Шинжлэх ухааны академийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, судлаач, доктор Ч.Гантигмаатай ярилцлаа. Цох, эрвээхэй, голио, царцаа гээд элдэв зүйлийн шавжийн хатаамал, цуглуулга түүний өрөөний гол “чимэг” аж. Тэрбээр “Зөвхөн энэ зүйлийг судлахаар өнгөрсөн зун Бөөнцагаан, Орог зэрэг нуур луу явлаа. Эргийн элсэрхэг, зөөлөн хөрстэй, ялаа, шумуултай газарт элбэг” хэмээн эрвээхэйнээс дутахгүй хээнцэр, өнгөлөг “нөхрийг” танилцуулсан нь бар цох (ti¬ger beetle) байв. Судлаачид энэ цохыг дэлхийн хамгийн хурдан, газраар гүйгч шавж гэдэг аж.
-Бар цох хэчнээн зүйл байдаг, та хэдтэй нь “уулзсан” бэ?
-Дэлхийд 5000 орчим зүйл бий. Монголд 24 зүйл байдгаас хоёр жилийн хугацаанд 11-ийг илрүүлсэн. Байдаг чадлаараа мэрийж ажиллаад энэ шүү дээ. Зүйлээсээ хамаараад амьдрах орчин нь өөр учраас энэ чиглэлийн судалгаанд нэлээд хугацаа шаардлагатай. Бар цох дагнаж судалдаг хүн дэлхийд цөөн. Орос, Америкт нэг нэг байх жишээтэй. Олон зүйлтэй, зүйл нь дотроо бас хуваагддаг (өнгө буюу гадна төрхөөр) учир ангилал зүйн хувьд ялгаж танихад хэцүү. Тиймээс бид тухайн зүйлийг илрүүлсэн тохиолдолд энэ чиглэлээр дагнасан гадаадын мэргэжилтнүүдэд зайлшгүй ханддаг. Тэдний тусламжтайгаар таньж, баталгаажуулдаг гэсэн үг.
-Монгол оронд хэчнээн зүйлийн шавж байгаа бол?
-13 000 орчим зүйл бий. Энэ тоог гаргахад олон орны судлаач, биологич хувь нэмэр оруулсан. Унгарын Байгалийн түүхийн музейнхэн гэхэд манай улсад зургаан удаа экспедиц ажиллуулахдаа 2000 гаруй зүйлийн шавж нээж, шинжлэх ухаанд бүртгүүлсэн гэдэг. Орос, Польшийн эрдэмтэд ч чухал үүрэг гүйцэтгэсэн.
-Биологийн төрөл зүйлийг, ялангуяа шавжийг ангилал зүйн түвшинд нарийвчлан судлахын ач холбогдол нь юу вэ?
-Нобелийн шагналт эрдэмтэн Мари Кюри “Энэ ертөнцөд айдас төрүүлэх зүйл юу ч үгүй. Зөвхөн танин мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн. Байгальд илүү, хэрэггүй зүйл нэгээхэн ч үгүй гэсэн нь ч бий. Бие биеэсээ хамааралтай, нягт уялдаатай энэ нандин холбоог таслахгүй, хадгалан үлдэхийн тулд эд, эс бүхнийг нь судлах хэрэгтэй. Түүнчлэн тухайн нэг зүйлийг таньж, судалсны үндсэн дээр түүнд чиглэсэн, байгаль хамгааллын тохиромжтой арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Мөн хүмүүсийн төөрөгдлийг арилгах, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөх нь чухал.
-Монголд шинжлэх ухааны аль ч салбарт хүний нөөцийн асуудал тулгамддаг. Танайд ийм зовлон бий биз?
-Нэн тэргүүнд тулгамдсан асуудал нь энэ. 13 000 орчим зүйлийн шавжийг зургаан хүн л хариуцаж, судална гэдэг ахадсан ачаа. Судлаач зөвхөн нэг зүйлд төвлөрч, судлах боломж үнэндээ алга. Нэг хүн хэдэн мянган зүйлтэй шавжийн баг хариуцаж байна. Гэтэл хөгжингүй орнуудад нэг судлаач ганцхан зүйлийн амьтныг дагнан судлах боломж олгодог. Манайд хүн хүч дутмагаас биологийн төрөл зүйлийн судалгаа удаашралтай, бүрхэг байгаа. Хайрсан далавчтаны багийг манай нэг судлаач хариуцдаг. Шөнийн байтугай өдрийн эрвээхэйгээ ч судалж хүчрэхгүй байна. Цохны баг 3200 гаруй зүйлтэй. Үүнээс 600-гаадыг нь илрүүлсэн. Мөн л нэг судлаач хариуцдаг. Сонын багийнхныг бүрэн судлаагүй ч суурь мэдээллийг нь бүрдүүлсэн. Шумуул, ялаа зэрэг хос далавчтан Монголд 2500 зүйл бий. Цаана нь илрүүлээгүй зүйл хэдэн мянга байгаа. Сарьсан далавчтаны багийн 2000 зүйл байдгаас 300 орчмыг нь судалсан. Энэ бүгдээс үзэхэд, Монголд бүрэн судлагдсан шавжийн баг алга. Бодит нөхцөл ийм л байна.
-Та судлаачидтай хамтран хэвлүүлсэн “Монгол орны цох” номынхоо хоёр дахь ботийг удахгүй танилцуулна гэсэн. Шинэ номд хэчнээн зүйлийн цохны талаар мэдээлэл багтаах вэ?
-Эхнийхэд нь 100 орчим, сүүлийнхэд нь 200 гаруй цохны мэдээллийг нэгтгэсэн. Хэдийгээр судалгаа, шинжилгээний ажил удаашралтай байгаа ч нэгэнт тодорхой болсон, бататгасан зүйлүүдийнхээ мэдээллийг эмхтгэж, сонирхогч, судлаачдад хүргэхээр шийдсэн юм.
-Монголын “Улаан ном”-д хэчнээн зүйлийн шавж бүртгэлтэй бол?
-19 зүйл бүртгэлтэй. Өмнө нь элбэг байсан ч одоо харагдахаа больсон, амьдрах орчин нь хумигдсаны улмаас устах аюулд ойртсон, тархац нутаг нь хязгаарлагдсан есөн зүйл эрвээхэйг тус номд багтаасан. Эдгээр зүйлийг хамгаалах оновчтой арга хэмжээ авахын тулд сайтар судлах шаардлагатай. Монгол байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалж буй орон учраас энэ чиглэлийн судалгааг даруй хийх хэрэгтэй. Түүнийгээ эрдэм шинжилгээний бүтээл болгож хэвлүүлбэл бүр сайн. Бусад орны судлаачдад ч ач холбогдолтой мэдээлэл болно. Европын зарим оронд ховор зүйлийн эрвээхэйний тоо 100 давчихсан. Тиймээс эрвээхэй хамгаалах чиглэлийн судалгаанд их хэмжээний хөрөнгө, цаг зарцуулдаг. Британид 100 гаруй зүйл эрвээхэйнийх нь тал хувь ховордчихсон. Сэргээн нутагшуулъя гэхээр таатай орчин байхгүй. Тэд арга ядахдаа эрвээхэй үржүүлэх, нутагшуулах зорилгоор өөр оронд газар түрээсэлж байна. Бид ийм байдалд хүрээгүй. Ингэтлээ хэцүүдвэл англичууд шиг хөрөнгө, цаг зарцуулж чадах, эсэхээ бодолцох хэрэгтэй. Байгаа зүйлээ хадгалж хамгаалах нь байхгүйг бий болгохоос илүү хэмнэлттэй, хялбар учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.
Дэлхийн хамгийн хурдан, газраар гүйгч шавж гэгдэх бар цох (tiger beetle)-ны цуглуулга
-Манай улс хортон шавж устгах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь хэр оновчтой вэ?
-Бид энэ ажилд оролцдоггүй. Гэхдээ жил болгон устгалын ажил зохион байгуулж боломгүй санагддаг. Зайлшгүй устгах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг сайн судалж, мэргэжлийнхний туслалцаа авах шаардлагатай гэж боддог. Олон улсад хөнөөлт шавжийн тоо толгойг биологийн аргаар зохицуулдаг. Химийн хороор бус, шимэгч шавж, бактери, мөөгөнцөр ашиглан устгадаг гэсэн үг. Тухайлбал, манайд элбэг Сибирийн хүр эрвээхэйг хэт олшрохоос сэргийлэхийн тулд түүний өндөг, авгалдайгаар хооллодог шавжийг тархалтын бүсэд нь нутагшуулах зэргээр тоо толгойг нь хязгаарлах боломжтой. Манайд энэ аргыг төдийлөн ашигладаггүй. Үүнийг нэвтрүүлэхэд анхаарах ёстой.
-Голчлон судалдаг, сонирхлыг тань ихээр татдаг, “мөлжүүртэй” шавж бий юү?
-Эрвээхэйг нэлээд судалсан. Үргэлжлүүлэн судлах сонирхол байгаа ч Монгол орны шавж гэсэн том ай савд “орчихсон” учраас цаг зав гарахгүй юм. Ядаж ховор эрвээхэйн амьдрах орчин, тоо толгой буурахад ямар хүчин зүйл нөлөөлж буйг судлах сан гэж бодоод л явна.
-Цар тахлын улмаас олон байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Энэ нь та бүхэнд хэрхэн нөлөөлөв. Хаана хээрийн судалгаа хийв?
-Зун голцуу америк, герман, орос судлаачидтай хамтран хээрийн судалгаа хийдэг. Энэ уламжлал 2020 онд алдагдсан. Гэхдээ судалгаа шинжилгээний ажлаа тасалдуулаагүй. Хөвсгөл, Сэлэнгэ рүү эрвээхэйн, говь руу бар, Дарьганга руу илтсэн сахалт цох (scarabaeidae)-ны судалгаагаар яваад ирсэн.
-Та илтсэн сахалт цохын хоёр дахь тохиолдлыг 50 жилийн дараа илрүүлсэн гэл үү?
-Тийм. Энэ зүйлийн цохыг орос эрдэмтэн Монголоос анх 1970-аад онд илрүүлсэн юм билээ. Хоёр дахийг нь манай судлаачид 2018 онд бүртгэсэн.
-Иргэд ямар нэг шавж шинжлүүлэхээр танай лабораторид ханддаг уу?
-Сүүлийн үед ийм тохиолдол элбэгшиж байна. Хар хорхой гээд цох авчирдаг. Угтаа бол хорхой гэдэг нь ямар ч хөлгүй, үелсэн, хавтгай биет юм. Чийгийн улаан хорхой гэх мэт. Харин газар дээр гүйж явдаг, гурав, зургаан хос хөлтэй нь шавж юм. Хорхой, шавж гэдэг ойлголт тусдаа. Хоёр өөр багт хамаардаг. Мөн иргэд жоом, бясаа, тоосны хачигтай холбоотой зүйл их асуудаг. Заримыг нь шинжилж, танихгүй тохиолдол бий.
-Хүмүүс хорхой, шавжаас их жийрхдэг. Та арай өөрөөр хардаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс мэдээлэлгүй учраас л эмээгээд буй юм. Дийлэнх шавж хүнд ямар нэг хор нөлөөгүй, гэмгүй шүү дээ.
-Гэхдээ бид жоом, бясаанаас сэрэмжлэх ёстой биз дээ?
-Мэдээж эрүүл ахуйн хувьд болгоомжлох нь зүйтэй. Гэхдээ жоом хүн хаздаггүй. Бясаа ч ялгаагүй. Бясаа хүний биед хүрч, ихээхэн загатнуулдаг. Хүмүүс тэр үед нь маажиж, шархлуулдгаас хаздаг гэсэн буруу ойлголт үүсдэг. Урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол жоом, бясаа үүрлэх, үржих нөхцөл бүрдүүлэхгүй байх. Жоомыг хээрийн болон ахуйн гэж ангилдаг. Хээрийн жоом Монголд бий ч ер судлаагүй. Өмнөд хөршийнхөн нэлээд нухацтай судалж, анагаах ухаанд эм, эмчилгээний зорилгоор ашигладаг гэсэн мэдээлэл байна.