээд бүх талаас сонгогчдын боловсролыг сайжруулах мэдээллээ хүртээмжтэй, зөв сувгаар хүргэхэд нэлээд ач холбогдол өгч байгаа.
-УИХ-ын сонгууль гэхээс илүүтэй иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой ИТХ-ын төлөөлөгчдөө бид удахгүй сонгох гэж байна. Гэтэл орон нутгийн сонгуулийг төдийлөн анхаардаггүй, идэвхгүй оролцдог талтай. Иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Парламентын сонгуулийн талаар хүмүүс мэдээлэлтэй байдаг хэрнээ орон нутгийнхыг төдийлөн мэддэггүй. Энэ нь иргэд, залуус ямар асуудлаар хэнд хандахаа мэдэхгүй, нийгмийн оролцоогоо тодорхойлж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр орон нутгийн сонгууль гэж юу болох, ямар хүмүүсийг сонгох ёстой, тэдэнтэй хэрхэн ойр ажиллах талаар мэдээлэл түгээж, залуус, эмэгтэйчүүд энэ тухай ойлголттой болсноор ийм байдал өөрчлөгдөх байх. “Мину хота” кампанит ажлын гол зорилго нь иргэд төртэйгөө хэрхэн хамтран ажиллах, аль асуудлаар хэнд хандах, орон нутгийн удирдлагатай хэрхэн харилцах, сонгогч ямар үүрэг, хариуцлагатайгаар нийгэмд амьдрах ёстой талаар мэдээлэл өгөх юм. Манай үйл ажиллагааг дэмжиж, дээрх байгууллагуудын цахим хуудаснаас өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.