АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама гэргийн хамт 2014 онд өөрийн нэрээр сан байгуулсан бөгөөд орон орны шинэ үеийн удирдагч залуусын холбоо үүсгэх, тэднийг хөгжүүлэх, удирдагч болгон бэлтгэх манлайллын хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, охидын эрх, боловсрол зэрэг анхаарал хандуулж ирсэн. “Обама” сангийн Колумбын их сургуультай хамтран хэрэгжүүлдэг тэтгэлгийн эзэн М.Маралмаатай ярилцлаа. Колумбын их сургуульд цахимаар суралцаж эхэлсэн тэрбээр “Зориг” сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
-Өнгөрсөн жил Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази, Номхон далайн манлайлагчдын цугларалтыг “Обама” сангаас зохион байгуулж, манай улсаас дөрвөн ч залуу сонгогдон оролцсон. Таны хүртсэн тэтгэлгийн онцлог юу вэ?
-“Обама” сангаас олон хөтөлбөр зарладаг юм билээ. Миний оролцсон нь гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй, шинэхэн хөтөлбөр. Зөвхөн Америк гэлтгүй дэлхий даяар залуучуудыг дэмжих, дараагийн үеийн удирдагчдыг бэлтгэх зорилготой тус сангийн Колумбын их сургуультай хамтран хэрэгжүүлдэг тэтгэлэг нь салбар салбартаа асуудал шийдэхээр зорьж байгаа залуучуудыг сонгож, нэг жилийн турш тусгайлсан хөтөлбөрөөр чадавхжуулах зорилготой. Анхны жил 12, өнгөрсөн онд 11, энэ удаа 11 хүн сонгон суралцуулах гэж байна. Энэ хөтөлбөрт онолын, академик мэдлэгээс гадна Колумбын их сургуулиас өөр улсад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд давхар ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, өөрийн сэдвийн хүрээнд нэр хүндтэй энэ сургуулийн багштай хамт судалгаа хийж, өөр орнуудын туршлагаас судлах боломжтой. Мөн нэг жилийн хөтөлбөр учраас надад цаг хугацааны хувьд давуу санагдсан.
-Та ямар асуудлыг шийдэхээр өргөдөлдөө онцолсон бэ?
-Би сүүлийн дөрвөн жил “Зориг” санд ажиллаж байна. Үүнээс нэг жилд нь гүйцэтгэх захирлын алба хашсан. Залуучуудын өмнө ямар асуудлууд тулгарч байна, тэдгээрийг хэрхэн шийдэх вэ гэсэн гарц олох нь бидний зорилго. Илүүтэй төвлөрч ажиллаж байгаа нь залуучуудын ажил эрхлэлт, боловсролыг дэмжих төсөл, хөтөлбөрүүд гэж хэлж болно. Энэ чиглэлээрээ “Зориг” сан залуучуудад нэлээд танигдсан болов уу. Тухайлбал, залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр маань их, дээд сургуулиа дөнгөж төгсөөд ажлын байртай болж чадаагүй залуучуудыг чадавхжуулж, туршлага олгох зорилготой. Тэтгэлэг хүсэж өргөдөл гаргахдаа би энэ хөтөлбөрөө онцолсон. Энэ нь зөвхөн Монгол гэлтгүй, бусад оронд ч байдаг, түгээмэл асуудал.
-Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хэдий хугацаанд болдог юм бол?
-Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхэлсэн гэж хэлж болно. Эхлээд цахим өргөдлөө видео эсээ болон тодорхойлох захидлуудын хамт илгээсэн. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр ярилцлагад дуудсан урилга ирж, гуравдугаар сард орсон л доо. Бараг бүтэн жилийн үйл явц байсан. Маш нухацтай хандаж, шалгадаг юм билээ. Магадгүй цөөн хүн шалгаруулдаг учраас сонгох үйл явц нь удаан удаан үргэлжилдэг байх. Үнэндээ би тэнцэнэ гэдэгтээ итгэлгүй байсан. Мянга мянган хүнээс 11-ийг нь л сонгосноос би хамгийн залуу нь юм билээ. Ярилцлагад дуудахад нь арай итгэлтэй болсон. Хэдийгээр “Зүгээр л үзээд алдъя” гэж бодсон ч хичээж, цаг гаргаж, олон хүнээс зөвлөгөө авлаа. Дараа нь надад тодорхойлох захидал бичиж өгсөн хүмүүстэй бас ярилцлага хийсэн. Өнгөрсөн зургадугаар сард эцсийн хариу гарсан ч нийтэд зарлаагүй. Ямар хүмүүс тэнцсэнийг саяхан, наймдугаар сарын сүүлчээр албан ёсоор зарласан юм. Надаас гадна Бразил, Аргентин, Хонконг, Энэтхэг, Сингапур, Өмнөд Судан, Кени гээд тив болгоноос төлөөлөл бий. Ямартай ч Монголоос анх удаа тэнцсэндээ баярласан.
-Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг чухам яаж дэмжих ёстой гэж. Хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу?
-Шинэ төгсөгч залуучууд их сургуулиас ажлын байранд шилжихэд завсар үүсэж, тэдэнд тусламж хэрэгтэй болдог. Энэ үед нь тусалж чадвал амжилтад хурдан хүрч, цалинтайгаа золгож, амьжиргаа нь дээшилдэг нь судалгаагаар харагддаг. Харин төгсөөд жилээс илүү хугацаа алдчихаар бидний ажигласнаар цагийн болон мэргэжлийн бус ажил хийхэд хүрч, энэ хооронд “Үгүй” гэдэг хариулт цөөнгүй сонсоод ирэхээр өөртөө итгэлгүй болж, цаашид мэргэжлээрээ ажиллах магадлал буурдаг. Хоёроос илүү жил завсарлавал магадлал нь бүр багасдаг. “Би чадах болов уу. Маш олон газар намайг ажилд аваагүй” гээд улам цаашилдаг. Сургуулиас ажил руу шилжих дундаж хугацаа манай улсын хувьд 1.9 жил байдаг гэсэн судалгаа бий. Дөрвөн жил сурчихаад дахиад 1.9 жил хүлээх нь хэтэрхий урт. Энэ хугацааг богиносгохын тулд сургалтын арга зүй бүхий хөтөлбөр боловсруулсан нь энэ. Одоо гурав дахь элсэлтээ аваад байна. Цаашид дахиад гурван удаа хэрэгжүүлнэ. Үүний дараах үр дүнд үндэслэн боловсролын тогтолцоонд хэрхэн суурилуулах, зөвхөн төрийн бус байгууллага хийх бус, зарчмын хувьд яаж өөрчлөх вэ гэдэг чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн гурвалсан хамтрал энэ ажилд заавал хэрэг болно. Мөн нүсэр ажил болох нь гарцаагүй. 20 залууд туслаад орхичихмооргүй байна шүү дээ.
Монголын залуучуудын дундах ажилгүйдлийг шийдэхэд “Зориг” сан, аль нэг төрийн бус байгууллагын хүч хүрэхгүй. Өргөн хүрээгээр шийдэхийн тулд нэгдүгээрт, төрийн бодлого, олон талт хамтын ажиллагаа чухал. Их, дээд сургуулиуд сайн боловсон хүчин бэлтгэх шаардлагатайгаас гадна ажил олгогчид тухайн хүнийг нь харалгүй, хандлага, чадварыг нь харгалзах хэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас залуучуудыг төгсөөд ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой. Төр, засгийн зүгээс зөвхөн мэргэжлийн боловсролын хүрээнд төгсөгчдийг нь ажлын байртай болгоход түлхүү анхаараад байх шиг. Их, дээд сургууль төгсөөд ажилд ороход дутагдаад буй хувь хүний ур чадварыг боловсролын одоогийн тогтолцоо олгож чадахгүй байна. Жишээ нь, олон хүний өмнө ярьж чаддагүй, өөрийгөө зөвөөр ойлгуулдаггүй, наад тал нь CV-гээ бичиж мэддэггүй учраас ажлын ярилцлагад тэнцдэггүй. Үүнийг хэн хариуцах нь мэдэгддэггүй.
-Олон улсын жишгээр тэр орон зайг их сургууль нөхдөг үү?
-Би оюутан байхдаа их сургуулийнхаа Карьер хөгжлийн төвд ажилласан. Тэр нь миний одоо хийж байгаа ажилтай төстэй. Тухайн үед надтай, манай төвийнхөнтэй оюутнууд цаг авч уулзан, өөрийн мэргэжлээр ажлын анкет бөглөхийн тулд СV, өргөдөл, захиа яаж бичих талаар зөвлөгөө авдаг байсан. Үүнээс гадна ярилцлагадаа бэлдэхэд нь ч тусалдаг. Ажлын байранд гарахад нь бэлдэх агуулга бүхий ийм хичээлийг бүх их сургуульд заавал судлахыг шаарддаг. Залуусын ажилгүйдлийг бууруулах өөр нэг хувилбар гэвэл дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийг нэрлэж болно. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой эдгээр төвд улирлын чанартай, гэрээт болон цагийн ажлын байр түлхүү зарладаг. Тиймээс их, дээд сургууль төгсөгчид тийш хандах нь бага байдаг юм билээ. Үүнийг өөрчилж, залуучууд хандаж болохуйц байдлаар өөрчлөх ёстой гэж боддог. Бидний хувьд одоогоор харж буй хамгийн зөв шийдэл нь их, дээд сургууль. Нэгэнт төлбөр авч, мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас төгсөгчдийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Ер нь их, дээд сургуулиудын хийх ёстой ажлыг бид хийж, туршиж үзэж байгаа гэсэн үг.
Нөгөө талаас ур чадвар эзэмшээгүй төгсөгчийг ажил олгогч нь сургах шаардлага тулгардаг учраас хамгийн сайн төгсөгчдийн төлөө өрсөлддөг. Мөн олон жилийн туршлага нэхдэг нь манай залуучуудад том бэрхшээл болж байна. Туслах ажилтнаас хүртэл 2-3 жилийн туршлага шаардахаар яаж туршлага хуримтлуулах юм бэ. Улмаар туршлагагүй хүн яаж ажилд орох билээ. Ийм л тойрог үүсчихээд байгаа юм.
-Хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээр ямар бодитой өөрчлөлт гарсан гэж хэлэх вэ?
-Хөтөлбөр бүрт 20 орчим залуу элсүүлэн, хүн бүртэй тулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, ажилд ороход шаардлагатай бүх үйл явцад нь хамт байна гэсэн үг. Нэгдүгээрт, CV яаж бичих вэ, ажлын байрандаа очиход ямар ур чадвар шаардлагатай, ярилцлагад ороход яах вэ гэхчлэн сургадаг. Хамгийн анхны элсэлтийн 20 залуугийн 19 нь гурван сарын дотор, туршилтын хугацаандаа ажилтай болсон.
-Энэ тэтгэлгийг сонирхож байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-“Обама” сангаар тогтохгүй дэлхийн даяар маш олон тэтгэлэг, хөтөлбөр зарладаг. Миний тэнцсэн тэтгэлгийн тухайд хийж байгаа ажлаа илүү сайн танилцуулах ёстой юм шиг санагдсан. Эхний улирлын хичээл цахимаар ороод эхэлчихсэн. Хамт сонгогдсон хүмүүсийн яриаг сонсоход хийж буй ажлаа танилцуулж байгаа нь хүртэл маш сайн, итгэл үнэмшил төрүүлэхүйц байгаа нь анзаарагдлаа. Тухайн асуудлыг Монголдоо шийдвэрлэхийн тулд зах зухаас нь барьж авч, ажиллаж байгаа тухайгаа бичсэн нь сонгогдоход нөлөөлсөн болов уу. Барьж авсан асуудал нь хэр үр дүнд хүрсэн, цаашид энэ талаараа урт хугацаанд хэрхэн ажиллах, ажилдаа өөрийгөө яаж зориулж байгааг нь мөн харсан байх. Мөн эсээний хэсэг маш чухал. Видео эсээ учраас хувь хүний зан төлөв төдийгүй хийж байгаа ажлаа танилцуулах боломж нь илүү байсан. Бичлэг хийхэд нөхөр маань их тусалсан. Хоёрхон минутын дүрс бичлэгт нэлээд бэлдэж, хичээж хийсэн гэж бодож байна. Түүнчлэн тодорхойлох захиагаа өөрийг тань сайн мэддэг, ажлыг чинь ойлгодог хүмүүсээр бичүүлэх хэрэгтэй. Миний тодорхойлох захидлыг бичсэн хүмүүстэй 40 гаруй минут ярилцсан байсан. Хэрэв тодорхойлсон хүмүүс маань намайг тийм ч сайн мэдэхгүй бол ярилцлага тэгсхийгээд л дуусчихна шүү дээ. Ер нь тэтгэлгийн эсээ бичих амаргүй. Хамгийн гол нь өөрийн онцолсон ажлынхаа үр дүн, төлөвлөгөөг сайн бичих хэрэгтэй болов уу. Ингээд эхний даваануудаа давбал ярилцлагадаа маш сайн бэлдэх ёстой. Нүүр нүүрээ хараад ярингуут яг ямар хүн бэ, зорилго нь юу вэ гэдэг нь мэдрэгдэнэ. Монголын цагаар нэлээд эрт цахимаар ярилцсан л даа. Харин яриад эхлэнгүүт гайгүй болсон. Урьдчилж бэлдсэний хэрэг гарлаа. Ер нь жижиг гэлтгүй аливаа ажилд ач холбогдол өгч, бэлдсэн нь үр дүнд хүрэхэд нөлөөлдөг. Мэдээж би тэр олон хүнээс шалгарсан нь намайг бас аз ивээсэн хэрэг болов уу. Мөн Төв Азийн цөөн хэдэн ардчилсан улсын нэг Монгол гэдэг нь бас нөлөөлж, давуу тал болсон байх.
-Өөрийгөө илэрхийлж, ажлаа тайлбарлан ойлгуулах чадвар өөрт тань хэрхэн бий болсон бол?
-Ажлын шаардлагаар бий болсон байж магадгүй. Маркетинг, бизнесийн мэргэжил олон хүнтэй харилцахыг шаарддаг. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж эхлэхэд энэ ур чадвар их хэрэг болж байгаа юм. Өдөр бүр хүнтэй уулзан, зарим тохиолдолд сургалтаа өөрсдөө бэлтгэнэ. Мөн би нээлттэй хүн.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
-Долоон жилийн өмнө АНУ-ын Бригхам Ёнгийн их сургуулийг бизнес, маркетингийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд тэндээ нэг жил ажиллаад Монголдоо ирсэн. Эх орондоо ирээд удаагүй байхдаа 2014 онд “Зориг” сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрт хамрагдаж, олон зүйл сурч, анзаарч, танилын хүрээгээ тэлсэн. Ингээд миний байх газар нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой юм байна гэж ойлгоод “Зориг” сандаа хандсан. Аз болоход тэр үед ажлын байр байж таарсан. Мундаг, сайн залуучуудаас гадна тусламж хэрэгтэй байгаа бүлгүүдэд ч адилхан туслах хэрэгтэй гэж бодож залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө санаачилж, эхлүүлсэн. Орон нутгийн эмэгтэйчүүд рүү чиглэсэн гэх мэт манай сангийн өөр бусад хөтөлбөрийг залуучууд мэдэх байх.
-Ажлын тань түүх “Зориг” сангаас эхэлж байна уу?
-Маркетингийн чиглэлээр “Ньюмедиа групп” компанид менежер, маркетинг хариуцсан захирлаар ажилласан. Ингээд дараа нь “Зориг” санд ажиллах болсон. Хөтөлбөрийн зохицуулагчаар гурван жил ажиллаад, сүүлийн нэг жилийн хугацаанд захирлын үүрэг гүйцэтгэж байна.
-Сурагч Маралмаагийн хүсэл мөрөөдөл одоогийн хийж байгаа ажилтай нь хэр давхцаж байна вэ?
-Ээж маань эмч. Эмчийн мэргэжил маш хүнд. Хэдий олон хүнд тусалдаг ч маш хүнд гэдгийг нь мэддэг тул эмчээс л өөр ажил хийнэ гэж боддог байсан. Тиймээс сэтгэлзүйч болохоор шийдсэн. Энэ мэргэжлээрээ их сургуульд элсээд, нэг жил сурсны эцэст сольсон. Хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд дор хаяж магистрын зэрэгтэй байх ёстой, цаашлаад энэ ер нь миний хийх ажил мөн үү гэж бодож эхэлсэн юм. Ингээд сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашигладаг ч бас олон хүнтэй ажилладаг маркетингийн мэргэжил сонгосон. Гэтэл эзэмшсэн мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилласан чинь миний дотор хүнтэй нийцээгүй. Тиймээс төрийн бус байгууллага, тэр дундаа өөрөө үйл ажиллагаанд хамрагдаж, үнэт зүйл, соёлыг нь харж, мэдэрсний хувьд “Зориг” санг сонгосон.
-Өөрт тань үлгэр дуурайл болдог хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Манай сангийн С.Оюун дарга. Дарга болохоор нь хэлж байгаа юм биш шүү. Үнэхээр үлгэр дуурайл авмаар, сурах зүйл ихтэй хүн. Нийгмийн төлөө ажиллаад, “Зориг” сангийнхаа ажилд ч оролцож, бидэнд тус дэм болдог. Энэ олон ажлыг зүгээр ч нэг хийхгүй, маш сайн гүйцэтгэж байгааг нь харахаар хүндэлмээр. Яг дэргэд байхгүй ч үгээрээ, үйлдлээрээ үлгэрлэдэг, дэлхийд үнэлэгддэг эмэгтэй.