“Агсал хулай” төвийн захирал, тав дахь үеийн өв тээгч, биелээч Н.Бурмааг “Өв соёл” буландаа урьж, монголчуудын өнө эртний соёл, эрхэм нандин өвийг тээж, орчин цагийнханд дэлгэрүүлж яваа талаар нь ярилцлаа.
-Танай гэр бүлийнхэн удмаараа бий биелээч байжээ. Тиймээс хэрхэн өв тээгч болсон талаар тань ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?
-Монголчууд эртнээс нааш өв уламжлалаа гэрийн сургалтаар зааж, хойч үедээ өвлүүлдэг байж. Үүний нэгэн адил манай удмын биелээчид өв уламжлалаа тийм байдлаар бидэнд үлдээсэн. Би нагац талаасаа бий биелгээг өвлөсөн. Намайг дөрвөн настай байхаас эхлэн хөгшин аав минь биелгээ заасан. Багадаа өв тээгч болж буйгаа мэддэггүй, биелэх тусмаа бүжигт уусан, дурласан. Хөгшин аав минь хошууд хүн. Одоогийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нутагт дахь Тэнгэр уулын өврөөр нутаглаж байсан юм билээ. Харин аав минь торгууд. Надад урлагийн авьяасын жаахан хэлтэрхий байгаа бол аав, ээжийн аль алинаас нь өвлөсөн юм болов уу. Ээж, аавын удмынхан бүгд авьяас билигтэй байсан. Ер нь ухаан орохоосоо бийч, дууч, бүжигч, хөгжимчин хүмүүсийн дунд торниж, урлагийн сайхныг мэдэрч өссөн. Авьяастнууд дунд төрж, өсөн, өв залгамжилж яваадаа баярладаг.
-Та удмынхаа тав дахь үеийн өв тээгч. Тэднийхээ тухай дурсахгүй юу?
-Ээжийнхээ ааваас бие биелгээг өвлөсөн гэдгээ дээр дурдсан. Хөгшин аав минь өөрийнхөө авгаас өвлөж авсан гэдэг. Ерөнхийдөө хөгшин аавыг 7-8 настайд нь авга эгч Цагаанхүү нь икэл, товшуур хөгжим, бий биелгээ заадаг байжээ. Нагац Цагаанхүү бас өөрийнхөө эмээгээс энэхүү авьяасыг уламжлан авсан гэдэг. Ээжийн мэдэж байгаагаар бид таван үеэрээ биелж яваа. Лавшруулаад судалбал түүнээс дээш үедээ ч бүжиглэдэг байсан байх магадлалтай. Ээж бас дөрөвтэйгөөсөө биелж сурсан гэж ярьдаг байлаа. Манжийн дарлалд байсан 200 жилд өв соёлыг минь мартуулж, баллах бодлого явуулсан юм билээ. Тухайн үед манайхны нэлээд хүн өв соёлоо хадгалж үлдсэн. Үүнээсээ болоод хэлмэгдсэн гэдэг. Хөгшин аавын ээж бийч хүн байж. Гэхдээ бүжиг заах нь битгий хэл, уламжилж авсан өвийнхөө талаар ч ярьдаггүй байсан гэнэ лээ. Хөгшин аав минь бидэнд гай болох вий гэсэндээ тэр талаараа огт ярьдаггүй байв. Өөд болохоосоо өмнө хэдэн зүйл бичиж тэмдэглүүлсэн юм. Харамсалтай нь, ээж бас тухайн үеийн байдлаас болоод сайн судлаагүй орхисон гэж хэлдэг. Ээж дуулж, бүжиглэдэг байсан ч авьяасаа ажил, амьдралаа болгоогүй.
-Гэрийн сургалтын дэг жаягт хэрхэн суралцав?
-Би эцэг, эхээс дөрвүүлээ. Ах, дүү нараас минь намайг сонгож, өв тээгч болгохоор бүжиг зааж эхэлсэн. Хөдөө очих бүрт хөгшин аав надад савх барих, дал, мөрний цохилго зэргийг нэгбүрчлэн зааж, дагуулж бүжиглэж байсан нь санаанд тод үлджээ. Хүүхэд насанд дуулж, бүжиглэн дур зоргоороо явах шиг сайхан зүйл хаана байх вэ. Бүжиг заалгах, сурах тусмаа илүү гоё бүжиглэхийг л хүсдэг байв. Гэрийн сургалтаар бүжиг сурах их сонирхолтой. Амралтаараа хөдөө явах гэж яарна. Бүжгийг ахуй орчинд нь заалгасан тул сонирхлыг минь өдөөсөн. Бүжиг сурч байна, өв тээгч болно гээд зүгээр суухгүй, хонь, хургандаа явна, ойр зуур гар хөлийн үзүүрт гүйнэ. Их л ажилтай зусдаг байв. Ах, дүү нартайгаа тоглодог байснаа ч санахгүй юм. Их ажлын завсраар бүжгийн хөдөлгөөнөө заалгасан.
-Таны өвлөсөн захчин, торгууд биелгээ юугаараа ялгаатай вэ?
-Аавын талаасаа торгууд, ээжийн талаасаа захчин биелгээ сурсан. Ээжийн аав захчин биелгээ биелдэг бийч байлаа. Хошууд хүн хэрнээ захчины нутагт амьдардаг учраас захчин бүжгийг маш сайн сурчээ. Надад захчин биелгээгээ өвлүүлсэн. Захчин биелгээ икэлийн аянд бүжиглэнэ. Дал, мөр, цээжний огцом хөдөлгөөнтэй. Дээрээс нь хуруу тоолдог. Өөр ямар ч биелгээнд хуруу тоолдог хөдөлгөөн үгүй. Хөгшин аав минь Монгол Улсын шилдэг өв тээгч болж, хуруу биелгээг хөгжүүлсэн. Түүний алдар сууг нутгийнхан нь төдийгүй урлагийнхан мэддэг. Тиймээс өвөг дээдсээс уламжилсан өв соёлоо дээдлэхийн сацуу угсаа гарлаараа бахархдаг. Одоо Монголд хуруу биелгээ хийдэг хүн бараг байхгүй болов уу. Хүн тоо тоолж сурахаас хуруу биелгээ үүссэн гэж үздэг. Хүмүүс эхэндээ хуруугаа хөдөлгөж, дараа нь бусад мөчөө хөдөлгөн, цаашлаад биеэрээ найгаж, биелж эхэлсэн гэж хөгшин аав минь ярьдаг байлаа. Хүмүүс захчин биелгээг нэг л гэж боддог. Гэтэл энэ биелгээ 12 төрөл. Хөгшин ээж бас захчин биелгээ хийдэг, улмаар савхат биелгээ сурсан. Харин торгууд биелгээний онцлог нь зөвхөн шанз, товшуур хөгжмийн аянд бүждэг. Бусад угсаатны бийч нар шанзны аянд бус, дандаа хуурын аянд биелдэг. Дээрээс нь торгууд биелгээ хөдөлгөөн давхцахгүй найман төрөлтэй. Авга өвөө уртын дууч, баян хуур тоглодог, жүжиглэдэг, биелдэг, найруулдаг олон талын авьяастай, клубийн дарга хүн байв. Авга өвөөгөөсөө бас багагүй эрдэм өвлөсөн дөө.
-Бүжгийн тэмцээн, уралдаанд байнга ордог байв уу?
-Сурснаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүднээс олон тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Ялангуяа сурагч үедээ урлагийн үзлэгт орж, байнга л тэргүүн байрт шалгардаг байв. Бүжгэндээ уусаад тэр хэрээрээ хөгжимд нь дурласан. Тиймээс зургадугаар ангид байхаасаа шанз тоглож сурсан. Бас хөгжмийн тэмцээнүүдэд өөрийгөө багагүй сорьсон. Эцэст нь бүжигчин болох уу, хөгжимчин үү гэдэгтээ эргэлзэж билээ.
-Тэгээд сонголтоо хэрхэн хийв?
-Хөгжмийн чиглэлээр суръя гэж шийдсэн ч СУИС-ийн бүжгийн ангид элссэн. СУИС-д элсэхэд өв тээгч хүүхдүүд давуу талтай. Ховд, Увсын хүүхдүүд бусдаасаа бүжгээр ялгардаг. Олонх нь багаасаа биелсэн, өв тээгч байдаг. Багаасаа бүжиглэсээр мөр, цээж нь “салчихсан” ирдэг. Багш нар ч дуртай авна. Учир нь танхимын сургалт гэрийн сургалт ондоо. Багаасаа тухайн орчинд нь ажиллаж, амьдрангаа сурах өөр. Ахуйд нь оршиж, цай чанах, тариа хураах зэргээ хараад дэргэд нь биелэх онцгой сайхан. Багадаа ил галын дэргэд хөц цохиж, буудай тээрэмдэхийг бишгүй л харсан. Тэр бүгд бүжигт шингэсэн байдаг. Тариа хураах үеэр аавыгаа дагаж, талбайд очно. Тариан түрүү найгах тэр сайхан агшныг харна. Хариад халтар арвай тээрэмдэнэ. Бүжиг эндээс л амилдаг. Жишээ нь, Увсын Тариалан сумын хотон ястнууд байгалиа, амьтай бүхэн төлжихийг дэргэдээс хараад Жура гэлдэнгээ бүждэг. Орчноо бүрдүүлээд дотор нь ороод бүжиглэх хамаагүй амьтай. Хараад шууд ойлгоно. Ийм учраас ингэж хөдөлдөг, тэгж биелдэг гэдгийг харцаараа, бие сэтгэлээрээ мэдэрнэ. Буудай ингэж найгадаг юм байна. Энэ тээрэм гэдгийг багаасаа харж, өөрөө хийж мэдрэх нь ч өөр. Оюутан байхдаа Ардын жүжигчин Д.Нанжид багшийн нэрэмжит тэмцээнд оролцож, гарамгай хөгжимчин шагнал хүртсэн. Мөн Алтанцэцэг багшийн нэрэмжит тэмцээнд испани бүжгээр өрсөлдөж, II байр эзэлж байлаа. Азийн ардын урлагийн их наадмын III байрын шагналтай.
-Танхимын сургалт, гэр сургалтаас юугаараа өөр вэ?
-Танхимын сургалт мэдээж мэргэжлийн тал руугаа байдаг. Танхимын сургалтаас их зүйл сурсан. Зөвхөн өв тээгчээс сурсан хөдөлгөөнөөс гадна үндсэн дасгалуудаа заалгасан. Багш нар өв тээгчид биш ч үндсэн хөдөлгөөнүүдийг баяжуулдаг. Тэр утгаараа гэрийн сургалтаас тэс ондоо. Өв тээгч язгуур хөдөлгөөнөө гэрийн сургалтаар л өвлөнө үү гэхээс танхимын сургалтаар эзэмшинэ гэж үгүй. Жишээ нь, би өв тээгч биш, мэргэжлийн багшаар танхимын сургалтаар бүжиг заалгасан бол ахуй соёлыг дотроосоо мэдрэхгүй. СУИС-иас сонгодог бүжгийн дасгал хөдөлгөөн, онол, судалгаанаас авхуулаад сурсан зүйл их байлгүй яах вэ. Одоо бүжиг судлаач мэргэжлээр магистрантурт сурч байна. Монголчууд савардан биелгээг хөгжүүлээгүй. Тиймээс энэ төрлийг судалдаг. Ар, Өвөр монголчууд салахад хилийн гадна энэ соёл үлдсэн. Өвөр монгол, Шинжаан Уйгар талдаа үлдсэн. Энэ төрлийг судалж, Монголд нь эргэн нутагшуулахыг зорьж байна.
-Сургууль төгсөхдөө хэдийн ажлын санал авчихсан байсан гэдэг. Гэхдээ яагаад татгалзсан юм бэ?
-2018 онд СУИС төгссөн. Төгсөх жил энд, тэндээс урилга цөөнгүй ирсэн. Гэхдээ би сургалтын төв нээж өвгөдөөсөө тээсэн өв уламжлалаа бусдад түгээхийг чухалчилсан юм. Улмаар “Агсал хулай” сургалтын төвөө нээлээ. Өөртөө хадгалаад үлдэх биш, язгуур урлагийг үр хойчдоо өвлүүлж үлдээе гэж бодсон минь дээрх урилгуудаас татгалзах шалтгаан болсон. Язгуур урлагийн сайхныг багаасаа харж, мэдэрч өссөний хувьд цаашид үүнийгээ түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй явдаг.
-“Агсал хулай” бусдаас юугаараа онцгой вэ?
-Оюутан ахуйгаасаа л үндэсний бүжгээ түгээн дэлгэрүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн дөө. Манай төвд ирсэн суралцагч бүр өв тээгч. Бүжгийн заал түрээслэхэд мөнгө хэрэгтэй. Сургалтын төв нээх хүсэлтэй ч мөнгөгүй тул шавь нараасаа авсан төлбөрөө заалныхаа түрээсэнд өгдөг байлаа. Ингэж явсаар сургалтын төвөө өргөжүүлсэн. Хүнээс дэмжлэг аваагүй, хүсэл зоригоороо л болгосон. Оюутан байхдаа сургалтын төвүүдэд цагийн багш хийсэн минь туршлага болсон. Ангиараа тоглолтод оролцож халтуур ч хийдэг байв. Манай сургалтын төвд нас харгалзахгүй элсэгч авдгаараа онцлогтой. Ирсэн суралцагч бүр өв тээгч болно гэсэн үг. Гэр сургалтаар заадаг биелгээг танхимын сургалтаар эзэмшүүлж буйгаараа онцлог. Гэхдээ заалаа тохижуулахдаа монгол гэрийн хэлбэрт оруулсан. Монгол гэрийн тооно, хана, унинаас авхуулаад авдар, тулга, шагайн наадгай, ширдэг гээд бүх зүйл бий. Мөн цагаан идээгээр ширээгээ чимсэн. Хүүхдүүд завсарлагаанаар шагай тоглох, морь уралдуулах, ёс заншилтайгаа танилцах боломжоор хангаж, монгол ахуйг хэрэндээ бүрдүүлсэн.
-Өв тээгч хэр олон бэ?
-Байлгүй яах вэ. Сайхан биелдэг, ахмад өв тээгчидтэй уулзаж, сургаалыг нь сонсдог. Тэднээс залуу үедээ өвлүүлсэн нь цөөхөн байсан. Өв тээгч цөөрч байгаад сэтгэл их зовнидог. Цөөн хүн өв тээгч болдог ч цааш нь дэлгэрүүлж, бусдадаа уламжлахгүй нь жаахан харамсалтай. Хэдэн жилийн өмнө орон нутгаас ирсэн өв тээгчид Сүхбаатарын талбайд цуглаад дуулж, бүжиглэхийг харсан биз дээ. Бахархмаар, огшмоор. Өв тээгчдийн олонх нь өндөр настан байсан.
-Язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-2020 оны нэгдүгээр сараас эхлэн язгуур урлагийг хөгжүүлэх зорилгоор төсөл бичиж, долдугаар сараас эхлүүлсэн. Хүмүүс төслийг минь дэмжиж байгаад баярлаж сууна. Эхний удаад торгууд биелгээний онцлог, үүх түүхийг судалсан. Торгууд биелгээний өв тээгч, суралцагч нартай уулзаж, судалгаа хийж үзэгчдэд хүргэлээ. Торгууд бүжгийн өөрийнх нь соёл, хөгжим, богинын дуутай нь цогц байдлаар хүмүүст таниулахыг хүссэн. Хувцас, зан үйл бүгд л өөр өөрийн онцлогтой. Ер нь манай Ховд олон ястны, үндэстний өлгий учраас баяд, хотон, өөлд, захчин, торгууд, урианхай, дөрвөд, казах бүжигчид бий. Цаашлаад баяд, дөрвөд, захчин, казах гээд бүх бүжгийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Өв соёлын нэвтрүүлгээ задлаад хичээл болгохоор төлөвлөсөн. Уг хичээлээ цахим болгож, хүмүүст үнэ төлбөргүй нээлттэй хүргэнэ. Сонирхсон хүн болгон үзэх боломжтой. Ард түмэнд танин мэдэхүй талаасаа ч, өв уламжлал талаасаа ч, эрүүл мэнд талаасаа ч хэрэгтэй.
-Бий биелгээ эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Бий биелгээ биеийн бүх эд эсийг “хөдөлгөөнд” оруулдгаараа онцлогтой. Ганц хором биелэхэд үсний үзүүрээс хөлийн хумс хүртэлх бүх үе мөч “салж, нийлнэ” гэсэн үг. Ганцхан жишээ хэлэхэд, хүний илүүдэл өөхийг шатааж, жинг бууруулдаг. Мөрний дасгал нь хий хуянг ор мөргүй хөөдөг. Гарын дасгал нь булчингийн өөхийг түрнэ. Хүзүүний суулт шохойжилттой бол эрүүлжинэ. Хүний аура гэрлэн бүрхүүлийг сэргээнэ. Бясалгал хийсэнтэй адил мэдрэмж, эрч хүч өгдөг. Гэртээ бий биелгээний бичлэг тавьж, даган бүжиглэхэд л аура сэргэдэг. Бас хүнийг тайвшруулна, амгалан болгоно.
-ӨМӨЗО-д урилгаар очиж хичээл заадаг гэсэн. Монгол дахь гадаад иргэдэд ч бүжиг заадаг юм билээ. Энэ тухайгаа уншигчидтай хуваалцахгүй юу?
-Гадаад, дотоодын цөөнгүй шавьтай. Таны хэлсэнчлэн ӨМӨЗО-ы Хөх хот, Улаан цав, Улаанхад хошуунд урилгаар багшилсан. Францын иргэн Стив Моррель миний шавь. Саяхан торгууд нутагт сургалт хийгээд ирлээ. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орсон байна. Ер нь хүүхдүүд жаахан гэлтгүй хамаг бие нь хөшсөн ирдэг. Хүүхдүүд байгалиасаа уян байдаг ч сүүлийн үед олонх нь зурагт ширтэж, утас мааждаг болсноор “мод болчихжээ”. Энэ бүхний буруутан нь эцэг, эхчүүд. Бүжиг хийхэд хүүхдийн оюун ухаан давхар хөгжиж байдаг. Ая сонсонгоо ухаанаа тэлдэг. Бусдаасаа зөрөхгүй зөв хийхийг хичээх нь тархийг хөгжүүлдэг юм. Мөн багаар ажиллах чадвартай болгоно. Наад зах нь хүүхдүүд зөв алхаж, биеэ зөв авч явж сурдаг юм шүү дээ.