Үзэгчдийг татдаг гайхамшигтай увдис спортод бий. Хэнийг ч өөрчилж чадах чанараас нь урам авч, эрч хүчтэй амьдардаг хүн олон. Монголд байт харвааны спорт шангаа татсанаас хойш 60 жилийнхээ ойтой энэ онд золгож байна. Манайд энэ спортоор хичээллэдэг олон тамирчин бий. Тэднээс өөрийн хүсэл сонирхлоор байт харваанд хөл тавьж, урлагтай дөрөө харшуулж яваа уран бүтээлч бол “Нюанс” хамтлагийн дуучин М.Боргилчулуун. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа онцоллоо.
-Хүмүүсийн спортод татагдсан түүх сонирхолтой байдаг. Байт харваанд дурласан дурсамж руу чинь эргээд нэг өнгийе, болох уу?
-Би 31 дүгээр сургуульд суралцаж төгссөн. Намайг сурагч байхад байт харвааны багш дасгалжуулагчид манай сургуульд ирж, хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг сонгож авсан юм. Байт харвааны секцэд явж эхэлсэн цагаасаа өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлддөг болов. 1994-2000 он хүртэл цэц сорьсон. Үүнээс хойш урлагт хөл тавьж, уран бүтээл туурвин нэг хэсэгтээ завгүй явсан. Гадаадад аялан тоглох, цомог гаргах гээд байт харваанд анхаарал хандуулах цаг гараагүй. 18 жил завсарласны дараа 2018 онд эргэн хичээллэсэн. Одоо ахмад насныхны мастеруудын ангилалд оролцдог.
-Та урлаг, спортын аль алинтай нь нөхөрлөж яваа. Урлагаас сайхан зүйлийг мэдэрдэг шигээ спортоос тийм мэдрэмж авдаг уу?
-Тийм ээ, урлаг, спорт салшгүй холбоотой. Хүнийг нээж хөгжүүлдэг гайхамшигтай шинж чанараараа хүмүүсийн анхаарлыг аль аль нь татдаг. Би урлаг, спорттой ганзага нийлж өдий хүрлээ. Урлагаар бол байт харваа сонгодог спорт. Надад тайвшрал, тайтгарал хайрлаж, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг юм. Өнөөдрийн нийгэмд бухимдахгүй амьдардаг хүн хэд бол. Хүн л юм чинь надад хааяа бухимдах зүйл гардаг. Тийм үед алжаалаа тайлахаар “Дайчин чанар, тэсвэрийн талбар-360” талбайд ирэх дуртай. Нумаа эвшээлгээд бай руу харваж зогсоход сайхан санагддаг. Байт харваагаар хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Найман настай балчраас наян настай буурал хүртэл хичээллэдэг.
-Ямар тэмцээнд оролцож, спортын дэд мастер цол хүртсэн бэ?
-Монгол Улсын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл багшийн нэрэмжит тэмцээн Төв аймагт болдог байлаа. Тэр тэмцээнд амжилттай өрсөлдөж, спортын дэд мастерын болзол хангасан. Хүүхэд байхдаа өсвөр үеийнхний тэмцээнд голдуу IV байрт шалгардаг байлаа. Залуучуудын ангиллын багийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Мастеруудын ангиллын тэмцээнд хоёр удаа тэргүүлж, аварга болсон. Мастерууд тэмцээнд 30 метрийн зайнаас харвадаг. Энэ жил мастеруудын УАШТ-ий ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ.
-Спорт хүнд олон давуу чанар эзэмшүүлдэг. Уран бүтээлч байхад байт харваагаар хичээллэсэн тань нөлөөлөв үү?
-Нөлөөлсөн. Би ДБЭТ-ын тайзан дээрээс биеэ зөв авч явах, хүнтэй боловсон харилцах гээд олон зүйл сурсан. Байт харваа намайг уран бүтээл туурвих тэсвэр тэвчээрт сургасан юм. Урлаг ч гэсэн тухайн хүнээс тэсвэр хатуужил, мэдрэмж, ур чадвар, авьяас шаарддаг.
-Уран бүтээлч найз нөхдөдөө байт харваагаар хичээллэх санал хэр тавьдаг вэ?
-Намайг гэрийнхнээс минь гадна манай хамтлагийнхан дэмждэг. Бэлтгэл хийж байгаа зургаа цахим хуудсандаа оруулсныг хараад “Нум, сумаар харваж үзэх сэн. Хичээллэмээр санагдлаа” гээд сэтгэгдлээ хуваалцдаг. Сүүлийн үед залуус мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ дуртай спортоороо хичээллэж, өөрийгөө хөгжүүлж байна. Тэд ажиллаж буй салбар, хичээллэдэг спортоороо ч амжилт гаргах болжээ. Урлаг, спортын салбарт тууштай хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг. Би БНСУ-д үйлдвэрлэсэн нумаар гурван жил харваж байна. Гэр бүл минь ойлгож дэмждэгийн хүчинд би урлаг, спорттой олон жил нөхөрлөлөө.
-Хүүхдүүд тань энэ спортоор хичээллэдэг үү?
-Манай охины хамгийн дуртай спорт волейбол. Бас байт харваа сонирхдог.