Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Нутгийн буян групп” ХХК-ийн бөх, улсын харцага Мягмарын Бадарч Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, Монгол Улсын заан хэмээн цоллуулах болсон юм. Тэрбээр 2017 онд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар зургаа даван улсын харцага цолны болзол хангаж байв.Түүнийг “Таван цагариг”-ийн Бөхийн өргөөндөө урилаа.
-Та наадмын дараа нутгаа зориод ирэв үү?
-Би Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын хөвөөнд төрсөн. Зав гарвал нутгаа зорьдог. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдана. Энэ нь бөхчүүдийн хувьд цол, чимгээ ахиулах том боломж. Тиймээс наадмын дараа бэлтгэлдээ гарсан. Миний хувьд тэгш ойтой наадамд ихээхэн ач холбогдол өгч, наадамчин олны итгэлийг дааж барилдахыг зорьж байгаа. Нутагт минь өдийд намар айлчилж, айлууд айргаа сэнгэнэтэл исгэж, унагаа тамгалан, найр наадмаа хийж эхэлдэг. Манай нутагт энэ жил зуншлага тааруу, гандуу тул малчид өвс, хадлангаа багахан базаасан дуулдсан. Зуд турхан болбол хүн, мал зутруу өвөлжих нь дээ гэж сэтгэл эмзэглэж сууна.
-Таныг бөх болох хүү хэмээн шинжиж, хүчтэнүүдийн ертөнц рүү хэн хөтлөв?
-Би долоон хүүтэй айлд өссөн. Ах нар минь үндэсний бөхөөр барилддаг. Хүүхэд байхдаа тэднийгээ дагаж сумын наадам зодоглодог байлаа. Малын бэлчээрт ах нартайгаа ноцолдож өссөн минь бөх болоход нөлөөлсөн. Монгол Улсын заан Д.Хишигдорж ахын зөвлөснөөр 2010 оны арваннэгдүгээр сард бөх болохоор Улаанбаатар хотыг зорилоо. Хөдөөнөөс ирсэн надад эхэндээ бэрхшээл бишгүй тохиолдсон ч шантарч буцаагүй. Хааяа нэг сэтгэлээр унах үед ах нар дэмжиж, урам зориг өгдөг байв. Монгол бөхийн адармаатай, бас гайхамшигтай ертөнцөд хөл тавихад халуун сэтгэлээр угтан “Миний хүү сайн бөх болно” гэж ахын сэтгэлээр хандсан хүн бол Л.Болдбаатар багш минь. Багш хэнийг ч ялгаварлахгүй сайхан харилцдаг. Ачтай багшаараа чамгүй эрдэм заалгасны хүчинд өөрийгөө бөх болсон гэж боддог. Миний өдий зэрэгтэй яваа нь багштай минь холбоотой. Багш намайг их ирлэдэг юм. Заримдаа загнаж зэмлэнэ, аргадаж зөвлөнө. Би төрийн наадамд 2013 онд анх барилдсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, наадамчин олныг хараад сэтгэл өөрийн эрхгүй догдолж билээ. Хоёрын даваанд өвдөг шороодсон ч наадмын дэвжээнд барилдсан минь хамгийн сайхан нь байлаа. Тэр үед жаахан хөдөлмөрлөхөд л улсын цол хүртэх юм байна гэж өөрийгөө хурцлаад өнгөрсөн. Дараа жилийн наадмаар дөрөв давж, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт унахад начин цол надад тун ойрхон байна гэдэг бодол төрсөн шүү.
-Улсын зааны даваа босго өндөртэй. Долоогийн даваанд энэ цолыг хүртэх гэж олон бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа харуулдаг. Зарим наадмаар заан цолтон төрөөгүй тохиолдол ч бий. Та энэ жил нутгийн зон олноо баярлуулж, энэ эрхэм цолыг хүртлээ.
-Монголчууд заан цолд дуртай. Улсын заан миний мөрөөдөж байсан цол. Бөх болгоны хүсдэг цол ч гэлээ хүртээд байдаггүй өндөр босготой. Долоогийн даваа бөхчүүдээс ухаан, хүч, мэдрэмж, туршлага шаарддаг тул наадамчид ямар бөх энэ цолд хүрэх бол гэж сэтгэл догдолж үздэг. Заан цол хүртчихээд хамгийн түрүүнд багштайгаа баяраа хуваалцаж, дараа нь ээж, ах нартаа дуулгасан. Нутгийн бөхчүүд баяр хүргэж “Чи зааны даваанаас дээш барилдах байсан шүү” гэж чамласан. Намайг хүүхэд байхад манай Орхон голынхон улсын заан цолтой зургаан залуу бөхийн барилдааныг шимтэн үздэг байлаа. Үзэгчдийг өндөлзүүлсэн тэдний өрсөлдөөн монгол бөхийг чимдэг сэн. Надад бөх болчихоод улсын заан цол хүртвэл мөн ч сайхнаа гэдэг бодол тэр үеэс төрсөн. Сэтгэлдээ олон жил тээсэн мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа. Цол дагаж бяр гэдэг шиг олны итгэл найдвар, хайр хүндлэлийг дааж явах өндөр үүрэг, хариуцлага дагаж ирлээ. Намайг давахад баярлаж, өөрөө цол хүртсэнээс дутуугүй огшдог олон хүн байдгийг энэ жилийн наадмын уур амьсгалаас мэдэрсэн. Тиймээс хойшид цолоо баталж, ахиулахын төлөө өөрийгөө дайчилна. Би нутгаасаа төрсөн улсын цолтой дөрөв дэх бөх. Нутгаас маань 85 жилийн өмнө Ш.Гомбосүрэн хэмээх бөх улсын заан цол хүртэж байсан юм билээ.
-2017 онд наадамчдыг огшоосон барилдаануудын чинь торгон агшин руу буцъя. Тавын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, зургаад улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг унагаж, долоод тэр жилийн түрүү бөхөөр тодорсон улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон байх аа?
-Тийм ээ, өмнө нь тавын даваанд хоёр ч удаа өвдөг шороодсон тул хариуцлагатай барилдахаар шийдсэн. Энэ давааг л даваад улсын цолтнуудын эгнээнд багтчих юм сан гэдэг бодол юу юунаас илүү төрж байлаа. Тавын даваанд намайг улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ амлалаа. Түүнтэй барилдахын өмнө багш “Гарьдтай эмээж сандралгүй, өөрийнхөөрөө барилдаж цолд хүрээрэй” гэж хэлээд гаргасан. Түүнийг хонгодох мэхээр өвдөг шороодуулчихаад зургаагийн даваанд улсын өсөх идэр начин Ч.Батчулуунтай учраа таарлаа. Өөрөөсөө өндөр, хүч бяр эн тэнцүү бөхтэй барилдах амаргүй байсан. Түүнтэй нэлээд ноцолдож, эвийг нь тааруулж хаяв. Наадмын талбайд үзэгчид шуугиад л явчихсан. Ингэж аймгийн арслангаас улсын харцага цолны босго алхаж билээ. Зааны даваанд түрүү бөхөөр тодорсон улсын харцага Ц.Содномдоржтой барилдаж өвдөг шороодсон. Түүний хүч, бяр тэр жил гойд сайн байсан нь барилдаанаас нь мэдрэгдсэн. 2012 оны улсын наадмын сорилго барилдаанд хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй оноолт таарахдаа хэрхэн барилдаж давснаа санадаггүй юм. Туг тойроод дэвэхэд Бөхийн өргөөнд цугласан үзэгчдийн уухай урам зориг хайрлаж байлаа.
АМЛАСНАА БИЕЛҮҮЛЖ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛСАН
-Тэр наадмаас хойш гурван жилийн дараа наадамчин олныг дахин баярлууллаа. Та начны даваанд аймгийн арслан Н.Хүрэлсүх, харцагынхад улсын начны болзол хангасан Х.Цогтгэрэлийг амлачихсан шүү дээ.
-Н.Хүрэлсүхтэй өмнө нь таарч байсан болохоор шуудганд нь хүрч барилдахаар төлөвлөсөн. Давхар шуудагны барьц аваад түрэхэд тэрбээр тосоод хавирсан. Мэхийг нь мэдэрсэн учир биеэ суллаж барилдаад унагасан. Харцагын даваанд Х.Цогтгэрэлийг барилдааныг нь сайн мэддэг учраас амласан. Бид нэг үеийнхэн. Олон таарч барилдахдаа би голдуу хаядаг. Тэрбээр хөмөрдөг мэхтэй. Түүнийг сугадахад нь элэг бүсдэж, хөмрөөд өвдөг шороодуулсан юм.
-Долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагватай барилдахад хэн нь давах бол гэж олны адил сэтгэл догдолсон. Наймын даваанд таныг улсын аварга Н.Батсуурь амлахад хүндхэн учраатай таарлаа даа гэж түгшиж суусан шүү.
-Энэ жил “Бөхбилэгт” дэвжээнийхэнтэйгээ наадмын бэлтгэл хийхдээ багш нартайгаа барилдааныхаа алдаа, оноог ярилцаж, тухай бүрт нь засаж залруулсны ач тус гарсан. Тиймээс арслантай байгаа бүхнээ шавхан барилдаж давна гэсэн бодолтой гарсан. Бид олон таарсан болохоор нэгнийхээ барилдааныг мэддэг. Түүнтэй алдаа гаргалгүй барилдаж, өндөр цолны босго давж, Монгол Улсын заан гэж дуудуулах болсондоо их баярласан. Наймын даваанд намайг улсын аварга Н.Батсуурь амлаж, өвдөг шороодуулсан. Аваргын бэлтгэл энэ жил үнэхээр сайн байлаа. Аварга алдаа гаргадаггүй, барилдаанаа тун зөв тооцоолдог, даваа өгсөх тусам учраануудтайгаа түүртэлгүй барилдаж, төвөггүйхэн өвдөг шороодуулчихдаг. Миний хувьд улсын наадмын өндөр даваанд аварга, арслантай зодоглосноо их бэлгэшээж байгаа. Гарьд цолны даваанд гарахдаа наадмын түрүү хажууханд минь байгааг мэдэрсэн.
-Та аав, ээжийнхээ аль аль талаас бөхийн удамтай гэл үү?
-Аавынхаа талаас бөхийн удамтай. Аавын минь хамаатнуудаас аймгийн цолтой бөх бий. Ээжийг минь нутгийнхан өргөн олноосоо “Их монгол” хэмээх алдар хүртсэн Хасын Шаравжамц аваргын төрөл садан гэж ярьдаг. Манай ах нар сумын заан цолтой. Сумын наадам одоо ч сайхан санагддаг. Ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд анх үзүүрлэж, сумын начин цол хүртсэн. Сүүлд улсын харцага цол хүртчихээд очиж барилдсан юм. Амжилтын гараагаа эхэлж байсан дэвжээндээ улсын цол хүртээд очиход дотно санагддаг юм билээ. Намайг төрийн наадмын дэвжээнд зодоглож байхад ах нар гэртээ дээлийн минь захыг мушгиж суудаг. Намайг заан цол хүртэхэд нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд, ивээн тэтгэдэг “Нутгийн буян групп” ХХК-ийн хамт олон сэтгэл өндөр, сайхан хүлээж авсан. Үе үеийн цуутай алдартнуудыг төрүүлсэн “Алдар” спорт хороонд хөл тавиад нэг жил болж байна. Энэ нэр хүндтэй айлын босгыг хүссэн болгон давдаггүй. Тиймээс тамирчдынх нь нэг болохыг хүсэж, маш их хичээсэн. Хичээснийхээ хэрээр хөдөлмөрлөж, амжилт гаргалаа. Би үндэсний бөхөөс гадна жүдогоор барилддаг. Сүүлийн үед үндэсний бөх рүүгээ анхаарал хандуулж, бэлтгэл хийж байна. Жүдо бөхийн тэмцээнд оролцож байгаагүй ч нэг дэвжээнд бэлтгэл хамт базаадаг найз нөхдийнхөө барилдааныг дэмжиж үздэг юм.
-Хүүгээ бөх болж, улсын цол хүртээд ирэхэд ээж тань баярын нулимстай угтсан байх аа?
-Үндэсний бөхийг би хүүхэд байхаасаа сонирхсон. Ээж бид хоёрт нэг хөгжилтэй дурсамж байдаг юм. Намайг бөх болно гээд цүнхээ үүрээд гэрээсээ гарахад ээж их дургүй үдсэн. Аймгийн арслан цол хүртчихээд харьтал “Миний хүү одоо болно. Том цолд хүрлээ, малаа малла” гэж билээ. Тухайн үед ээждээ “Улсын цолд заавал хүрнэ” гэж амлаж байснаа мартдаггүй юм. Хүү нь амласнаа биелүүлж, ээжийгээ баярлуулсан. Бэлтгэлээ тараад очиход ээжийн минь хийсэн хоол, цай амттай байдаг. Ээж минь одоо “Миний хүү бэлтгэлээ сайн хийж, сайхан барилдаарай” гэдэг болсон. Би унаж, давсан ч уран барилдахыг хичээдэг. Үзэгчдээ хүндлээд сайн барилдах нь бөх хүний үүрэг гэж боддог юм. Хүн амжилт гаргаад, алдар нэрд хүрч болно, гэхдээ ямар ч үед өөрийнхөөрөө байх сайхан. Миний хамгийн дуртай зүйл бол хөлсөө гартал бэлтгэл хийх. Хөлсөө дуслуулж байхдаа тамирчин хүний аз жаргалыг мэдэрдэг. Сэтгэлд хурсан тэр өдрийн стресс, бухимдал тайлагддаг юм шүү дээ.
-Та аймгийн наадамд зодоглохдоо “Би аймгийн наадамд заавал түрүүлнэ” гэж ам гараад түрүү бөхөөр тодорч байсан гэл үү?
-Тэгсэн. Сумын наадамд түрүүлж заан болно гэж барилдаад гурвын даваанд уначихлаа. Тэгсэн манайхан “Чи гаднын бөхөд түрүү алдлаа. Олигтой барилдсангүй” гэж зэмлэв. Миний ч шар хөдлөөд тайван сууж чаддаггүй ээ. Тэгээд “Нөгөөдөр би аймгийн наадамд түрүүлнэ, харж байгаарай” гээд ам гарчихлаа. Хэлсэн амандаа хүрч, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр долоо давж түрүүлээд сумандаа нүүр бардам очиж байв. Өмнө нь 2017 онд улсын харцага цол хүртэхдээ түүнтэй барилдсан бол энэ жилийн наадмаар мөн л дөрвийн даваанд оноолт таарч давсан.
-Таныг мэргэжлийн дуучинтай дуулж байхыг зурагтаар харчихаад гайхаж, бас бахархаж байлаа.
-Манай бөхчүүд авьяастай, сайхан дуулдаг. Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн тоглолтод Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг эгчтэй хамтран дуулсан. Дараа нь аймгийн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” тоглолтод ая дуугаа өргөж байлаа. Хандивын тоглолтод ч мөн дуулсан. Би нутаг ус, аав, ээжийн тухай дуу дуулах дуртай.
МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭ ЦЭВЭР БАЙХАД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ЧУХАЛ
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Монгол бөхийн дэвжээнд тухайн хүний хичээл, зүтгэл, итгэл, сэтгэл, тууштай зан, эр зориг амжилт гаргахад нөлөөлдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Бөхийн дэвжээнд хөлс дуслуулж, хөдөлмөрлөсөн бүхэн үнэ цэнтэй байдаг юм. Тиймээс үндэсний бөхийн нэр төрийг сэвтээхгүй өндөрт өргөж, түмний итгэлийг даан, зөв явахыг хичээдэг. Үндэсний бөхийн хойч ирээдүй болсон залуу бөхчүүдэд өөрийн үйл хэрэг, амжилтаар үлгэр дуурайл болохыг боддог. Миний багад Г.Өсөхбаяр аварга ид барилдаж, наадамчин олныг шуугилдаг байлаа. Барилдахыг нь хараад түүн шиг түмний хайртай бөх болох сон гэж хүсдэгсэн. Наадамчин олон ч өндөр аваргыг жил бүрийн наадмаар түрүүлнэ гэж тааварт оруулна. Би аваргын төлөв зан, монгол бөхийн ёс жудгаа дээдэлж, баримталдаг зарчмаас суралцсан. Хаана ч очсон Монголын ард түмэн түүнийг “Аварга аа “дээшээ” морил” гэж найрсаг угтдаг. Тэрбээр аварга цолтой бөх ямар байдгийг олон зүйлээр үлгэрлэж яваа. Аваргын нөмөр нөөлөг их. Дэвжээнийхээ бөхчүүдийг хурцалж, “Бэлтгэлээ сэтгэлээсээ хий, бүх боломжийг алдалгүй ашигла” гэж зөвлөдөг. Залуус бөх болохыг хүсэж байгаа бол монгол бөхийн ёс жудаг, хүндлэл, харилцаа, цолны эрэмбэ, баримталж явах зүйлийг эхлээд сайтар судлах хэрэгтэй. Зорилго тавиад мөрөөдөл рүүгээ тэмүүл. Нас залуу байгаа дээрээ сайн хөдөлмөрлөж, хөлсөө гарга.
-Монгол бөхийн нэр хүнд сүүлийн үед унаж байгаад эмзэглэдэг. Сошиал ертөнцөөр бөхчүүдийн тухай бараан зүйл бичиж байна. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг. Хүмүүс аливаа зүйлд хэт туйлшрах бус, авах, гээхийн ухаанаар хандаасай гэж бодож явдаг.
-Бөх хүний амьдрал бусдынхтай л адил. Саад бэрхшээлийг бие, сэтгэл зүйгээрээ хэрхэн даван туулдгийг мэдэхгүй хүмүүс өөрийн бодлоор дүгнэн, бичих нь бий. Миний хувьд бөхчүүдийг бүдүүлэг, боловсролгүй гэж гоочилдог хүмүүст хандаж бидний амьдралаар нэг өдөр ч гэсэн амьдарч үзээч гэмээр санагддаг. Хамтдаа бэлтгэл сургуулилалт хийж, өдөр бүр ямар хэцүү зүйлтэй тулгардгийг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрвэл зохисгүй зүйл бичихгүй болов уу. Тамирчин хүн амжилт гаргахын тулд дуртай бүхнээсээ татгалзаж, өөрийгөө золиосолдог. Бидэнд өвдөхгүй яс, янгинахгүй үе, мөч ховор. Бэлтгэл хийж, барилдахдаа ч бэртэж гэмтэх нь бий. Бөхчүүдийн нэг өдөр завгүй өнгөрдөг юм шүү дээ. Өдөржин бэлтгэл хийдэг болохоор чөлөөт цаг хомс. Орой ядарсан хүн гэрийн бараа харж, алжаал тайлдаг. Бидэнд бэлтгэл хийдэг заал, гэртээ харьдаг хоёр зам бий. Бөх хүн гэхээр төмөр биетэй, чулуу шиг зүрхтэй хүмүүс биш шүү дээ. Бусдын адил баярлана, гомдоно, бухимдана. Сүүлийн үед сошиал ертөнцийн хар бараан мэдээлэл залууст буруу ойлголт төрүүлээд байна. Нэг бөхийн гаргасан алдааг бөхчүүд бүгдээрээ гаргаж, давтдаг мэтээр ойлгож болохгүй.
-Нэг бөхийн алдаанд дөрөөлж, нийтээр нь муулж гоочлох хандлага газар авлаа. Тэр дундаа улсын цолтой бөхчүүдээс сэргээш илэрсэн нь олны бухимдлыг бүр ч их төрүүлж байна.
-Үндэсний бөхчүүдийн дунд сэргээшийн тухай сургалт зайлшгүй хэрэгтэй. Хүн л юм чинь бид мэдэхгүй, чадахгүй зүйлээсээ болж алдаа гаргана шүү дээ. Өмнө нь бөхчүүдийг сэтгэл зүйн болон сэргээшээс хэрхэн сэргийлэх тухай сургалтад хамруулж байсангүй. Олимпын төрлийн спортод хориглодог эм, тарианы жагсаалт байдаг ч нарийн мэдсэн зүйл бага. Бөхчүүд гэмтэл, бэртлээсээ болоод эм, тариа хэрэглэдэг. Тэвчихийн аргагүй өвдөж байгаа үед өвчин намдаах эм уудаг. Гэхдээ бидэнд сургалт явуулж “Та нар бэртэл гэмтэлдээ ийм эм, тариа хэрэглэж болохгүй гээд тодорхой хэлээд, жагсаалтыг нь нэгбүрчлэн гаргаж харуулбал болгоомжилж сэрэмжилнэ шүү дээ. Хүн мэдэхгүй зүйлээсээ болж алдаж болно, харин алдаан дээр нь дөрөөлж, сэтгэлд нь битгий сэв суулгаач. Нэр төр нь сэвтэн унах, цол, чимгээ хураалгах нь энүүхэнд юм байж, тэгвэл тэр хүн чинь ардаа амьдралтай, гэр бүл нь хүртэл сэтгэл зүйн дарамт дунд амьдарна. Хэрвээ мэддэг хэрнээ сэргээш хэрэглэдэг бөх байгаа бол өөрийнх нь амжилт, нэр төрд яавч сайнаар нөлөөлөхгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өөртөө төдийгүй нөхдөдөө хар мөр үлдээхгүйн тулд бөхчүүд ч гэсэн дор бүрнээ хичээж, өөрийн ухаан, ур чадвар, үнэн хүчээр барилдах хэрэгтэй. Монгол бөхийн дэвжээг цэвэр авч явахад шударга өрсөлдөөн чухал. Тиймээс бөхчүүд мэдэхгүй, чадахгүй зүйлтэйгээ эвлэрэх бус, мэддэг, чаддаг, мэдлэгтэй болохын төлөө хичээж, сургалтад хамрагдах хэрэгтэй гэж бодож байна.