Зүүн гар талаас ОУИМ Б.Мишээл, ОУИМ Г.Ганжаргал
Дэлхийн даамны холбооноос зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээнд Монголын даамчид цойлж, аварга болсон нь олон улсад шагшигдав. Тус тэмцээнд тэргүүлэх магадлалтай гэгдсэн дэлхийн зургаан удаагийн аварга Тамара Тансыккужина, дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар ахлуулсан ОХУ-ын хүчирхэг багийг манайхан хагас шигшээд 4:4, 7:1-ээр буулган авч, шилдгийн төлөө өрсөлдсөн. Тэгвэл ДАШТ-ий мөнгөн медальт Ольга Федорович, хүрэл медальт Дарья Федорович, 64 буудалт даамны насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Виктория Никалаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай Монголын даамчид аваргын төлөө өрсөлдөж ялсан нь бахдам амжилт байлаа. Дээрх тэмцээнд баг тамирчдаа сойсон олон улсын их мастер Г.Ганжаргал, түүний шавь Б.Мишээл нарыг зочноор урьж ярилцлаа.
-Дэлхийн даамны холбооноос зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” цахим тэмцээнд Монголын даамчид багаараа тэргүүлж, олон орны анхаарлыг татлаа. Тамирчдаа аваргын цом атгуулахад таны хичээл зүтгэл их нөлөөлжээ.
Г.Ганжаргал: -Баярлалаа. “Үндэстнүүдийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар анх удаа зохион байгуулсан. Тамирчид минь тэмцээнд гэрээсээ тоглосон. Зарим нэгэнд нь хөдөө явах гэнэтийн ажил гарсан тул холбоо барих, тэмцээний үйл явцыг тасралтгүй ажиглахад амаргүй байв. Найман тамирчнаас баг бүрдсэн ч дөрөв нь эхэлж тоглосон. Тиймээс шилдэг дөрвөн тамирчныг сонгохын тулд чамбай судалсан. Надад их мастер Д.Баттулга, Р.Манлай нар тусалж, тамирчдынхаа тоглолтыг харж, зөвлөгөө өгсний хэрэг гарлаа.
Б.Мишээл: -Дэлхийн даамны холбооноос цахим тэмцээн зохион байгуулах болсныг сонсоод өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Миний хувьд амжилтынхаа үзүүлэлтээр нэгдүгээр ширээнд тоглосон. Олон улсын их мастер цол хүртээд тоглосон анхны тэмцээн байлаа. Үүнээс өмнө “US open” тэмцээнд тоглохдоо цолоо хараахан авч амжаагүй байсан юм.
-Манай охид Нидерланд, Эстони, Бразилын тамирчдыг ялж, Латви, Израил, БНХАУ-ын багтай тэнцсэн. Б.Мишээл өмнөд хөршийн алдартай их мастерыг дараалан хожиж, багтаа ялалт авчирсан нь үзэгчдийг их догдлуулсан.
Б.М: -Багштайгаа өмнө нь ярилцаж, нэлээд судалсан гараагаар тоглосон. Эхний тоглолтод Хятадын олон улсын их мастер (ОУИМ) Жан Ю-г байрлалаар шахаж тоглоод хожлоо.
Г.Г: -Бид тоглолтын гараан дээр маш их судалгаа хийдэг. Судалгаа, давталтууд Б.Мишээлийн өрөгт чухал нөлөөлсөн. Жан Ю-г хожсон өргийг бид өмнө нь давтаж байлаа. Шавьд минь давуу тал бий. Тэрбээр ямар нэг өрөг, гарааг судалсан бол цааш нь баяжуулж тоглодог. Хятадын их мастер Жан Ю багийнхаа даамчдаас хамгийн өндөр чансаатай нь тул Б.Мишээлтэй адил нэгдүгээр ширээнд суусан. Тэрбээр Украины ОУИМ Юрий Аникеевийн удирдлагад хичээллэдэг, Азийн АШТ-д хоёр удаа түрүүлсэн шилдэг тамирчин.
-Азиас Монголын даамчидтай Хятадын тамирчид хүчтэй өрсөлддөг. Тэдэнтэй нэг бус удаа таарч тоглохдоо манайхан юугаараа ялгардаг вэ?
Г.Г: -Өмнөд хөршийнхөн ОХУ, Украины их мастеруудыг эх орондоо урьж, ажиллуулдаг. Гарааны онолоос гарч, цааш тоглох үед манайхан тооцоолон бодох, сэтгэхүй, ур чадварын давуу талаа тэмцээний дундуур, төгсгөл хэсэгт харуулдаг. Манай эмэгтэйчүүдийн баг тэмцээн эхлэнгүүт сонирхолтой, гоё тоглосон. Миний хувьд тамирчдадаа өрсөлдөгчийнх нь тоглолтын арга барилыг харж байгаад өөрийн мэдэх, чадахаараа зөвлөж байв. Тамирчдаа шилдэг дөрөвт шалгарахад баярласан ч аварга болгохоор амжилтын төлөө шунасан. Манай даамчдыг ОХУ, Украин, Беларусийн шилдэг багтай аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарахад их мастерууд санал бодлоо цахимд өрнүүлсэн. Зарим нь “Монголын даамчид энэ удаа азтай байна. Тэд шилдэг дөрөвт шалгарах тоглолтыг хангалттай харууллаа. Харин аваргын төлөө ОХУ, эсвэл Украин, Беларусийн аль нэгтэй таарах л амаргүй. Тэднийг ялах үнэхээр хэцүү” гэсэн таамаг дэвшүүлж байлаа. Манай тамирчдын нэрийг дурдаж “Тэрбээр өсөж яваа залуу тамирчин. Аваргын төлөө хэрхэн тоглохыг нь одоо харах л үлдлээ” гэх зэргээр ярилцаж байв. Тэднээс Украины ОУИМ Юрий Аникеев, ОХУ-ын Иван Трофимов “Монголын тамирчдаас Г.Ганжаргал, Р.Манлай нар сүүлийн үед өсвөр үеийн тамирчидтайгаа сайн ажиллаж байгаа нь тэмцээнээс харагдлаа. Б.Мишээл 2019 онд Азийн АШТ-д түрүүлж, олон улсын их мастер цол хүртсэн. Тэрбээр багийн лидер тоглогч яах аргагүй мөн” хэмээн дүгнэсэн. Миний шавь нараас Н.Лхагвадолгор сайн өрсөлдөж, шилдэг дөрөв, хагас шигшээд үлдэхэд багийнхандаа ихээхэн үүрэг гүйцэтгэлээ.
ААВ ХААЛГАНЫ ЦААНААС “ХОЖЧИХЛОО” ГЭЖ ХАШХИРСАН
-Өөртэй тань учраа таарсан тамирчдаас хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?
Б.М: -Хятадын тамирчин Жан Ю-тай тоглосон тоглолт минут, секунд, долиор хэмжигдэж байлаа. Түүнийг тойргийн тоглолтод нэг, хасагдах шатанд хоёр, нийт гурав дараалж хожсон. Мөн Украины тамирчин, ОУИМ Викториа Мотричкотой тоглож тэнцлээ. Түүнтэй тоглож үзэх сэн гэж боддог байв. “Үндэстнүүдийн цом”-д тоглож байхад аав миний өрөөний гадна суугаад тоглолт дуустал тэвчээртэй хүлээсэн. Намайг эхний өрөг тоглоод ялахад баярлаад хаалганы цаанаас “хожчихлоо” гэж хашхирсан шүү.
-Манай даамчдаас хамгийн уран нүүдэл гаргаж тоглосон нь хэн бол?
Б.М: -Манай даамчдаас Э.Хүслэн уран, гоё нүүдэл хийн өрсөлдөгч нараа хожсон.
Г.Г: -Жан Ю-тай тоглосон шавийн минь өрөг тун сайхан. Төвөгтэй хэрнээ сонирхолтой. Тамара Тансыккужинаг хожсон Э.Хүслэнгийн хоёр өрөг ч гайхалтай. Тоглолтынх нь шийдэл, нүүдэл бүхэн өвөрмөц байв. Б.Мөнхжин Беларусийн тамирчинтай тоглож, багийнхаа тамирчдыг хожилд хөтөлсөн. Монголын тамирчдын ялалт тэр чигээрээ гэнэтийн бэлэг байлаа.
-Багш, шавь хоёр даамын ертөнцөд хэзээнээс дөрөө харшуулах болов?
Б.М: -Би багшийн удирдлагад хичээллээд таван жил болж байна. Ирсэн даруйдаа тоглолтын арга барил, тактикаа өөрчилсөн тул нэг хэсэг тааруухан тоглосон. Багшийнхаа эзэмшсэн арга барилаас суралцсаны дараа л амжилт гаргаж эхэлсэн дээ.
Г.Г: -2015 онд тамирчин байсан тул хүүхдүүдийг дасгалжуулах зав гараагүй. Тэр жил Монгол, Хятадын уулзалт тэмцээн болоход би өсвөр үе, залуучуудын ангилалд оролцсон юм. Манайхан ялагдсан энэ тэмцээнээс өсвөрийн тамирчид онолын мэдлэг, тоглолын арга барил, туршлага, ур чадвар дутууг олж харсан. Тухайн үед “Манай өсвөрийн даамчид яагаад тааруу тоглож байгаа юм бол. Тэгэхээр ур чадвараа сайн хөгжүүлээгүй байна. Хойшид суралцах хэрэгтэй юм байна даа” гэж бодсон. Яг тэр үед Мишээлийн аав “Манай охин даам тоглодог. Өөрийн тань шавь болгоё” гэсэн. Б.Мишээлийг ДАШТ-д оролцохоор явахын өмнө сар бэлтгэж, багш, шавийн барилдлага тогтоож билээ. Түүнтэй хамт, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, спортын мастер Б.Баярманлай шавь болохоор ирж байв. Б.Мишээл өмнө нь өөр багшийн удирдлагад хичээллэж байгаад ирснийхээ дараа тэмцээнд хэдэн удаа амжилтгүй тоглож, хожигдоод уйллаа. Охиноо хожигдонгуут аав, ээж нь ч гайхсан. Надад ч гэсэн даам зааж чадахгүй байж клуб байгуулж, хичээллүүлэх хэрэг байна уу гэсэн бодол төрж байв. Хүүхдүүд сэтгэл гаргаад хичээж байхад амжилт гаргахгүй байх л миний эмээдэг зүйл. Тиймээс хүүхэд бүрийн онцлогийг судалж, тулж ажиллах, эцэг, эхтэй нь ойлголцох шаардлагатай болсон.
-Өөрийг тань даамын хөлөг рүү хэн анх хөтлөв?
Б.М: -Өвөө минь надад даам заасан анхны багш. Найзуудтайгаа даам тоглохдоо надад өрөг харуулдаг байлаа. “Шавь” клубийн дасгалжуулагч П.Нармандах багшийн удирдлагад анх хичээллэхэд өвөө дэмжиж, даамны I зэрэгтэй болтол хамт байсан. Би одоо Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. Манай сургуулийн захирал, багш нар намайг энэ тэмцээнд түрүүлэхэд их баярласан гэсэн. Өмнө нь Азийн АШТ, ДАШТ-д амжилт гаргаад ирэхэд багш нар маань сурагчидтайгаа хүлээж авсан. Би ангийнхаа хүүхдүүдэд даам заадаг. Сургуулиас зохион байгуулсан даамны тэмцээнд ангийн нөхөд минь дараалан түрүүлж, аварга болж байв. Манай аав ШУТИС-д ахлах багш. Би мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжил эзэмших бодолтой байгаа. Даам оюуны спорт. Мэргэжилтэйгээ хослуулаад цаашид үргэлжлүүлэн хичээллэнэ.
“ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨӨГҮЙ ҮЕД БИТГИЙ ДОГДОЛ, ТОГЛОЖ ДУУСААД БАЯРЛА”
-Тэмцээнд оролцохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
Б.М: -Тэмцээн эхлэхээс арваад хоногийн өмнө догдолж, нойргүй хонодог. Өрсөлдөгчөөсөө сүрдэхгүй тайван тоглож, өөртөө туршлага хуримтлуулахыг хичээдэг. 2019 онд Туркийн Измир хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 64 буудалт даамны насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубовичтай тоглосон. Өмнөх өдөр нь тоглолтын арга барилыг нь судалсан тул эмээлгүй тоглож, илт давуу хожсон. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монголынхоо тамирчдаас хүрэл медаль түрүүлж хүртэн, шагналын салхийг нь хагалж байв. Багш тэмцээний өмнө “Тэмцээн өндөрлөөгүй үед битгий догдол, тоглож дуусаад баярла” гэж захидаг.
Г.Г: -Тамирчдаа дэлхийн шилдгүүдтэй таарах үед өргийг нь хамт судалж, хэрхэн тоглох талаар зөвлөдөг. Тэмцээнд баг тамирчдын сэтгэл зүй өөдрөг, дайчин байх нь чухал. Өрсөлдөгчийг нь шилдэг, мундаг гэхээс илүү “Чамд байдаг давуу тал түүнд алга.Тийм ч сайн тамирчин биш байна. Өмнөх тэмцээнд ийм алдаа гаргаж хожигджээ” зэргээр сул талыг нь хэлж, өөрт нь итгэл төрүүлдэг.
-“Ирээдүй” клубийг хэзээ байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж эхэлсэн бэ?
Г.Г: -2015 онд Б.Мишээл, Б.Баярманлай нар миний удирдлагад нэг жил бэлтгэл хийсэн. Шавь нар минь ур чадвараа ахиулж, амжилт гаргаж эхлэнгүүт надад ч урам зориг орсон. Б.Мишээлийн аав дэмжиж, зуны амралт эхлэнгүүт сургууль дээрээ бэлтгэл хийх өрөө гаргаж өгсөн. Мөн дасгалжуулагч П.Нармандах багшийн “Шавь”, спортын мастер П.Энхсаруулын “Хөлөгт тоглоом” клубт очиж тамирчидтайгаа бэлтгэл хийдэг байв. Гүнзгийрүүлсэн шатанд хүүхдүүдтэй хичээллэхэд анхаарал нь сарниад байсан тул тусад нь бэлтгэл хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс эцэг, эхтэй нь зөвлөлдөж, 2019 оны нэгдүгээр сард “Ирээдүй” клубээ байгуулсан. Манай даамчид клубээрээ анх овоглож, багийн УАШТ-ий үндсэн, блиц төрөлд оролцож түрүүлсэн. Үүнээс хойш олон хүн манай клубт хүүхдүүдээ хичээллүүлэх санал тавьдаг боллоо. Анх хоёр хүүхэдтэй бэлтгэлээ эхэлж байсан бол одоо 20 гаруй тамирчинтай болжээ. Улсын чанартай тэмцээнд оролцохоор орон нутгаас ирсэн хүүхдүүд клубт маань бэлтгэл базаадаг.
-Өнгөрсөн жил Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д багш, шавь хамтдаа өрсөлдсөн бил үү?
Г.Г: -Тийм ээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд шавь нартайгаа оролцсон. Тэмцээнд миний тоглолт ер сонин биш байлаа. Харин шавь нараа хэрхэн тоглож байгаа бол гэхээс тоглолтын ширээ рүү нь байсхийгээд л харж суусан.
Б.М: -Миний хоёр том өрсөлдөгч тэмцээнд тоглосон. Нэг нь Дэлхийн даамны холбооны мастер Э.Хүслэн, нөгөө нь ӨМӨЗО-ы тамирчин, олон улсын мастер Г.Саяа. Тэдэнтэй төлөвлөж байсан гараагаар тоглож, түрүүлсэн. Багштайгаа бэлтгэл хийсний үр дүн гарсан. Монголын их мастеруудын шавь нар тэмцээнд таарч өрсөлдөх нь бий. Э.Хүслэн Монгол Улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн, ОУИМ Р.Манлайгийн шавь. Би багадаа багш нараа зэмлэхээр их эмээдэг байсан. Г.Ганжаргал багш бидэнтэй нээлттэй харилцдаг. Багшийнхаа удирдлагад хичээллэсэн цагаас өөрийгөө олон талаар нээсэн. Багшийн хэлсэн үгийг дараа нь бодохоор сургамжтай байдаг юм. 2016 онд Азийн АШТ-д оролцож түрүүлэхэд багш намайг өөрийнхөө даамаар шагнасан нь сайхан сэтгэгдэл төрүүлж билээ.
ХОЖИГДЛООС АМЖИЛТЫН ЗАМ ЭХЭЛДЭГ
-Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, ОУИМ Р.Манлай, Д.Баттулга гээд үе тэнгийнхэн даамын ертөнцөд цахиур хагалж, гадаадын тэмцээнд эх орноо төлөөлж олон удаа оролцсон. Найзуудтайгаа хөлөг дээр тулалдаж явсан үеэ эргээд нэг дурсвал сонирхолтой түүх өгүүлэх болов уу?
Г.Г: -Бид эн тэнцүү өрсөлддөг ч энгийн үед сайхан нөхөрлөдөг. 1991 онд Польш улсад болсон тэмцээнд их мастер Д.Баттулгатай хамт оролцсон. 1992 онд би Монголынхоо даамчдаас өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль түрүүлж хүртэн, шагналын буухиатай ирж байлаа. Тэр тэмцээнд надтай тоглосон их мастерууд одоо дасгалжуулагч болж, тамирчдаа дэлхийд мандуулж байна. Биднийг ид тоглодог байх үед одоогийнх шиг интернэт байгаагүй. Миний хувьд Оросын “Шашки” сэтгүүлээс тухай үеийн шилдэг тамирчдыг харж, амжилттай нь танилцдаг байв. Беларусьт болсон ДАШТ-д оролцохдоо сэтгүүлд гарсан дэлхийн аварга тамирчныг харчихаад бахархаж билээ. Тэмцээний хаалт дээр дэлхийн таван удаагийн аварга Анатолий Гантварг “Алс холын Монголоос ирсэн хүүхдүүд гайхалтай тоглож байна. Тэднээс ирээдүй харагдлаа” гэж Д.Эрдэнэбилэг бид хоёрыг магтаж байсан нь сэтгэлд үлджээ.
-Ямар багшийн удирдлагад хичээллэж, өсвөрийн ДАШТ-д өрсөлдсөн юм бэ?
Г.Г: -Багшийг минь Л.Энхцогт гэдэг, эдийн засагч мэргэжилтэй. Тухайн үед багш Төр хурхын аман дахь Хонхор тосгонд ээжтэйгээ амьдардаг, харин би 88 дугаар сургуулийн сурагч байв. Багш минь намайг 3-9 дүгээр анги хүртэл даамны бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулсан. Орост хэвлэгддэг “Шашки” сэтгүүлийг захиалж, биднээр бодлого их бодуулдаг байсан нь хожим амжилт гаргахад нөлөөлсөн. Бидний тоглолтын суурийг зөв тавьсан гэж боддог. Шударга, цайлган зантай, хатуу үгтэй хүн байв. Бид багшийг ууртай байвал их айна. Тэмцээнд хожигдоод уйлсан нэгэнд нь “Миний шавь зүгээр, сайн тоглосон. Дараагийн тэмцээнд заавал түрүүлнэ” гэж урам хайрлана. Ингэж хэлэхэд нь бид шагнуулснаас дутуугүй баярладаг байлаа. Багшийг хараад л харцнаас нь хэлэх үгийг нь мэддэг байлаа шүү дээ. Өнгөрсөн жил Б.Мишээлийн аав багшийн минь нэрэмжит тэмцээн зохион байгуулж, ивээн тэтгэлээ. Хавар нь Азийн АШТ-д Б.Мишээл түрүүлж, олон улсын их мастер цол хүртсэн. Би одоо ч гэсэн өөрийн арга барилаа багшийнхтайгаа хослуулж, шавь нараа бэлтгэдэг.
-Даамны их мастер найзуудынхаа тоглолтын арга барил, онцлогийг сонирхуулаач.
Г.Г: -Р.Манлайтай олон тэмцээнд оролцохдоо өрсөлдөгч нь болсон удаа цөөнгүй. Тэмцээнд ана мана үзэлцэж, тоглолт дууссаны дараа өөрсдийн алдаа оноогоо ярилцдаг байв. Даам тоглодог найз нөхдийнхөө арга барилыг шавь нарынх нь тоглолтоос хардаг. Хэдий найз ч гэлээ бид нэгнийхээ тоглолтыг судалдаг юм. ОУИМ Д.Баттулга гарааг маш сайн судалж, тоглолтоо дайчин эхлүүлдэг бол Р.Манлай өрсөлдөгчдөө давуу тал олгож, аажмаар өөрийн талд оруулдаг арга барилтай. Зүйрлэж хэлбэл, Чингис хааны байлдааны тактиктай адил. Манай даамчид “Р.Манлай тойрч бүслээд хождог” гэж ярьдаг. Зарим үед өрсөлдөгчдөө өгөөш өгч баярлуулаад, хөөрч догдолсон үед нь тактикаа гаргаж ялдаг хүн дээ.
-Цар тахлын улмаас спортын тэмцээнүүд цуцлагдсан хүнд үеийг Монголын даамчид боломж болгон, дотооддоо цахим тэмцээн зохион байгуулсан нь “Үндэстнүүдийн цом”-д багаараа ялахад нөлөөлсөн үү?
-Г.Г: -Цахимаар тэмцээн зохион байгуулах боломжтой спортын төрөл нь шатар, даам байлаа. Монголын даамны холбоотой хамтран “Ирээдүй” клуб даамны тэмцээнийг эх орондоо долоо хоног бүр зохион байгуулсан. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Б.Мишээлийн аав АНУ-аас авчирсан даамны хүүгээр урамшуулж, ивээн тэтгэсэн. Тэмцээнд нас хязгаарлаагүй тул сонирхон суралцагчаас эхлээд их мастерууд хүртэл өрсөлддөг байв. Манай тамирчид цахимд өмнө нь хэрхэн тоглож байсан яг тэр арга барилаараа “Үндэстнүүдийн цом”-д тайван, дайчин тоглож, аваргаар шалгарлаа.
Б.М: -Монголдоо цахимаар зохион байгуулсан хамгийн анхны тэмцээнд түрүүлсэн. “Ирээдүй” клубийнхээ дүү нарыг маш их санаж байгаа. Тэдэнтэйгээ удахгүй уулзана гэхээс сэтгэл догдолж байна. Манай дүү нар даам тоглох дуртай. Өөрийгөө хөгжүүлж, суралцъя гэсэн хүсэл эрмэлзэл тоглолтоос нь харагддаг. Миний хувьд тэднээсээ урам зориг авдаг. Ур чадвартай олон хүүхдэд амжилтаараа үлгэр дуурайл болж яваадаа бахархдаг. Бид цахимаар харилцаж, санал бодлоо хуваалцдаг юм. Би даамаас гадна таеквондогоор хичээллэдэг. Оюуны спортын тамирчид олон цагаар сууж тоглодог тул хөдөлгөөний дутагдалд орох магадлалтай. Энэ ташрамд, үе тэнгийнхэндээ болоод даам анх сурч байгаа хүүхдүүдэд “Та нар тууштай байгаарай. Хожигдлоос хожих амжилтын зам эхэлдэг юм шүү” гэж хэлье.