10 настай Н.Содбилэг хүү өөрийн зохиосон “Ухаант мэргэн” хэмээх таван цуврал үлгэрийн номынхоо орлогоос 500 000 төгрөгийг энэ сарын 4-нд Улсын онцгой комисст хандивласан билээ. Энэ үйлдэл нь олон хүнд үлгэр дуурайл болохын зэрэгцээ томчуудыг ичээгээд амжсан. Хүүхдүүд үлгэр зохиох нь бүү хэл, уншихаас цааргалдаг болсон энэ цагт таван цуврал бүтээл туурвисан түүнтэй ярилцлаа.
-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуульд сурдаг билээ?
-Намайг Наранбаатарын Содбилэг гэдэг. “Төгсдэлгэрэх” дунд сургуулийн 5б ангид сурдаг. Ээж, аав, хоёр ахын хамт амьдардаг. Том эгч минь гэр бүлийнхэнтэйгээ Австралид байдаг.
-Хэзээнээс үлгэр зохиож эхэлсэн бэ. Аав, ээж нь бага байхад нь үлгэр их уншиж өгдөг байв уу?
-Цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хичээл орохоо больсон. Тэр цагаас л үлгэр зохиож эхэлсэн. Үлгэр уншихаар гайхамшигтай сайхан санагдаж, надад эергээр нөлөөлдөг. Тиймээс өөрөө зохиож бичээд, хүүхдүүдэд бас эерэг нөлөө үзүүлье гэж бодсон. Бага байхад аав, ээж минь унтахын өмнө үлгэр уншиж өгдөг байсан.
-Үлгэрээ эхлээд гараараа бичдэг үү. Компьютерт хэн бичиж өгдөг вэ?
-Би цаасан дээр харандаагаар эхлээд бичдэг. Бичсэн үлгэрийг аав компьютерт бичдэг юм.
-Хамгийн анх зохиосон үлгэр нь ямар нэртэй, юуны тухай байв?
-“Ухаант тугалын ялан дийлэлт” гэдэг үлгэрийг хамгийн анх зохиосон. Хэдэн чоно нэг тугалыг идэх гээд араас нь дагадаг юм. Тугал арга ухаан сийлж, тэдгээр чоныг ялан дийлж байгаа тухай гардаг. Тугал чанга дуу гаргаж, сүргээ дуудсанаар аврагддаг.
-Үлгэрийн санаагаа хаанаас олдог вэ?
-Харсан, сонссон зүйлээсээ санаа авна. Тухайлбал, нэг мод байлаа гэхэд тэрний тухай үлгэр зохиож болно. Зарим үлгэрийнхээ санааг зүүднээсээ олсон. Зүүдэнд орсон санаагаа сэрэнгүүтээ аавд хэлдэг, эсвэл дэрнийхээ дэргэд цаас, харандаа тавиад хонодог. Санаа орж ирэхээр нь нүдээ аниад бичдэг. Цаас байхгүй бол амандаа хэд хэдэн удаа давтаж хэлсээр байгаад сэрдэг юм. Мөн аав, ээж минь “Ингээд нэмчихвэл гоё юм байна” гээд санаа хэлж өгдөг. Харин хоёр ах минь тоодоггүй.
-Аль үлгэрээ зүүднээсээ санаа авч зохиосон бэ?
-“Сайхан сэтгэлт эмэгтэй ба шувуу” зэрэг хэд хэдэн үлгэр бий.
-Таван цуврал номд нийт хэдэн үлгэр багтсан бол?
-Нийт 31 үлгэр багтсан. Эхний хоёр ном нь тус бүртээ 14 үлгэртэй. Үлдсэн гурав нь тус бүр нэг үлгэртэй комик ном. Хүүхдүүдийн төсөөллийг илүү хөгжүүлэхийн тулд комик буюу текст багатай, зураг ихтэй ном бүтээсэн. “Аз хур”, “Мир” номын их дэлгүүрт борлуулж байгаа.
-Номоо яагаад “Ухаант мэргэн үлгэрүүд” гэж нэрлэсэн юм бэ. Номын хавтасны үлгэрийн баатар нь чиний зураг байна шүү дээ. Тийм үү?
-Тийм ээ. Номын нэрээ өгөхдөө сар гаруй хугацаанд бодсон. Тэгээд сургамжит үлгэрүүд гэдэг шиг “Ухаант мэргэн үлгэрүүд” хэмээн нэрлэхээр шийдсэн.
-“Сүр хүчит Жавхлан хүү” гэдэг үлгэртээ хамгийн дуртай гэлээ. Бусдаасаа юугаараа онцлог юм бэ?
-Миний зохиосон үлгэрүүдээс хамгийн урт, бас хамгийн дурсамжтай нь. Үнэхээр сайхан сэтгэлтэй ч ядуу эмгэн, өвгөн хоёрын хүү хорон санаат хааны толгойг авч, ард түмнээ амар тайван, аз жаргалтай амьдруулдаг тухай үлгэр. Тиймээс түүнийг ард түмэн сүр хүчит Жавхлан хүү гэж нэрлэдэг юм.
-Хөвгүүд тулаантай, адал явдалтай үлгэр, хүүхэлдэйн кинонд дуртай байдаг. Чиний зохиосон үлгэрийн гол баатрууд хэр зоригтой, бас тулаанч вэ?
-Тулаантай гэхээс илүү сургамжтай үлгэр бичдэг.
-Номын хавтас, зураг, өнгө нь их гоё юм. Зургийг нь хэн зурдаг вэ?
-Баярсайхан гэдэг ах зурсан. Миний үлгэрийг уншаад тохирсон зураг зурж өгдөг.
-Танай ангийнхан үлгэрийн номуудыг чинь уншсан уу. Юу гэж хэлж байна?
-Хичээл ороод удаагүй болохоор хэдхэн найз минь л мэдсэн. Зарим нь үлгэрийн ном гэхээр тоохгүй байна лээ. Би бас ангийнхандаа үлгэр зохиосон гэж бараг хэлдэггүй.
-Хэрэв дүүтэй байсан бол зохиосон үлгэрээ уншиж өгнө гэж боддог уу?
-Миний эгчийн хоёр хүүхэд байдаг. Гэхдээ Австралид амьдардаг болохоор уулзаж чадахгүй байна. Ирэхээр нь үлгэрүүдээ уншиж өгнө гэж боддог. Тэд Австралид төрсөн учраас монгол хэл сайн мэдэхгүй. Тийм болохоор ирэхээр нь монгол хэл зааж, мэдэхгүй үгийг нь тайлбарлаж өгнө гэж бодож байгаа.
-Эгч нь Австрали яваад хэр удсан бэ. Санаж байна уу?
-Эгч минь 2-3 жил болоод л нэг удаа ирдэг. Яг явсных нь дараа л санадаг.
-Саяхан номынхоо орлогоос Улсын онцгой комисст өгсөн. Яагаад мөнгө хандивлахаар шийдэв?
-“Гадаадад гацсан монголчууд гэртээ ирж чадахгүй байна, Улсын онцгой комиссын мөнгө дууссан” гэсэн мэдээ зурагтаар гарч байсан. Тэрийг сонсоод “Мөнгө өгье” гэж аавдаа хэлсэн.
-Үлгэр зохиохоос өөр юунд дуртай вэ?
-Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Бас төгөлдөр хуур, хийл хөгжим тоглодог.
-Яасан мундаг юм бэ. Тэгвэл аль хичээлдээ сайн бэ?
-Математикийн хичээлдээ сайн. Зохион бичлэг бичих дуртай.
-Том болоод ямар мэргэжил эзэмшинэ гэж боддог вэ?
-НҮБ-ын дарга болно. Тэгвэл өлсөж, зовж байгаа олон хүүхэд, хүнд тусалж чадна. Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн олон хүн амьдарч байна шүү дээ.
-Ангидаа олон найзтай юу. Өнгөрсөн хавраас хойш хичээл ороогүй учраас багш, ангийнхнаа санасан уу?
-Санасан. Гэхдээ хамгийн сайн хоёр найз минь өөр сургууль руу шилжчихсэн. Одоо 10 гаруй найзтай.
-Үлгэрээ зохиож, бичиж байхад тохиолдсон хөгжилтэй явдал бий юү?
-Буруу бичсэн үгээ баллуурдах гэж байгаад урт үлгэрээ урчихсан. Тэгээд уур хүрээд үргэлжлүүлж бичээгүй. Нэг үлгэрийг 2-3 цаг бичдэг.
-Үлгэрээ бичээд эхэлчихвэл дуусгаж байж л санаа амардаг уу?
-Ихэнхдээ дуустал нь бичдэг. Гэхдээ олон үлгэр бичээд ядрахаараа завсарладаг.
-Танай аав шүлэг, дууны үг бичдэг юм билээ. Чи аавынхаа авьяасыг өвлөсөн байх аа?
-Аав үлгэр биш, шүлэг, дууны үг зохиодог. Тийм болохоор би авьяасыг нь жаахан өөрчлөөд л авсан байх. Ганц хоёр удаа л шүлэг зохиож байсан. Өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг.
Н.Содбилэг он, сар өдрөө жирийтэл бичээд доор нь тухайн өдрийнхөө болсон гол үйл явдал болон зүйр цэцэн үгс зохиосон байлаа. Хэдий хэв муутай бичсэн ч утга санаа нь гүнзгий юм.
-Тэмдэглэлийн дэвтэртээ “Онгироо зан муу руу хөтөлдөг” гэж бичжээ. Чи ямар зантай хүнд дургүй вэ?
-Юу ч хийдэггүй хэрнээ хүн муулдаг, бас залхуу мөртлөө онгироо занд дургүй. Тийм зантай хүүхэдтэй хамт байхаар бухимддаг.
-“Чи үхэшгүй, юм бүхэн чиний үргэлжлэл”, “Сайн юм хийлээ гээд зөв байдаггүй, гэм хийлээ гээд буруу болохгүй” гэж бичсэн байна. Яаж ингэж бодож олов оо. Чи том болоод НҮБ-ын дарга биш, мундаг зохиолч болмоор юм биш үү?
-Зохиолч болмооргүй байна. НҮБ-ын дарга л болох мөрөөдөлтэй. Нэг хүн нас барсан ч үр удам нь үлддэг. Тэр хүний явсан модны хажуугаар ч үр хүүхэд нь явах учраас үхэшгүй гэсэн санаагаар бичсэн.
-Энд бас “Ямар ч мөнгө талхны үнэ хүрэхгүй” гэсэн байна. Энэ ямар учиртай юм бол?
-Талхаа зарахгүй гэвэл мөнгө үнэгүй болно шүү дээ. Мөнгө байсан ч авах юм үгүй бол хэрэггүй.
-“Ажилд хөдөлгөөн, хүнд сэтгэл”, “Зараа өргөстэй, хүн ухаантай”, “Юм тархинд, хоол гэдсэнд” гээд зөндөө зүйр цэцэн үг бичжээ. Ном гаргамаар юм биш үү. Хэрэв шидтэн чиний гурван хүслийг биелүүлж өгье гэвэл юу хүсэх вэ?
-Мөрөөдлөө биелүүлэх, аав, ээжийнхээ ачийг хариулах, аз жаргалтай амьдрах. Энэ гурав байхад хангалттай.
-Мөрөөдөл нь НҮБ-ын дарга болох уу?
-Тийм ээ. НҮБ-ын дарга болсон ч аз жаргалтай амьдрахгүй бол муухай. Бас үр хүүхэдгүй бол.
-Хэдэн хүүхэдтэй болохоо бодчихсон юм уу?
-Хоёр, гурван эрэгтэй, ганц эмэгтэй хүүхэд байхад болно доо. Олон хүүхэдтэй болчихвол гэрээ бусниулаад хэцүү шүү дээ.
-Олон гэж хэдэн хүүхдийг хэлэх вэ?
-Дөрвөөс дээш хүүхэдтэй болчихвол гэр “будаа” болно.
-Чи багадаа бас гэрээ “будаа” болгодог байсан уу?
-Хоёр ахыгаа хөнжлөөр хучаад дээрээс нь цохидог байлаа. Тэгээд өөрөө хөнжлөөсөө уначихаад уйлдаг байснаа сайн санадаг. Хоёр ах минь намайг “Тэвэрье” гээд байдаг юм. Намайг эрхлүүлээд байгаа юм уу, өөрсдөө эрхлээд байна уу, бүү мэд.
-Хүүхдийн зохиолчдоос таних уу?
-Ш.Гүрбазар яруу найрагчийг л сайн танина. Багадаа Жангарын тууль, үргэлжилсэн үг, сонгодог зохиол уншдаг байсан.
-Өнгөрсөн долдугаар сарын 29-нд аавдаа зориулж бичсэн шүлэг чинь энэ дэвтэрт байна. Үүнийгээ уншигчдад сонирхуулахгүй юу?
-Ээжээс минь өөрцгүй
Хайраар дутаагаагүй
Хэмжээлшгүй их ачтан
Туйлын мөсийг долоох шахаж
Намайг өсгөсөн
Ядрахаа мэдэхгүй
Намайг хүмүүжүүлж
Айл гэрийг багана мэт үүрч явсан
Хоёрхон гараараар намайг өсгөсөн
Хэмжээлшгүй их ачтан аав билээ.