Сүүлийн хэдэн жил эрчимтэй өссөн Монгол Улсын эдийн засаг “Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн бусад улс орны адил томоохон шоконд ороод байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авсны дүнд “Ковид-19”-ийн халдварыг дотооддоо алдаагүйн зэрэгцээ эдийн засгийн уналтыг бага боловч хязгаарлаж чадсан. Манай орны эдийн засаг, санхүүгийн салбар, төсөв, бодлогын хүү зэрэг асуудлаар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Өнөөдөр”, “UB post” сонинд ярилцлага өглөө.
Монгол Улсын эдийн засагт байгаа нөөц боломжийг ашиглаж, монголчуудын амьжиргааг сайжруулахад ОУВС-гаас туслалцаа дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгааг тэрбээр уламжлав. Мөн төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны системийг бэхжүүлэх замаар тус сангийн дэмжлэгтэйгээр сүүлд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд ажил хэрэг хараахан болоогүй байгаа арга хэмжээнүүдийг гүйцэлдүүлэхийг эрх баригчдад уриалсан юм.
-“Ковид-19”-ийн тархалт намжсаны дараа Монгол Улсын эдийн засаг ямар төлөвтэй байна гэж төсөөлж буй вэ?
-Ашигт малтмалын экспорт хэвийн болсон, Засгийн газрын зардал нэмэгдсэн, дотоодод коронавирус тархахаас сэргийлж авсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттай цуцалсны үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэллээ. Мөн олон улсын хамтын нийгэмлэгээс үзүүлэх туслалцаа дэмжлэг үргэлжилж, нэлээд санхүүжилт олгосон. Тухайлбал, ОУВС-гийн Шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт олгохыг өнгөрсөн зургадугаар сард баталсан билээ. Эдгээрийн үр дүнд энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт сэргэж (2020 оны эцэст ДНБ өмнөх жилийнхээс нэг гаруй хувиар агших төлөвтэй), 2021 онд эргээд эерэг үзүүлэлттэй болох төсөөлөл гарч байна.
...Инфляцын түвшин Монголбанкны зорилтот түвшнээс доогуур байгаад бид санаа зовохгүй байна. Одоогийн найман хувийн зорилтыг дэлхийн хэмжээнд авч үзвэл хамгийн өндөрт тооцогдох бөгөөд Монгол Улсын хувьд хэт өндөр гэж харж байна. Инфляц 2-3 хувьтай байхад эдийн засагт асуудал биш...
Илүү өргөн утгаараа Монгол Улсын эдийн засагт, нэн ялангуяа, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт асар их нөөц боломж бий. Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай, эдийн засгийн эргэлтэд ороогүй нөөц баялагтай, хурдацтай хөгжиж байгаа, том зах зээлтэй хоёр улстай хөрш оршдог нь бусад олон орны хувьд атаархал төрүүлэх хослол болов уу. Энэхүү нөөц боломжоо бүрэн ашиглах үүднээс хөрөнгө оруулалтын орчныг дэмжихийн тулд төсөв, мөнгөний бодлогын тогтворгүй байдлыг багасгаж, хөрөнгө оруулагчдын эрх зүйн зохицуулалтын орчныг илүү урьдчилан тооцоолох боломжтой болгож, гол түүхий эдийг тээвэрлэх дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Энэхүү нөөц боломжоо ашиглахад нь Монгол Улсад чадах бүх талаараа дэмжин туслахад ОУВС бэлэн байдаг.
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын хүрч чадсан гол амжилтууд юу байсан гэж та үзэж байна вэ?
-Монголын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын өрийн дефолтоос зайлсхийж, монголчуудын амьжиргааны түвшнийг эрс нэмэгдүүлэх суурийг тавьсан. Энэхүү амжилтыг дагуулсан бодлогын гол өөрчлөлт бол төсвийн хэт өндөр алдагдал, төсвийн гадуурх зарлагаас татгалзсан шийдвэртэй алхам байлаа. Ингэснээр ДНБ-ий 88 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өр гурван жилийн дотор ДНБ-ий 70 хувьтай дүйх болж буурсан бөгөөд улмаар Монгол Улс цар тахлын үед эдийн засаг, ард иргэдээ дэмжиж байгаа одоогийн бодлогоо хэрэгжүүлэх хөрөнгийн нөөцтэй болж чадсан.
-Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд УИХ-аас 2020 оны төсвийн тодотголыг түүхэнд байгаагүй өндөр буюу 4.8 их наяд төгрөг (ДНБ-ий 12.5 хувь)-ийн алдагдалтай баталсан. Ингэснээр Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олсон ололт амжилтаасаа ухарсан гэж харж байна уу?
-“Ковид-19”-ийн халдварыг дотооддоо алдаагүй нь Засгийн газрын том амжилт бөгөөд сайшаах ёстой зүйл. Үүний зэрэгцээ Засгийн газраас төсвийн алдагдлыг энэ онд түр хугацаанд нэмсэн нь зүйтэй шийдвэр байсан. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн уналтын хэмжээг багасгаж, цар тахлын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлахад тустай. Гэхдээ Засгийн газрын өрийн хэмжээ хэвээрээ байгаа улсын хувьд авч үзвэл энэ оны төсвийн алдагдлыг хэт ихээр нэмсэн. Цаашид төсвийн алдагдлыг тогтвортой түвшинд буцаан хүргэж, ард иргэдийг урт хугацааны туршид дэмжих нөхцөлийг хангахад Засгийн газар ихээхэн анхаарах ёстой.
-Засгийн газрын энэ он гарснаас хойших зардал, санхүүжилтийг та хэрхэн дүгнэж байна. Засгийн газар ямар зардлуудыг танаж болох байв?
-Засгийн газар шинээр бий болсон нөхцөл байдал, асуудлыг зөв үнэлж, эрүүл мэндийн зардлыг нэмсэн нь нийгэмд үзүүлэх цар тахлын сөрөг үр дагаврыг бууруулж чадсан. Гэхдээ Засгийн газрын зардал сүүлийн хоёр жилд бараг 70 хувиар өсөөд байна. Цар тахал намжихтай зэрэгцээд Засгийн газар төсвийн зардлыг илүү тогтвортой түвшинд аваачих нь зүйтэй. Эцсийн дүнд, УИХ, Засгийн газар, монголчууд ямар хөтөлбөр, арга хэмжээнүүд хамгийн их хэрэгцээтэйг өөрсдөө сайн мэдэх учраас шийдвэрээ гаргах учиртай.
-Монгол Улс удахгүй өрөө төлж эхэлнэ. Дотоодын болон дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед Монгол Улс юунд анхаарах ёстой бол?
-Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын хугацаа дуусаж, том дүнтэй төлбөрүүд хийх ёстой. Засгийн газар 2021 оноос эхлээд төсвийг бага алдагдалтай болгохын зэрэгцээ Монголбанкны гадаад валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар бондын төлбөрүүдийг амжилттай төлж чадна.
-Засгийн газраас сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгөний хэмжээ 20 000 төгрөг байсныг 2020 он дуустал 100 000 болгож нэмсэн. Энэхүү шийдвэр нь нийгмийн халамжийн тогтолцоог хавтгайруулж болзошгүй гэж олон шинжээч харж байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсохыг хүсэж байна.
-Монгол Улсын “Хүүхдийн мөнгө” хөтөлбөр хэд хэдэн эерэг талтай. Тухайлбал, ядуу бүлгийг өргөн хамарч чаддаг, хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар, нийгэм, улс төрийн хүрээнд ихээхэн дэмжлэг авдаг. Гэвч Монгол Улсын Засгийн газар төсвөөрөө дамжуулан тэгш бус байдлыг ерөнхийд нь бууруулах бусад арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Хувь хүний орлогын нэг шатлалтай албан татвар (чинээлэг хүмүүст илүү өндөр татвар ногдуулахын эсрэг), мөн үүнтэй төстэй хавтгайрсан нийгмийн халамжийн тогтолцоо (хамгийн их хэрэгцээтэй бүлэгт илүү их дүнтэй тэтгэмж олгохын эсрэг) бүхий Монгол Улсын өнөөгийн систем нь ядуу гэхээсээ илүүтэйгээр чинээлэг монголчуудад ээлтэй байна.
-Санхүү, банкны системд та бүхний санааг хамгийн их зовоож байгаа асуудал юу вэ. Ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байна?
-Нэн тэргүүнд анхаарлаа хандуулах ёстой хоёр асуудал байна. Банкууд хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байгаа, эсэхийг тогтоох, мөн өөрийн хөрөнгийн дутагдалтай бол асуудлаа шийдвэрлэхийг Монголбанк бодитой шаардаж чаддаг байх нөхцөлийг хангах явдал юм. 2019 онд хийсэн магадлан баталгаажуулах шалгалтаар зарим банкны сүүлийн жилүүдэд нэмсэн гэх өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг хууль ёсны бус гэж тогтоосон. Цар тахлаас шалтгаалаад эдийн засаг агшиж байгаа учраас банкуудын “эрүүл мэнд” улам дордсон байж болзошгүй. Банкуудаас хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байхыг шаардах нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалаад зогсохгүй банкууд хувийн хэвшлийнхэнд санхүүжилтийг тогтвортой олгох нөхцөл бүрдүүлэх юм.
-Монголбанкны зорилтот түвшин болох найман хувиас инфляц нэлээд доогуур байгаагийн зэрэгцээ төгрөгийн ханш суларсаар байна. Саяхан бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасантай санал нийлэх үү. Монголбанкны мөнгөний бодлогын тэргүүлэх чиглэл юу байх ёстой вэ?
-Инфляцын түвшин Монголбанкны зорилтот түвшнээс доогуур байгаад бид санаа зовохгүй байна. Одоогийн найман хувийн зорилтыг дэлхийн хэмжээнд авч үзвэл хамгийн өндөрт тооцогдох бөгөөд Монгол Улсын хувьд хэт өндөр гэж харж байна. Инфляц 2-3 хувьтай байхад эдийн засагт асуудал биш. Үүний оронд Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд гол анхаарлаа ойрын хугацаанд чиглүүлэх хэрэгтэй. Монголбанк урт хугацаандаа нам, тогтвортой инфляцын түвшинд хүрэхийг зорьж буй бол тайлан тэнцлээ зайлшгүй бэхжүүлэх шаардлагатай.
Бэлтгэсэн: Б.Дөлгөөн